ГОВИЙГ УСЖУУЛНА. Энэ удаагийн сонгуульд Говийн бүсэд горилогчдын амлалт энэ байлаа. Монгол орны нийт газар нутгийн 43 хувийг эзэлдэг эл бүс нутагт УИХ-ын сонгуулийн сонирхолтой өрсөлдөөнүүдийн нэг болно хэмээн улстөр судлаачид ажиглаж байна.
Баялгийнхаа өгөөжөөр хөгжиж буй Өмнөговь аймгийг Ажнайн нөлөөллөөс холдуулчихаад орыг нь залгах далд эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн энэ бүс нутагт өрнөсөөр байгаа. МАН-ын эрх мэдэлтнүүд дор бүрнээ өөрийн хүнээ сойж буй нь үнэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ө.Золбаярыг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханаа түүний дагуул гэгддэг, Х.Баттулгын дардаст Г.Батсуурийн хамт, МАН-ын генсек Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг гэхчлэн зүтгүүлж байна.
Өмнөговь бүү хэл бусад аймагтай харьцуулсан ч Дундговь Дорноговь Говьсүмбэр аймгууд хөгжлийн хувьд хэт буурай байгааг хэлэх хэрэгтэй.
Дундговь гэхэд Өмнөговийг зоригсдын үдлээд өнгөрдөг замын гуанз шиг болж, Дорноговь нь хэдхэн км-ийн цаана орших Эрээнээс тэнгэр газрын дайтай хоцрогдож үлдсэн байгааг энэ нутгийнхны итгэлийг тээж төрд төлөөлчихөөд төчнөөн сар жилийг үр бүтээлгүй барсан Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг тэргүүтний унхиагүйнх гэчихэд хэтийдсэн болохгүй.
Тиймээс говийнхон энэ удаад АН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаясгаланд ихээхэн найдвар тавьж, дэмжинэ гэдгээ илэрхийлж байгаа гэдгийг ажиглагчид хэлж байна. Сэтгүүлзүйн салбараас төрж гарсан эл бүсгүй хэдийгээр Женкогийн гэх шошготой ч өөрийн гэсэн харизм, үзэл бодол, өнгө будагтай нэгэн. Аливаад ултай, баримт нотолгоотой ханддаг, зорьсныхоо төлөө тэмүүлж чаддаг чанар нь говийнхны итгэлийг төрүүлж, асуудалд нь шийдэл олж чадна хэмээн найдаж буй бололтой. Тэрбээр Дорноговь аймгийн Замын-үүд суманд сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины араас цензургүй нэвтрүүлэг хийж, үр дүнд нь Замын-Үүд сум бүрэн камержсан гэдгийг уншигчид мартаагүй байх. Тост Тосон бумбын нурууны ирвэс хамгаалагч залуу Т.Лхагвасүмбэрэл агсны араас эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, тус нурууг төрийн хамгаалалтад авахуулсан гавьяа ч түүнийх. Тэр энэ бүс нутгийн зон олныг төрд төлөөлбөл хамгийн түрүүнд аян замын нь энхэл донхлыг засуулах ажлаас ажлаа эхлэх нь зайлбаргүй биз. Зам дагаж хөгжил гэдэг.
МАН энэ бүсэд хөрөнгөлөг, мөнгөлөг эрхмүүдээ сойсон байгаагийн нэг нь Б.Дэлгэрсайхан.
Говийн довцог гэгддэг энэ эр хоёр ч парламент дамнан тухалсан ч авторласан ганц хуульгүй, ирц бүртгүүлж кноп дарахаас хэтрээгүй энэ хүрсэн. Аймагтаа нүүрсний уурхайтай, бусад уурхайн нүүрсийг Ханги боомтоор гаргах төмөр замтай тэрбээр өнгөрсөн жил Хятадын Мандал боомттой холбогдох зорилготой “Ханги”-ийн 226.9 км төмөр замын асуудал дээрээ Хятад, Монголын хооронд маргаан үүсгэх шахсныг уншигчид мартаагүй байх. Б.Дэлгэрсайхан Ханги-Мандал чиглэлд уг төмөр замыг барихдаа “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд барьж байгаа гээд хилийн гаднаас их хэмжээний хөрөнгө, зээл босгосон гэлцэж байв. Гэтэл Хятадын тал эрс үгүйсгэж энэхүү зам нь бүс ба зам санаачилгын хүрээнд хийгдсэн ажил биш хэмээн мэдэгдээд зогсохгүй өөрийн талаас хийгдэх байсан Мандал боомтын төмөр замтай холбох ажлыг хойшлуулсан. Үүнээс болж эрхэм түшээ төрийн нэр барьж гадна дотноос хөрөнгө босгон халаасаа түнтийлгэлээ гэх шүүмж хүчтэй яваад намдаж байв.
Сурталчилгаагаа 11.5 тэрбумын өртөгтэй Airbus Helicopter H130 загварын нисдэг тэргээр хийж яваа түүнийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар дагалдсан.
