Орон нутгийн сонгуульд ялсан бүлэглэл ойрын 30 жилийн улстөрийг “зурна”

Төрийн ордон хөл хөдөлгөөнтэй байна. Бэлгийн суудал, кабины бор ч гэгддэг ДЭД сайд нарыг “Эрхэлсэн сайд” нэрээр эргүүлэн гаргаж ирэх ажил ид хийгдэж буй бололтой. УИХ-ын сонгуулиар сонгогдож чадалгүй хашааны гадна үлдсэн, даргын цүнх барьсан, гомдож тунирхсан нөхдийг эл суудалд томилно гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тэгэхээр “Кабины бор”-оор сонгогдох нөхдийн талаар жич хүргэнэ гэж үзээд энд түр орхиё…

Ордонд “Эрхэлсэн сайд”-ын суудал ийн булаалдах зуурт ордны гадна Орон нутгийн сонгуулийн бужигнаан ид өрнөж, улс төрийн намуудын амьдрал буцалж байгаа.  

Нийслэлийн сонгуулийн хорооноос АН-ын нэр дэвшигчдээс Сонгинохайрхан дүүргийн ИХТ-д нэр дэвшсэн Д.Мөнх-Эрдэнийг, МАН-ын нэр дэвшигчдээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Б.Галцог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Баярчимэг, Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Д.Мягмар нарыг бүртгэхээс татгалзсан нь Х.Нямбаатар Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчилдөөнийг улам хурцатгасан.

Д.Мөнх-Эрдэнийн тухайд Х.Баттулгын нөмөр бараадан улстөрийн тавцанд хөл тавьчих санаа их бий. МАН-аас нэр дэвшигч Б.Галцог ч Баянзүрх дэх нам дамнасан Женкост (сошиал орчинд олон түмнээс өгсөн нэр) бүлэглэлд хамаарах нэгэн гэдгийг улстөрийн хүрээнийхэн хэлж байна. Н.Баярчимэгийн тухайд Д.Сумъяабазарын шошготой бол Д.Мягмар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын татаастай гэдэг. Ийм чимэг зүүсгэлүүдээс болж Х.Нямбаатар өөрийнх нь хүрээлэлд багтахааргүй нөхдийг замаасаа зайлуулах шийдвэрийг Нийслэлийн намын хорооны дарга П.Хадбаатараар гаргууллаа гэх хардлага сүүлийн өдрүүдийн эрчтэй шуугианы нэг болж байна.

Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатарыг хотын дарга Х.Нямбаатартай нэг ангийн найзууд гэх шүүмжлэлд П.Хадбаатар “Би 2002 онд Орхон их сургуулийг эрх зүйчээр төгссөн. Хотын дарга 2000 онд төгссөн байдаг. Намайг гуравдугаар курст орох жил Х.Нямбаатар дарга багшилдаг байсан. Бид хоёр нэг анги биш. Багш шавь хоёр” гэх сунжирсан тайлбар тавьсаар галыг бүр өрдөж орхисон. Улстөрд угаас олон үгний хэрэг үгүй байдаг. Тэр бид нэг анги бишээ гэхэд болох байтал баахан юм хэлж өөрсдийгөө ороосон нь эрхзүйч хүнд ч баймгүй алдаа болж хувирсан. Түүний орооцолдсон тайлбарын араас Х.Нямбаатарын өгсөх шат бүрт П.Хадбаатар хамт өгссөн түүхийг олон нийт гаргаж ирсээр байна.  

 Х.Баттулгын тухайд АН-ын нийслэлээс гадна Шинэ намыг албан ёсоор “халаасалж”, хэдэн зууны өмнөх манж бодлогоор урагшилж байна. АН орон нутгийн сонгуульд Шинэ намтай эвсэж орохоор санамж бичиг байгуулан, Шинэ намын хуучин гишүүд нь намаасаа түдгэлзээд АН-ын батлахтайгаар орон нутгийн сонгуульд оролцох болсныг женкосизм гэхээс өөр юу гэлтэй. Энэ талаар Шинэ намын дарга Ц.Гантулга “Бид нийт найман аймаг, зургаан дүүрэгт 60 гаруй нэр дэвшигчээ АН-ын нэр дор дэвшүүллээ” гэсэн нь АН-ын дарга Л.Гантөмөр гэх хүнд өөрийн тархи толгой байна уу гэж асуумаар болтол цочир мэдэгдэл байв.

