Улстөрийн их шуурга эхэлчихлээ

Ирэх оны төсвийн төсөл Засгийн газрыг бүлэг хулгайч шиг муухай харагдуулж, Л.Оюун-Эрдэнийг чуулганы хуралдаанаас зугтахад хүргэв. Мэдээллийн цагтаа оролцож чадахгүй, шар хүний өмнөөс хар хүн гээч болж Л.Гантөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийн хөөгдөхдөө тулж байна.

Ирэх оны төсөв бол Засгийн газрын үйл ажиллагааны толь.

Гэтэл өнөөх алдарт 14 мега төсөлтэй холбоотой зардал тусгагдаагүй шахам. Төслүүдийн ихэнхийг зээлээр санхүүжүүлэхээр оруулж ирсэн байгаа нь жич судлах сэдэв мөн гэдгийг харуулж буй хэрэг.

Хамгийн их уйлан дуугараад байгаа эрчим хүчний алдагдлыг бууруулах, сургууль цэцэрлэгийг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгө оруулалтын талаар төсвийн төсөлд тун дулимаг туссан байгаа нь сонирхолтой. Бүсжилтийн жил хэмээн тунхаглах Л.Оюун-Эрдэнийн зорилго хоосон лоозон болж хоцорно гэдгийг харуулсан бүсийн хөгжлийн хөрөнгө оруулалтгүй төсвийн төсөл парламентчдын ширээнд тоосоо гөвүүлж байна. Танхимаараа төсвийн төслөө хэлэлцсэн гэхэд хэцүүхэн төсөл ингэж гөвүүлэхээс ч яалтай.

Засгийн газрын үйл ажиллагааны зардал данхайж, урсгал зардал нэмэгдсэн. Ихэнхдээ зээл, тусламж авахаар тусгаснаас гадна нүүрс болоод уранаас эх үүсвэрээ босгохоор төлөвлөсөн байгаа нь хэтэрхий болчимгүй.

Төсвийн зарлага ДНБ-ий 37.7 хувьд хүрсэн эл төслийн хамгийн өндөр төсөв тавиулсан сайдаар Сангийн сайд Б.Жавхланг нэрлэж болно. Тэрбээр ирэх жил 5.7 их наяд төгрөг захиран зарцуулах аж. Үүнийхээ 2.9 их наядыг урсгал зардалд, 1.3 их наядыг зээлийн хүүгийн төлбөрт, 227 тэрбумыг хөрөнгийн зардалд, 2.6 их наядыг гадаад зээл тусламжаас санхүүжих зардал зэргээр тооцоод түлхчихсэн байгаа.

Эрчим хүчний алдагдалд орж, дэнлүү барихаас наахнуур зүдэж яваа атал Сангийн сайд Б.Жавхлан энэ тал дээр хоноцын сэтгэлээр хөндий хандаж буй нь үнэн. Алдагдлаа бууруулахын оронд тарифын нэмэгдлээр иргэдээр төлүүлэх зэвэргэн шийдвэрийг тэд гаргачихсан.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ тэнэг биш. Тэнэг байтлаасаа энэ хүртэл явав гэж.

Улстөр буцалж, өөрийнх нь бөндгөр, Засгийн газрын хувь заяатай яригдаж байхад цахилгааны үнийн нэмэгдэл, 14 мега төслийн зардлаа төсөвт суулгахын оронд үйл ажиллагааныхаа зардлыг тэлээд зүтгэх тэнэглэл түүнээс гарсан гэхэд итгэмгүй.

Эрчим хүчний реформ хамтарсан Засгийн газрын зориг гарган хийх ажлуудын нэг. Гэхдээ цахилгааны үнийг 29.6, дулааны үнийг 85 хувиар нэмнэ гэх урьтал мессежийг нийгэмд шидэж, араас нь салбар хариуцсан сайд нь “Үнэ нэмэгдэх тодорхой. Дагаад инфляци өсөх ч ойлгомжтой. Хувь тавилан энэ” гэсэн нь Л.Оюун-Эрдэнийг Шар хадны энгэр рүү түлхчихсэнтэй ижил юм болох нь болсон. Засгийн газрынхаа бодлогоос хазайж, ахалсан салбарынхаа эсрэг дуугаран нийгэмд тогтворгүй байдал үүсгэсэн нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар дотроосоо задарч буйн шинж гэчихэд тэгтэл ташаарсан болохгүй биз.

