У.Хүрэлсүхийг үдэх туйлын хүсэл ТЭДнийх…

Төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдэл хийсэн ч түүний үгээр болдог улстөр гэж үгүй бололтой. Жилийн өмнө сайдтайгаа хамтарч ажиллаж чадаагүй шалтгаанаар чөлөөлөгдөж байсан Э.Баттулга Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдчихлоо. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тохироо хөшигний ард ид яригдаж байна. Олон түмнийг аймаг сумдын ой хэсч, аялж зугаалан амарч явах өдрүүдэд Төрийн нарийн бичгийн дарга нараар тогтохгүй төрийн албаны шат болгонд халаа, сэлгээ эрчтэй хийгдэж байна.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн, хамтарсан Засгийн газар 16 яам, 23 сайдтай.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимын сайдаа томилох, чөлөөлөх бүрэн эрх эдлэхээр болсны дагуу АН-ыг хамтрагчаар, ХҮН-ийг хатавчиндаа хавчуулсан шинэ Засгийн газрыг бүрдүүлсэн ч олон нийт тэднийг хамтарсан гэхээсээ АН-ыг татвар эм, ХҮН-ыг шивэгчин хэмээн доёолж буй нь энэ Засгийн газарт төдийлөн итгэл үзүүлэхгүй буйн илрэл биз. Өнгөц харахад Л.Оюун-Эрдэнэ хуульд заасан эрхээ эдэлсэн харагдавч, үнэн чанартаа түүний гэх команд харагдахгүй байгаа нь үнэн.

Тэгвэл Засгийн газарт хэний фракц голлов гэдэг асуудал зүй ёсоор ургана. Зураглах гээд үзье…

С.Амарсайханаас гадна хоёр Шадар сайд нэмэгдэв. Чимэг төдий харагдах эл суудалд АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нарыг залсан нь шооч түмний нүдэнд эртний хаадын татвар эмс шиг үзэгдэж буйг яалтай. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүйн үлгэрээр “үндсэн” шадар өнөө хоёртоо талгүй, өмнөөс нь жаахан ичих маягтай.

Арга ч үгүй биз.

Т.Доржханд өнгөн дээрээ өөр нам ч Д.Амарбаясгалангийн дохиурт баясдаг эрх муур шиг улстөрч гэгддэг тул С.Амарсайхан эзнээ харамлах toy poodle шиг урвагнахаас яалтай. Д.Сумъяабазарыг Т.Доржхандын гараар хэрхэн зайлуулсан шиг сценари тун удахгүй Х.Нямбаатар дээр хэрэгжиж мэднэ гэлцэж буй энэ өдрүүдэд түүнийг “хөлс”-өө тун чамлахааргүй авдаг гэх яриа дээр доргүй яригдаж байна.  

УИХ-д бүлэггүй атлаа Засагт хоёр ч сайдын суудал авч дөнгөсөн ХҮН-ыг Д.Амарбаясгалангийн банаг (Говь-Алтайн зарим суманд илүү гэрийг ийн нэрлэдэг) гэлцдгийг энд дурьдах илүүц ч Х.Нямбаатарын улстөрийн карьерт цэг тавих хар зураг шинэ шадар сайдын шүүгээний нүдэнд “эхлэх хугацаа”-гаа хүлээн хэвтэж буй гэх улстөрийн шуумыг анхааралгүй орхиж болохгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын суудлыг ХҮН-д хуваарилж, тэнд нь П.Наранбаяр томилогдсон нь удахгүй хийгдэх улстөрийн том нүүдлийн “төлбөр” гэгдэж байгаа нь ч сонирхох жиргээ мөн юм.

Хотын дарга Х.Нямбаатар “ХҮН-ын П.Наранбаярын дүү Т.Гочоосүрэн нь “Суруга Монгол”-ын захирлынх нь орны матрас дор хар тамхи нууж, хууль хяналтынхантай хуйвалдан хөөж явуулах ажиллалааг зохион байгуулсан. Тэр “Суруга Монгол”-ын газрын дээрэмтэй шууд холбоотой, хууль хяналтын байгууллагаар шалгуулж шударга ёс нэхнэ” хэмээн мэдэгдэх үед П.Наранбаяр “Хотын дарга намайг үндэслэлгүй гүтгэлээ” гэх сандруу бухимдал шидэж байсныг уншигчид мартаагүй биз. Үүнийг Д.Амарбаясгалан болон Л.Оюун-Эрдэнэ нарын эрх мэдэл булаалдсан зөрчилдөөний илрэл гэцгээж буй ч Хууль зүй дотоод хэргийн сайд байсан Х.Нямбаатарын мэдэгдэл иргэнийхээ нэр төрийг сэргээлгэх шаардлага тавьсаар ирсэн Япончуудын хувьд цочир асуудал болсон байх.

Эрх баригчдын дээрх зөрчилд Ондо холдинг хутгалдаж, Соёлын сайд Ч.Номин чирэгдэх шахсан гэх сонирхолтой мэдээлэл чих дэлсч буй бөгөөд энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг дараагийн дугаарт хүргэх тул энд түр орхиё.   

Л.Гантөмөрийн тухайд улстөрийн “татвар эм” гэгдэнэ үү, хамаагүйгээр хоргодох байр хайхгүй бол намдаа адлагдаж олон түмэнд чичлэгдэн, цүнхэлж яваа тамгаа алдах нь цаг хугацааны асуудал болсон байгаа.

