Засгаа нэгтгээд зогсохгүй спикерээс Монголбанкийг авч болзошгүй

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газар 16 яамыг 23 болгон тэлэх хар зураг гаргаад байна. Зуун ямаанд 60 ухна тавих эл үйлдлээ УИХ-ын гишүүн 126 болсонтой холбон тайлбарлах тэнэг хүмүүс эрх барьж буй аж.

Өмнө 76 гишүүнд жилд 10 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал гардаг байсан бол 126-г “тэжээх” төсөв, зардал 2-3 дахин өсч байгаа.

Тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоход зардлын хэмжээ 10 тэрбум төгрөгтөө багтаад явж болно. Шаардлагатай гэж үзвэл энэ зардлыг 20 тэрбум болгох төсөв, санхүүгийн боломж манайд бий” гэж байсан нь нүглийн нүдийг гурилаар хуурсан л тайлбар юм.

76 гишүүнтэй байхад сул өрөө, танхимгүй, тамгын газрын ажилтнууд багталцахгүй учраас хэд хэдэн коридорыг өрөө болгон засаж байв. Улмаар энэ удаагийн  сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 126 гишүүнийг ажлын албатай нь багтаахын тулд байнгын ажиллагаатай парламентын Тамгын газар Төрийн ордны баруун талд байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэн рүү нүүх шийдэлд хүрсэн.

Парламентад сонгогдсон гишүүний сарын цалин 3.9 сая төгрөг.

Өнгөрсөн 30 жилд эдийн засаг 17 дахин тэлсэн ч ядуурлын түвшин зургаахан хувиар  буурсан. Үүний шалтгаан нь том зургаар төсвөө зарцуулж, том төслүүдээ анхаарч ажиллаж чадаагүйн гай гэлцээд сонгуулийн тойргоо бүсчилж, том зургаар улс орны хөгжлийн төлөө ажиллана гэсэн эрх баригчид Засгийн газрынхаа бүтцийг данхайлган татвар төлөгчдийн арай ядан төлсөн мөнгөнөөс шимширтэл үрэх гэнэ.

Л.Оюун-Эрдэнийн гаргасан хар зургаар парламентад суудалтай улстөрийн намуудад хадаг тавьж, гуйж байгаа.

Одоогоор АН, ХҮН-ыг хадаг хүлээн авна хэмээн тооцож, 23 яамтайгаар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж. Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааг 3, Хууль зүй, дотоод хэргийн яамыг 2 гэхчлэн салгаж ам хаах юм байх.

УИХ-ын гишүүдийн тоо 126 болсныгоо Монгол Улсын нутаг дэвсгэр тэлж, хүн амын тоо огцом өссөн мэт эндүүрч ядлуурлын түвшин буураагүй байхад Засгийн газрыг данхайлган бүтэц, орон тоог нэмэгдүүлэхээр тооцно гэдэг дэмийрэл биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Жишээ татан цахим орчинд түгээгээд байгаа Шинэ Зеланд, Англи улсуудыг Монгол Улстай харьцуулах чинь улстөрийн мэдлэг боловсролын чинь хэр хэмжээ хэр дорыг чинь харуулж байгааг хэлэх нь зүйтэй байх.  

Эрх баригчид сонгогчдын 65 хувийн саналыг авч чадаагүй ч парламентад олуулаа болсныхоо төлөөсөнд Засгийн газраа дангаар байгуулж, үүрэг хариуцлагыг өөрсдөө үүрэх ёстой. Тус нам мэдлэгтэй, боловсролтой хүний нөөцийн дутагдалд орчихоогүй л бол мэргэжлийн Засгийн газар байгуулах нь зөв юм.

Хамтарсан Засгийн газрын хувь заяа төдий уддаггүйг улстөрийн өмнөх түүхүүд гэрчилнэ.

Эсвэл тэр жишгээр Л.Оюун-Эрдэнэ халаагаа өгөхөөр бэлтгэж байж бас болох юм.

Сонгуулийн дараахь улстөрийн томилгоонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоо хийгээд хүрээлэл илт давуу байдалтайгаар харагдаж байгаа. Зөв ч биз.

Намын гал тогоо төлөвлөсөн ёсоор Я.Содбаатарт очив. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын дэмжлэгээр С.Бямбацогтыг бүлгийн даргад батламжлах шахаж байхад Ж.Энхбаярыг гаргаж ирлээ. Х.Баттулгын гэх бүлэглэлд АН-ын бүлэг хэвээр үлдэж байхад, нэмээд МАН-ын бүлгийг өгч болохгүй биз.

Намын Удирдах зөвлөлийн түвшинд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учралыг дэмжсэн мэдээлэл бий.

Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ удаагийн сонгуулиар нам доторх байр сууриа бэхжүүлж, хүрээллээ тэлэхийг чухалчлан эхний ээлжинд Нийслэлийн намын хороог гартаа оруулчихсан байгаа. Улмаар орон нутагт хөлөө батжуулж, ялангуяа зүүн бүсэд хөдөлгөөнгүй гагнагдахаар сонгуулийн штабаа татан буулгах бус, эсрэгээр нь өргөтгөн ажиллахаар төсөв хөрөнгөө нэмсэн мэдээллийг ойрын нь эх сурвалжаас өгч байна.

Түүний эл байдалд, ялангуяа олонх болсон атлаа АН-д хамтралын хадаг тавьсанд намынхан нь таатай хандахгүй байгаа. Үнэндээ хоёр намын нэгдэлд АН-аас Х.Баттулга, МАН-аас Л.Оюун-Эрдэнэ л хүсч тэмүүлж байгаа нь болж буй үйл явдлуудаас харагдаж байна. Тэд Засгаа нэгтгээд зогсохгүй УИХ-ын даргын “мэдэл”-ээс Монголбанкийг ч салгах сонирхолтой гэж байгаа.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!