2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн В.Путин Монголд хагас өдөр саатахдаа Н.Энхбаярыг дэмжээрэй гэчихээд буцсан. Харин энэ удаад Орон нутгийн сонгуулийн өмнө үдлэхдээ хэний нэрийг шивнээд одсон байх бол.
Орон нутгийн сонгууль өмнөх жилүүдээс олон талаар өөр гэдгийг уншигчид мэдэж буй биз. Нийслэлийн төсөв жилээс жилд тэлж байна. Зөвхөн түгжрэлд гэхэд 420 тэрбум төгрөг зарцуулах эрх өвөртөлснөөс гадна дотоод зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор тооцоолчихсон. Олон ч том төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Товчхондоо Ерөнхий сайдаас “том”, Засгийн газраас дутахааргүй хөрөнгө эргүүлэх нь. Тиймээс НИТХ-д нэр дэвшигчдийн ханш огцом өсч, мандатын босго УИХ-д өрсөлдөхөөс өндөр болсон байна.
Эл бужигнааны цаана Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөр давхар явагдаж У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын хумсаа нуусан нүүдлүүд тасрахгүй байна. Тэдний дундуур Х.Нямбаатар Д.Амарбаясгалан нарын тоглолт ч ил нэг гарч, далд нэг орсоор хурцдах нь…
УИХ-ын гишүүний сэнтий, сайдын суудлаас татгалзсан Х.Нямбаатар улиран сонгогдох амбиц өндөртэй. Ямартаа Л.Оюун-Эрдэнэтэй ам мурийн, намын дэмжлэггүйгээр нийслэлийн ИТХ-д оролцохоор хэрэлдэж явна. Тэрбээр нэр дэвшигчдээ өөрийн хүмүүсээр бүрдүүлэв. Л.Хосбаяр, Ж.Энхжаргалан, Ц.Баттөр, Г.Батзориг нараас гадна Ж.Сандагсүрэн, Ц.Төрхүү, Б.Сэргэлэнбаатар, Д.Ихбаяр гэхчлэн 45 нөхрийн тал нь түүнд данстай. Хууччуулаа шахсан атал Ж.Батбаясгалан Э.Хулан тэргүүтнийг чирсэн байгаа нь М.Энхболдын нөлөөллийг оруулж ирсэн байгааг харуулж буй хэрэг биз. У.Хүрэлсүх болон бусад фракцийн төлөөллийг ч чимх чимхэхээр тусгасан нь нийслэл дэх эрх мэдлээ тэлэхээр зорьсны илэрхийлэл байх.
Өнөөдөр түүний дур дургүй хоёрыг зэрэг хүргэж байгаа нөхөр бол Х.Баттулга тэргүүтэн бололтой.
“Женкогийн хийсэн хулгай луйвруудыг өдөр бүр цувралаар мэдээлнэ. 17 чингэлэг спиртийн хэргээс хойших бүх цуврал хэргийг нь сануулж, хууль хяналтын байгууллагад дуудуулна” хэмээн мэдэгдсэн нь түүнийг өнөөдрийн улстөрийн гол дүр болгож байна.
Үнэхээр ч тэр Х.Баттулгын талаар олныг хэлж чадах цөөн хүний нэг. Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа “Нүүрсний хулгайн хэрэгт хамгийн түрүүнд шалгагдах ёстой хүн нь өмнөх ерөнхийлөгч Х.Баттулга” хэмээн нэрлээд яллагдагчаар татагдсаныг нь зарлаж байв.
Тэрбээр “2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад зогсоосон хүн нь Х.Баттулга. Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн мөн Х.Баттулга. Тэр мөнгөөрөө төмөр замын ажлыг дуусгалгүй далангийн ажил хийгээд хаясан. Дараа нь энэ зам дээр “Бодь Интернэшнл” компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Нүүрсний хулгайн хамгийн том хэрэгт шалгагдах ёстой. Ерөнхийлөгч байсан, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан, зөвлөмжүүдийг гаргасан гэдгийг хэлэхийг хүсч байна. Өмнө, 2017, 2018 онд өөртэйгөө холбоотой бүх хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Сэргээн шалгах ёстой” хэмээн зоримог дуугарч байсан эр.
Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэгчээр Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгын өмнө хүнд байдалд орж, хэзээ мөдгүй Х.Нямбаатарыг дуугүй болгож чадаагүйн гэмд унаж “хөөгдөж” мэдэхээр байгаа гэдгийг ойрын нь хүрээллээс хэлж байна.
Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нарын нам дамнасан бүлэглэл гээч нь Т.Батцогтыг дэмжиж буй гэгдэхтэй зэрэгцэн Х.Нямбаатар энэ удаагийн сонгуулиар Ерөнхийлөгчийг түшиж, хамтрах санал тавьсан мэдээлэл эрчээ аваад байгаа. Түүнийг намдаа шахагдсан хууччуул ч дэмжиж байгаа гэдгийг улстөр сонирхогчид хэлж байгаа юм. Магадгүй л хэрэг…
УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан, ялагдсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй хэмээх сүржин мэдэгдлээсээ нээг их удалгүй УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн Ө.Сумъяабаатараас гадна УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшиж, өвдөг шороодсон Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Даваадалай, МАН-ын жагсаалтын 25-д жагссан Б.Дөлгөөн нарыг 45-даа багтаасан байгаа нь Ерөнхийлөгч болоод намынхаа гомдогсдын бүлэгтэй тохиролцоонд хүрсний илэрхийлэл биз.
Энэ зуурт Монголын банкны холбооноос эхний хагас жилийн тойм мэдээллээ танилцуулах нэр дор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг чиглэсэн мэдэгдэл хийсэн нь тохиолдол, давхцал байсан гэхэд хэтэрхий гэнэн хэрэг болно.
МАН АН ХҮН-ууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг бууруулна гэж тусгасан ч хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар үг өгүүлбэр оруулаагүй талаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэлсэн нь Орон нутгийн сонгуулийн өмнөх цочир мэдэгдэл. Улмаар “Засгийн газар их хэрэглээтэй байна. Төсвийн зардал 43 хувиар нэмэгдсэн. Төсөв тэлэх хэрээр зээлийн хүү буурах макро орчин бүрдэхгүй” гэсэн нь өрсөлдөгчдөд өгсөн жинтэйхэн өгөөш юм. Тэрчлэн зээлийн хүүг бууруулах сонирхолгүй байгаа Засгийн газраас хөтөлбөрөө баталчихаад эрсдлээ хувийн хэвшилд үүрүүлдэг гажуудлаа засахыг хүсч, жишээнд ХОРШОО хөтөлбөрийг нэрлэсэн нь Орон нутгийн сонгуульд өрсөлдөгчдийн пиарчдад өгсөн бэлэн сэдэв байв.
Эл мэдэгдлийг хийсэн Л.Амар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн автортай Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн ТУЗ-ийн даргаар Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй байсан нь түүний мэдэгдэл санамсаргүй хэрэг биш гэж үзэхэд хүргэж буй юм.
Тэрчлэн Засгийн газраас ШIИНЭ ХОРШОО хөдөлгөөний зээлийг зогсоосон. Үндэслэлээ олгосон зээлийн хэмжээ 2024 онд баталсан санхүүжилтээс хэтэрсэн хэмээн тайлбарлаж буй ч эдийн засагчид Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ нарын зам салж, үл ойлголцол үүссэний илрэл гэж байгаа. Харин улстөрчдийн хувьд сонгогчдын саналыг авах гэсэн Д.Амарбаясгалангийн заль мэх тул зогсоох нь зөв гэлцэж байна.
Малчдыг дэмжих “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлийн хүүгийн татаасыг Засгийн газар Монголбанктай хамтран олгож байсан.
Засгийн газрын гэхээсээ Д.Амарбаясгалангийн автортой гэвэл илүү онох уг зээлийг Монголын банкны холбооныхон жишээ болгон татсан нь цаашид гэм хүлээлгэж мэдэх асуудал хэмээн харагдаж байна. Хоршооны зээлд зориулж 500 гаруй тэрбум төгрөгийг банкнаас гаргачихсан, малчид нь байдгаа тавьчихсан байгаа эл хөтөлбөр Д.Амарбаясгалангийн толгойг цусдаж мэдэх нь цаг хугацааны л асуудал. Өвөрмонголчууд хоршоолох хөдөлгөөнд орж, малаа барьцаалсан зээлийн шахааны улмаас малгүй болсны жишээг тэр сайн мэдэх биз.
Ямартай ч холыг туулах улстөрчдийн хөл нь Орон нутгийн сонгууль гэгддэг ч үнэн хэрэгтээ Д.Амарбаясгалан гээгдсэн, хий хоосон дарцагласан л шинжтэй байна. Түүнд шунал хөдөлгөм төсөл хөтөлбөр, улсын үйлдвэрийн газруудыг өнөө хүртэл найр тавьж ирсэн нь өдгөө ихээхэн сэжигтэй болж эхний ээлжинд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас савраа татчихлаа хэмээн намынхан нь шуугиж буйг яалтай.
Харин түүний алгуурласан орон зайд Л.Гантөмөрийг хамтарсан Засгийн газарт оруулах замаар АН-ыг чимээгүйхэн залгиж буй Х.Баттулгын Л.Оюун-Эрдэнэ нарын хоршил нүүгэлтэн орж ирж, үүнд нь Х.Нямбаатар мэгдэн тэвдэж байгааг сүүлийн өдрүүдийн үйл явц харуулж байна.
ХҮН НИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулиас татгалзах шахсан ч Д.Амарбаясгалангийн ширүүн харц дор хоёр сайд нь харьяа газруудаасаа мөнгө босгож нэр дэвшигчдийнхээ сурталчилгаанд зарцуулах нь гэх шуум нисэлдээд эхэлж…
Үргэлжлэл бий…