УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нам дамнасан улстөрийн бүлэглэлийн том төлөөлөл гэх хандлага сүүлийн өдрүүдэд илүүтэй ажиглагдаж байна. Тэр дундаа Х.Баттулгын цулбуурт загаснуудын нэг болж хөв гэсэн газарт хөвж, боль гэх газарт больдог болсон талаар ил далд ярьж эхэлсэн нь анхаарахгүй байхын аргагүй жиг жуг.
Тэр яаж яваад ингэж хардагдахад хүрэв гэдэг үнэхээр сонирхолтой. Түүнд холбогдох мэдээллийг хөөвөл Х.Баттулгад хүчин зүтгэх гэхээсээ илүү сул талаа атгуулсан байж болзошгүй гэвэл үнэнд бага сага ойртох болов уу. Учгийг хөөх гээд үзье…..
Ганзоригийн хүү Тэмүүлэнгийн нэрээр улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд Архангайн хөрөнгө оруулалт хөгжлийн төв гэх төрийн бус байгууллага бий. Татан буулгасан уг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн даргаар Ё.Баатарбилэг бүртгүүлж байсан бөгөөд хамтран эзэмшигч болох Э.Мөнхсайхан 2020 оны УИХ-ын сонгуулиар Архангай аймагт нэр дэвшиж байв. АН-ын гишүүнчлэлтэй ч намаа шинэчлэх залуусын Эрх чөлөө хөдөлгөөнийг үүсгэн байгуулж зохицуулагчаар нь ажиллаж байгаад С.Эрдэнэтэй ам мурийн намын гишүүнчлэлээс хасагдаж, бие даан нэр дэвшсэн нь тэр.
Архангай аймгийн Цэцэрлэг хотын I-10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн Э.Мөнхсайханыг Ремикон-ы захирал гэдгээр бизнесийн салбарынхан илүүтэй мэдэх байх. Сүүлд Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр эл компанийн 73 хувийн эзэмшигч гэх мэдээлэл өгзөгний дуулианаар ил болж, олныг алмайруулж байв.
УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэгддэг Д.Одбаярын намтарт хувийн бизнес хийж байсан туршлага байдаггүй. 2016 онд жилийн орлогоо 15 сая төгрөг гэж мэдүүлдэг байсан тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдсон жилээс эхлэн 47.9 сая төгрөг болон өссөн дүнгээр мэдүүлж, гэр бүлийн орлого нь ч 19-өөс 39 сая руу өсч, улмаар Ремиконы 63 хувь буюу 495000 ш хувьцаа эзэмшдэг гэсэн нь насаараа төрд ажилласан хүн ямар мөнгөөрөө ийм их хувьцаа худалдан авав гэх асуултыг үүсгэн, хэсэгтээ л цахим орчны шуугиант сэдэв болж байлаа. Тэрчлэн өгзөгний дуулианаар Ремиконы хувьцааны ханш унах бус өссөн нь бизнесийнхний нүдийг орой дээр нь гаргаж байсныг уншигчид мартаагүй биз.
Үүнээс гадна Улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд Г.Тэмүүлэнгийн нэрээр Хатан бор трейд гэх ХХК бүртгэлтэй. Компанийнх нь захирал болох Л.Чинзоригийн нэрээр олон ч хуулийн этгээд бүртгэлтэй бөгөөд түүн доторх Монголиан повер инвестмент холдинг компанийн хамтрагч Гомбодоржийн Оргил 2020 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж байсныг хайш яаш мэдээлэл хэмээн орхиж болохгүй.
Дээрх хоёр нэр дэвшигчийн хэн хэн нь МАН-ын саналаас чамгүй зулгаасан байдгийг тэмдэглэлийн дэвтрийн мухарт тодруулаад орхичиход илүүдэхгүй юм.
Архангайн гурвал гэгдэн тэрэгний морьд шиг хэлхэлдэж явсан Ж.Мөнхбат Ё.Баатарбилэг Г.Тэмүүлэн нараас өдгөө тэр ганцаараа шатрын хөлөг дээр үлдэж. Харин Ж.Мөнхбат Ё.Баатарбилэгийн хэн хэн нь хуулийн байгууллагын хар дансанд бүртгэгдсэн нь Г.Тэмүүлэнг дэргэдэхээ тогтоодоггүй ёрын эм шиг ёозгүй харагдуулдагийг хэлэх хэрэгтэй. Хаяа муутай хөрш гэдэг шиг Д.Амарбаясгаланг ч улстөрийн хүрээнийхэн тийн харах болсон нь үнэн. Түүний талаар жич хүргэх тул энд түр орхиё.
Америкт сурсан нэр дор эрхэлж, элдэвлэж явсан гэгддэг Г.Тэмүүлэнг улстөрд, тэр дундаа МАН-д хөл тавихад түүний аав Ч.Ганзоригийн нөлөө их байсан гэдгийг нас ахимаг улстөрчид бүгд хэлэх биз. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтэн хийж байсан хүүгээ хэлтсийн дарга болтол албан тушаал ахиулснаар Г.Тэмүүлэнгийн улстөрийн түүх эхэлдэг гэдэг.
