Төмөр замын 15.956 ажилтны 15.916 нь шинжилгээнд хамрагджээ

2020-12-03
1 min read

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. 

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.916 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 40 хүн хамрагдаагүй байна.

Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 2119 ажлын байр, 85,930 мталбай, мэргэжлийн байгууллагын 323 ажлын байр, 23,612 м2 талбай, 118 зүтгүүр, ачааны 600, сэлгээний 122 галт тэрэг, 6459 вагон, чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

Өмнөх шуурхай хурлуудаас сайдын өгсөн 132 үүрэг, даалгаврын 129 нь бүрэн биелсэн, гурав нь биелэх шатандаа байна.

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж.

Өнөөдрийн Шуурхай бүлгийн хурыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур:

-Эрээнцавын боомт нээгдсэнтэй холбогдуулан Баянтүмэн тасаг халдвар хамгаалын журам батлуулж мөрдүүлэхэд анхаарах,

-Замын-Үүд-Эрээний галт тэрэг солилцоонд анхаарал хандуулж, тоог нэмэгдүүлэх талаар ажиллах,

-УБТЗ арваннэгдүгээр сарын ачаа тээврийн мэдээллийг яаралтай гаргаж танилцуулах,

-Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Шадар сайдын ажлын албанаас Журмын төсөл боловсруулж батлах ажлын хэсэгт орох хүнийг тодорхой болгож ажиллуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Орчуулах »
error: Content is protected !!