МАН Г.Сайханбаяраас гадна Л.Оюун-Эрдэнийн нэрийг ч эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэхүйц цочирдом үйл явдлууд шил дараалан болж байна. Төрийн эрхийг барьж буй намын дарга, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний амнаас гарах авиа, хийж буй үйлдэл бүр нь бүх монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа.
Харамсалтай нь, түүний болчимгүй бодлогогүй үг үйлдэл хэрээс хэтэрч олны дургүйцлийг төрүүлсээр байна.
Энэ удаагийн сонголт хэрхэн хийгдсэнээс хамаарч дэлхийн III дайн болох уу, эсвэл дэлхийн газрын зураг өөрчлөгдөх үү гэх зэргээр хэн ч сэртэсхийм авцалдаа муутай юмс сонгуулийн сурталчилгааны индрээс ярих нь МАН-ын гишүүдийн хувьд намын даргаасаа, олон нийтийн тухайд Ерөнхий сайдынхаа мэдлэг боловсролын түвшнээс ичихэд хүргэж буйг хэлэх хэрэгтэй.
МАН-ыг сонгохгүй бол дэлхийн III эхэлнэ гээд байгаа юм уу, эсвэл Монгол Улс газрын зурагнаас арчигдаж аль нэг орны колони болно гэх гэсэн юм уу… хэн ч түүний үгийн утгыг олохгүй цахим орчинд эгдүүцлээ илэрхийлсээр байна.
Уг нь эл орооцолдсон, түгшүүр төрүүлэхүйц элдэв үгнийхээ төлөө Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн Г.Сайханбаяраас дутуугүй ёс зүйн хариуцлага хүлээх, нэр дэвшигчээс эгүүлэн татагддаггүй юм гэхэд Засгийн газрын тэргүүний албан тушаалаас түдгэлзэх ёстой байх.
Нөгөөтэйгүүр эрх баригч намын рейтинг энэ удаагийнх шиг ингэтэл дор орж байсан он жилүүд ховор. Тэр дундаа намын даргаасаа болж судалгааны зүү зарим газарт 20%-д ч хүрч заагдахгүй байгаа нь дэндүү харамсалтай. Түүний хэлсэн үг, уулзсан уулзалт бүрийн дараахь үр дүн шалаар нэг болсоор өнөөдөр нийт бүс, тойргийн хэмжээгээр МАН-ын рейтинг сонгууль давах уу үгүйтэй болчихлоо. 2012 онд тус намын судалгаа 26 хувьд хүртэл унаж байсан бол Л.Оюун-Эрдэнийг аймаг сумдаар тойрч, сонгогчидтой уулзалт хийж яваа энэ өдрүүдэд түүнээс ч дор дүнтэй байгааг намын гишүүд нь эрхгүй хүлээн зөвшөөрч хямарч эхэлцгээлээ.
Дэлхийн III дайн эхэлж болзошгүйд зөнчид өөр өөрийн таамаглалаа дэвшүүлж, улс орнууд эл асуудалд тун болгоомжтой хандаж байхад тэр юу гээд хэлчихэв ээ!!!
Энэтхэгийн одон орны зурхайч Кушал Кумар энэ жил дэлхийн III дайн дэгдэнэ гэж зөгнөсөн талаар “NDTV” мэдээлж байсан удаатай. Түүний зөгнөлд “Зарим орны төрийн тэргүүнүүд хүндээр өвчлөх буюу огцорно, Засгийн эрхийг цэргийнхэн авснаар улстөрийн тавцанд цочрол үүснэ. 2024 оны хамгийн аюултай өдөр 6 сард тохионо. Энэ өдөр дэлхийн III дайн эхэлнэ. Одоо өрнөж буй Украин болон Ойрхи Дорнодын дайн дээр Солонгос, Тайвань нэмэгдэх шинжтэй. Нөхцөл байдал хурцдаж НАТО оролцох болно” гэсэн байдаг.
Тэр иргэдэд эл зөгнөлийн талаар хэлэх гээгүй нь лав.
