Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг товчхондоо хааны суудал аж. Шат шатны сонгуульд хэнийг хаана нэр дэвшүүлэх, намын үндсэн дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн ажлын албыг толгойлох, өдөр тутмын ажлыг удирдах, намын санхүү аж ахуйг хариуцахаас гадна намын дарга үүргээ гүйцэтгэх боломжгүй үед дараагийн дарга томилогдох хүртэл намаа удирдах эрхтэй энэ албан тушаалтан нам нь дангаар Төрийн эрх барьж буй он жилүүдэд зүгээр л ХААН болчихдог юм байна.
Засгийн газрын сайдууд, яам агентлагийн газрын дарга, төрийн өмчит аж ахуйн нэгжийн дарга нар, УИХ-ын гишүүд хүртэл Тусгаар тогтнолын ордны баруун жигүүрт байрлах зургадугаар давхрын өрөөнд дэвтэр тэвэрч очоод тайлан тавьдаг болсон талаар нам даяараа шивэр авир гэсээр өнөөдрийн өдөрт ирэв.
Хэн хаана ямар албан тушаал хаших, эс хаших, тэр бүү хэл авлага, өглөг ч энэ өрөөнд яригддаг байж мэдэх хардлага маш их. Намын санхүүжилт, улстөрийн нүүдэл, бүлэг фракцуудын тохироо гээд яригдахгүй сэдэв, шийдэгдэхгүй асуудал үгүй гэлцдэг. Эл жиг жугийг батлах боломжгүй ч үгүйсгэх бас боломжгүй юм.
Намын даргаасаа өндөр эрх мэдэлтэй гэгддэг Д.Амарбаясгаланг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилчихвол намын дүрмийн дагуу генсекийн суудлаас салгаж болно гэж бодсон Л.Оюун-Эрдэнэ буруу тооцоолж Засаг дээрээ ч эрх мэдэл булаалдахад хүрсэн. Зарим үед тэр Д.Амарбаясгалангийн нохойд барьдаг мод шиг болчихсон байсныг өнгөрсөн үйл явдлууд гэрчлэх биз.
Ах дүүсийнх нь компани ЖДҮХС болон Боловсролын тендерээс хоцорч үзээгүй хэмээн чичлэгддэг Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны хэргийг дэлгэсэн нь Х.Баттулга руу шидсэн чулуу байсан талаар хүний өөрийн намынхан бүгд ярьцгааж байгаа.
Ингэсээр эцэст нь Д.Амарбаясгалангаас намаа авья гэвэл УИХ-ын гишүүн болгож, парламентад оруулахаас өөр сонголт үлдээгүйг Х.Баттулгын зүгээс Л.Оюун-Эрдэнэд зөвлөсөн гэдгийг ойрын нь эх сурвалжаас хэлж байна.
Тэр халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүн болж тангараг өргөснөөр хүссэн, хүсээгүй намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх нь үнэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болмогцоо хүлээлгэн өгөх намын дүрэмтэй ч өгөөгүй тэрбээр Байнгын ажиллагаатай парламентын гишүүн болчихоод генсекийн суудлыг өгөхгүй гэж ширлэж мэдэх л нөхөр. Гэхдээ МАН түүний хувийн өмч биш, эрхбиш нам юм байна авах юмаа авах л байх…
Судалгаагаар тэр сонгогдох магадлал өндөр байгаа.
Өөрийгөө дараагийн Ерөнхий сайд, цаг нь ирэхээр Ерөнхийлөгч ч болно хэмээн төсөөлж яваа түүнийг намын гал тогооноос холдоход итгэлт нарийн бичгүүд нь хамхуул мэт хөөгдөх биз.
Уг нь түүний хүслээр болдог бол Ц.Чулуунзагд А.Ариунзаяа тэргүүтнийхээ нэгэнд суудлаа өвлүүлчихмээр байгаа. Тийм ч бодлоор энэ удаагийн сонгуульд өнжөөсөн биз.
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд Д.Амарбаясгалантай нутаг нугаас гадна хэтэвч ч нэг нөхөр байх. Тэдний нэр холбогдсон Админерал компанийн данснаас Д.Амарбаясгалангийн эхнэрийн данс руу мөнгө шилжиж орж ирсэн талаарх баримтыг сошиал орчинд daam.mn сайт дэлгэн шуугиан тариад байгаа. А.Ариунзаяагийн тухайд өвөөгийнхөө нэрээр улстөрийн дааман хаалгыг татаж, генсекийн дэмжлэгээр албан тушаал хашсан ч бичиг хэрэг үдэхээс өөрөөр улстөрд хол явахааргүй дүр гэдгээ харуулсан. Тэгэхээр тэдний хэн хэнд нь энэ том намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал ахдах биз.