Эцэг нь Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад хүү нь төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангах үүрэг бүхий Эрдэнэс Монгол-ын дэд захирлаар томилогдож байсан явдлыг эрүүл томилгоо гэж харахад хэцүү нь үнэн. С.Баяр ажлаа өгч, Сү.Батболд Засгийн газрыг тэргүүлэх зурвас хугацаанд дэд захирлын албанд очсон түүний томилгоог аавынх нь нөлөө гэдгээс Г.Тэмүүлэнгийн гайхалтай ур чадварын гавьяа гэж хэлэх хүн байдаггүй. Улмаар Оюутолгойд Монголын талыг хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүний албыг давхар хаших болсныг ч нэхэн судлахад гэмгүй юм.
2014 оны нэгдүгээр сард түүнийг Лондонд Рио Тинто-той хэлэлцээр хийж явахад нь ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан явдал тун сонирхолтой. Энэ талаар мань эр өөрөө “Компанийн үйл ажиллагаанд төр оролцдгийн бэлэн жишээ нь би. Төслийн хэлэлцээрт эхнээс нь оролцсон учраас Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээс хараахан чөлөөлөөгүй” хэмээж байсан. Тэгэхээр Оюутолгойд холбогдох хэлэлцээрийн сайн муугийн хариуцлагыг дан ганц Ч.Сайханбилэг гэлтгүй тэр ч бас хүлээнэ ээ л гэсэн үг юм.
Тэрчлэн УИХ-д олонх болсон АН МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулах үед Г.Тэмүүлэн Уул уурхайн дэд сайдаар Ч.Сайханбилэгийн танхимд ажиллаж байсныг мартах учиргүй. Дараа жил нь буюу Оюутолгойн гэрээний алдаа онооны асуудал өндрөө авч хуулийн байгууллагын хараанд өртөх болсноор 2015 оны дөрөвдүгээр сард нь Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн явдлыг нь өдгөө эргээд сонирхоход ихээхэн сонирхолтой ч байж мэдэх юм. Тэр дундаа Ч.Сайханбилэгийн танхимд Уул уурхайн асуудал хариуцсан дэд сайд байсных нь хувиар гоочлоход буруутахгүй л байх.
Тухайн үед гэнэтхэн хамаг ажлаа өгсөн тэрбээр намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоонд “хар муур” гүйлгэж Ерөнхийлөгчөөр нь сонгогдсон гэдэг.
НАМЗХ-ны ерөнхийлөгч байсан Л.Оюун-Эрдэнэ 2013 онд АНУ-д сурахаар явж түр орлон гүйцэтгэгчээр нь өдгөөгийн эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг томилж, өнөөх нь Г.Тэмүүлэнг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Их хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар томилж байсныг санаандгүй гэж үзвэл учир дутагдалтай юм. Г.Тэмүүлэнг эсэргүүцсэн НАМЗХ-ны залуус Уул уурхайн яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулж байсныг дараагийн дугаарт дэлгэрэнгүйгээр хүргэх тул энд түр дурьдаад өнгөрье. Тэд Г.Тэмүүлэн өөрийг нь шүүмжилсэн хэнийг ч зайлуулж, НАМЗХ-ны нэр хүндийг унагаж байна хэмээн онцолж байсныг хэлэх хэрэгтэй. Ийнхүү Сү.Батболд Ч.Сайханбилэг Ц.Элбэгдорж нарын дэмжлэгийг авч чамгүй хол нүүх болсон Г.Тэмүүлэн Л.Оюун-Эрдэнийгээ Н.Номтойбаяртай эвсэн зайлуулж намын залуучуудын байгууллагын Ерөнхийлөгчид ганцаар нэр дэвшин ялалт байгуулж байсныг улстөр сонирхогчид хэсэгтээ мартсан байж болзошгүй. Тухайн үед Намын Удирдах зөвлөл залуучуудын байгууллагын асуудлыг бүтэн өдрийн турш хэлэлцсэний эцэст Г.Тэмүүлэнг сонгох чиглэл өгсөн байдаг. Гэвч үйлийн үр хаалга андуурдаггүйг харуулж 2019 онд өөрөө эл албан тушаалаас хөөгдөх шахам үнэ хүндгүйгээр Н.Учралд тахимаа шилжүүлсэн билээ. Аймаг дүүргүүдийн НАМЗХ-ны удирдлага МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүлж, Г.Тэмүүлэн ээлжит Их хурлыг товлохгүй, ажлаа дүгнүүлэхгүй байгааг матах байдлаар зайлуулсан гэдэг. Өдгөө тэр Н.Номтойбаяраас төдийлөн хол тоглохгүй байгааг харахад Сү.Батболд Ч.Сайханбилэг нарын уяанаас тийм ч их холдоогүй л болов уу.
