Байраараа гудманд гарч, орох орон оочих аягагүй болсон иргэд бидэнд хандлаа.
Дархан-Уул аймаг дахь балгас мэт болсон хаалга цонхгүй 9 давхар орон сууцыг Оросын гэх тодотголоор нь олон хүн андахгүй. Тус байранд оршин сууж байсан 36 айл нэг л өглөө Номин реалтор ХХК-нд хөөгдөж, Номин реалтор нь эргэж хүн оруулах боломжгүй болгохын тулд хүний санаанд багтамгүй харгислалыг үйлдэн бүх айлын хаалга цонх, банн суултуур, паар зэргийг хуулан авч балгас болгосон гэх мэдээллийг 2023.11.02-ны өдөр neguun.mn сайт газар дээрээс нь сурвалжлан баримттайгаар хүргэж байж.
Иргэд, аж ахуйн нэгжийн булаалдан буй эл 9 давхар орон сууц Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт орших бөгөөд тухайн үеийн ЗСБНХУ болон БНМАУ-ын хоорондын гэрээтэй барилга байдаг.
Хоёр улс хооронд нийлүүлэх машин тоног төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүнд үйлчилгээ хийх Зөвлөлтийн техникийн төвүүдийг барих хүрээнд БНМАУ-аас газар олгох гэрээг 1979.09.11-нд байгуулсан байдаг юм байна. Улмаар тухайн газарт Техник худалдааны төвийн 2 давхар барилга, 9 давхар орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан нь энэ аж. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр баригдсан эл барилга байгууламж хэрхэн ашиглагдаж, хэдий үед дуудлага худалдаагаар зарагдан шилжигдсээр Номин реалтор компанийн өмч болон хувирсан талаарх мэдээллийг дараагийн дугаарт дэлгэрэнгүй хүргэх тул энд түр орхиё.
Ямартай ч төдийгөөс өдий хүртэл амьдарч байсан иргэд нэг л өглөө Номин реалтор ХХК-ийн өмч болох орон сууцанд амьдарч байсан болж таараад, хөөгдөж эхэлсэн юм байх. Ингэхдээ 2018 оноос иргэдийн анхдагч хэрэгцээ болох ус дулааныг таслах байдлаар шахаж эхэлсэн учраас оршин суугчид нь хуулийн байгууллагад хандан, хариуцагчийн харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн шүүх асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар 2018.07.10-нд Шүүхээс тухайн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, ус дулаан цахилгааныг таслахгүй байхаар шийдвэрлээд зогсохгүй хариуцагч тал болох Номин реалтор компанийг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл ямар нэгэн тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан аж.
Харамсалтай нь, Номин реалтор ХХК шүүхийн даалгаврыг үл биелүүлэн ус дулаан цахилгаанаар хязгаарлах зэргээр 36 өрхийг албадан гаргах ажлыг үе шаттай хийж байснаас болж нэг оршин суугч дулаацахын тулд зуух байрлуулан гал түлснээс угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан гэдгийг иргэд хэлж байна.
Улмаар тус компани шат шатны шүүхийн шийдвэрийг хүлээж түвдэн түргэдэхдээ хүнлэг бус хандаж 2023.11.12-13-нд шилжих шөнө Номин холдингийн гэгддэг Соёмбо харуул хамгаалалтын алба нь хүч түрэн орж ирж цонх хаалга эвдэн, паар эд хогшлыг нь цонхоор гаргаж хаясан юм байх. Эл үйлдэл 2024.08.03-ны баасан гарагийн үдэш давтагдсан бөгөөд үүнээс үүдэн хэд хэдэн өндөр настны даралт ихэсч хямран эмнэлгийн тусламж авч байж. Хүнлэг бус эл арга хэмжээний улмаас оршин суугчид Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ч нөхцөл байдлыг зогсоож чадаагүй гэнэ.
Тус орон сууцны барилга Номин реалтор компанийн өмчлөлд шилжсэн байж болох ч балгас мэт болсон орон сууцны гадна хагарсан цонх, хаалганы хэлтэрхий, эвдэрч хэмхэрсэн ванн суултуур, паар хөглөрч барилгын дотор талд тавилга сэлт, солих хувцсаа авч чадаагүй үлдээсэн хүнд дүр зураг Төр нь эзэнгүй болж, иргэд аж ахуйн нэгж нь хууль цаазад захирагдахаа больсон эмгэнэлийг харуулж байна гэчихэд хатуудсан болохгүй. Тэрбайтугай хүнлэг бус аргаар, ёстой л ширэнгийн “хууль”-иар асуудалд хандсаны улмаас дулаацахын тулд гал түлж, түүндээ угаартан нас барсан иргэний амь, үлдээсэн өмч хөрөнгийн хохирлыг Номин реалтор гэх компани хариуцах ёстой харагдаж байна. 17-18 жил амьдарсан орон гэрээ зүй бусаар сүйтгүүлж хөөгдөж гарснаас харвалт өгч ярих чадваргүй болсон иргэний эрүүл мэндийн асуудлыг ч тус компанитай ярих нь зүйн хэрэг байх.
