Х.Баттулгын хөзөр улстөрийн хүрээнд гэрэл цохиулна гээч болж тодорхой түвшинд бужигнаан үүсгэж байх шиг байна. Хүний их эмч нөхөрт Эрдэс баялгийн салбарын бодлого атгуулсан нь хэн хүний сонирхол татах цочир шийдвэр мөн л дөө. Тиймээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Туваан гэх нөхрийг сойх эхлэл энэ байх нь гэх мессэж эрчтэй тархан, орон нутгийн сонгуульд төдий л ач холбогдол өгөхгүй байсан бүлэглэлүүдийг хөдөлгөөнд оруулсан хэрэг.
Төр тэргүүлэх сэнтийд дахин залрах боломжгүй Х.Баттулгын хувьд орон нутгийн сонгуульд чухалчлан анхаарч, урт удаан улстөрөө Ц.Туваанаар гүйцэлдүүлэхийг хүсэлгүй ч яахав. Тухайн үеийн эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Х.Баттулгыг төрийн тэргүүний сонгуульд дахин оролцуулахгүйн тулд ганц удаа өрсөлдөх агуулгыг суулгасан. Өдгөө энэ заалтыг өөрчлөхийн төлөө хэн хүнгүй ухаанаа уралдуулж байна. Үе үеийн төрийн өндөрлөгүүдийг Их тэнгэрт хүлээн авсан У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилд зориулан “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр цахим хичээл заахаа мэдэгдэв.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь гарцаагүй.
Үүнийг 126 гишүүнтэй эл парламент хийх нь ч тодорхой. Гэхдээ агуулга нь Төрийн тэргүүнээр ажиллаж буй нөхрийг дахин өргөмжилж болох заалт оруулах уу, эсвэл Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга Д.Амарбаясгалан тэргүүтний халаасанд яваа УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгох хувилбарыг шингээх үү гэдэг эргэлзээтэй.
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга Д.Амарбаясгалан нарыг УИХ-ын сонгуулиар хөзрийн модоо хольж сольж ажилласан хэмээн Ерөнхийлөгчийн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр уурсан Д.Амарбаясгаланд агсан тавьсан гэх мэдээлэл бий.
Гэхдээ хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэгчээр Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нар түмний өмнө ханцуй ханцуйндаа хутга нуугаастай тэврэлддэг гэдгийг ойрын нь эх сурвалжууд хэлсээр ирсэн. Ямартаа Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нар Д.Амарбаясгаландаа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг найр тавин “өгсөн” тэр өдөр хожмын хорих ангийн үүдийг ч хамтад нь нээсэн байгаа гэлцэхэв. Юутай ч тэдний эцсийн хүрэх цэг нь Ерөнхийлөгчийн сонгууль. Ингэхийн тулд ХҮН-ыг хавчуулан байж Засгийн газар байгуулсан биз. Одоо орон нутгийн сонгуулиар нам дамнасан бүлэглэлийнхээ суурь хөлийг босгоод авбал Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Төрийн тэргүүнийг парламентаас сонгох хувилбараа зүтгүүлнэ. Үүний цаана Ц.Тувааныг Ерөнхийлөгч болгон гаргаж ирэх үндсэн хөзөр бий.
Х.Баттулгад одоохондоо Ц.Туваанаас өөр чих зөөлөн, суудал удаантай хүн алга. Цатгалан үхэр хивэх мэт амгалан, улстөрийн хар хор найруулах байтугай өмнөх хорын учрыг ч олоогүй сууж байж мэдэх Ц.Тувааныг тэр дэргэдээ аваад багагүй хугацаа өнгөрч. Далайн гахай шиг нэг дараад хэвтчихвэл хөдөлгөөнгүй байлгаж байж чадах чанар нь Х.Баттулгад таалагдаа биз.
С.Эрдэнэтэй намын даргын тамга булаалдан АН-ыг хоёр хуваах дүрийг чамгүй бүтээсэн Ц.Туваан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АНУ-ын лобби буюу нөлөөллийн бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан нь ил болж байсныг уншигчид мартаагүй биз. 2021.04.12-ноос 2021.06.12-ныг хүртэл буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд байгуулсан тус гэрээг Ц.Туваан өөрөө үгүйсгэж байсан ч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл сошиал орчинд бүрэн эхээр нь дэлгэж, гадны хэвлэлүүд ч онцлон мэдээлж байсныг мартаж болохгүйгээр үл барам нөхөн судлахад илүүдэхгүй асуудал юм.