Аав Ч.Ганзориг нь төрсөн нутаг Архангай аймгаар 2012 оноос дагуулж гүйсээр 2016 онд Г.Тэмүүлэнг УИХ-ын босго давуулж байв. Энэ үед Ч.Ганзоригтой холбоотой хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байсныг тухайн үеийн хэвлэлүүдийн хуудаснаас харж болох юм.
Ч.Ганзориг 2012 онд нэр дэвших эрх авч болох ч татгалзан, Эрдэнэт үйлдвэрийн захирлын ажлаа хүлээлгэн өгөөд хүүгээ улстөрд таниулах ажиллагааг гардан М.Энхболд Сү.Батболд У.Хүрэлсүх нарын үүднээс салдаггүй байсан талаар намынхан нь өдгөө ч ярих юм билээ.
Үүнийг батлах мэт У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход ЖДҮДС-гаас ижил үнийн дүн бүхий гүйлгээ хийгдсэний дунд Г.Тэмүүлэнгийн ээжийн Спа цогцолбор ХХК багтсан байдаг. Компанийн эзэн Д.Дэнсмаа хүү Г.Тэмүүлэнгээ 2016 оны сонгуульд нэр дэвшихэд хандив өгч байсан нь баримтаар ил болж байсныг мөн тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байв. Саун душ зочид буудал фитнесс үсчин гоо сайхан, амралтын газрын үйлчилгээ эрхэлдэг Спа цогцолбор компани ямар үйлдвэрлэл эрхэлнэ гэж ЖДҮДС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан, авснаа ч эргэн төлөөгүй байсан нь хэсэгтээ шуугиан дэгдээж, гишүүнийг багагүй тэвдүүлээд авсан байх.
Ийнхүү нэхэн хөөвөл Ж.Мөнхбат Ё.Баатарбилэг хоёроосоо төдийлөн дутаад байхааргүй хар бараантай Г.Тэмүүлэн хэнийг түшсэн болоод энэ хүртэл ганцаараа архангайчуудыг төлөөлөх болов, яагаад үе үе нам дамнасан бүлэглэлийн томоохон төлөөлөл гэгдэх болов гэдэг сонирхолтой.
УИХ-ын гишүүнээр тогтохгүй Төсвийн байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж буй түүнийг ашиг сонирхол нь хөндөгдсөн зүйлд тун хойрго нэгэн гэчихэд хэтийдсэн дүгнэлт болохгүй биз.
Учир нь УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар ЖДҮ-д нэр холбогдсон сайд, гишүүдийн асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй шалтгаанаар удаа дараа хойшилж байсныг энд эргэн саная. Ирц хүргэдэггүй шалтгаант гишүүдийн нэгд Г.Тэмүүлэн гарцаагүй нэрлэгдэнэ.
НАМЗХ-ны үеийн асуудал уу, эсвэл Сү.Батболд Ч.Сайханбилэг Ц.Элбэгдорж нарын далд нөлөө байдаг юм биш байгаа гэмээр Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын тэргүүн болсноос хойш тэр хүчтэй шүүмжлэгчийн байр сууринаас хандах болсныг олон нийт анзаарч л байгаа байх.
Төсвийн зардал дотор ямар ямар өөрчлөлт орсныг мэдэх гишүүн энэ 126 дунд байхгүй хэмээн ойворгоноор сагсуурч, төсөв дагасан гол дөрвөн хуулийг эсэргүүцсэний үр дүнд гурван хуулийг нь Засгийн газарт буцаахаар боллоо хэмээн бардамнасан түүний үл хөдлөх хөрөнгө УИХ-ын гишүүнээр ажилласан 3 жил дотор 1.5 тэрбумаар нэмэгдсэн сонирхолтой тоо бий. Улс орон даяар ковидын хөл хорионд зүдэрч байх он жилүүдэд тэр жигтэйхэн “хөдөлмөрлөж”, 2020 онд 885 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй байснаа 2022 онд 2.4 тэрбум болтол зүтгэсэн байдаг.
799 сая төгрөгийн үнэтэй Lexus 570, Mercedes Benz G 500 хөлөглөн, 523 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуйтай болж, ТТЕМ, Евроконстракшн, Ханбүргэдэй компаниудад хувьцаа эзэмшдэг болтлоо хөрөнгө нь тасралтгүй өсөн нэмэгдэж байх зуурт Арын сайхан хангай болсон аймаг нь хөгжлөөрөө 21 аймгаас 21-т жагссан таагүй мэдээтэй байгаа нь тоогүй. Түүний хөрөнгийн талаарх мэдээллийг дэлгэрүүлэн хүргэх нь зөв тул энд товч дурьдсан байдлаар үлдээе. Одоо тэрбээр Орон нутгийн сонгуульд тархиа гашилгаад завгүй суугаа гэдгийг ойрын нь эх сурвалжуудаас хэлж буй. Энэ талаарх мэдээллийг ч жич хүргэх нь зүй юм.
Үргэлжлэл бий…