Оршин суугчид сум, орон нутгийн удирдлага, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаад тусыг олоогүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчид ч хандаж байсан байх юм.
Ингээд ч сураг ажиггүй байсны улмаас өнгөрөгч наймдугаар сарын 22-нд ОХУ-ын Элчин сайдын яаманд хандаж, Элчин сайдын яамнаас “ОХУ-ын өмчийн газарт хандан судлаад эргэн хариу мэдэгдье” гэсэн хариуг албан бичгээр өгсөн байна.
Таван жил гаруй хугацаанд үргэлжилсэн ус дулаан цахилгааныг таслах, өмч хөрөнгийг сүйтгэх хүнлэг бус шахалтаас болж оршин суугчид дайжиж, өдгөө насаараа шахам тус байранд амьдарсан иргэд үр хүүхэд, ач, зээгээ айлаар хоноглуулж, өөрсдөө гудамжинд амьдрах шахам яваа гэнэ.
Энэ талаар Дархан-Уул аймаг дахь Номин дэлгүүрийн хамгаалалтын албаны дарга “Номин реалтор компани нь 8867 ам метр үйлчилгээний зориулалттай талбайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003006690 тоот гэрчилгээтэй. 2015.12.08-ны өдрийн тоот гэрчилгээнд 9 давхар орон сууц, 2 давхар бүхий үйчилгээний барилга багтсан” гэх мэдээллийг өгч байгаа юм. Тэрчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт Номин реалтор ХХК-иас 2024.02.23-нд ирүүлсэн албан тоотод тус байрыг ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яамны харьяа “Автоэкспорт”, “Трактоэскпорт” гадаад эдийн засгийн нэгдлүүдэд харьяалагдаж байгаад тус улсын сайд нарын зөвлөлийн 1989.08.31-ний өдрийн 705 тоот тогтоол, 1990.07.24-ний өдрийн 1172 дугаар захирамжаар дээрх нэгдлүүдийн эрх үүргийг “Авто трактоэкспорт” гадаад худалдааны нэгдэлд шилжүүлжээ. Улмаар Монгол Улсын иргэн Д.Тунгалаг нь 2003.01.21-ний өдөр орон сууцны барилгыг худалдах худалдан авах гэрээгээр авч, Л.Евгений, Ё.Энхтөр, Е.Энхтайван нарын хамт эзэмшиж байгаад 2003.09.08-нд Номин холдинг-ийн захирал Ш.Баярсайханд худалдсан талаар дурьдсан байдаг гэнэ.
Энд дурьдсанаас үзвэл хоёр улсын тухайн үеийн Засгийн газрын хамтарсан шийдвэр, гэрээгээр баригдсан барилга байгууламжийг сүүлд Оросын тал дангаар шийдсэн мэт ойлгогдож байгаа юм. Тиймээс энэ талаарх мэдээллийг тухайлан судалж, сурвалжлах нь зайлшгүй хэрэг болж байна. Учир нь Оросын тал барилга байгууламжаа худалдахаар шийдвэрлэж байсан бол Монголын тал газраа зарах шийдвэрийг мөн гаргасан байж таарна. Номин холдингийн захирал Ш.Баярсайханы Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн бичигт барилга байгууламж хэрхэн ямар замаар өөрт нь ирснийг тэмдэглэсэн байх ч, газар нь хэрхсэнийг бичээгүй байх тул энэ нь тусдаа тодруулах сэдэв болж буй хэрэг.
Номин реалтор компанийн Хамгаалалтын албаны даргын хэлж байгаагаар Оршин суугчдыг албадан гаргах хоёр ч шатны шүүхийн шийдвэр гарсан гэж буй ч албадан гаргах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бус аж ахуйн нэгж өөрөө хийсэн, хийхдээ хүнлэг бусаар, бусдын амь нас эрүүл мэнд эд зүйлийг хохироосон хортой үр дагавраар хийж буй нь анхаарал хандуулахаас аргагүй ноцтой асуудал юм.
Иргэд, аж ахуйн нэгжийн хоорондын маргаан ийм харгисаар, хууль цаазад үл захирагдах байдлаар шийдэгдэх нь ТӨР эзгүйрснийг, хууль ёсзүйн хэм хэмжээ үгүй болсныг илэрхийлээд зогсохгүй, дараа дараагийн олон үл ойлголцол ийм замаар шийдэгдэх, эцэстээ мөргөлдөөнд хүрч болзошгүй гэм хортойг эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та мэдэх үү?!
Нөгөөтэйгүүр хоёр улсын хамтран байгуулж байсан өмч, эд хөрөнгийн хуваарилалт, худалдаалалтын асуудлууд хэрхэн шийдэгдэж байсныг бүгдийг эргэн харж, нөхөн шалгахад гэмгүй санагдана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БЭТ томилдог сүрхий жишиг бий шүү дээ… Ядах хэрэг юу байна?!