Х.Мандахбаярын хуулийнхнаас зугтах сүүлчийн орогнох газар нь Засаг даргын сэнтий юү, эсвэл ИТХ-ын дарга уу… Түүнд төр түшилцэх, түмнийг төлөөлөх эрх үлдсэн хэрэг үү?
Гудамжнаас хэн нэгэн орилоогүй, бүхэл бүтэн Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг нийтэд зарласны нэг нь Х.Мандахбаяр шүү дээ. Нүүрсний хулгайн хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын гол дүрийн хамтрагчдын нэгээр нэрлэгдэж байсан энэ эр 2020 оны УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгаас нэр дэвшсэн ч өвдөг шороодож байлаа.
Нүүрсний гэх хэргээр Н.Наранбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг Улсын Ерөнхий прокурорын зүгээс УИХ-д оруулсан ч Н.Наранбаатар намынхныхаа кнопоор үлдэж, Т.Аюурсайхан нь явсан. Энэ бол монголчууд, сонгогчид огтхон ч мартаж болохгүй жигшим кэйс юм. Н.Наранбаатарыг намын нөхдийн кноп хаацайлж үлдээсэн болохоос буруугүй гэсэн үг биш.
Хуулийн байгууллагаас Н.Наранбаатарыг яллагдагчаар татан шалгах явцдаа 16 объект битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудаж байцаалт авсан байдаг. Улмаар хэргийг прокурорт шилжүүлсэн ч нэг тийш болоогүй өдийг хүрсэн. Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил, Өмнөговь аймгийн МАН-ын даргаар таван жил ажилласан энэ эрхмийн гэм зэмийг нам нь хамгаалсаар байдаг юм биш байгаа. Түүнд холбогдох хэрэг яагаад энэ хүртэл ажин түжин болов.
Хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байхад түүний хамтрагч гэгдэх Х.Мандахбаяр яагаад Өмнийн говийн иргэдийг төлөөлөх гэж?! Монгол төрийн босго ийм намхан байж болох уу?!…
Тэдний Өмнөговь дахь хоршил Тост, Тосон бумбын нурууны тэмцлээс ч өмнө байсныг намынхан нь хов болгон ярьсаар ирсэн. Тэдний аавууд Ханхонгор сумынх гэдгээр нөхөрлөж эхэлсэн гэх бөгөөд Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн иргэдийг төрийн бус байгууллагуудаар тойгдож, мөнөөх төрийн бус байгууллагуудыг нь Н.Наранбаатар Засаг даргын хувиар санхүү мөнгөөр дэмжиж ажилладаг байсан гэлцдгийг энэ өдрүүдэд сөхөөд анзаарчихад илүүдэхгүй юм.
Энэ бүх таагүй нэр хоч, хардлага сэрдлэгийг цэмбийтэл шалгуулчихаад нэр цэвэр нутаг хошуундаа очихын оронд түмний зүхэл дагуулсаар Х.Мандахбаяр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшиж, Н.Наранбаатар сурталчилгааг нь хийж явааг ойрын нь эх сурвалжууд хэлж байна. Тэрчлэн орон нутгийн сонгуульд МАН ялж орон нутаг Засаглах эрхийг авбал эрхэм Х.Мандахбаяр нутгийн удирдлагын танхимыг тэргүүлэх зорилготой юм байх.
Сайн гэхээсээ саар зүүсгэл нь ихдээд байснаас Х.Мандахбаярыг аймгийн намын хорооны даргаас буулгаж, Л.Энхболдыг томилсон.
Харамсалтай нь нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр хэвээрээ гэдэгчлэн УИХ-ын гишүүн асан Л.Энхболд Х.Мандахбаяраас дутаад байхааргүй намтар бичиж яваа эр.
Нүүрсний гэх хэргийн шүгэл үлээгч гэдэг ч хэрхэн яагаад шүгэл үлээх болсныг нь ухвал ой гутам асуудал яригддагийг жич мэдээлнэ. Учир нь энэ талаарх асуудал нэг нийтлэлд үл багтах тул дангаар бичих нь зөв юм.
ЖДҮХС-аас гурван ч удаа зээл авч байсан Л.Энхболд мэдээлэлд ойр байдлаа ашигласан хэмээн шалгагдаж УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос оруулж байсныг Өмнөговь аймгийн иргэд огтхон ч мартаж болохгүй гэчихэд тэгтэл гомдохгүй биз. Прокурорууд худал хэлнэ гэж үү… Улсын ерөнхий прокурорын саналаас үзвэл иргэдийнхээ боломжийг гурвантаа булааж амьдрал ахуйг нь бодолцоогүй хүн өнөөдөр иргэдээ төлөөлнө гээд санал гуйн сууж буй нь хумсаа нуусан хулгайч муур шиг эрхгүй санагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Ууган улстөрийн хүчин ингэтлээ боловсон хүчний дутагдалд орсон хэрэг үү, харамсалтай л юм…
Тус намаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшсэн нөхөд эрх ашиг, хэтэвч нэгтнүүд байгаа нь аюулын харанга!!!
Х.Мандахбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлж байв. Тухайн үед жилийн 956 сая төгрөгийн орлоготой гэгдсэн тэрбээр олон хуулийн этгээдийн хувьцаа эзэмшдэг бөгөөд түүн дотор нь Ихэр говь гэх ХХК бий. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн Жамсрангийн Сайнжаргал өдгөө Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 21-р тойргоос нэр дэвшиж яваа нь Х.Баттулга Талх чихэр, Мах импексийнхээ захирлуудыг нийслэлд нэр дэвшүүлчихсэнтэй адил шившиг юм. Хатуу, доромжлол шиг сонсогдох ч энэ нь тулааны ноход тав арваар нь хөтөлчихсөн гудамны хөвгүүд шиг бохир харагдаж буй нь үнэн.