Г.Мөнхцэцэгийн тухайд парламентад мөн л хоёр дахиа сонгогдон ажиллаж буй түшээ. Хийсэн ажил, санаачлаад батлуулсан хууль хуруу дарам цөөн түүнийг 2016 онд УИХ-д өрсөлдөхөд нь Б.Дэлгэрсайхан чирч явсан бол 2020 онд Сү.Батболд “хөтөлж” явсан. Товчхондоо Д.Амарбаясгалангийн кноп гэгддэг түүний рейтинг энэ удаагийн сонгуульд нэлээд доогуур зааж, суудал алдах магадлалтай байсан тул Н.Баярчимэгийг өрсөлдүүлэх яриа эрчимтэй яригдаж байв. Гэвч намын гал тогооны даамал бүгдийг мэдэх нь үнэн тул Д.Амарбаясгалан Г.Мөнхцэцэгийг мандатад багтаж чадсан гэдэг. СОНЭ ХХК-иараа ЖДҮ-гийн зээлтэй нэр холбогддог энэ түшээ энэ сонгуульд ялагдвал улстөрийн карьерт нь эргэшгүйгээр цэг тавигдах биз.
Б.Дэлгэрсайханы сүүдэр гэгддэг Т.Энхтүвшин 2020 оны сонгуулиар хачиг шиг наалдаж явсаар УИХ-ын гишүүн болсон гэхэд буруутахгүй. Батлуулсан, санаачилсан ганц хуульгүй дөрвөн жилийг үдсэн атлаа ичих нүүргүйгээр дахин горилж болдгийн сонгодог жишээ нь Б.Дэлгэрсайхан Т.Энхтүвшин нар гэчихэд гүтгэсэн болохгүй биз.
Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа хаана, хэнд ашигт малтмалын ямар зөвшөөрөл өгөх, хэнд нүүрс зөөх, тээвэрлэх эрх олгох гэдгийг Б.Дэлгэрсайханы заавраар олгодог байсан гэгддэг энэ эрийн хөрөнгө орлого Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаан нь цочим өгсч уруудаж байсныг нь АТГ-т бүрдүүлэн өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.
Харин УИХ-ын гишүүнээр ажиллах болсон үеэс нь хөрөнгө орлого нь тогтмол өсөж, хадгаламжийн данс нь чамгүй зузаарсан харагдана лээ. Т.Энхтүвшинг Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нараар дамжуулан нүүрсний компаниуд эзэмшдэг гэх баримт ил болж байсныг говийн бүсийн сонгогчид хэлүүлэлтгүй мэдэх биз.
МАН-аас парламент руу горилогч Г.Батсуурийн тухайд 18.042 хүн амтай хамгийн жижиг аймгийн Засаг ноён ч бусад аймгийн Засаг дарга нараас хамгийн баян нь гэгддэг.
2006 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2016 онд Засаг дарга болсон түүнийг УИХ-ын гишүүн асан З.Энхболдтой холбох нэгэн бий. Тиймээс энэ удаагийн сонгуульд З.Энхболд санал болгож Х.Баттулгын нөлөөгөөр нэр дэвшүүлж байгаа гэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд мөнгөөр зодож тойрог авдаг гэдгээрээ алдартай нэгэн. Гавьяа ч үгүй, гай ч үгүй тэрбээр өмнө сонгогдсон Нийслэл дэх тойрогтоо эргэн очих нүүргүйдээ энэ хүрч яваа гэгддэг. Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч АНУ-ын Хавайн их сургуульд Мэдээллийн технологийн мэргэжлээр суралцаж төгссөн ч зээлээ төлөөгүй явсан нь илчлэгдэж цахим орчинд шуугиан тарьж байв. Тэрчлэн дүү Б.Наранхүүтэй хамтран төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан Сингапурхэльтейр сентр ХХК-д 2018 оны наймдугаар сард 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас гаргуулан өгсөн гэх баримт дэлгэгдэж байсныг говийн бүсийн сонгогчид санан санан сонгуулиа өгөх биз.
Н.Наранбаатарын тухайд арай гэж бүрэн эрхтэйгээ энэ парламентыг үдсэн атлаа дахин горилж яваад нь дургүйцэгсэд олон байна. Түүнд Дунд, Дорнын байтугай Өмнийн говийнхон ч дахин итгэл үзүүлэх гэдэг юу л бол.
АН-аас Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус тойрогт нэр дэвшиж байгаа. Дундговь бол МАН-ын үед сөрөг хүчин засагласан гуравхан аймгийн нэг. Засаг даргаар ажилласан дөрвөн жилдээ олон нийтээс өндөр үнэлгээ авч, олон ч ажлыг хийж чадсан хүчтэй өрсөлдөгчийн нэгд тооцогдож байгаа.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж энэ удаад Ажнай Д.Бат-Эрдэнийг орлохоор нэр дэвшсэн гэхэд ташаарсан болохгүй биз. Д.Бат-Эрдэнийн бүсэнд 20 гаруй жил хавтага шиг хавчуулаастай явсан гэгддэг түүнийг Х.Баттулга ч дэмжиж байгаа. Ажнай корпорацийн маркетингийн албаны даргаас орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс Засаг дарга болсон сайхь эр 2009-2010 онд Тавантолгой ХК-ийн Санхүү хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж байх үед өнөөх алдарт 379 мянган тонн нүүрс ор сураггүй алга болсныг энэ өдрүүдэд бодолцох л хэрэгтэй байх.
Үргэлжлэл бий…