Ц.Оюунгэрэл “Ц.Туваан гишүүн юу хийчихээ вэ. Америкт лобби фирмүүд нь Конгресстээ бүртгэлтэй байдаг. Бүх гэрээгээ ил тавьдаг. Ялангуяа гадаадын сонгуультай холбоотой лоббиг ба бэгүй тайлагнах ёстой гэдгийг мэдэхгүй гэрээ хийсэн бололтой. 50к ам.доллараар хөлслөнө, хэвлэлд 100к ам.доллар төлнө гэж гэрээлж” хэмээн жиргэж байсныг ялангуяа улстөрийн бүлэглэлүүд энэ цагт анхааралдаа авч эргээд харчихад гэмгүй л байх. Бид ч жич хүргэх тул энд түр орхиё.
Хүний их эмч мэргэжилтэй Ц.Тувааныг Эрүүл мэнд, байг гэхэд Хөдөө аж ахуйн салбар руу бус Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар илгээсэн нь галын дохио хангинах мэт анхааруулгыг бүлэглэлүүдэд өгч байгаа нь үнэн.
Анагаах ухааны их сургуулийг хүний их эмчээр төгссөнөөс хойш улстөр хөөсөн Ц.Туваанд ажлын туршлага огт байхгүй гэчихэд тэгтлээ гомдоллохгүй биз. Ийм хүн түлш, эрчим хүч ярина гэдэг хэн хүнд айдас төрүүлж буй нь ойлгомжтой.
УИХ-ын сонгуулийн санал хураалтын дараахан намаа УИХ-д олонх болгож чадаагүй үндэслэлээр Л.Гантөмөрт хариуцлага тооцон, оронд нь Ц.Тувааныг томилох асуудал АН-ын дотоодод эрчтэй яригдаж байгаад намжсан. Намжсан шалтгаан нь Л.Гантөмөртэй Х.Баттулга нар тохиролцож Л.Гантөмөрийг хамтарсан Засгийн газарт Шадар сайдаар томилон хариуд нь Үндсэн хуулийн өөрчлөлт дээр дэмжиж, хамтарч ажиллах тохироо хийсэн гэлцэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн суурь нь орон нутгийн сонгууль.
Тиймээс улстөрчид, ялангуяа бүлэглэлүүд энэ удаагийн орон нутгийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч хэсгийн ахлагч болоод тосоо граммлаж, талхаа хуваан зээл өгдөг жижиг дэлгүүрүүдийн эздийн араас уралдан харайлдаж буй юм байх. Арга ч үгүй биз. Нохой засуулсан хүндээ янаг гэгчээр талласан талх, зээлсэн махны нь өрийг төлж өгсөн хүнээ дугуйлдаг масс дэндүү олон.
АН-ын тухайд Х.Баттулга алдах юм дэндүү ихтэй тул үг хэл нь ээдэрсэн өвгөн болтлоо улстөрийн гол дүр байхыг хүсч байгаа бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэнэт олдсон байр сууриа бэхжүүлэхийн шуналд живчихсэн яваа. У.Хүрэлсүхийн тухайд үүр битгий цайгаасай гэдэг шиг Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох хүсэлдээ өнөөдрийн буй бүгдээрээ дэнчин тавьж суугаа нь үнэн.
Тиймдээ ч У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланд Орон нутгийн сонгуулиар хамтрах саналыг тавьж Д.Амарбаясгаланд орон нутгийн сонгуулийг удирдах эрхийг өгсөн бололтой. Хоёр туулай хөөсөн нохой шиг Д.Амарбаясгаланд бүх зүйл ярвигтай байгаа биз. Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нараас нүүр буруулах хэцүү, У.Хүрэлсүхийн хүчийг сулруулчих бүр хэцүү байгаа нь тодорхой. Уруул дордойвч элэг дордойхгүйг харуулж хуурай нойтон ах дүү болсон хүмүүс хэзээ нэгэн цагт өөрийг нь хөнтрөхийг тэр мэдэхгүй хэмжээний тэнэг биш.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар ажиллаж байгаа ч түүний удирдах арга барилд У.Хүрэлсүх байтугай нь итгэж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс намын тэмдэг гэдэг шиг бэлэг тэмдгийн байдалтайгаар өдөр хоногуудыг өнгөрөөж яваа. Угаасаа ч сонгууль удирдсан туршлагагүй түүнд шинэ цагийн бүлэглэлүүдийн эрх мэдлээ тогтоох чухал сонгуулийг даатгана гэвэл амиа хорлосонтой агаар нэг болох биз. Сонгууль байтугай намаа, намаа битгий хэл бага хурлаа зангидаж чадах уу гэх асуулт олон гишүүний амнаас гарч буй нь үнэн. Хатуухан хэлэхэд, Я.Содбаатарын мэддэг чаддаг үе хэдийнэ өнгөрсөн. Түүний мэддэг бүлэглэлүүд хэдийнэ унаж, огт ондоо амбицтай гүрэн дамнасан тоглолттой мафижсан гэхэд хилсдэхгүй улстөрчид, бүлэглэлүүд бий болсон. Тэгэхээр Трафигурагийн улстөр дэх “элч” гэгддэг болоод удаж буй Я.Содбаатарыг эрх баригч намын хүчирхэг генсек бус хариуцлагатай ресепшн байх зам л тосч буй биз. Түүнийг Трафигурагийн элч гэгдэх болсон талаарх мэдээллийг дараа хүргэх тул энд түр хойш тавья.
Д.Амарбаясгалангийн хувьд МАН-ын олон ялалт түүнд хаяглагдана. Улстөрийн уран нүүдлээр бус байж болох бүхий л заль мэхээр энэ хүрч болдог гэдгийг тэр утга төгөлдөр харуулсан гэхэд гомдохгүй биз. Мөсөн ордны шулам эмгэн гэдэг шиг намын байрны булан тохой бүрийг тэр алган дээрээ тавьсан мэт мэднэ. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх, мөн шинэ төрсөн бүлэглэлүүдийн эрх мэдлээ дархлах суурь болсон Орон нутгийн сонгуулийг түүнд даатгахаар шийдсэн нь зөв биз. Тэр ялдаггүй юм гэхэд ялсан мэт тохироог хамгийн сайн хийх кадр.
Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулиар хууччуулаа шахаж ажилласан. Өөрийн хүрээлэлд цаашид ч багтахааргүй нөхдийг тойрогт томилоод, араас нь намын дэмжлэг үзүүлээгүй. Тиймээс түүнд гомдогсдын арми улам өргөжин тэлсэн байх. Ядаж байхад Д.Амарбаясгалангийн шахаасаар Д.Сумъяабазарын хүрч болох бүх уяа дээсийг тасалчихсан гэгддэг.
Дэлгэр өөрөө унасан гэгчээр Д.Амарбаясгаланг гадны хэвлэлүүдээр гөвүүлсэн материалыг Д.Сумъяабазарын Хэвлэлийн албанаас өгч байсан, үүнийг нь мэдсэн Д.Амарбаясгалан ногоон автобусны асуудлыг гаргаж тавиулсан зэрэг итгэхэд бэрх хов одоо ч улстөрчдийн дунд яригдсаар байх юм билээ. Эл жиг жугийн үнэн худлыг батлах боломжгүй ч бидний харж байгаачлан Д.Сумъяабазар Хотын даргын суудлаас мултарч, нийслэлийн намын хорооны даргын тамгаа өгөөд зогсохгүй сонгуулиар тойрог ч үгүй үлдлээ. Тэрбайтугай албан тушаал хуваарилалтад ч багтаагүй нь эрх баригчдын дунд уучлахад уур хүрэм ан цав үүссэний илэрхийлэл биз.
Энэ бүгдийн хойд дээр, өдгөө МАН нийслэл дэх суудлаа Х.Баттулгад найр тавихаар зэхсэн, өнөөх нь хотын дараагийн даргаар Т.Батцогтыг нэрлээд хайрцаглаж яваа дуулдана. Ингээд харвал МАН үр могойдоо залгиулж буй эх могой шиг дуусч байж мэдэх л юм.
Үргэлжлэл бий…