Ж.Батзандан Л.Болд нар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нэрт нам байгуулж 2019.09.12-нд Улсын Дээд шүүхэд бүртгүүлээд улстөрийн намуудын жагсаалтын 34-т эрэмбэлүүлж байсныг энэ зуурт саная. М.Энхболдыг түлхэж, АН-ыг УИХ-д бүлэггүй болтол талцуулсан “гавьяа”-г Ж.Батзандан Л.Болд нарт хүртээхээс аргагүй. Энэ талаар улстөрийн хүрээнд ч ил цагаан яригдаж, тэдний үйл хэргийн шагнал болгон хэн хэнд нь Элчин сайдаар томилогдох эрхийг Х.Баттулгатан зүгээс гардуулсан гэх шивэр авир одоо ч тасраагүй байна.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн тамгаа У.Хүрэлсүхэд шилжүүлэхээс хэдхэн сарын өмнө мань эрсийн нэг нь Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, нөгөөх нь консул гэх сэтэртэйгээр хил давж, үүнийхээ өмнөхөн байгуулсан намаа “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдод бэлэглэсэн гэлцдэг.

Гэхдээ тэдний гэх намын Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн албан ёсны дарга нь Ц.Гантулга. Түүнийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022.02.09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор намын даргаар бүртгэсэн бол Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нэрийг Шинэ нам болгон энэ оны эхэнд бүртгэсэн байдаг.

Ц.Гантулга нэгэн үе АН-д байсан бөгөөд Л.Болдтой бизнес хамтрагчид гэгддэг. Түүнд холбогдох мэдээлэл Эрдэнэс Тавантолгой болоод Эрдэнэс Монгол руу жим татан хөтөлсөн байх нь сонирхолтой.

Цэндсүрэнгийн Гантулга нэрээр улсын бүртгэлд Жи Эй Эл инвестмент ХХК гэх хуулийн этгээд бүртгэлтэй байгаа. Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Н.Лхагвабаатар Эрдэнэс Монгол ХХК-д Захиргаа хүний нөөц хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаад Багануур ХК-ийн шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаар ТУЗ-ийн дарга нь болж байсныг олон хүн мэдэх биз.

Дээрх Жи Эй Эл инвестмент компанид бүртгэлтэй байсан Ч.Отгонжав гэх нөхөр Гэгээнтэн корпорацийн хамтран эзэмшигч. Тус корпорацийн өөр нэг хамтран эзэмшигч байсан Ч.Алтанбагана Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Уул уурхай технологийн газрын дарга. Эл албан тушаалд 2022.11.30-нд томилогдож байсан бөгөөд томилогдсоных нь дараа жилээс жилийн орлого, хадгаламж, үнэт эдлэл нь эрдэнэстэй уул олоо юу гэмээр өссөн байдаг. Түүний талаарх мэдээллийг дэлгэрэнгүйгээр жич хүргэх нь зөв тул энд түр орхиё.

Ж.Батзандан Шинэ намаас түдгэлзэн АН-д харьяалагдах болоход МАНАН бүлэглэлтэй нэгдэж байгаа нөхөртэй нэг агаараар амьсгалж чадахгүй хэмээн попорч байсан Ц.Гантулгын үйлдлийг өдгөө сценарынхаа дагуу явагдаж байсан жүжиг байж гэчихэд тэгтэл хол зөрөхөөргүй болов уу. Тэгэхээр өнгөрсөн хугацааны жижиг сажиг нүүдлүүд бүгд зохиолын дагуу өрнөж байж гэж үзвэл орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулгын гэх 60 хүний нэр ч женко бүлэглэлийн төлөвлөлтийн өрөөнд аль эрт бичигдсэн байж таарах нь. Зохиол бичигдэж, оролцон тоглох дүрүүд оноогдож, оноогдсон дүрүүд нь өөрсдөө ч мэдэлгүйгээр женкосизм-д нэгдчихсэн байж магадгүй л юм. Одоо тэд гаръя аа, болъё оо гээд мянга тэлчлэвч нэгэнт өнгөрч, нам дамнасан бүлэглэлийн тээшний вагонд ачигдаад дашийншог болох биз.  

Анх улстөрд ганцаар хөл тавьж байсан Х.Баттулга өдгөө нам дамнасан бүлэглэлийн толгой гэгдэтлээ хол явж.