Л.Оюун-Эрдэнэ болоод Х.Баттулга нарын хамтрал жингийн туухай хөдөлгөхөөс хэтрэхгүй байгааг бүгд харж буй биз. Гэхдээ энэ нь өнгөцхөн дүгнэлт болох юм. Тэдэнд улстөрийн эрх мэдлийг хамтдаа атгах “2050” төсөл бийг мартаж болохгүй.

АН дахь МАН-ын БЭТ гэгдэх Э.Одбаяр Засгийн газарт багтаж, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга болчихлоо. Яамгүй сайд нарын нэгээр томилогдсон нь Л.Оюун-Эрдэнийн “даалгавар”-ыг сайн биелүүлсний шагнал гэгдэж байгаа нь батлах ч, үгүйсгэх ч аргагүй шүүмжлэл.

Үүний нэгэн адилаар Ц.Туваан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд, О.Алтангэрэл Хууль зүй дотоод хэргийн сайд, Ж.Батсуурь Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд, Б.Дэлгэрсайхан Зам тээврийн сайд, С.Бямбацогт Батлан хамгаалахын сайдаар томилогдсоныг Х.Баттулгын нам дамнасан бүлэглэлд хуваарилагдсан квот гэгдэж байна. Ямартай ч сайдын томилгоо хэлэлцэх үеэр Х.Баттулгын хүмүүс хэд хэдэн удаа УИХ-ын чуулганыг орхиж гаран бойкотолсныг ажиглагчид анзаарсан л байх.

Л.Оюун-Эрдэнийн зүгээс Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдад Ч.Номинг, Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэнг багтаав. Тэрчлэн “MCS”-ийн нөлөөллөөс гарч чадахгүй болсон гэдгээ харуулж Л.Энх-Амгаланг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томиллоо гэх хатуу шүүмжлэлээр нүдүүлж байгаа. Монголчууд угийн шооч түмэн хойно, Л.Энх-Амгаланг “Сайд Валентин” хэмээн нэрийдээд эхэлж.

Ийнхүү Засгийн газрын сайдууд бүлэглэлүүдийн эрх мэдлийн тэнцвэрийг хангасан мэт харагдавч үнэн хэрэгтээ Л.Оюун-Эрдэнэд намын болоод Засгийн тамганаас өөр юм алга.

Тэр улстөрийн эрх мэдлээ Ухнаагийн хүүд алдаж…

Бүрэн эрхийнхээ талыг элээгээд байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улстөр идэвхжиж, тэр хэрээр хүчирхэгжиж буй нь сүүлийн үеийн улстөрийн үйл явдлаас ил харагдана. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Я.Содбаатарт өгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрх мэдлийг Н.Учралд атгуулчихлаа. Нам болоод Засгийн ажил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хяналт дор цаашид явагдана гэдгийн илэрхийлэл энэ биз.

Тэрчлэн Засгийн газрын сайдуудын дийлэнх нь түүний гэх шошготой. Хэдийгээр Х.Баттулгын нам дамнасан бүлэглэл гэдэгт Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэн нэрлэгддэг ч элэг нь хаачихав гэдэг шиг тэд У.Хүрэлсүхээс нүүр буруулаад хаа холдох билээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Ерөнхийлөгчийн гэх “дардас”-тай.

“20 минутын хот” гэх хүнд хэлэхээс ичим нэртэй төслийн Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нарыг Төрийн тэргүүний талд нэрлэж болох ч Х.Баттулгын үгийг илүүтэй авах нөхөд гэлцэж буйг санах хэрэгтэй.

Б.Дэлгэрсайханы “хөтөлгөө” гэгддэг Р.Эрдэнэбүрэнгийн сурталчилгааг женкогийн пиарчид удирдсан гэх нь хэн нэгний гэнэт зохиочихсон хов төдий мэдээлэл биш ч байж мэднэ.

Н.Энхбаярын тухайд хүүгээ Засгийн газарт зүтгүүлээд бараагүй. Хамтарсан Засгийн газрыг буруушаасных нь хариу болгож хүүг нь танхимдаа Л.Оюун-Эрдэнэ багтаагаагүй талаар намын дотоодод яригдаж байгаа. Гэхдээ чамлахаар чанга атга. Түүнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын суудал “байгаа”.

Дэд сайд наргүйгээр ажиллахыг Л.Оюун-Эрдэнэ хүсэвч “хоол”-гүй хоцрогсдын гомдлыг яалтай… Хажуугаар нь төрийн нарийн бичгийн дарга нарын халаа сэлгээг зөв тооцоолохгүй бол болохгүй.

Түүнд наашаа харж мишээн цаашаа харж хөмхийгөө зууж байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийгдсэн Төрийн тэргүүн 6 жилд ганц удаа сонгогдоно гэх заалтыг өөрчлүүлчихгүйхэн шиг тэсээд У.Хүрэлсүхийг үдэх туйлын хүсэл бий гэчихэд хилсдүүлсэн болохгүй биз. Тэр тохиолдолд Д.Амарбаясгалангийн карьер ч хамт дуусч таарна.

Намаа ч, засгаа ч өөрийн болгох 2050 төсөл түүнийх шүү дээ…

Орчуулах »
error: Content is protected !!