Төсвийн төсөлд тусгаснаар хамгийн их хөрөнгийг Төрийн тэргүүний гэгдэх нөхөд халааслахаар харагдаж буй нь үнэн.

Улмаар төсөв хэлэлцэхтэй зэрэгцэн дараагийн Ерөнхий сайдаар Б.Жавхланг нэрлэсэн шуум эрчтэй тархаж байгааг санаандгүй гэхэд хэцүү юм.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханг маанайж явахад Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар аймагтаа зам тавихаар төсвийг нь суулгачихсан зүтгүүлж байгааг яалтай.

Х.Баттулгын гэгдэх нөхөд ч хоосонгүй байна. С.Бямбацогт Ч.Номин нарын салбарт хуваарилагдсан төсөв эрчим хүчний салбараас ч өндөр үзүүлэлттэй байгаа нь иргэдийн эгдүүцлийг төрүүлээд байгаа.

Нам дамнасан, тэр дундаа Х.Баттулгын хуруун хүүхэлдэй гэгдэх болсон сайд С.Бямбацогт “Батлан хамгаалах салбарын төсөв бусад салбараас бага тавигддаг. 2024 онд Хууль зүй дотоод хэргийн сайдын багцад 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаж байхад Батлан хамгаалах сайдын багцад 20 тэрбумын хөрөнгө оруулалт тавигдсан нь 20 дахин бага дүн. 2025 онд Сангийн яаманд нөхцөл байдлаа ойлгуулж хөрөнгө оруулалтаа бага зэрэг нэмэгдүүлсэн” гэх ядруу тайлбар хийж буй ч ирэх оны төсвийн төсөлд Батлан хамгаалах сайдын төсөв эхнээсээ 7-д эрэмбэлэгдэж байгаа бол эрчим хүчний салбарынх 13-т байх жишээний. С.Бямбацогт сайдын бага зэрэг нэмэгдсэн гэх үзүүлэлт нь Эрчим хүчний сайдынхаас 518 тэрбум төгрөгөөр, 2024 онд Батлах хамгаалахын сайдад хуваарилсан төсвөөс 813 тэрбумаар их байгааг энд дурьдчихад илүүдэхгүй байх.

Өдгөө намын нэрийн жагсаалтаас эгүүлэн татагдаж, УИХ-ын гишүүний дархан эрхээсээ мултарч мэдэхээр байгаа Д.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Түвшин нар АН-ын нөхдийн хамт Засгийн газрыг урсгал зардлаа 3.6 их наядаар бууруулах шаардлага тавьж буй нь төдийлөн үнэмшилтэй харагдахгүй байгаа. Тэдний нэгдсэн драмын цаана төсвийн төслөөр Л.Оюун-Эрдэнийг тонгорох сценари бичигдсэн байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Л.Оюун-Эрдэнээсээ салах замын эхэнд ирчихсэн түйвээж байж болзошгүй л дүр зураг. Энэ талаарх мэдээллийг жич дэлгэрүүлэн хүргэх тул энд түр орхиё.

УИХ дахь АН-ын бүлгээс ирэх оны төсөвт шүүмжлэлтэй хандаж сайд нарын багц, урсгал зардлыг танах шаардлагатай гэж буйг ч дүрмийн хэмээн эндүүрч болохгүй. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН бол цөөнхийн бүлэг. Сөрөг хүчин” гэсэн нь хамтарсан Засгийн газрын хувь заяаг удахгүй эцэслэнэ гэх далд утгатай сонсогдсоныг хэлэх хэрэгтэй.

Трафигура-гийн Монгол дахь салбартай холбоотой мэдээлэл энэ цаг үед зэрэгцэн шидэгдсэн нь ч улстөрийн их шуурга тун удахгүй эхлэхийн дохио биз.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!