Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг үгийг Д.Амарбаясгаланд журмын нөхөд дайх болов. Түүнийг хаяагаа хадардаг хавьтсанаа шилгээдэг тун эвгүй зантай гэлцэх бөгөөд үүнээсээ болж өөрийн гэсэн бүлэглэл, фракц үүсгэх байтугай хүрээллээ ч тэлж чаддаггүйг ойр тойрныхон нь хэлж байна.
Харамсалтай тодорхойлолт…
Үнэхээр түүнд ойрын бүү хэл холын зайн хамтрагч байдаггүй байж мэдэх юм. Холын замд дөрөө харшуулсан бүгд нь замын голоос гээгдэж, улстөрөөс хөөгдсөн хэд хэдэн жишээ ч бий байх.
Гурав дахь даргын нүүр үзэж яваа түүнийг улстөрийн туршлагатай сайн генсек гэж дүгнэвэл өнгөц, дулдуйдсан хэрэг болох биз.
Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Нийслэлийн Баянзүрх дүүргээс ИТХ-д сонгогдож байсан Д.Амарбаясгаланг Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар томилж байхдаа хожмын нэг өдөр араас нь хутга шидэх нэгэн болно гэх төсөөлөл М.Энхболдод түй ч үгүй байсан гэвэл эндүүрсэн болохгүй байх.
У.Хүрэлсүх ч генсекээр ажиллаж Д.Амарбаясгаланг дэргэдээ шадарлуулж байхдаа тэгтлээ итгэл хүлээлгэсэн Г.Сайханбаярыг нь ухуулах материал тараалгах гэрээтээр бүртгүүлсэн нэгэнтэй ум хумгүй холбож ирээд эргүүлэн татах улстөрийн шийдвэрийг цогтойгоор зарлаад зогсч байна гэж төсөөлөө ч үгүй биз.
Өнөөдөр, түүний үед МАН-ыг Х.Баттулга далдаас удирдаж байна гэх хардлага дэгдэтлээ энэ нам үнэт зүйлээ гээж, намын байр намирсан тугнаас өөр юмгүй болтол тарж хоцорсон нь үнэн.
М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд нарын тооцож хөдөлдөг томчуудаа бүгдийг тойргийн гадна гаргаж чадсан генсек гэвэл тэр мөн. Чадвар мэдлэг дутуу, хулчгар удирдагчид өөрөөсөө илүү хэн бүгдийг дэргэдээсээ зайлуулж, өөрөөсөө дорд нөхдөөр хаяагаа мануулж хатавчаа зузаалдаг гэдэг. Үүний торгон кэйсээр Д.Амарбаясгаланг нэрлэхэд төдийлөн хол зөрөхгүй биз. Түүний үеийнхнээс ч дэргэд нь хүн алга. Уг нь тэрбээр Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ш.Раднаасэд нарын мөнгөтэй бол мөнгөтэй, мэдлэгтэй бол мэдлэгтэй, зориг зүрхтэй бол зүрхтэй нөхдөө дэргэдээ аваад холын замд гарсан бол өнөөдөр А.Ариунзаяа, АН-ын О.Амгаланбаатар хоёроос өөр түшиггүй гэгдэтлээ дорд орохгүй л байсан байх.
2020 оны сонгуулиар нутагтаа нэр дэвшихээр зэхэж байсан Д.Амарбаясгалангийн мандатыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өвөртөлснөөс мөнхийн “дайсан” нь болж, хавчигдан шахагдсаар дөрвөн оныг үдсэн. Эцэстээ Д.Амарбаясгалан өөрийнх нь эсрэг үйл ажиллагаа удаа дараа явуулж буйг мэдэгдсэнээр түүний улстөрийн карьерт цэг тавигдсан. Түүний араас Б.Энх-Амгаланг үдэж өгсөн гээд хэлчихэд буруутахгүй л болов уу.
Мань эрийг Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар Ш.Раднаасэдийн оронд батламжилж байсан ч хэрэгцээ нь хоёр жилийн хугацаатай байсан бололтой. Тэрбээр Ш.Раднаасэдийн нэгэн адил өрнөж буй үйл явц улстөрийн зорилготой гэж хэлээд улстөрөөс сураг алдарлаа.
Нам дотроо генсек гэж хүндлэгдэхээсээ илүү УРВАГЧ гэх товч шошготой болчихсон түүнийг У.Хүрэлсүхийн халааснаас хэзээ ч гарч байгаагүй гэдэг ч тэр Х.Баттулгын зөвлөгөөг дагадаг болсоор нэлээд удаж байгаа хэмээн ойрын нь нөхөд хэлж байна. Түүний улстөр дэх нүүдэл С.Баярын хэв маягтай ч Т.Бадамжунайгийн үг үйлдэлтэй гэдэг.
Нэг кабинетад тохой нийлүүлэн суугаа Хууль зүй дотоод хэргийн сайдтайгаа үг хэлээ ололцдоггүй. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч нүүрсний сонсголын үеэр хамгийн их дурьдагдсан Админерал компанитай Д.Амарбаясгалан холбоотой болохыг нийтэд зарлаад авсан. Ингэхдээ, эл мэдээлэл худал гэвэл хуулийн байгууллагад хандаж болохыг онцолж байв. Үүнд эгдүүцсэн генсек Б.Энхбаярыг ирэх парламентад оруулахгүйн тулд уяаны нохдынхоо угаадсыг ахиухан өгч ажиллуулж буй гэх барим тавим хардлагад өртчихсөн яваа. Тэдний асуудал энд дурьдсан дурьдаагүйгээр тодорхой цэгт хүрээд нэг тийш цэгцрэх нь ойлгомжтой тул түр орхиё.
