УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 2.2 сая иргэн санал өгөхөөс 1.4 сая нь санал өгч, 69.3 хувийн ирцтэйгээр өндөрлөлөө. Үүнээс 35 хувь буюу 490 мянга орчим хүн МАН-ыг дугуйлсан нь тус намын 220 мянга гаруй гишүүн гэр бүлийн хамт л намдаа санал өгч гэж үзэхэд болохоор байгаа юм.

Тэгэхээр нам бус иргэд МАН-аас татгалзжээ. Өөрөөр хэлбэл, ард түмэн эрх баригчдыг сонгосонгүй.

Энэхүү бодит үнэнтэйгээ тулж, бид л гэр бүлийн хамт өөрсдийгөө дугуйлжээ гэхийн оронд бүсчилсэн 13 тойргоос парламентад 50 суудал авлаа хэмээн эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ бахархалтайгаар мэдэгдэж буй нь өөрт нь хариуцлага тооцох намын нөхдөөсөө эмээснийх биз. Намын гишүүдийнхээ өгсөн саналыг ЯЛАЛТ хэмээн эндүүрч урагш алхвал 2028 онд энэ намд үс ч үлдэхгүй биз.  

Үүнийг ХҮН-ын дарга Т.Доржханд ч олж харсан байна билээ.

Тэрбээр “Жалга дов, эд хөрөнгө, ах дүүс, намын хатуу гишүүнчлэлийн нөлөөллөөр парламентад залардаг тогтолцоо МАН-д өгөөжөө өгч ирж. Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл тойргоос биш жагсаалтаар УИХ-д суудалтай болсон нь үүнийг нотоллоо. Тойргийн тогтолцоо гэх ХХ зууны социалист загвар дээр тулгуурласан энэ хэв маягийг өөрчилж цаашид пропорциональ тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулах хэрэгтэй юм байна. Тиймээс Сонгуулийн хуулийг өөрчилж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас ажлаа эхэлнэ” хэмээсэн нь Монгол Ардын нам хатуу гишүүнчлэл, сүлбэлдсэн сүлжээгээрээ ялсан болохоос ард түмний итгэлийг алджээ гэх товч дүгнэлт байлаа.

Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийн олонх ХҮН-д саналаа өгсөн нь ч МАН ялагдсаны илэрхийлэл юм. Тиймээс Монгол Ардын нам сонгуулийн дүнд бодит үнэлэлт дүгнэлтийг хийн, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нартай хариуцлага ярьж, цаашид намын удирдлагын багийг сэлгэн шинэчлэхгүй бол сууринаасаа ганхаж, хатуу итгэл үнэмшлээ өгч ирсэн настангууд нь цөөрөх цагт тус нам үгүй болохын сануулгыг өгсөн сонгууль боллоо.

Эрх баригч намд итгэл хүлээлгээгүй иргэдийн сонголтын дүнд 126 гишүүнтэй ажиллах байнгын ажиллагаатай парламент солонгорч, улстөрийн таван хүчний төлөөлөлтэй боллоо.

МАН, АН гэсэн улстөрийн хоёр хүчнээс өөр сонголт хийхийг сонгогчид хүсэж байгаагийн илэрхийлэл нь энэ юм.

Хэдийгээр улстөрийн 19 нам, 2 эвсэл сонгуульд оролцсон ч хүний нөөц тааруу байснаас иргэд түүврийн аргаар сонголт хийх шаардлагатай тулж түвэгшээхдээ дээрх хоёр намд санал өгсөн хэсэг бүлэг ч бий.

Тэгэхээр МАН, АН гэх улстөрийн хоёр том хүчин ялагдал хүлээсэн бөгөөд сонгогчид Орон нутгийн сонгуулиар үүнээс ч илүү солонгоруулах дүр зураг ажиглагдсаныг улстөр судлаачид хэлж байна.  

Иймээс хатуу гишүүнчлэл, өргөн аппаратынхаа ачаар гарч ирсэн МАН-ыг ялалт байгуулсан гэж үзэх боломжгүйн дээр харин ч ард иргэдийнхээ итгэлийг алдсан хариуцлагыг намын одоогийн удирдлагууд хүлээгээд зогсохгүй Орон нутгийн сонгуульд удирдлагын шинэ багтайгаар оролцох нь зүйд нийцэх юм.

Бусад нам эвслийн тухайд ганцаараа байсан Т.Доржханд наймуулаа болж, хөөгдсөн Н.Номтойбаяр дөрвүүлээ, ИЗНН-ын Б.Батбаатар мөн дөрвөөрөө УИХ-ын босго давж буйг сонгуулийн урьдчилсан дүнгээс харж байна.

Гэхдээ Н.Номтойбаярын Үндэсний эвслийн нөхцөл байдалд маш ноцтой зөрчлүүд бийг олон нийт шүүмжлээд эхэллээ. Хоёр намын нэгдсэн эвсэл хэмээн сонгуульд орсон атлаа Монголын Либериал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа яагаад тус эвсэлд жагсаалтаар нэр дэвшчихсэн, өдгөө гишүүн боллоо хэмээн баясч явна вэ. Гэсэн атлаа Монголын Либериал ардчилсан нам нь сонгуулийн саналын хуудаст нэр нь бичигдээд 2820 хүний санал авчихсан байгаа нь Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчөөд зогсохгүй Төрийн эрхийг залилан мэхэлж авах гэсэн гэмт үйлдэл биш үү. Н.Номтойбаярын Үндэсний эвсэл ч мөн Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж өөр намын гишүүн бүү хэл даргыг нь нэр дэвшүүлж сонгогчдыг төөрөгдүүлсэн, энэ нь мөн л төрийн эрхэнд хууль бусаар гарах гэсэн оролдлого болж таарч байна. Энэ бүх алдаа мадаг, гэмт үйлдлийг Сонгуулийн ерөнхий хороо хараагүй байна гэвэл гэнэн хэрэг болно. Тэгэхээр Сонгуулийн Ерөнхий хороо ч Үндэсний эвсэл болон Монголын Либериал ардчилсан намтай хуйвалдсан байх магадлал өндөр харагдаж байгаа юм. Ямартай ч аль ч талаас нь үзсэн Үндэсний эвслийн санал хүчингүй болж сонгуульд оролцсон бусад намуудад хуваагдахаас гадна СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, МЛАН-ын дарга Д.Пүрэвдаваа нар хариуцлага хүлээх ёстой болж байна.

Үндэсний эвсэл болон Монголын Либериал ардчилсан намынхны онц ноцтой эл асуудал хуулийн дагуу шийдэгдэхэд шинэ УИХ-ын анхны чуулганы хугацаанд саад болохгүй.

Тиймээс ахмад настнаараа Д.Рэгдэл УИХ-ын чуулганыг нээх ч парламентын туршлагагүй Д.Амарбаясгаланд алхаа шилжүүлэх урьдчилсан прогноз байна. МАНАН бүлэглэл Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилох тохироо хийгдсэн гэх ч нам нь намын гишүүдийнхээ саналаар л сонгуульд гарч ирсэн гэж үзвэл тэр гавьяа байгуулсан генсек бус олон нийтийн саналыг авч чадаагүй генсек болж хувирна.

Тэгэхээр Ардын намын гишүүд Сонгуулийн дүнгээ ялалт гэж үзэх үү, ялагдал хэмээн хариуцлага ярих уу гэдгээс дараагийн алхмууд тодорхой болох бололтой.

Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн хүргэнэ.

Орчуулах »
error: Content is protected !!