УИХ бол хууль тогтоохоос гадна Засгийн газарт хяналт тавих үүрэг бүхий байгууллага.
Парламентын даргын эрх үүрэг нь чуулганы хуралдаан товлох, даргалах, хэлэлцэх асуудлын дараалал батлах. Мөн УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллагуудын даргад дотоод гадаад томилолт олгох, түүний журмыг баталж мөрдүүлэх хуулиар олгогдсон дархан эрхтэй.
Гэхдээ удирдлагынх нь томилгоонд оролцож хувийн БЭТ томилох эрхгүй төдийгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч байх шаардлага бий юү үгүй юү гэдэг асуудал яригдана… Гэхдээ үүнийг хөндөх цаг нь өнөөдөр мөн байсан уу, үгүй юү?! Ямартаа ч энэ асуудал, спикерийн эрхийн хэр хэмжээг УИХ-ын чуулганы нээлт дээр Х.Тэмүүжин гишүүн хөндчихлөө. Д.Амарбаясгалан УИХ-ын даргын ажлаа Монголбанкны удирдлагыг солих, чөлөөлөхөөс эхлүүлэх шуум тархсан үед Х.Тэмүүжин гишүүн ийн жинтэйхэн дуугарсныг улстөр сонирхогчид Л.Оюун-Эрдэнийн зүгээс шидсэн чулуу хэмээн үзэж буйг хэлэх хэрэгтэй.
Төв банк нэг хэсэг Л.Оюун-Эрдэнийн сонирхлыг татаж байсхийгээд Монголбанкийг “дэлбэлнэ” гэх шантааж үнэртүүлсэн мэдэгдэл шидэж байсныг уншигчид санаж буй биз. Тухай бүрт Г.Занданшатар төвбанкны удирдлагуудаа хаацайлах мэт банк бус санхүүгийн байгууллагатай нөхөд нь Л.Оюун-Эрдэнийг үсчиж орж ирэхээс өмнө зам мөрөө хөөн гарахыг сануулаад л… Эцэст нь Л.Оюун-Эрдэнийн автортай 10 их наядын хөтөлбөрийн 3 хувийн хүүтэй зээлийг судлах ажлын хэсэг байгуулахыг Б.Лхагвасүрэнд үүрэгдсэнээр төвбанкны удирдлагыг солих нүргээнт асуудал намжсаныг энэ үед сануулахад эртдэхгүй юм. Өөрөөр хэлбэл, 10 их наядын хөтөлбөрийн 3 хувийн хүүтэй зээл эрх баригч намын даргын сул тал байж мэднэ гэсэн үг.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг АТГ-аас шалгаад удаж байгаа. Түүнийг Хөгжлийн банкны гэх тодотголтой зээлдэгчдийн хэрэгт яллагдагчаар татсан гэсэн ч удалгүй асуудал намжсан болохоор өдгөө Г.Занданшатарыг дагаад буух нь эргэлзээгүй байх.
Түүнд холбогдох асуудал тухайн үедээ тэгсхийгээд аядсан ч Н.Энхбаяр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатар нарын талцлыг ил болгож байсан жинтэй гогцоо юм. Уншигчид санаж буй бол Б.Лхагвасүрэн яллагдагчаар татагдахтай зэрэгцэн Н.Энхбаярын автортай төсөл гацаагдан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Учралын гэх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан зэргээр МАН-ын дотоод дахь зөрчил хурцдаж байв. Л.Оюун-Эрдэнэ тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан НАМЭХ-ны хурлыг зарлахад Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хуулийг дагаж мөрдөх хугацааг хууль тогтоогч батлахдаа (2023.02.01-ний өдөр) Ерөнхийлөгчийн хориг тавьж болох Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдах байдлаар зохицуулсан байгааг хэлье” хэмээн эгдүүцэл шидсэн нь анхаарлын гадна үлдээх боломжгүй үйл явдлууд байсан юм.
