Баринтаглаж багласан 14 төслөө Шанхайн хамтын ажиллагааны гишүүн болоод ажиглагч орнуудын дунд шидчихээд ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр ч мөнөөх төслүүдээ ярьсаар явна. Түүний засагласан он жилүүдэд юу болов гэмээр дотоодын хөрөнгө оруулагчдаа хорихыг нь хорьж, хөрөнгийг нь хураахаа хураан, хөл гарт нь цахим гав дөнгийг хилийн хоригтой хамтатган зүүж, эх орноо дээвэргүй шорон гэгдтэл үймсний эцэст гадны хөрөнгө оруулагчид дайжиж, дотоодын хөрөнгө оруулагчид хүсэл зориг нь мохож үргэсэн гэхэд хэтрүүлэг болохгүй.
Өдгөө МАН Хамтарсан Засгийн газар байгууллаа гээд дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгасан мангаагийн дүрээ мартуулж чадахгүй.
Хүүхдүүдээ үхлээс наагуур зодож зодчихоод ганц халтар чихэр гарган аргадах олхиогүй эцэг эх шиг тэд хагас хугас хамтарсан Засгийн газар байгуулсан болоод бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлнэ хэмээн 14 мега төсөл гээчийг жагсаачихсан гонгинож яваа. 16-20 жил дарагдсан 14 мега төслийг Засгийн газар эрэмбэ дараагаар нь УИХ-д оруулж ирнэ хэмээн попорсоор буй Ерөнхий сайдыг үнэн хэрэгтээ олон нийт сошиал орчинд гутаан доромжилсоор байгаа нь үнэн. Хэнд ч юм хандан орилсоор буй 16 жилийнх нь тэн хагаст түүний нам дангаар эрх барьж, дөрөвний нэгт нь өөрөө засгийн эрх барьж яваа болохоор ийнхүү шоолон нулимах нь арга үгүй биз.
Манай улсын тухайд 20 гаруй жил ШХАБ-д ажиглагчийн байр сууринаас оролцож байгаа. Хамгийн удаан ажиглагчийн статустай яваа улс. Ажиглагч болсноосоо хойш төр засгийн тэргүүдийн томоохон хэмжээний уулзалтад байнга оролцож ирсэн.
Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн “Монголыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй” гэж байсан удаатай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч орнуудын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын XIX дүгээр ээлжит уулзалт Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод 2024.04.02-03-ны өдрүүдэд болоход оролцож, Монгол Улс ажиглагчийн байр сууриа тууштай хадгалж, баримтлах болно гэдгээ мэдэгдэж байв.
ШХАБ бол дэлхийн нөлөө бүхий эвсэл. ШХАБ-ын 8 бүрэн эрхт гишүүн орон дэлхийн хүн амын тал, Евроазийн газар нутгийн 80 хувийг бүрдүүлдэг. Зорилгоо бүс нутгийн аюулгүйн болон тогтвортой байдал, терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба хамтран ажиллах явдал гэж тодорхойлж байсан ч барьц нь улам бүр лавшран ахисаар байгаа. ШХАБ-ын дүрэмд газар нутгийн маргаантай орнуудыг үндсэн гишүүнээр элсүүлэхгүй гэдэг ч Энэтхэг Пакистан хоёр гишүүнээр элссэн байгаа нь үргэлжид анхаарал татсан хэвээр. Үүнийг Америк дундад азийн орнуудыг өөртөө татах сонирхол явуулж эхэлсэн учраас АНУ-ын нөлөөний эсрэг ШХАБ өөрийн байр суурийг өргөтгөх шаардлага тулгарч, зарим улсыг гишүүнээр татан оруулсан гэх өнгөц байдлаар тайлбарладаг.
ШХАБ сүүлийн үед Казахстанд хамгийн их хөрөнгө оруулсан бөгөөд 2009 онд 10 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний зээл олгосны хариуд Казахстаны үндэсний хэмжээний томоохон компани болох “РД Каз Мунай Газ”-ийн 11 хувийг эзэмшүүлэх болсныг уншигчид анзаарсан л байх. Ийм атал Монгол Улс, эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юунд найдаж 14 мега төслөө санал болгочихоод ирэв гэдэгт ажиглагчид шүүмжлэлтэй, цочирдонгуй хандаж байна.
Эл үйлдлийнх нь хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэд үүрүүлэхгүй орхиж хэрхэвч болохгүй хэмээн улстөрийн бүлэглэлүүд ч дуугараад эхэлж.
Эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх талаар салбар хариуцсан сайд ярьж байгаа. Алдагдалтай ажиллаж ирсэн ч сонгуулийн циклүүд таарч, нэмэгдүүлж чадаагүй, улмаар Эрчим хүчний салбар төлбөрийн алдагдалд орчихсон гэх утга бүхий тайлбар өгч буйтай нь зэрэгцэн АН-ын жагсаалтаар орж ирсэн гишүүн С.Цэнгүүн ч үнэ нэмэх талаар шахаад эхэлсэн нь цаг хугацааны хувьд санаандгүй таарчихлаа гэхэд хэтэрхий гоомой дүгнэлт болох биз.
Өөрөөр хэлбэл, зам тээвэр, тээвэр логистик, эрчим хүч болон эрдэс баялаг, уул уурхайн салбарт чиглэсэн 14 мега төслөөс эхний ээлжинд Эрчим хүчний төслөө ШХАБ-т өгчихөөд ирсэн юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж буйг хэлэх хэрэгтэй. Энэ талаар тухайлан судалж, лавшруулах нь зүй юм.
Нөгөөтэйгүүр, цахилгааны үнийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан ч сонгууль өнгөртөл хав дарсан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах хангалттай үндэслэл мөн хэмээн харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.