Үндэсний эвсэл алдаа гаргав уу, эсвэл Д.Пүрэвдаваа эвслийг эвдэж Н.Номтойбаярыг парламентын босго алхуулахгүй байх, дотроос нь үймүүлэх зорилготой байсан уу гэдэгт хариулт хэрэгтэй болов бололтой.
УИХ-ын сонгуулийн санал хураалтаар сонгогчдын 5.2 хувийг авсан Үндэсний эвсэл хоёр намын нэгдэл үү, эсвэл гурав уу?!
Гурван намын нэгдэл гэж үзвэл сонгогчдын 7 хувийн босго давж байж парламентад суудалтай болно. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр тэргүүтэй дөрвөн нөхөр парламентад орох эрхгүй гэсэн үг.
Тэгэхээр Д.Пүрэвдаваа Монголын либерал Ардчилсан намын дарга мөн бишээс хамаарч улстөрийн нөхцөл байдал өөрчлөгдөх боллоо. Одоогоор Д.Пүрэвдаваа сонгогчдод эргэлзээ үүсгэж, энэ нь төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэм мөн эсэхэд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд шүүхийн аль аль нь тодорхой хариулт өгч чадахгүй байна.
СЕХ-ноос “Монголын Ногоон нам болон Монголын Үндэсний ардчилсан нам нэгдэн Үндэсний эвсэл байгуулж, сонгуульд оролцохоор болсон мэдээллээ өгсөн. Д.Пүрэвдаваа гэдэг хүн намаасаа гарсан баримт бичгээ авчирч өгч, бүртгүүлсэн” гэх авцалдаа муутай тайлбарыг өгөв.
МоАХ-ны тэргүүн Х.Баттулгыг бараадан улстөр хийж явсан Д.Пүрэвдаваа 2024.03.06-нд Баянзүрх дүүргийн ИТХ дахь АН-ын бүлэгт гаргасан албан бичигтээ “Д.Пүрэвдаваа миний бие өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнчлэлээс татгалзсан тул цаашид тус бүлэгт хамаарч, бүлгийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй болохоо үүргээр илэрхийлж байна” гэсэн байдаг. Тэрбээр Монголын либерал Ардчилсан намыг удирдахаар болсон нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024.02.23-ны өдрийн 05 дугаар тогтоолд тодорхой бий. Үүнээс өмнө 2023.10.02-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 33 дугаар тогтоолоор Монголын Либерал Ардчилсан намын даргаар Б.Өлзийдүүрэнг бүртгэсэн байдаг.
Харин үүнээс өмнөх болон хойших намын даргын өөрчлөлтийн талаарх мэдээлэл Улсын Дээд шүүхийн бүртгэлд байхгүй.
Сонгуулийн ерөнхий хорооны тайлбараар Д.Пүрэвдаваа намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн юм бол Монголын Либерал Ардчилсан намыг хэн тэргүүлж УИХ-ын сонгуульд оролцсон байж таарах вэ… Үүнд хариулт алга.
2024.05.02-ны өдрийн үйл явдлаар бол Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангаас Монголын Либерал Ардчилсан нам УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор болж батламжийг тус намын дарга Д.Пүрэвдаваа гардаж авсан албан мэдээ, зурагтайгаа бий.
Үүнээс хэд хоногийн дараа 2024.05.15-нд Монголын Либерал Ардчилсан нам Н.Номтойбаярын тэргүүлсэн Үндэсний Эвсэлд нэгдэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийж байв. Энэ үеэр Н.Номтойбаяр “Монголын улстөрд Үндэсний эвсэл улстөрийн намуудын хүсэлтээр бий болж, салбар салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор мөрийн хөтөлбөрөө батлуулж, Үндэсний аудитын газраар шалгуулан улмаар СЕХ-нд хүргүүлсэн… Монголын Либерал Ардчилсан нам тэргүүтэй 5-6 нам эвсэлд нэгдэхээ илэрхийлсэн. Өнөөдөр Монголын Либерал ардчилсан намтай хамтарч ажиллах эхний гэрээгээ үзэглэлээ” гэсэн нь хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдэж.
Мөн МЛАН-ын дарга Д.Пүрэвдаваа “Эрх баригчдын зохион бүтээсэн сонгуулийн тогтолцооны эсрэг намууд нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн. Баруун төвийн үзэл санаатай намууд нэгдэж байна. Либерал үзэлтэй залуус энэ удаагийн сонгуульд эвсэлтэй нэгдэн орж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” хэмээсэн нь мөн л хэвлэлийн хуудаснаас арилаагүй байна.
