МАНАН бүлэглэлтэй нэхий дээлээ урагдтал үзэлцэхээр төв талбайгаас Төрийн ордон руу хөдсөн дээл хөдрөөд орсон Л.Оюун-Эрдэнэ шинэ манан үүсгээд Засгийн эрхийг Х.Баттулгатай хамтран атгалцаж байна гэх хардлагад ээрэгдсээр байгаа. Улмаар Нийслэлийн удирдлагад санаархсан Х.Баттулгын бүлэглэлтэй тойрог наймаалцсан гэх шүүмжлэл ч түүнийг тойрсонгүй.
Стандарт бус Засгийн газар байгуулах үеэс МАНАН бүлэглэл үүсч эрх мэдлийг төвлөрүүлсэн хэмээн үглэдэг Н.Энхбаяр ч хэрдээ таарсан өөх үмхээд чимээгүйхэн өргөжиж яваа бололтой.
Хүүгээ УИХ-д, хөтөлгөөгөө Засгийн газарт шургуулсан гэгддэг тэрбээр НИТХ-ын сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын талд ажиллаж байгаа гэдгийг ойрын нь эх сурвалжаас хэлж байна.
Тэрчлэн Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Алдаржавхлангийн “уяа”-гаар хонон өнжин эргэж, ихээхэн идэвхтэй байгаа юм байх. Ер нь бол Ж.Алдаржавхланг УИХ-ын гишүүн асан Н.Баяртсайханаас салгаж харахад хэцүү. Увсын гэх тодотголоор улстөрийн тавцанд танц эргэх атлаа Хан-Уул дүүргийн ханхүү мэт дүр бүтээсээр удаж буй нөхөр. Н.Баяртсайхан нь Н.Энхбаярын сэргэн мандалтын үед үүдээр нь эргэлдэж, өөдлөн өгсөх лифтэнд түүний дэмжлэгээр суусан гэдэг. Одоо харин Н.Энхбаяр нь эргээд Ж.Алдаржавхлангийн албан бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь энэ бололтой.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан мөн нэр дэвшиж яваа. МАН засагласан жилээс буюу 2016 оноос Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оноос дүүргийн ИТХ-ын даргаар ажиллах болсон энэ эрийн удирдлагын үед дүүргийн иргэд нь Яармаг чиглэлийн авто замд хонож өнжин бөглөрч, гарцаар гарч явсан нялх үрс автомашины ослоор эндсэн гээд дахин сонгох нь юу л бол.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн Хорт хавдартай тэмцэх Хан-Уул сан гэх хэтэвчээр холбогдсон нөхөд бараг бүгд шахам эл дүүрэгт нэр дэвшиж буй бололтой. Ж.Алдаржавхлан эл сангийн Удирдах зөвлөлийн дарга нь бол гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр болон хамтран эзэмшигчээр бүртгэлтэй Б.Цэрэн тэргүүтэн бүгд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид. Тэгэхээр энэ нөхдийг багаар нь сонгочихвол тус дүүргийн тулгамдсан асуудлууд шийдэгдэхгүй хэвээр үргэлжилнэ гэчихэд хатуудсан болохгүй биз.
ИТХ-ын дарга Г.Батсайхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал нар Грийн ланд групп ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд захирлаар нь Н.Ням-Осор бүртгэлтэйг энд дурьдчихад илүүдэхгүй л мэдээлэл. Эрхэм нэр дэвшигч Г.Батсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Тамгын газрын ахлах референт Чойжилсүрэнгийн Жаргалантай Пэтори гэх ХХК-ийг хамтран эзэмшдэг гэхээр тэр улстөрийн аль уяанаас сойгдсон гэдгийг төвөггүйхэн харчих биз.
Ж.Алдаржавхлангийн хиймэл дагуул гэгддэг А.Амартүвшин мөн Хан-Уул дүүрэгт тэнхээ мэдэн хурдалж яваа. Хэмнэлтийн хуулиар Засаг даргын орлогч гэх албан тушаалаас арчигдсан ч зөвлөх сэтэртэйгээр эргээд ирснийг нь өмнө мэдээлж байсан. Харамсалтай нь, Ж.Алдаржавхлангийн багийнхан өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүргийн иргэдийг зэвтэй ус, зэвэргэн амьдралаас нь салгаж чадалгүй энэ хүрч. Иргэд нь Яармаг чиглэлд “Нэг шөнө, хоёр өдрийн аялал” хийсээр ажил амьдралын бүтээмжээ алдаад дуусч буй нь үнэн.
Тэднээс гадна хотын дарга Х.Нямбаатарын мини пүүдл гэгддэг Л.Хосбаяр, дрон шоунаас 170 гаруй сая төгрөг тоншсон хэмээн шүүмжлүүлэгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан нарын сонирхогчдыг Л.Оюун-Эрдэнийн зүгээс Х.Баттулгад хаяж өгсөн өгөөш гэлцэж байна.
Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын гэх нам дамнасан бүлэглэлээс УИХ-ын гишүүн асан, “Монос” группийн ТУЗ-ийн гишүүн Л.Эрдэнэчимэгийн хүү Б.Онон, УИХ-ын гишүүн асан Лу.Болдын дүү Л.Болдхуягийн хүү Билэгт, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Зундуйдорж, Кёкүшюзан Д.Батбаярын дүү Д.Батсайхан нарыг зүтгүүлж байгаа гэх мессэжийг бид өмнө дурьдаад өнгөрсөн.
Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг.
Н.Энхбаяр, Х.Баттулга нарын хэн хэн нь төрийн тэргүүн хүртэл аялахдаа өнөөгийн эгдүүцээд байгаа бүхнээ хийж, бүтээж болох л байсан. Тэдэнтэй хэн ч булаацалдаагүй хангалттай он жилийг иргэд тэдэнд өгсөн. Одоо харин болох юм. Тэдний шунан зүтгэх эрх мэдэл бүрийн ард хаацайлан нууцлах хулгай луйвар бий байх нь гэх хардлагыг төрүүлдэг болохоос улс орны төлөөх гэх итгэл сэтгэлийг үүсгэдэггүй нь үнэн.
МАНАНтай тэмцэнэ гэсээр МАНАНгийнхаа удирдагч болчихсон Л.Оюун-Эрдэнэд ч итгэж буй иргэд алга. Н.Энхбаяр Х.Баттулга нарын дунд хөтлүүлсээр ТӨРийн тэргүүн хүртэл өгсөх хүслээс өөр юу ч үгүй түүнд Хан-Уул дүүргийнхэн хатуухан алганы амт үзүүлэх нь зүй биз.
Шинэ МАНАН бүлэглэл Засгаас дутахгүй төсөвтэй болсон Нийслэл болоод төсвийн дийлэнхийг бүрдүүлэгч аймгуудын нэг болох Өмнөговь руу хичнээн их шунан тэмүүлж буйг сүүлийн өдрүүдийн үйл явдлууд хангалттай харуулж байна.