Нүүрсчин, концессчинтой тэмцэнэ үү гэхээс тэврэлдэхгүй хэмээн индрийн тавцан шааж явсан Л.Оюун-Эрдэнэ өдгөө нүүрсний хэрэгт нэр холбогдсон генсекийнхээ эсрэг арга хэмжээ авч чадахгүй явсаар бусдад ч бууж өгөн эвлэрэхдээ хүрсэн.
Д.Амарбаясгалан хол замын хань биш гэдгээ баталж өдгөө нэг тойрог, нэг бүсэд нэр дэвшиж яваа журмын нөхдөө өөрийн гэх хэвлэлүүдээр гөвүүлж, өдрөөс өдөрт рейтингийг нь өндийж босохооргүйгээр унагаж яваа хэмээн ойрын нь эх сурвалжууд буруутгаж байна.
Арга ч үгүй биз.
Баруун бүсэд эрх баригч намаас нэр дэвшсэн нөхдийн Д.Амарбаясгалангаас бусдыг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд баруун, солгойгүй “нүдэж” буйг статистик судалгаанууд харуулж байгаа.
Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ болгосон Б.Чойжилсүрэн Увсад юу хийж гийгүүлсэн юм гэх мессеж сүүлийн өдрүүдэд баруун бүсийн фэйсбүүк хэрэглэгчид олноор байдаг зар мэдээллийн группүүдээр битүү явж байгаа. Алх хадаас барьж үзээгүй генсекийг бодвол улс хотыг утаанаас салгахад чамгүй хувь оруулж яваа хэмээн өмөлздөг Чойжоо сурталчилгаа эхлэхийн өмнөхөн пиар төлөвлөгөөгөө өрсөлдөгчдөө алдсан гэж байсан ч өөрийнх нь тэгтэл удаан “тэжээсэн” баг генсекийн дэргэдэх пиарчид болсныг дуулаад чимээгүй болсон гэдэг.
Төрөөс авсан төсөл тендер концессоор нь С.Бямбацогтыг цоллоод эхэлсэн. Тэр хийсэн бүгдээ зөвтгөхгүй ч Д.Амарбаясгаланг бодвол тойрогтоо цементийн үйлдвэр барьж орон нутагт ажлын байр нэмэгдүүлсэн гавьяатай хэмээн ойр тойрныхондоо гомдоллосныг үзвэл өөр рүү нь дайрч буй тролл багийг генсектэй холбон хардаж буй бололтой.
Бурхан будда, булчин шөрмөс ярихаас өөрийг мэддэггүй гэх Ц.Цэрэнпунцаг хүртэл Тосонцэнгэлийн ДЦС төслийг эхлүүлчихсэн яваа. Ховд хотоороо төв болгосон Баруун бүс нутаг Эрдэнэбүрэн, Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станцуудаар эрчим хүчээ хангаж, Улиастай-Алтай, Ховд-Улиастайн болон Арцсуурь-Бургастайн босоо тэнхлэгийн авто замуудаар тээвэр логистикоо өргөжүүлэхээр ажиллаж байгаа хэмээн бардамнаж явсан түүний рейтинг генсектэйгээ хамт зудад нэрвэгдсэн малчдад тусална гэж дэвсэн цагаас унасныг судалгаа харуулж байгаа. Түүний машин маниулдаж буй бичлэгийг “Нас явсан ч бяр нь яваагүй” гэх агуулгатайгаар генсек өөрийн нүүр хуудсаар цацсан нь тэр чигтээ сөрөг сурталчилгаа болж сэвэгдсэнийг бүгд санаж буй биз. Бяр хэвээрээ, бусад нь дууссан гэж ойлгогдох далд агуулгатай эл бичлэгээс хойш Ц.Цэрэнпунцагийн рейтинг эргэж сэргээгүй нь үнэн.
Уг нь Д.Амарбаясгалангаа бодвол хамт нэр дэвшигчид нь бүгд бүтээн байгуулагчид, бүс нутагтаа хэлэх үг хийсэн ажилтай нөхөд шиг байгаа юм. Харамсалтай нь тэднийг чиглэсэн хар бараан мэдээлэл сүүлийн өдрүүдэд эрчимжээд эхлэв.
Д.Амарбаясгалангийн тухайд 2016 оноос хойш намын гал тогоог ахлахдаа хувийн нөлөөлөө бэхжүүлснээс хүрээллээ ч тэлж чадаагүй яваа ганцаарчилсан тоглогч.
Генсек гэх албан тушаал нь түүнийг тойрон хүрээлэгчидтэй мэт харагдуулж буй болохоос тэр парламентын босго алхвал өөрийн гэх бүлэглэл фракцгүй, дорвитой хууль санаачилж батлуулахад ч бяр дутах сул гишүүн болж хувирах биз…
Нөхөрлөлдөө нэн харам түүнээс эрх мэдлийн тууз хийсэн одох цагт хэн наашаа цаашаа гэж дуудах билээ. Хэцүү л кадр.
Үргэлжлэл бий…