Д.Амарбаясгалан агсан тавиулсан гэв үү?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Төрийн тэргүүний Тамгын газрын даргаар томилогдоод байгаа Г.Занданшатар нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд салам агсам тавьж, гар хүрэхээс наагуур юм болсон гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна.

Говь-Алтай аймагт Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэр тайх ёслол өнгөрөгч сарын 20-нд болж Төрийн тэргүүн У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Амгаланбаатар, У.Отгонбаяр нарын албаны хүмүүс оролцсон байдаг.

Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган Бурхан буудай уулыг төрийн тахилгатай болгосноос хойших анхны төрийн тахилгыг эл өдөр буюу 2024.07.20-нд тахисан нь тэр аж.

Улмаар шинэхэн спикер нутагтаа ирсэн зочдыг дайлж хэд хэдэн томоохон асар босгон ууж идэцгээсэн гэх бөгөөд энэ үеэр Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар агсан тавьж заамдалцсан талаар намынх нь дотоодод шивэр авир хийлцээд эхэлж.

У.Отгонбаярын тухайд Д.Амарбаясгаланг УИХ-ын сонгуулийн үеэр Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нартай эвсээд ахаас нь нүүр буруулсан, Г.Сайханбаярын рейтингийг санаатайгаар унагаж улс орон даяар үзэн ядуулахад хүргэсэн, улмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээс ч У.Хүрэлсүхийн гэх хүмүүсийг шахсан зэргээр дайрсан юм байх. Тэрчлэн нааш харж МАН гэчихээд цааш хараад Х.Баттулгатай хүзүү сээрээр хэлхэлдэж яваад нь уурсаж явдгаа нэлээдгүй чанга дуугаар илэрхийлсэн гэдгийг тахилгад оролцсон ойрын эх сурвалжаас намынхандаа ам алдсан гэнэ.

Эл цочирдом мэдээлэлтэй зэрэгцэн Ц.Тувааны ойрын итгэлт хүн болох П.Батцацралыг Ашигт малтмал газрын тосны газрын дарга болгох тохироог Д.Амарбаясгалангийн зааварчилгаагаар хийх гэж байгаа талаар улстөрийн хүрээнийхэн шуугиад эхэллээ. П.Батцацрал Говь-Алтай аймгийн нэгэн бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ангийн анд тул Ц.Туваан болон Х.Баттулга, Д.Амарбаясгалан нарын холбогч гүүр болдог гэлцэж байна.  

Түүгээр зогсохгүй Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарт Ц.Тувааныг суулгах санаа Л.Оюун-Эрдэнэ гэхээсээ Х.Баттулга Д.Амарбаясгалан нарын тохироо байсан талаар ил далд яригдаад эхэлснийг энд дурьдахад илүүдэхгүй биз. Тэрбайтугай Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудыг өөрчлөх асуудал өндрөө авсныг ч Спикертэй холбон тайлбарлагсад олон байна.

Өмнөх парламентад УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирлаар томилсон. Хангайн бүсийн 1-р тойрогт нэр дэвшээд ялагдал хүлээсэн Д.Тогтохсүрэнг албан тушаалтай болгох тохироо мөн л  Д.Амарбаясгаланд хаяглагдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага, санхүүгийн алба хүртэл шинэчлэгдсэн явдалд Х.Баттулга, Д.Амарбаясгалан нар оролцоотой гэгдэж буй юм. Энэ бүхэнд У.Отгонбаяр уурсан ахынхаа өмнөөс тэсэрсэн гэлцэж байна.  

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын хувьд Д.Амарбаясгаланд гомдоллох олон шалтгаан бий байх.

Найман жил Засагласан МАН-ыг Төрийн ордонд багцалж зангидсан нь тэр байв.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд олон зүйлийг Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэ нарын таалалд нийцүүлж шинэчлэн батлуулсан гэчихэд хэтийдсэн болохгүй биз. Шударга ёсных нь тэмцлийг хурцалж, хөшүүрэг нь ч болж өгсөн байх. Түүнд тэсрэх эрх бий. Харин ч хэтэрхий орой, хаягдаж гээгдсэн хойноо ийнхүү тэсрэв бололтой.

Парламентыг сонгодог жишигт хөтөлж, МАН-ын нэр хүндийг шалаар нэг болчихоос нь хамгаалсан тодорхой хувь нэмэр түүнийх байх. Зарим үед Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга У.Хүрэлсүх нарын дунд гүүр болж, эвлүүлж явсан өдрүүд ч түүнд бий. Тийм атал бүхнээс гээгдэж, эцэстээ Ерөнхийлөгчийн хатавчинд хоног төөрүүлэн дараагийн З.Энхболд болох замд орчихсон суугаадаа гомдохгүй гээд ч яалтай. Юун дараагийн Ерөнхийлөгч болох?! 

УИХ-ын сонгуулиар МАН олон хүнийг бодлогоор шахаж карьерт нь цэг тавьсан. Хөөсөрсөн судалгаа харуулж хөөргөн улстөрийн хавцлаас нисгэсэн гэхэд хатуудахгүй. Тэдний тоонд Г.Занданшатар ч байсан хэрэг.

Өдгөө Монголбанкны удирдлага гэх түүний хүнийг Ч.Хүрэлбаатараар солих асуудал яригдаж, албажин тамгалагдах л дутуу байна. Тиймээс тэр хэдэн ч удаа агсан тавьж, хичнээн ч хүнийг шанаадахад бэлэн яваа биз.

Орчуулах »
error: Content is protected !!