Аймаг нийслэл сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Өмнөговь аймагт МАН АН ХҮН болон Иргэний хөдөлгөөний нам, Үнэн ба Зөв нам гэхчлэнгийн 5 нам, Үндэсний эвсэл, бие даагч нэг гэсэн байдлаар тус тус оролцож байна. Аймгийн 24 тойрогт 35 мандатын төлөө 88 нэр дэвшигч, сумын 21 тойрогт 291 мандатын төлөө 607 нэр дэвшигч бүртгүүлсэн байгаа.
Тэдгээрийн нэг болох МАН-ын нэр дэвшигч Л.Батбаатар гэхэд 2016 оны сонгуулиар ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож байсан нэгэн. Өнгөрсөн хугацаанд өөрийнх нь орлого хэдэнтээ аривдсанаас өөрөөр төлөөлсөн иргэдийнх нь асуудал төрд хүрсэн зүйл үгүй. Гэсэн атал Х.Баттулга, Х.Мандахбаяр нарын нэгэн адил Хадгаламж зээлийн хоршооныхоо гүйцэтгэх захирал байсан Ж.Алтанцэцэгийг “хөтлөөд” явж буй нь өөрийнхөө эрх ашгийн төлөө гэхээс өрөөлийн төлөө төр түшилцэх нь гэх дүрээр харагдахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Түүний “хөтөлсөн” Ж.Алтанцэцэг Өмнөговь аймгийн Баяндалай сумын ИТХ-ын төлөөлөгч бол хоршоонд нь мөн захирлаар ажиллаж байсан Л.Бурмаа бас л Баяндалай сумын ИТХ-ын төлөөлөгч.
Нэр дэвшигч Л.Батбаатар хадгаламж зээлийн хоршооноос гадна олон хуулийн этгээдэд хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй бөгөөд түүн дотор нь Их говийн аяныхан гэх ХХК бий. Уг компанийн хамтран эзэмшигчээр Хос Могойн Чуулган хуулийн этгээд давхар бүртгэлтэй байсан ч хожим хасуулсан. Эл хуулийн этгээдийн захирлаар Энхтайваны Эрхбаяр гэх мөн олон хуулийн этгээдэд данстай нөхөр 15 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа Батаахүүгийн Дэнсмаатай Эв санаа нэг үе өмнөговь хоёр мянга долоо төрийн бус байгууллагын хамтран эзэмшигчээр бүртгэлтэй байсныг Л.Батбаатараас хол хэмээн салгаж ойлговол хэтэрхий гэнэн хэрэг болно.
Б.Дэнсмаа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2020 оноос сонгогдон ажилласан нэгэн. 2019 онд 8.7 сая төгрөгийн орлоготой хэмээн АТГ-т мэдүүлж байсан түүний болоод гэр бүлийн орлого нь өдгөө хэд дахин аривжин өссөнийг уйгагүй хөдөлмөрийнх үү, үндэслэлгүй хөрөнгөжсөнийх үү гэдгийг ухаад үзчихэд илүүдэхгүй л байх.
Учир нь Эв санаа нэг үе өмнөговь хоёр мянга долоо төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй Энхбатын Урангоо Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн мэргэжилтэн тул үндэслэлгүй хөрөнгөжсөн байхвий гэх хардлагыг эрхгүй төрүүлж буй юм.
2020 оны орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д нэр дэвшигчид нэгийнхээ аминд хүрсэн эмгэнэлт хэрэг гарч байсан. Энэ удаад ч тийм аймшигт явдал давтагдахвий гэмээр нутаг нугынхан биесээ харлуулсан хар технологи эрчимжиж байна.
Энэ бүхний эцэст улстөрийн хувьд тун сонирхолтой мэдээлэл чих дэлссэн нь Х.Мандахбаяр, Л.Энхболд тэргүүтэн Х.Баттулгын гэх нам дамнасан бүлэглэлээс нэр дэвшиж буй бөгөөд тэдний пиар баг хамтран ажиллаж байгаа талаар МАН-ын дотоодод эрчтэй яригдаад эхэллээ. Тэрбайтугай, тухайн үед Л.Энхболдоор нүүрсний гэх хэргийн талаар шүгэл үлээлгэсэн явдал нь Д.Амарбаясгалан Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын хамтран бичсэн “драм”-ын сценари байж гэх үнэн худал нь үл мэдэгдэх жиргээ сошиал орчинд үзэгдэж байна. Тэднийг нэгтгэсэн эцсийн зорилго орон нутгийн Тавантолгой гэх мэдээллийг улстөрийн тухайд тун сонирхолтой гэхгүй юм бол өөр юуг сонин хэмээн үзэх билээ. Ингэж харвал Өмнөговьд өрнөж буй хар мэдээллийн “дайн”-ыг ойлгож хүлцэхээс аргагүй болно. Х.Баттулгын хувьд монгол ноёдыг дотор нь хагаралдуулах манж ухаанаар ихэнхдээ нүүдэг тоглогч… Тэр юу ч сэдсэн байж мэдэх л улстөрч. Бас хэзээ ч, хэнийг ч хаяж чадах кадр.
Энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ.