Улстөрийн намын харьяалал үл харгалзан хөлбөрч сурсан аймаг Архангай гэчихвэл гомдож гутраад сүйд болоод байхгүй биз.
Үндэсний аудитын газраас Архангай аймгийн ИТХ-ын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийн нэлээд зөрчил илрүүлсний дотор 95 сая төгрөгийг “төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал” нэрээр МАН АН ялгалгүй тэнцүүхэн хуваагаад төлөөлөгч нарын хувийн данс руу шилжүүлсэн байсан нь тэднийг ийн дүгнэхэд хүргэсэн хэрэг.
Өмнө нь 39 мандаттай байсан Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ удаагийн сонгуулиар 41 төлөөлөгчтэй болохоор “орон тоо”-гоо нэмэгдүүлсэн байна билээ. Эрдэнэбулган сумын 3-р баг болон Өлзийт суманд сонгогчдын тооноос хамаарч тус бүр нэг мандат нэмсэн юм байх. Эл 41 мандатын төлөө дөрвөн нам, бие даагч нийт 91 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас МАН АН-аас тус бүр 41, ХҮН болон Иргэдийн оролцооны нэгдсэн намаас нэг нэр дэвшигч, нэг бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Урьдчилсан судалгаагаар тэр чигтээ улаанаар эргэчихсэн яваа энэ аймаг дахь МАН-ын нэр дэвшигчид эрхгүй анхаарал татаж буй нь үнэн.
АН нэг суудлаар илүүрхдэг ч МАН Засагладаг архангайчууд Засаг даргаар ажиллаж байсан М.Батжаргалыг огцруулмагцаа хоёр намын төлөөлөгчид Б.Цэрэннадмидыг ярсхийтэл дэмжин, 2023.02.12-нд томилуулж байв.
2016 оноос эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газар албан тушаал хаших болсон тэрбээр хувьдаа бизнесгүй, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үхмэл хувьцаанаас өөр эзэмшлийн гэх юу ч үгүй. Гэсэн атлаа хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн үзүүлэлтийг АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. 2017 онд аймгийн ЗДТГ-т ажиллаж байх хугацаандаа жилийн орлого нь 18 сая, гэр бүлийн орлого нь есөн сая, 147 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 13 сая төгрөгийн үнэлгээ бүхий приус маркийн автомашин, 1.5 сая төгрөгийн үнэ бүхий газартай хэмээн мэдүүлж байсан бол 2023 онд жилийн орлого нь 135 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 33 сая, 281 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай болж, приус автомашин нь 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинаар солигдон, 89 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуй, 45 сая төгрөгийн үнэ бүхий хоёр газартай болсон нь гайхалтай өсөлт. Аймгийнхаа хөгжлөөс хол тасран хөгжсөн түүний амьдралыг өрсөлдөгчид нь судалж л суудаг байх, туршлага шүү дээ.
Түүнтэй дөрөө харшин аймгийн ИТХ-д горилж яваа Ц.Мөнхнасанг хүн зодож, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгээр улстөрийн хүрээнийхэн байтугай цахим орчинд анддаггүй юм билээ.
2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан тэрбээр 2019 онд 26 сая төгрөгийн орлоготой байсан бол өнгөрсөн жил 236 сая төгрөг болж, гэр бүлийн орлого нь 21 саяас 284 сая болтлоо аривжсан мэдээллийг ч сонирхоход илүүдэхгүй. Үл хөдлөх хөрөнгө нь 45 саяас 310 сая, тээврийн хэрэгсэлгүй байсан бол 479 сая төгрөгийн үнэ бүхий гурван автомашинтай болсон гээд сонгогчдод сонин байх мэдээлэл их.
Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг үнэн юм. ИТХ-ын төлөөлөгч Б.Өсөхбаяртай хамтран хуурамч тогтоол гарган АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан нь буруутаж, яллагдагчаар татагдаж явсан бол өдгөө төр түшилцэхээр туг дарцаг болон намирч явна.
Тэрбээр татан буугдсан Архангай аймгийн мөсний шагайн холбоо төрийн бус байгууллагыг Цэцэрлэг сумаас нэр дэвшиж байгаа Ч.Батнайрамдалтай хамтран эзэмшдэг байсан гэх мэдээллийг нь анхаарлын гадна орхиж болохгүй.
2021.01.25-нд ИТХ-ын төлөөлөгч болж, үүнээс хоёр сарын дараа 2021.03.14-нд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргаар томилогдож байсан Ч.Батнайрамдал 2023.01.01-нд Захиргаа удирдлагын хэлтсийн дарга болж, удалгүй 2023.06.06-нд дахин газрын даргаар томилогдох зэргээр Орон нутгийн удирдлагын албан тушаалаар “жонглёрдож” явдаг эрхэм.
Түүний нэгэн адил МАН Засгийн эрхэнд гарахтай зэрэгцэн Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн салбарын даргаар томилогдон, 2020 оны сонгуулиар аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж амжсан Т.Цогтбаатар ч энэ удаад дахин горилж байна. 2019 онд 57 сая төгрөгийн орлоготой байсан бол дөрвөн жилийн дараа, 2023 онд 174.6 сая төгрөг болтлоо өсч, 257.3 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан мал нь 414.2 сая төгрөгөөр үнэлэгдэх хүртэл аривдаж, мал дээр байсан юм уу гэтэл хөрөнгөжсөн байгаа юм.
Нийслэлд ЖДҮ-г цөлмөж байхад, Архангайн Иргэдийн хурлынхан 95 саяыг хүний өөрийнгүй тарааж байхад байсан эрхэм бол Б.Амгалан.
2020 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д сонгогдсон тэрбээр жилийн 820.16 мянган төгрөгийн орлоготой байсан бол өдгөө орлогын хэмжээ нь анхаарал татахуйцаар өсчихсөн байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй.
Аймгийн ИТХ-д Ихтамир сумаас эмэгтэйчүүдийн төлөөлөл болон өрсөлдөж буй Л.Даваахүү, мөн нэр дэвшигч З.Мөнхбат тэргүүтэн Архангай аймгийг тэр чигт нь улааруулахад гол хүч болж явна. Чулуут сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа 67 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөрөнгөө 381 сая болтол өсгөсөн З.Мөнхбат нэлээд жинтэй өрсөлдөгчдийн нэгд нэрлэгдэж байгаа.
Аймгаа хөгжүүлнэ гэх эрхэм нэр дэвшигчдийн хувийн хөрөнгө орлого, мөнгө санхүү ингэтэл өссөн ч харамсалтай нь Архангай аймаг хөгжлөөрөө улсдаа сүүл мушгидгийг бүгд мэдэх биз. Бизнесийн үр ашиг болоод дэд бүтцийн хөгжлөөрөө хамгийн доогуур үнэлэгдсэн тус аймгийн Орон нутгийн сонгуулийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гардан удирдаж буй гэх бөгөөд тэрбээр нам дамнасан бүлэглэл, тэр дундаа Х.Баттулгын аялдан дагалдагчдаас энэ удаад салсан шиг сална хэмээн нэлээд дуу шуутай ширүүхэн яваа гэдгийг ойрын нь эх сурвалжаас хэлж байна.
Арга ч үгүй.
Бие нь намрын чуулганд ч бодол сэтгэл нь Орон нутгийн сонгуульд тунарчихсан яваа тэрбээр ядаж Архангайдаа өөрийн гэх “хөл”-ийг босгохгүй бол бусдын гар хөлийн үзүүрт чирэгдэн, далайсан газар далд орж далласан газарт ил гарч явахын зовлонг ээлжит бусаар хуралдан, төсвийн тодотгол болон түүнийг дагалдсан хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх үеэр яс махандаа тултал мэдэрсэн биз. Орон нутагт хэрхэн “нүүж” буй түүний тактикийн мэдээллийг жич хүргэх тул энд түр орхиё.
Үргэлжлэл бий…