Тэгэхээр тэр үеэс төвбанкны удирдлагын суудалд анхаарал хандуулж байсан Л.Оюун-Эрдэнэ тийм ч амархан Д.Амарбаясгаланд өгчихгүй байж мэднэ. Тэр утгаар нь Х.Тэмүүжингийн тавьсан асуудлыг Л.Оюун-Эрдэнийн санаархлыг тээсэн “чулуу” гэцгээж буй биз. Тийн хардахаас ч аргагүй юм. Спикерийн эрх мэдлийн хэр хэмжээг хөндсөн хэдэн хормынх нь дараахнаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-ын даргыг хасах асуудал цахим орчинд эрчимжсэн нь зохион байгуулалттай операци шиг сонирхолтой харагдсан нь үнэн. Түүний үг өдгөө ч түймэр мэт дэгдсэн хэвээр байна. Тэрбээр Засгийн газрыг Парламенттай нэг ордонд зэрэгцэн оршиж болохгүй гэсэн нь гэнэт ухаараад хэлсэн үг биш байж мэднэ. Тэрбээр өмнө нь парламентын гишүүн, Засгийн газрын ч гишүүн байсан тул хэлэх хийх хугацаа байсан гэсэн үг. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн санаархлыг тээсэн чулууг шидлээ гэгдэн хардагдаж буй биз.
Хэрэв тийм бол 10 их наядын хөтөлбөрийн зээлийг судалсан дүгнэлтийг УИХ-ын шинэ дарга ихээхэн сонирхох нь лавтай.
Үнэндээ УИХ-ын даргад засаглалын эрх мэдэл хуваарилагдаагүй боловч төрийн гурван өндөр албан тушаалын хоёр дахьд албан бус байдлаар эрэмбэлэгдсээр ирсэн. Энэ нь даргалж буй УИХ нь эрх мэдэлтэй төдийгүй эрх барих дээд байгууллага учраас тэр байх.
Тэрчлэн УИХ-ын даргын эрх мэдлийн хүрээнд томилогддог албан тушаалтнууд Засгийн газарт үл харьяалагдах, үл захирагдах, хяналт шалгалтын шинжтэй хүчирхэг гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төдийгүй Засгийн газартай зэрэгцэн, түүний дээр оршдог давхар “Засгийн газар” гэж хэлж болохоор…
Эл бие даасан институц нь Монголын төрд хэн ажиллахыг мэдэх, төр засгийн байгууллагуудыг хянах, цагдах, мөрдөх, мөшгөх төдийгүй мөнгө санхүүгийн бодлогыг нь ч тодорхойлох үйл ажиллагаа явуулдаг хууль хэрэгжүүлэх, бодлого боловсруулах байгууллагууд буюу гүйцэтгэх эрх мэдлийг давхар хэрэгжүүлдэг нь хамтын улстөрийн шинэ 30 жилийг эхлүүлж буй нөхдөд төдийлөн таалагдахгүй байж мэдэх л юм.
Тиймээс улстөр сонирхогчдын таамаглаж буйгаар хамтарсан Засгийн газраа байгуулсны дараахь Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын анхны “ил” улстөр УИХ-ын даргын “мэдэл”-ээс Монголбанкийг салгах ажил нэн тэргүүнд эхлэхийг үгүйсгэх аргагүй.
Тэр тохиолдолд Д.Амарбаясгалан хурал даргалахаас өөр эрх мэдэлгүй нэгэн байсаар бүрэн эрхээ дуусгавар болгоно. Улмаар бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас эхлэн 2 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад 730 хоноод улстөрийн карьертаа цэг тавина гэсэн үг. Нам дамнасан бүлэглэл түүнийг ийн үдэж өгөхөөр шийдсэн байж мэдэх л хэрэг.
Эл хувилбар хэрэгжих тохиолдолд түүнийг гэх хүрээлэл, улстөрийн андлал байхгүй нь гачлан. Тэрбээр генсек байх хугацаандаа бүгдийг түлхчихсэн, өнөөдрийн хавцлыг олж харалгүй оодорсон нөхөр шүү дээ.
Түүнд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрыг найр тавиад, Хөтөлийн дарга цэргийг “хариуцуулаад” л, нэр дэвших тойрогт нь санал хувааж мэдэх нөхдөөс цэвэрлэлцээд байсан нь дэмжсэн бус дэвшүүлэн зайлуулах операци байсан байж магадгүй л юм.
Хэрэв тийм бол сүүлийн түших ганц хүн нь Н.Энхбаяр байж таарна. Тэгж харвал Хамтарсан Засгийн газарт орох хэрэггүйг АН-ынханд зөвлөх учирлахын дундуур хэлж явааг нь гайхах хэрэггүй. Учир нь МАХН гэж явсан түүнийг МАН-д авчирч “хооллож, ундалсан” хүн нь Д.Амарбаясгалан шүү дээ. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн зүг “ойлгоорой дүү, сүүлийн удаа…” гэсгээд намбалзахаа мартахгүй хөгшин.
Тэр аяганыхаа л хариуг барьж буй нь энэ байх.