Түүний дүүгийн хүү, хувийн компанийн нь ажилчид, туслах гэхчлэн нэр дэвшиж, 44 мандатын талыг нь халаасалчихсан байна.

Дээр нь Л.Болд Шинэ намын нэрээр өөрийн төрсөн ах болох Л.Болдхуягийн хүү Билэгтийг А.Бархүүтэй хөтлөөд авчраад өгчихсөн.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогтыг Х.Баттулгын төдийгөөс өдийг хүртэл нөөсөн шатрын хүү гэдэг. УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой байсан ч “женко”-д зандруулаад чимээгүй үлдэн өдгөө орон нутгийн сонгуулиар намаа удирдан орж буй нь энэ хэмээн улстөр сонирхогч хэн бүхэн хэлж байна.

Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг УИХ-ын гишүүн С.Бямбацогттой “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” төрийн бус байгууллагыг 2012 онд хамтран байгуулж, хамтран удирдаж ирсэн. “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар 2020 он хүртэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж байгаад 2020 оноос хойш Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг ажиллаж байгаа аж.

УИХ-ын сонгуулиар Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нар “гар” нийлж ажиллаад чамлахааргүй амжилтад хүрсэн. Одоо орон нутгийн сонгуулиар хөлөө бэхлээд авбал Ерөнхийлөгчийн сонгууль болоод ойрын 30 жилийн улстөрийн түүх тэдний хүссэнээр бичигдэнэ гэчихэд ташаарсан болохгүй биз. Л.Оюун-Эрдэнийн тэвэрсэн алсын хараа 2050 төсөл намынх нь бус нам дамнасан бүлэглэлийнх биш биз гэмээр цочир үйл явдлууд сүүлийн үест олонтаа болж буйг уншигчид анзаарч л суугаа байх.

Х.Нямбаатар Нийслэлийн МАН-аа толгойлж орох ч Х.Баттулгын нөлөө хэт түрэмгий болж ирсэн тул барилцахаас наагуур хэдэнтээ муудалцсан мэдээлэл бий.

Л.Оюун-Эрдэнэ өмнөх барилаараа орон нутгийн сонгуульд ч залуусыг дөвийлгөн нэр дэвшигчдээ Н.Мандуул, Б.Дөлгөөн нараар өнгөлж байна.

Н.Мандуулыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Л.Оюун-Эрдэнэ томилж байсан ч УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийн хүргэн гэдгээр олон нийт үргэлж хардаг. Тэрчлэн С.Дэмбэрэлийн хүү Д.Ирмүүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөрөө томилсноос эхлэн С.Дэмбэрэлд Л.Оюун-Эрдэнэ ямар өртэй вэ, Засгийн газрыг намтай юутай нь С.Дэмбэрэл “удирдаад” байна уу хэмээн намынхан нь ил далд шүүмжлээд эхэлсэн. Арга ч үгүй биз. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын томилгоо нь багадаад Орон нутгийн сонгуульд МАН-ыг оройлон оролцох болсонд эгдүүцлээ илэрхийлэхээс яалтай.

Х.Нямбаатарын тухайд Ц.Баттөрийг сойж байгаа. Орхон их сургуульд багшилж байхад нь суралцаж төгссөн гарын шавь гэдгээр нь олон хүн түүнийг мэднэ. Түүний улстөрийн түүхийг Х.Нямбаатараас салгаж ойлгоход бэрх. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байхад нь СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад төрийн түшээ болох үеэс нь зөвлөхөөр дагалдсан. Улмаар 2020 онд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон өдгөө Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн даргаар ажиллаж байгаа.

Х.Нямбаатар мөн Ц.Төрхүүг зүтгүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч байсан энэ эр 2016-2023 онуудад Ус сувгийн удирдах газрын дарга байгаад Х.Нямбаатарыг хотын дарга болсноос хойш хотын ерөнхий менежер болон өгсч яваа.

Хотын даргын өөр нэг татаасаар нэрлэгддэг Г.Батзоригийг энд орхигдуулж болохгүй. Сонгинохайрхан дүүргийн газрын албаны даргаар ажиллаж байсан тэрбээр 2020 оноос Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч, 2021 онд дарга нь болж дэвшсэн. Хэнтий аймгийн уугуул тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа.