Я.Содбаатарыг Ерөнхийлөгчийн зүгээс эртнээс сойсон. Энэ удаагийн сонгуулиар хойш татаж үлдээсэн нь ч генсекийн томилгоотой холбоотой гэлцэж байна. Уг нь У.Хүрэлсүх Д.Амарбаясгалан нарыг салгаж харах тун төвөгтэй. У.Хүрэлсүх ээжийн минь нутгийн хүү гэж Д.Амарбаясгаланд ая тал өгөн, аятай суудал заасаар ирсэн. Тэрчлэн Д.Амарбаясгалангийн эхнэр Дашхүүгийн Бямбасүрэнгийн Хас медиа групп гэж бий. Энэ группийн хувьцаа эзэмшигч гэдгээ Д.Амарбаясгалан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан удаатай. Тэгвэл тус группийн хамтран эзэмшигч Кимтэёны Энхтуул нь У.Хүрэлсүхийн гэргий Л.Болорцэцэгтэй хамтарсан Илт хан аялал жуулчлалын компанитай байгаа юм. Мөн У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж эхэлснээс хойш Д.Амарбаясгалангийн ах дүүсийн эзэмшдэг Соёмбо принтинг 2017, 2018 онуудад ЖДҮХС-аас 1.3 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан баримт дэлгэгдэж байсныг уншигчид мартаагүй биз. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан Агро технологи шижирт компани нь ЖДҮХС-аас 950 сая, Тайшир өргөө компани нь 375 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч байсан баримт мэдээлэл ч хэвлэлүүдийн хуудаснаас арчигдаагүй байна.
Тэр бүү хэл Агро технологи шижирт ХХК, Тайшир өргөө ХХК, Соёмбо принтинг ХХК, Топ медиа ХХК-иараа дамжуулан 2016-2018 оны хооронд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, төсөл, тендерт шалгарч байсан мэдээллүүд нь олон нийтийн боломжийг булаасан гэх шүүмжлэл өртөн шуугиан тарьж байв. Засгийн газар, Азийн хөгжлийн банк 2018.04.04-нд “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл” хамтран хэрэгжүүлэхээр болж Соёмбо принтинг дангаараа 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй найман тендерт шалгарсан байсан нь мартаж болохгүй факт мөн юм. Тендерийг цар тахлын оргил үе буюу 2020 онд зарласан байдаг. Энэ мэтчилэн олон зүйлд У.Хүрэлсүх гар сунгасан, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэсэн байх “нандин” барилдлагатай ч тэдний дунд үес үесхэн хар муур гүйчихээд байгаа нь үнэн.
Х.Баттулга У.Хүрэлсүх нарын дундах тэлээ хурга гэгддэг Д.Амарбаясгалан энэ удаад генсекийн суудлыг Я.Содбаатарт үлдээхээр тохирсон гэх мэдээлэл сүүлийн үед эрх баригч намынхны дунд эрчтэй яригдаж байна.
Я.Содбаатар биш бол Н.Энхбаатар гэх өөр хувилбар ч мөн яригдаж байгаа юм. У.Хүрэлсүхийг Шадар сайд байхаас нь туслахаар ажиллаж байсан тэрбээр МИАТ-ийн удирдлагын албан тушаалаас салдаггүй нэгэн. МАН-ын үүдээр бус тооноор орж ирсэн гэх энэ нөхөр генсекэд өргөмжлөгдөх магадлал илүүтэй гэдгийг тус намын Удирдах зөвлөлийн түвшинд ярьж байна.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнэд мөн хөзрийн мод бий… Тэрбээр Нийслэлийн намын хороог Х.Нямбаатарт өгөхдөө Д.Сумъяабазарт генсекийн суудал амласан гэлцэж буйг анхааралгүй орхиж болохгүй. Тэр ч энэ удаагийн сонгуулиар хэл чимээгүй өнжсөн байгааг анзаарах хэрэгтэй. Түүнд эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал очвол хамгийн түрүүнд Д.Амарбаясгалан тэргүүтэнд өсөрхлийн тунтай бөмбөг хаяглаад шидэх биз.
УИХ-ын дарга Г.Занданшатарын фракц ч энэ суудалд санаатай байна.
Тиймээс энэ намынхан Д.Амарбаясгалангийн нэр дэвшсэн тойрогт тээг болох бүгдийг нь дуулгавартайгаар цэвэрлэж буй юм байх. М.Энхболд намаа ялалтад хүргээд маргааш нь ангал руу түлхэгдсэн шиг Д.Амарбаясгаланг ч тэр тавилан хүлээж байгаа бололтой.
Түүнийг их улстөрөөс явахад 72 цаг л үлдсэн хэмээн намынхан нь хоног тоолж байна. Тойрогтоо 1, 2-оор гарах үр дүнтэй яваагийн нь цаана генсекээс мултлах гэсэн бүлэглэлүүд болон Говь-Алтай аймгийн Засаг ноён О.Амгаланбаатарын оролцоо ч өндөр байгаа гэх сонирхолтой шуум газар авч буй юм.
Юутай ч санал хураалтын маргааш тэр намын гал тогооноос явж, МАН-д дахин нэг сунгаа өрнөн шинэ генсекээ тодруулах бололтой.
Үргэлжлэл бий…