Л.Оюун-Эрдэнэ+Х.Баттулга=75 ба БУСАД

Өдөлж буй шинэ МАНАН бүлэглэлийн парламент дахь кнопийн тоо энэ хүрсэн хэмээн улстөр судлаачид хэлж байна.

МАН УИХ-д 68 суудалтай. Үүний 50 нь тойргоор бол 18 нь намын нэрийн жагсаалтаар Хууль тогтоох дээд байгууллагын босго давж, тангараг өргөлөө. Сонгуульд нэр дэвших мандат хуваарилалтыг намын даргын хувиар Л.Оюун-Эрдэнэ ахалж, Д.Амарбаясгалан У.Хүрэлсүх нарын оролцоотойгоор боловсруулж Удирдах зөвлөлөөр шийдвэрлэсэн гэдэг.

Ингэхдээ тойргийн хуваарилалтыг Ерөнхийлөгч болон намын дотоод дахь бусад фракцийнханд сул хаяад нэрийн жагсаалтаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө авсан гэж байгаа. Улмаар хуулийн хугацаа тулган намын нэрийн жагсаалтыг өргөн барихдаа шинэ хүмүүсээр имиж бүрдүүлэх нэр дор баг, хүрээллээ нэмэгдүүлэх далд санаагаа ажил болгосон талаар өнөөдөр амтай бүхэн ярьж байна.

Тойргоос Л.Оюун-Эрдэнийн хүрээлэлд Ч.Номин, Г.Тэмүүлэн, Ж.Алдаржавхлан, Д.Батлут, Н.Батсүмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, С.Бямбацогт, Ц.Идэрбат, Ч.Ундрам тэргүүтэн нэрлэгддэг.

Ж.Алдаржавхлангийн тухайд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы морин жолооч гэдэг. Үнэхээр ч түүний амьдралын жим, ажлын туршлага Н.Баяртсайханаас сөөм хазайж байгаагүйг намтар нь хэлээд өгөх бололтой. Н.Батсүмбэрэлийн хувьд Л.Оюун-Эрдэнэтэй эртнээс шинэчлэл ярьж сүжрэх болсон нөхөд.

Нийслэлийн намын хороо хийгээд Х.Нямбаатар Д.Сумъяабазарын хурууны дохиогоор хөдөлдөг гэх П.Сайнзориг, Н.Алтаншагай нар ч намын даргын кнопын тоонд зүй ёсоор орох биз. Тэрбайтугай, чихрийн худалдаачин Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан гэхчлэн Л.Оюун-Эрдэнийн талд товчлуур дарах хуучны нөхөд ч бий.

Цагаа тулж эрх ашиг нь хангагдахаар бол Д.Амарбаясгалан өөрийн гэгдэх А.Ариунзаяа, С.Амарсайханаа дагуулаад Л.Оюун-Эрдэнийн хүсэл мөрөөдөлд хөшүүрэг нь болж өгнө.

Намын нэрийн жагсаалтаар парламентын босго давсан 18-ыг одоохондоо намын даргын амьгүй албатууд гээд нэрлэчихэд буруудахгүй. Хуруу дармынх нь ард цөөн эзэн нэрлэгдэх ч тэгтэл хатуу байр суурь илэрхийлж чадах нь юу л бол…

АН-ын тухайд сонгуульд нэр дэвшихгүй хэмээж байсан Х.Баттулга хууль тогтоох дээд байгууллагын босго алхаад зогсохгүй УИХ дахь намын бүлгийн даргад “зүтгэв”. УИХ дахь АН-ын бүлгийн даргад дөрвөн Баттулга өрсөлдөж, нэг нь албажаад ажилдаа орлоо.

Тус намын хувьд сонгуулийн мандат хуваарилалтыг Л.Гантөмөр хийсэн дүртэй ч Х.Баттулга Ц.Элбэгдорж тэргүүтэн хэрэлдэж хэлцсээр авцгаасан.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Н.Алтанхуяг нарыг тойргоос Ө.Шижир, Г.Очирбат нарыг жагсаалтаар оруулж ирлээ. Тэднээс гадна нэгдүгээр тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан Д.Жаргалсайхан, О.Алтангэрэл нар МАН-ын даргын кноп гэгдэх бол О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар тэргүүтэнг Х.Баттулгын товчлуур гэчихэд ташаарсан болохгүй биз.

Засгийн газарт хамтрах асуудал тэдний хувьд шинэ биш.

Жил гаруйн өмнөөс хөшигний ард яригдаж, тойргийн мандат хуваарилалтын өгөө аваа бүү хэл, шинэ парламент дахь бүлгээ ч өөрсдийн хүмүүсээр бүрдүүлэх тооцооллыг хэдийнэ хийчихсэн байж. Өөрөөр хэлбэл, АН-д хүргүүлсэн сүйн хадаг Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын хувьд нүглийн нүдийг гурилаар хуурсан ёс төдий зүйл.  

ХҮН-ын хувьд толгой компани хэрхэн шийднэ, охин компани үг дуугүй гүйцэтгэх компанийн дүрмээ л барих биз.  

Ийнхүү МАНАН бүлэглэлтэй тэмцэнэ гэж байсан Л.Оюун-Эрдэнэ манан дотроо өөрөө төөрч, эцэстээ манан доторх МАНАН-г байгуулав бололтой.

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын бүлэглэл өөрсдийнх нь хэлснээр улстөрийн шинэ 30 жилийг эхлүүлж төвлөрсөн төлөвлөгөөт хуанлийг дэс дараатай нээж байна. Тэдний дараагийн мацах цэг Орон нутгийн сонгууль бөгөөд, үүнд яралзсан амжилтыг үзүүлж чадвал Ерөнхийлөгчийн суудал тунчиг ойрхон харагдах биз.

Түг түмэн кноптой болчихсон нөхдөд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүний насыг наашлуулж, суух хугацааг сунгагддагаар болгочиход ядаад байх зүйл юу байх билээ дээ.

Гэхдээ үүний төлөө АН-ын даргыг Х.Баттулга авч, МАН-ын даргаас Л.Оюун-Эрдэнэ уначихгүй байхад л болох байх.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!