Аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өндөрлөлөө. Сонгуульд 12 нам эвсэл аймаг нийслэлд 1992, сум дүүрэгт 15283 хүнийг нэр дэвшүүлэв.
Санал хураалт маргааш болно…
Иргэд байтугай нам эвслүүд орон нутгийн өмнөх сонгуулиудад төдийлөн анхаарал хандуулдаггүй байсан бол энэ удаад нэлээд ач холбогдол өгөх шиг боллоо. Энэ нь Монголын улстөрд цоо шинэ үе ирж, шинэ бүлэглэлүүд байр сууриа тогтоох алхмаа хийн намуудын хатуу бүтэц гээчийг задлахыг оролдсон хэрэг биз. Тэд орон нутгийн сонгуулийн маргаашаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхлэх нь ч зайлбаргүй.
Энхийн цагт хөлс их асгавал дайны цагт цус бага асгарна гэдэг товч агаад түмэн утга агуулчихсан үг.
Улстөрийн шинэ бүлэглэлүүд үүсч буй энэ цагт өдөр бүрийг хойш тавилгүй тооцоолон хөдөлмөрлөсөн нь ойрын 30 жилийн улстөрийг манлайлах нь зүйн хэрэг. Манлайллыг мөнгө, эрх мэдэлгүйгээр үзүүлдэг цаг ч ард хоцорсон.
Тиймээс нийслэлтэй холбогдох томоохон төсөл хөтөлбөр, хөрөнгө мөнгөний хэмжээ болон байгалийн баялагтай аймаг орон нутгууд бүлэглэлүүдийн ноёрхлоо тогтоох, “хөл” босгон хатуу бүтэц үүсгэх зорилтот хэсэг болж буй нь үнэн.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Төрийн тэргүүнийг зургаан жилд нэг удаа сонгоно гэсэн бөгөөд анхдагч нь У.Хүрэлсүх байгаа.
Гэхдээ Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын нам дамнасан бүлэглэл У.Хүрэлсүхийг болж л өгвөл хугацаанаас нь өмнө буулгачих санааг халаасалж яваа гэчихэд ташаарсан болохгүй биз. Тэд аман дээрээ үгүй гэх ч үг хэл үйлдэл бүхэн нь улстөрийн шинэ бүлэглэлүүдийн нэг болчихсон гэдгийг харуулсаар байгаа. Улмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаархал тус бүлэглэлийн зүгээс үе үе цухалзах болсныг улстөр судлаач, тоймчид илэрхийлсээр байгааг уншдаг сонсдог хэн бүхэн анзаарсан л байх.
Өт хүртэл биедээ хүрэхээр атирдгийг харуулж У.Хүрэлсүх ч мөчөөгөө өгөхгүй нүүдэл хийж байна.
Тэр олон зүйл золиослож, олон ч шаг мадын ард гарч байж Тусгаар тогтнолын ордны зургадугаар давхарт өөрийн хүнээ аваачсан. Харамсалтай нь, У.Хүрэлсүхийн алдаа, хожмын ялагдлын шалтгаан Я.Содбаатар байж болзошгүйг орон нутгийн сонгуулийн өрсөлдөөнт өдрүүд хангалттай харууллаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, генсек гэх гоё нэр дор, Орон нутгийн сонгуулиар намын удирдлагыг барьж байгаа гэх сүртэй тодорхойлолт дор тэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн суурийг зузаатган бэхлэх байсан байх, уг нь. Улмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ганц удаа бус улиран сонгогдох өөрчлөлтийг парламент дахь намын кнопоороо дамжуулан хийх ажлын эхлэлийг тавих ёстой байсан байх.
Гэвч, ТЭР юу ч хийсэнгүй… Хөдөөх сүүний мухлагийн эхнэр шиг ноолорч өнгөрөв бололтой.
МАН Орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээж мэдэх урьдчилсан прогноз гарч…
Үе үеийн сонгуулиар хамгийн муу ажилласан менежерээр тэр нэрлэгдэх байх. Ялангуяа НИТХ-ын төлөөлөгчдийн төлөөх өрсөлдөөнд хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
Нийслэлийн МАН-ын ажил Яармагт байрлах Хангарьд ордонд өрнөж, нэр дэвшигчид НАМаа, НАМын байран дахь Я.Содбаатар гэх хүнийг ч мартчихаж. Хүнд мартагдах, хүнд дурсагдахгүй амьдарна гэдэг аймшиг. Аймаг сумдын сонгуульт ажил ч тойрог тойрогтоо өрнөөд Я.Содбаатарын орж суусан Тусгаар тогтнолын ордон нь хөндий хүйтэн, сүнс сүүдэртэй байшин шиг зэвхий даан үзэгдэх болсон нь үнэн. Зарим үед халаалттай, тог цахилгаантай л байдаг байгаа даа гэмээр хүйтэн харагддагийг хэлэх хэрэгтэй. Д.Амарбаясгалангийн үед гал маналзтал хүний хөл тасардаггүй байсан өрөө өдгөө ганц нэг хийцгүйрсэн нөхдийн хөзөр тоглох чимээнээс өөр чимээгүй болсон гэдгийг ойрын нь эх сурвалжууд хэлж байна.
Үнэндээ МАН-ын генсекээр Х.Нямбаатарыг тавьчихаасай гэмээр болтол тэр аниргүй байна.
У.Хүрэлсүх амбиц өндөртэй нэгэн. Тактикаа богино хугацаанд өөрчилж, үйл явдлыг өөрт ашигтайгаар эргүүлж дөнгөдөг түүнд Я.Содбаатар бус Х.Нямбаатар ч тохирох дүр байж мэднэ. Буруугаар эргэсэн асуудлыг стратеги болтол эргүүлж чаддаг У.Хүрэлсүхэд уудаг, унтдаг туслахууд, зөвлөхүүд гай болно уу гэхээс гавьяа байгуулахгүй. Улстөрийн шинэ үе, шинэ бүлэглэлүүд байр суурийн шангаа татаж буй энэ өдрүүдэд тэр Орон нутгийн Тавантолгойн удирдлагыг алдвал, утаа тортог бордюр бөглөрөл бүрээр мөнгө цохьчихдог Нийслэлийн удирдлагыг тавьж туувал, баруун бүсийн хөгжил нэрээр өдрөөс өдөрт өргөжин тэлж буй бизнес бүлэглэлийг хяналтаасаа гаргавал тэр хэн ч биш болно.
Тэр унтаа муур шиг тойрон хүрээлэгчдээсээ салах, салдаггүй юм гэхэд сэгсийтэл босгоод ажиллуулах цаг ирж. Д.Амарбаясгаланд орон нутгийн сонгуулийн удирдлагыг далдуур атгуулсан нь түүний хамгийн том алдаа ч байж мэднэ. Д.Амарбаясгалангийн гараас гарсан нэр дэвшигчид хожмын өдөр У.Хүрэлсүхийн төлөө зүтгэнэ гэдэг юу л бол… Бодох л асуудал.
Ямартай ч энэ сонгуулийн дараагаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ парламент хийх нь гарцаагүй. Гэхдээ хэнд, аль бүлэглэлд ашигтайгаар хийгдэх вэ гэдэг том ТОГЛОЛТ юм.