Эрх баригчид төвийн бүсийг МоАХ-д “алдсан” уу?

Нийслэлийн хаяанд орших ч алслагдсан аймаг сумдын хөгжлийн эн-д хүрэхгүйгээр гээгдэж хоцорсон газар бол Төв аймаг.

Нэгэн үе Энхболдтонгуудын зайдагнаж явсан эл бүс нутгийн энэ цагийн хөгжлийг Ц.Туваан гэх нөхөр шийдэж, шийдвэрлүүлнэ гэж гүнгэнэсээр сүүлийн хэдэн оныг үдэж байна. Х.Баттулгын базсан цаасны хэлтэрхий гэгддэг тэрбээр Төвийн бүсийн хөгжил байтугай Төв аймгаа ч хөгжүүлж дийлэхгүй гишүүн гэдгийг өнгөрсөн 4 жилийн өнгөнөөс сонгогчид мэдэх болсон биз.

АН-ын хагарлын эх үндсийг тавилцчихаад өдгөө юу ч болоогүй мэт дөлж яваа энэ эр өөрийгөө аймагтаа ч “азарга” гэж цээжээ дэлддэг юм байх. Гутмаар…

2020 оны сонгуулиар байнгын ажиллагаатай парламентын гишүүнээр сонгогдсон тэрбээр өнгөрсөн дөрвөн жил яг юу хийсэн юм бол?!

Алдагдсан найман жил гэж амаа чилтэл гоншигнож яваагийн тэн хагаст нь тэр өөрөө байсан шүү дээ. Тэгээд сонгогдсон тойргийнхоо тулгамдсан асуудлын төлөө тэр өөрөө юу хийв?!

АН-ыг бүхэлд нь авах гэсэн Х.Баттулга Ц.Туваан хоёрын санаа нийлсэн ч гар нийлээгүйг олон нийтээр мэдэх биз. МоАХ-ны үйл ажиллагааг сэргээж, нам доторх нам байгуулахаар Хөх туг аяныг өрнүүлэн намын удирдлагуудаа шахаанд оруулж давхисан улстөрийн бохир үйлдлээс өөрөөр түүний 4 жилийг тодорхойлоход түвэгтэй гэчихэд хэтийдсэн болохгүй.

Үнэндээ эрх баригч намын өнөөгийн удирдлагууд М.Энхболдоо шахан зайлуулсан зурвас үе мань хүнд олз болж, ордонд суух завшаан олгосон нь үнэн. Намынхандаа гомдсон Миеэгийн хүү Ц.Тувааныг 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахад нь уяачдын холбоогоор битүүхэн дэмжсэн гэлцдгийг ч энд хэлэх хэрэгтэй. Харамсалтай нь, мал ахуй ярихаас өөрийг мэдэхгүй хөдөөх эр С.Эрдэнэ Х.Баттулга хоёрын дунд өнхөрч МАН-ынхны өрийн дансыг бүртгэгч болчихно гэж хэн ч санаагүй байх.

Монгол Улсын иргэн бүр 31 сая төгрөгийн өртэй гэж хашгирсаар парламентын дөрвөн жилээ дуусгасан тэрбээр сонгогдсон тойргоо тэр чигтээ мартчихсан явсан гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй биз. Сумдынх нь зам гэж там. Төв суурин газрууд хэрнээ өнөө хэр өндөр хурдны интернет, шилэн кабелгүй нь үнэн. Ихэнх сумд нь 100 жилийн ойтойгоо золгож буй атлаа нийтийн халуун усны газаргүй, боловсон байтугай бохирыг нь шийдсэн жорлонгүй байхад Ц.Туваан гэх нөхөр бүсээр нь хөгжүүлнэ гэж цээжээ дэлдээд бүс дээлэндээ түүртэн давхих нь хөөрхийлөлттэй.

Төв аймгийн Угтаалцайдам сум гэхэд л хатуу хучилттай автозамтай болно гэж улсын төсөвт хөрөнгийг нь суулгасан ч араас нь чаргууцалдах гишүүнгүй байсаар Дарханы замын жишгээр ороод дашийн шог болчихсон 100 жилтэйгээ золгож байна.

Төв аймгийн Угтаалцайдам Цээл Заамар сумыг холбосон 122 км автозамын бүтээн байгуулалтад 130 тэрбум төгрөг төсөвлөж байсан баримт өдгөө архивт л үлдэж. Эл мөнгө нь 2022 оны төсөвт 25 тэрбум төгрөг болж тусгагдаад зогсохгүй мөнгийг нь хэсэгчилж танаад 4 тендер болгон зарлахаар Зам тээврийн хөгжлийн яам ажлын төлөвлөгөөндөө оруулж байхад тэр хаана байв, юу хийв?!

30 км автозам тавьж хүрэхтэй үгүйтэй энэ мөнгөөр юун гурван сумыг холбох…

Дэлгэрхаан сум гэхэд хөсөр хаягдсан өнчин хүүхэд шиг байгааг сумын иргэд нь ярьж байна. Энэ мэт тоочоод байвал Төв аймаг болоод Төв аймгийн сум суурингуудын амьдрал, асуудал зүгээр л балгас. Өмнө сонгогдсон тойрог нь балгас болчихсон байхад юунд нь итгэж Сэлэнгэ Дарханчууд сонгох билээ.  

