УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан байнгын ажиллагаатай парламентын анхдугаар чуулган өнөөдөр /2024.07.02/ болно. Хуралдааныг 73 настай Д.Рэгдэл удирдан явуулна.
Парламентад 68 суудал авсан МАН-аас АН болон ХҮН-д хамтарсан Засгийн газар байгуулах санал хүргүүлээд байгаагаас АН-ын гишүүд Үндэсний бодлогын хороогоороо хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлсэн. Энэ нь гэхдээ тэдний хумсаа нуусан улстөрийн тоглолт төдий гэчихэд хэтийдсэн болохгүй биз.
УИХ-ын сонгуулиас ч өмнө хамтарсан Засгийн газар байгуулах тохироо эл гурван намын удирдлагуудын түвшинд яригдаж эрх мэдлийн бялууг хэрхэн хуваахаа тохирчихсон гэвэл үнэнд ойр.
Эл шивнээгээр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа тэргүүлнэ.
АН-ын дарга Л.Гантөмөрийг Шадар сайдад томилж, Т.Доржхандад сайдын суудал өгнө. Одоогоор Ч.Хүрэлбаатарын оронд Эдийн засгийн хөгжлийн сайд буюу Шадар сайдад Т.Доржхандыг нэрлэж байгаа ч тэрбээр хоёр яам, эсвэл Сангийн сайдын суудал гэсэн авна гэх санал гаргасан дуулдаж байна.
Гэхдээ үүнээс өмнө АН-ын дарга Л.Гантөмөрийг огцруулах асуудал дотооддоо эрчимжээд эхэлсэн төдийгүй энэ талаарх албан мэдээллийг өнөөдрөөс нам дотор нь үүссэн жигүүр хөдөлгөөнүүдээс олон нийтэд өгөх юм байх.
Үүнд гайхах зүйлгүй биз. “АН сонгуульд олонхи болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Тэрчлэн тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт бүхий дүрэмтэй. Энэхүү заалт журмаас гадна тус намын гишүүд Л.Гантөмөрт бухимдахаас, хариуцлага тооцохоос ч аргагүй. Эрх баригчдын үнэ хүнд олон нийтийн дунд ингэтэл дор орсон үед АН-ын дарга, удирдлагуудын зүгээс намаа ялуулахын төлөө юу ч хийж чадаагүй, хийхийг ч хүсээгүй биз гэчихэд буруу дүгнэлт болохгүй. Үнэндээ АН-ын өөрсдийн гишүүдийн санал дээр эрх баригчдад бухимдсан иргэдийн санал нэмэгдсэнээс өөрөөр Л.Гантөмөрт итгэсэндээ өгсөн санал нэг ч байгаагүй биз. Тиймээс угаас дотоод ардчилалтай тус намынхан сонгуулийн үр дүнг бодитоор үнэлж цэгнээд үлбэгэр, аялдан дагалдсан дарга нараасаа одоо л салах цаг мөн юм. Эл намын дотоод асуудлын талаар эргэн мэдээлэх тул энд түр орхиё.
АН-ын даргаас гадна зургаан хүн Засгийн газрын кабинетад багтаах талаар МАН-ын хэлэлцээрт бий бололтой. Хоёр нь АН-д огт хамааралгүйгээр Х.Баттулгад хуваарилагдсан гэх мэдээлэл байна. Гэхдээ Х.Баттулга парламентад сул гишүүнээр суугаад Ө.Шижир, С.Ганбаатар нарыг сайдад зүтгүүлж буй юм байх.
Мөн АН доторх “Нэг монгол” фракциас С.Одонтуяа, Х.Тэмүүжин нарын нэг, “Транд Монгол”-оос Ж.Батсуурийг салбар хариуцсан сайдын суудалд МАН-ын зүгээс санал болгосон дуулдаж байна. АН-ын даргад МАН-ын зүгээс ийм санал хүргүүлсэн гэх явдал нь үнэндээ эл намын даргаар Л.Гантөмөр жулдаж буйг харуулсан хэрэг биз. Нөгөөтэйгүүр, нэр бүхий нөхөд АН-д ч, МАН-д ч зүтгэдэг юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж байгааг хэлэх хэрэгтэй.
УИХ дахь АН-ын бүлгийн даргад Х.Баттулгын зүгээс Н.Алтанхуягийг, Морьтон фракциас С.Эрдэнэболдыг, Ц.Элбэгдорж зүгээс Б.Пүрэвдоржийг зүтгүүлээд эхэлж.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 17 сайдтай. АН-д 7, ХҮН-д 1-2 суудал өгвөл 7-8 суудал МАН-д үлдэнэ. Гэхдээ УИХ 126 гишүүнтэй болсонтой холбоотойгоор кабинетынхаа бүтцийг тэлж 20 гаруй сайдтайгаар ажиллах хар зураг гарган намынхаа Удирдах зөвлөлд танилцуулсан бололтой. Эл зураг Х.Баттулга херо Б.Баатар нарын шунал төдий хэмээн үзсэн Удирдах зөвлөлийн зарим гишүүд эсэргүүцлээ илэрхийлж, санал шуналаа гүйцэлдүүлэхийн тулд нийгэмд болсон болоогүй мэдээлэл зэрэгцүүлж шиддэг увайгүй үйлдлээ таслах зогсоохыг шаардсан талаар эх сурвалжаас мэдээлж байна. Эгдүүцэл үнэний хувьтай ч байж мэднэ. Учир нь өчигдрөөс цахим орчимд 20 гаруй сайдтай улс орнуудын мэдээлэл эх сурвалж тодорхойгүйгээр сэвэгдээд эхэлснийг бүгд анзаарсан биз.
