Д.Амарбаясгалангийн карьерт цэг тавих УИХ-ын даргын сэнтий

Д.Амарбаясгалангийн карьерт цэг тавих хамгийн амархан арга нь УИХ-ын даргын сэнтий байв уу. Яг энэ сэдвээр байнгын ажиллагаатай парламентын 125 гишүүн өөр зууртаа хэлэлцүүлэг өрнүүлж, ангийн даргаа чамлан доог тохуу хийх болов.

Ирц бүртгэхээс өөрийг чадахгүй суугаа Д.Амарбаясгалан үнэндээ багахан буудлын ресепшн шиг санагдаж, улмаар УИХ-ын даргад тохирох эсэх талаар асуудал хөндөгдөөд зогсохгүй орны нь хүний орон зайн эрэлд мордоцгоосон байна.

Арга ч үгүй биз.

Сонгуулийн ялагдлыг санал тоолох хар төхөөрөмжид тохдог шиг намынхны нь зүтгүүлсэн санал бүдрэх гэвэл гишүүдийн санал тоолох төхөөрөмж рүү бурууг нялзаах байдал Д.Амарбаясгалангийн үед хэвийн үзэгдэл болох нь. 2024.07.10-нд хуралдсан чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Засгийн газрын бүтцийг дэмжих асуудал унан алдахад цөөнгүй гишүүдийн саналыг тоолох үеэр төхөөрөмж саатсан гэх үндэслэлээр гар өргүүлэн шийдвэрлэж байв. Үүнд олон нийт итгэхээсээ илүү Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нарын булхай, Засгийн эрхийг өөрсдийн таалалд нийцүүлэн хүчээр дэмжүүлсэн заль мэх байсан гэх дүгнэлтийг хийн, шуугиад өнгөрсөн.

Тийн хардаж, бухимдахаас ч аргагүй.

Учир нь энэ парламентаас 126 гишүүн ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан санал тоолох төхөөрөмжийг бүрэн шинэчилж, чамлахааргүй хөрөнгийг татвар төлөгчдийн халааснаас гаргасан. Гэтэл төхөөрөмжийн бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй тул гэх хөгийн шалтгаар эхэлж, өдгөө техник гацлаа гэх ой гутам тайлбартайгаар хуралдааныг үргэлжлүүлсээр байна.

Үүнийг анзаарч эхэлсэн УИХ-ын гишүүд илтэд бухимдах болж, гишүүн Ч.Лодойсамбуу “УИХ-ын даргаа, ээлжит бус чуулганаас авахуулаад энэ хурлын үйл ажиллагаагаа жаахан хариуцлагажуулмаар байна. Өчигдөр хэлэлцэж байсан үндсэн асуудал унаад, араас нь горимын санал гаргахад төхөөрөмжөөр шалтаглан хоёр удаа санал хураагаад өнөөдөр болгон хойшлуулсан. Алх цохичихоод араас нь маргааш үргэлжлүүлье гэдэг байж болохгүй. Гишүүд татгалзсан санал өгч болох юм уу, үгүй юм уу. Төхөөрөмжид буруу өгдөг байдал тав дахь удаагаа давтагдаж байна” хэмээн шаардлага тавихад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Ч.Лодойсамбуу, хуралдааны дэгээ барьж холбогдох хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлнэ шүү. Санал хураалтад УИХ-ын гишүүдийг идэвхтэй оролц гэж байнга хэлж байгаа. Санал хураалтын дүн гарсны дараа төхөөрөмж ажилласангүй” гэж илтэд займчин бултав.

Үнэндээ гишүүдийн ирц, идэвхи сул байгааг УИХ-ын даргыг эсэргүүцсэн эсэргүүцэл хэмээн тайлбарлах нөхөд олон байна.

УИХ-ын гишүүд байтугай салбар хариуцсан сайд нар хүртэл УИХ-ын чуулганд оролцох, хэлэлцэж байгаа асуудлаар тайлбар мэдээлэл өгөхөөс цааргалах байдлаар хандаж байгааг яалтай.

Гишүүд болон сайд нарт үл хүндлэгдэн, улмаар нохой гийнах хэмжээнд ч тоогдохоо байсан спикерээ өрөвдөхдөө УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Сайд нар УИХ-д хүндэтгэлтэй хандмаар байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл хэлэлцэж байна. Гэтэл гишүүд сайд нарын ирц муу” хэмээн хий орилмор болж харагдсан.

Ц.Сандаг-Очирыг хоёр дахь С.Амарсайхан гэлцдэг тул Д.Амарбаясгалангаасаа дутахааргүй үнэ хүндгүй кадр гэчихэд хатуудсан болохгүй биз. Тэрбээр хүссэн ч, эс хүссэн ч Д.Амарбаясгаланг балиашиглах нь зүй тул Г.Дамдиннямаас өгсүүлээд түмэнд зүхүүлэх болсон спикерээ өмөөрмөр аядсан нь тэр байх. Г.Дамдинням гишүүн “Сайд нар нь чуулганд суухгүй, асуудлаа мэддэг хүн байхгүй” хэмээн УИХ-ын даргыг илтэд буруутгах болсон. 

Энэ мэтчилэн парламентыг удирдах чадваргүй, удирдагч манлайлагч биш гэдгээ өдөр ирэх бүр харуулж, хүний өөрийн намынхнаас банга хүртэх болсон Д.Амарбаясгалан дээш тэнгэр хол, дорх газар хатуугийн үнэнийг биеэр мэдэрч явах шиг байна. Тэр спикерийн суудлаас буухад л хэн ч биш болно. Буухгүй гээд ч яах билээ. Гацаа машин, ганцаардсан тоглогч хоёр хэнд нэмэртэй гэж?!

НИТХ-ын сонгуулиар Д.Сумъяабазар Х.Нямбаатар нарын эсрэг Х.Баттулгатай хүч хавсраад хүчин мөхөстсөн гэх муухай “панчан” өөртөө нэмчихсэнийг хэлэх үү…

Одоо түүнд Ерөнхийлөгчийн гишгэсэн цохионоос зуурахаас өөр барьц, гарц ч үлдээгүй байх. Хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцордгийг үргэлж харуулсаар ирсэн тэрбээр сүүлийн үест сав л хийвэл шүүх засаглал ярьж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж яваа. Гэхдээ цаг нь тулбал хэнд ч мөнгөн аягатай нь бариад “ахаа намайг бодоорой” гэчихэж мэдэх мөн чанартай нэгэн тул түүнд итгэх бүлэглэл үлдсэн нь юу л бол…

Үнэндээ түүний улстөрийн карьерт цэг тавигдвал нарны биш нарсны амьдрал хүлээж байж мэдэх талтай. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй тул спикер боллоо гээд Админерал гэх ХХК-тай холбогдох нүүрс баяжуулах үйлдвэрийн асуудал дарагдах нь юу л бол. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тэрсэх хэмжээний амбиц өндөртэй энэ эрийн эцсийн хоргодох газар нь эвссэн нэртэй ч эрх барьж яваа намынх нь Ерөнхий нарийн бичгийн даргын суудал л байсан байх.

Даанч хэсэгхэн зуурын эрх мэдэлдээ нүдээ боолгож ташуураад эцэстээ дэмжих бүлэггүй, бүлэглэл бол бүр ч үгүй, ядахад нутгаа гүйгээд очиход тосоод авах намын дүүриймаануудгүй болчихсон өрөвдөм эр шүү дээ. Нөхөд нь түүнд “шалдан ноён” гэх үнэнийг нь хэлж зүрхлэхгүй л аргацааж яваа байх.

Орчуулах »
error: Content is protected !!