Тэгэхээр Н.Номтойбаярын тэргүүлсэн Үндэсний эвсэл, Д.Пүрэвдаваагийн даргаар нь ажилладаг Монголын Либерал Ардчилсан нам сонгуульд нэгдэн орохоо зарласан болохоос Д.Пүрэвдаваа нь намын дарга, намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн талаарх мэдээ мэдээлэл огтоос алга байгаа юм.
Гэсэн атал Улсын Дээд шүүх мэдээллээ шинэчлээгүй буруутан болов.
Уг нь эвслээр болон дангаараа сонгуульд оролцсон Д.Пүрэвдаваагийн үйлдэл нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэмт үйлдэл, үүнд нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран дэмжлэг үзүүлсэн мэт харагдаад байгаа. Д.Пүрэвдаваа нь намын дарга, намын гишүүнчлэлээс түдгэлзсэнийг илтгэх албан баримт бичиг өнөөдрийн байдлаар байхгүй байхад СЕХ-ноос “Д.Пүрэвдаваа гэдэг хүн намаасаа гарсан баримт бичгээ авчирч өгч, бүртгүүлсэн” гэх тайлбарыг өгч буй нь тэднийг хамтад нь хардах шалтгааныг үүсгээд буйг хэлэх хэрэгтэй.
Тэрчлэн Монголын Либерал Ардчилсан нам сонгуульд оролцохоо илэрхийлж 13-р тойрогт Д.Цэнгэлмаа гэх ганц хүн өрсөлдүүлсэн дүр үзүүлсэн гэчихэд хатуудсан болохгүй биз. Тус намын нэрийн жагсаалтад хүн дэвшээгүй. Гэсэн хэрнээ мөрийн хөтөлбөрөө аудитад хянуулж СЕХ-нд хүргүүлсэн байгаа нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Сонгуульд оролцох кандидатгүй, төсөвгүй улстөрийн намыг СЕХ бүртгэж, батламж гардуулсан гэсэн үг.
Эл ээдрээтэй, хардлага төрүүлэм асуудал дэгдэхтэй зэрэгцэн Монголын либерал намыг удирдахаар болсон Д.Пүрэвдаваа МАН-ын нэр бүхий удирдлагуудтай уулзан “АН-ын саналыг хувааж өгөх” санал тавьсан гэх жиг жуг цахим орчинд цацагдаад эхэллээ. Эл шуумыг батлах боломжгүй ч Монголын Либерал Ардчилсан нам нэрээ 2023 онд Монгол ялна хэмээн өөрчлүүлэхээр Дээд шүүхэд хандаж байсан сонирхолтой факт бий.
Үүнийг нь үндэслэн Х.Баттулгын зааварчилгаагаар Н.Номтойбаярын эвслийг дотроос нь үймүүлэх зорилго агуулж, будлиан тарьсан уу гэх асуултыг ч жиргээчид асуугаад эхэлж.
Н.Номтойбаярыг парламентын босго давуулахгүйн тулд СЕХ бүртгэхээс татгалзсан ч шүүхийн нэхэмжлэлээр хүлээн авахаас аргагүйд хүрсэн. Энэ нь Д.Пүрэвдаваагийн МЛАН Үндэсний эвлэлтэй гэрээ байгууллаа гэснээс сарын дараа болсны учиг нэг ч байж мэдэх л юм.
Ямартай ч Үндэсний эвсэл гурван намын төлөөлөл гэвэл 7 хувийн босго даваагүй. Хоёр намын нэгдэл гэж үзвэл Д.Пүрэвдаваагийн будилааныг хууль зөрчсөн үү, хууль зөрчсөн гэвэл энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал уу гэх зэргээр асуудал ноцтой түвшинд яригдана.
Цаашлаад Д.Пүрэвдаваагаар ч тогтохгүй Үндэсний эвслийг хууль зөрчсөн гэж үзвэл саналыг сонгуульд оролцсон улстөрийн намуудад хуваах хуулийн заалттай. Энэ тохиолдолд Шинэ нэгдсэн эвсэл болон Үнэн ба зөв нам парламентад төлөөлөлтэй болж, Н.Номтойбаяр тэргүүтний дөрвөн суудал үгүй болох нь зайлбаргүй юм.