Тэрчлэн Удирдах зөвлөлийн түвшинд хуучин кабинетийн гишүүдээс Б.Жавхлан, Г.Сайханбаяр, Л.Энх-Амгалан нарыг авч үлдэх тухай яригдсан бололтой. Ингэхдээ Б.Жавхланг Эдийн засгийн хөгжлийн сайд буюу Шадар сайдад нэрлэсэн юм байх.
Г.Сайханбаярын хувьд намаас ёс зүйн хариуцлага тооцож УИХ-д нэр дэвшигчээс нь эргүүлэн татах асуудал яригдсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс эрс буруушаан нэр дэвшүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг үүрэгдсэн төдийгүй сайдын суудлыг нь ч хадгалж үлдэхийг Л.Оюун-Эрдэнэд анхааруулсан дуулдаж байна. Үнэндээ ч сурталчилгааны материал тараах зараар ирж ухуулагч гэх гэрээ хийгдсэн сумын иргэний болчимгүй үйлдэл, хүний амь хохирсон явдлыг Г.Сайханбаярт нялзаан эргүүлэн татах мэдэгдэл яаран хийж улстөржсөн Д.Амарбаясгалангийн явдал санаатай, санаандгүйн алин болохыг таах боломжгүй ч хууль эрхзүйн мэдлэг дутуу юу гэмээр тэнэглэл байсныг хэлэх хэрэгтэй.
Харин С.Бямбацогтыг УИХ дахь МАН-ын бүлгийн даргад дэвшүүлэх магадлал өндөр яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нартай эв зүйгээ ололцож, төвийг сахиж байсан түүнд Д.Тогтохсүрэнгийн орыг залгамжлах боломжийг олгож мэдэхээр байгаа ч Х.Баттулгын энгэрийн халаасанд эвхээтэй явдаг хамрын алчуур төдий гэх эсэргүүцэл хүчтэй байгаа бололтой. Хэдийгээр мань эр парламентад тав дахь удаагаа улиран сонгогдсон, Хууль зүй дотоод хэргийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажилласан туршлагатай ч Х.Баттулгын эрх ашиг нэгт кадр гэх хардлага түүнд оноогдох боломжоос хойш татаж байна. Үнэхээр ч АН-ын бүлгийн даргад Х.Баттулгын зүтгүүлж буй нөхөр томилогдчихвол МАН-ын бүлгийн даргад болон салбар хариуцсан сайдын суудалд мөн түүний гэгдэх хүн тохоогдож болохгүй нь үнэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, эс бөгөөс УИХ дахь бүлгийн даргын суудлыг авах саналыг Л.Оюун-Эрдэнэд тулгасан дуулдаж байна. Ингэхдээ эл суудалд Н.Учрал, Ж.Энхбаяр нарыг санал болгосон нь улстөрийн туршлагатай гишүүд гэдгээрээ авч хэлэлцэхээс аргагүйд хүргэж буй юм байх.
Харин УИХ-ын даргын суудал Д.Амарбаясгаланд хаяглагдаж, намынхан нь ч халдахгүй байгаа бололтой. Үүний цаана түүнийг УИХ-ын даргад дэмжсэндээ биш намын гал тогооноос холдуулж байвал юу ч амалсан яахав гэх байдлаар хандаж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ нийт сонгогчдын 65 хувь МАН-аас татгалзсан явдлыг ялалт биш ялагдал, МАН олонх болж чадаагүй хэмээн үзээд хэд хэдэн гишүүн түүнд хариуцлага хүлээлгэхийг шаардаад эхэлсэн мэдээлэл ч бий.
Төрийн ордон дахь халаа сэлгээ, томилгоод ийн үргэлжлэх бол намын Ерөнхий нарийн бичгийн даргад Я.Содбаатарыг нэрлэж байгаа юм. Сонгуулийн өмнө эл асуудал яригдсан бөгөөд нам ялсан эсэхээс үл хамаарч генсекийн суудлыг Төрийн тэргүүн авахаар тохирч. Нам дамнасан бүлэглэл эрчээ авч буй энэ үед Ерөнхийлөгч тогтвортой орших суурь нь яалт ч үгүй дэмжиж, дэмнэж гаргасан өөрийнх нь гал тогоо. Гэхдээ өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн харизмгүй, улстөрийн ороо бусгаа үед ажин түжин суусаар ирсэн Я.Содбаатар намын гал тогоог ахалж, гишүүд бүлэглэлүүдээ зангидаж чадахгүй гэсэн хүчтэй эсэргүүцэл намын дотоодод өрнөөд эхэлсэн бололтой. Түүний оронд шинэ, залуу үеэс томилж алдаа оноог нь зааж сургаад авах нь зүйтэй гэх байр суурь дийлэнх байгаа гэдгийг эх сурвалжаас хэлж байна. Ямартай ч Я.Содбаатарыг генсек болно гэж үзсэнийх биз, түүний оронд УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг томилох тохироо өчигдөр хийгдсэн дуулдав. Эрх баригч намын дотоод асуудал цаашид хэрхэхийг таашгүй ч энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүйг жич хүргэх тул энд түр орхиё.
Энэ бүгдийн эцэст УИХ-д бүлэгтэй болсон АН, ХҮН Засгийн газарт хамтарвал парламент сөрөг хүчингүй болно. Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл гэх найман суудал бий ч тэдний хашгираан ЧИМЭЭГҮЙ ХАШГИРААН төдий байх тул эрх баригчид өнгөрсөн 8 жил шиг дараагийн 4 жилийг бүтээх биз.
Үргэлжлэл бий…