Нийслэлийн зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатарыг ч Нийслэлийн засаг ноёноос салгах боломжгүй. Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байх 2013-2016 онуудад нь Ажлын албаных нь мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын гишүүн болоход нь мөн зөвлөх болж, улмаар 2020 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

Тэднээс гадна Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга асан Б.Дөлгөөн, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаярыг нэрлэж болно.

Харин Нийслэлийн нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө, Тавантолгой төмөр зам ХК-ийн дэд захирал асан Г.Ууганбаяр нарыг улстөр сонирхогчид женко оюук нарын гэх бүлэглэлд оруулан нэрлэж байна. З.Төмөртөмөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болоод байгаа Г.Занданшатарын зөвлөхөөр улстөрд хөл тавьж, хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазарын орлогч болтлоо “крандуулсан” нэгэн.

Тавантолгой төмөр зам ХК-ийн дэд захирал асан Г.Ууганбаярын тухайд Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээр сонгогдоход Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 онд Д.Сумъяабазарыг хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоход хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн дарга болон дэвшиж, 2017 онд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд болоход нь Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн дэд захирлаар томилогдтлоо албан тушаалын лифтээр өгсч яваа кадр.

Тэрчлэн Д.Сумъяабазарыг тойглон, нийслэл тойрсон мөнгөний ажил бүрийн үнэрийг анддаггүй гэгддэг Э.Бат-Амгалан бизнесийн хамтрагч Б.Галцогоо түлхэн барин зүтгэлж яваа бололтой. Э.Бат-Амгалан Б.Галцог хоёр Баянзүрх дүүрэгт диско баарны хамтарсан бизнестэй найзууд гэгддэг.

            Бодь интернейшнл ХХК-ийн Тавантолгой нүүрс ачих логистик төв төслийн захирлаар ажиллаж байсан Т.Даваадалай, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Гэрэлт-Од нарыг ч “жижиг” МАНАН-гийн кноп гэгдэж буйг энд дурьдахад илүүдэхгүй байх.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс нийслэлийн ИТХ-д Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, Нийслэлийн өмчит Асралт үйлдвэрийн захирал Э.Энхтөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нарыг зүтгүүлж буй ч өнөөдүүл нь өөрсдийгөө таниулах ажиллагаанд гар татан хойш суусан байдалтай байна. Тэдний эл хойргошсон хандлагыг битүүдээ “женко” бүлэглэлд базуулсан, тэр зүгээс ямар нэг байдлын дарамт авсан хэмээн тайлбарлах нэгэн ч байгаа юм.

Д.Амарбаясгалангийн хувьд Т.Отгонболд нарын хуруу дарам командтайгаар орон нутгийн сонгуульд оролцож байна. Тэрбээр нийслэлд гэхээсээ орон нутагт ихээхэн ач холбогдол өгч хүмүүсээ нэр дэвшүүлсэн ч нэг тойргоос гарч ирсэн намынхандаа шахуулсан байдал ажиглагдаж байгаа. Түүний орон нутаг дахь пиарыг Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын баг хамтран хийж эхэлсэн цагаас эхлээд улстөрийн нүүдэл нь жалга довны хэмжээнд жижигхэн болсон талаар намынхан нь ярьж байна.

Тэрчлэн энэ удаагийн орон нутгийн сонгуульд өөр нэг чүл пол хийсэн жижигхэн тоглолт үзэгдэж буй нь М.Энхболдын команд гэнэ. Тэрбээр охин Хулангаас гадна Ж.Батбаясгаланг зүтгүүлж буй ч хотын хуучин фракцын нөлөөг тийм амар оруулж ирэх нь юу л бол… Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалангийн карьерыг энэ удаагийн сонгуулиар нэгмөр дуусна хэмээн харагсад олон буй юм.

ХҮН-ын тухайд Хан-Уул Баянгол Чингэлтэй дүүрэгт ач холбогдол өгч буй нь НИТХ дахь гурван суудлаа л хадгалж үлдэхээс илүүг сонирхохгүй байгаагийн илэрхийлэл. Нөгөөтэйгүүр, Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгалангийн нөлөөг энэ хүрээнд байхад болно гэж үзсэнийх биз.

Бусад намуудын хувьд нэгэнт хүчээ авсан бүлэглэлүүдийн дундуур мянга чихээд нэмэргүй гэдгийг УИХ-ын сонгуулиар мэдэрсэн тул ажлын болоод цагийн ч, санхүүгийн ч гарз гэх байдлаар хандаж байгааг хэлэх хэрэгтэй.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!