Энэ удаагийн сонгуулиар Н.Энхболд нэр дэвшээгүй. Түүнд ч тойрогтоо очих нэр хүнд үлдээгүйгээс гадна Ц.Туваан С.Эрдэнэболд нарын өмнөөс дэвшүүлэн зайлуулах сонирхол Х.Баттулга тэргүүтэнд байсан биз. Х.Баттулгаар крандуулж, парламент дахь түүний баттай кноп нь болно хэмээн мөрөөдөж яваа энэ эрс өөрсдийгөө Төвийн бүсийн 5 дугаар тойргоос нэг, хоёроор цуваад гарна хэмээн итгэж яваа. Харамсалтай нь сонгогчид тэнэг биш. Хөгжлийнх нь төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй, цаашид ч хөдөлгөж дөнгөхгүй нөхдөд тийм амар хууртахгүй биз.  

Ц.Элбэгдоржийн тодотголтой шүхэр дор Х.Баттулгын тойргоос хол гишгээгүй С.Эрдэнэболд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргын үүрэгт ажлыг өнгөрсөн жил хүлээлгэн өгөөд Төвийн бүсэд “амьдарсан” ч асуудлынх нь араас А дуугараагүй залуу. Эл хоёр эрс өнгөрсөн өвлийн цас зуднаар тэр энэ сумд тойрон эргэсэн ч үнэндээ “Зуднаар ноход таргалж зовлонгоор лам баяждаг” гэх хуучны үгийг санагдуулахаас хэтрээгүй гэхэд хатуудсан болохгүй юм.

2020 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодсон тэрбээр орон нутгийнхны тархи, зүрхэнд нөлөөлж дөнгөнө хэмээн намынхандаа бардамнаад гарсан гэдгийг ойрын нь эх сурвалжаас хэлж байна.

Бүсчилсэн 13 тойргоос хамгийн олон буюу 10 мандаттай тул Төвийн бүс хэн хүний санаанд багтаж, бардамнан дүвчигнэхэд нь суурь болж буй биз.

Тэдэнд МАН-аас нэр дэвшсэн Б.Жавхлан Г.Дамдинням Ж.Батжаргал тэргүүтэн тун зөөлөн зууш болон харагдаж байгаа нь лавтай. Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын дунд ч “яс” шидлэн, төдийгөөс өдийг хүртэлх сошиал орчинд сэвэгдээд байсан таагүй нэр хоч, чимэг зүүсгэлийнх нь ард Ц.Туваан тэргүүтэй Х.Баттулга нарын баг ажилласан гэх хардлага тээсэн хов живийг ч мартаж болохгүй!!!

Боловсролын зээлийн сангаас ил болгосон мэдээлэл дунд С.Эрдэнэболд АНУ-ын Индианагийн их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр суралцсан баримт бий.

Хоёр жил суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан гэх түүнийг энэ удаагийн сонгуулиар дахин ялагдал хүлээвэл намынхаа гал тогоог бужигнуулж тараасан, хагарал хуваагдлын хэрүүл хийхээс өөр ажилгүй нэгэн болно хэмээн намынхан нь болгоомжилж байгаа. Тэрчлэн парламентын босго давбал АН-аас хөөгдсөн Л.Болдын Шинэ намыг Х.Баттулгын АН-тай эвцэлдүүлэх далд тохироогоо ажил болгоно ч гэлцэж байна.

Хаанаас нь ч харсан Х.Баттулга гэх малгайнаас зайлах аргагүй Ц.Тувааны хувьд эл сонгуульд өвдөг шороодвол улстөрийн карьер нь бүрмөсөн дуусах тул тэр хийж чадах, хийж болох бүгдээ дэнчин тавиад хөдөлж байгаа.

Тэднээс гадна Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Үүрийнтуяаг Х.Баттулгаас салгаж ойлговол гэнэн хэрэг болно. С.Эрдэнийн гэх шүхэр дор Х.Баттулгын үйл хэрэгт зүтгэдэг гэдгийг улстөрийн хүрээнийхэн андахгүй. 2020 оны сонгуулиар нэр дэвшээд ялагдал хүлээж байсан энэ бүсгүй МоАХ-нд нэг кноп нэмэхээр зүтгэж буй гэчихэд хилсдүүлсэн болохгүй биз.

Увсын уугуул ч Төвийн бүсийг гороолж яваа Д.Батбаярыг мөн МоАХ-ны кнопоор тоолдгийг хэлэх хэрэгтэй. Түүний аав тод манлай уяач Б.Далай нь Ц.Тувааны “морины багш” гэлцдгийг морь сонирхогч хэн бүхэн хэлнэ. Эцэг хүүгийн бизнес болох Монголчех метал ХХК нь Төв аймагт жоншны гурван орд эзэмшдгийг энд сануулахад илүүдэхгүй биз.  Тэрбээр 2020 оны сонгуулиар мөн нэр дэвшээд ялагдал хүлээж байв.

Энхболдтонгуудын доодох гэгддэг Д.Доржпүрэв ч дахин нэр дэвшиж байна. Нэр дэвших бүртээ дээдчүүлдээ далаараа тавиулдаг тэрбээр даагаа нэхэж дуусаагүй л бололтой.

Ийнхүү үе үеийн Ерөнхийлөгч нарын тулж буй төвийн бүсийн тойрогт, тэр дундаа Төв аймаг орчимд Х.Баттулгын бүрэн цэнэгт Ц.Туваан тэргүүтэн илүүрхэж, Дархан Сэлэнгээс багахан хувийн санал нэмчихэд л ялалт байгуулна хэмээн аархаж явна. Тэрбээр санал хураалтын өмнөхөн хойд бүс орчимд найдвар тавьж яваа Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Ч.Ундрам, Д.Өнөрболор нарт жинтэйхэн “бэлэг” бэлдсэн бөгөөд өнөөдүүл нь бэлгийн хариуг барьж амжаагүй байхад санал хураалт эхлэх тул төвийн бүс МоАХ-ынх болох нь гарцаагүй болсон гэлцэж байна.

Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг дараагийн дугаарт хүргэх тул энд түр орхиё.

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!