Түүний хилийн чанад дахь айлчлалуудын мэдээ нь ярилцлаа, санал солилцлоо, зөвшилцлөө гэхээс хэтэрч байгаагүй. Ерөнхий сайдын богцон дахь асуудал жулддаг уу, эсвэл богцны эзэн гадныханд жулддаг байсан уу гэдгийн тайлал энэ өдрүүдийн уулзалтад хэлж буй үгс, байр сууринаас тодорхой харагдаж байх шиг байна. Тэр геополитикийн асуудалд хэл хөл дүрэх хэмжээнд очоогүй нэгэн бололтой. Түүний халтирсан сэдэв, халгам үгийн хэм хэмжээг зохих түвшинд авч хэлэлцэх биз хэмээн энд орхиод өөрсөнд тулсан өдрүүдийн тойм руу оръё.
Энэ удаагийн сонгуулийн санал хураалтын дараа 2008 оны 7 дугаар сарын 1-ний хар өдөр давтагдах вий гэх болгоомжлол дээр доргүй бий.
Санал хураалтыг баасан гарагт тааруулж, амралтын өдрүүдийг “нөөцөнд” оруулж ирсэн нь эрхгүй анхаарал татаж буйг улстөр судлаачид хэлж байна. Өмнө нь сонгуулийн санал хураалтын өдөр лхагва гарагт тохиодог байсан бол энэ удаад баасан гарагт явагдах болсон нь анзааралгүй орхихын ч аргагүй юм.
Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын даргын дэлхийн III дайнтай холбоотой үгийнх нь шокноос гараагүй байтал Монгол Улсын иргэн, сөрөг хүчний намын сонгууль хариуцсан албан тушаалтан бусдын гарт амиа алдсан нь олон нийтийг цочирдуулж, улстөрийн нөхцөл байдлыг ээдрээ түвэгтэй байдалд оруулчихаад байгааг хэлэх хэрэгтэй.
Хэрэг гардаг газрын хажууханд МАН-аас нэр дэвшигчид болох УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Даваадалай нарын сонгуулийн сурталчилгаа, уулзалт явагдаж байсныг сумын иргэд хэлж байгаа. Хэдий өрсөлдөгч нам, нэр дэвшигчид ч гэлээ Г.Занданшатарын хувьд одоогоор Хууль тогтоох дээд байгууллагын дарга хэвээр байгаагийн хувиар уулзалт сурталчилгаагаа зогсоогоод амь хохирогчийн амийг аврахын төлөө, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нь тангараг өргөсөн эмч хүний хувиар сумын эмч эмнэлгийн ажилтнуудад дэм болохоор гүйж ирээгүйнх нь төлөө нутгийн иргэд жигшин зэвүүцэж байна.
Үнэхээр ч тэдний уулзалтад ирээгүйн төлөө нэг нь нөгөөгийнхөө аминд хүрчихээд байхад УИХ-ын даргын хувиар Г.Занданшатар, эрх баригч намын бүлгийн даргын ёсоор Д.Тогтохсүрэн нар өдий хүртэл ар гэрийнхэнд нь, нутаг нугийнханд нь, АН-ынханд, цаашлаад нийт монгол түмний өмнө эмгэнэл илэрхийлээд гарч ирэхгүй байгаа нь хүн ёсноос гажуу, жигшим байгааг хэлэхэд илүүдэхгүй биз.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илэрхийлж буй эмгэнэл ч улстөрийн алхмаас хэтэрсэнгүй!!!
Эрх баригч намын даргын хувьд намынх нь нэр дэвшигчийн ухуулагч хүний аминд хүрсэн жигшүүрт үйлдэлд Л.Оюун-Эрдэнэ ч улс төрийн хариуцлага хүлээх учиртай юм.
Намын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Д.Амарбаясгалангийн олон нийтэд зарласанчлан нэр дэвшигч Г.Сайханбаярыг эгүүлэн татах асуудал хуулийн хүрээнд бүрхэг гэдгийг учир мэдэх бүхэн мэднэ.
Түүнийг нэр дэвшигчээс татсан ч хэн нэгнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжгүй. Саналын хуудаст нэр нь хэдийнэ бичигдсэнээс гадна нөхөн нэр дэвшүүлэх хуулийн хугацаа өнгөрсөн.
Сонгуулийн тухай хуульд “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэх заалтыг үндэслэл болгож СЕХ асуудлыг эцэслэх ч хэрхэн эцэслэх нь эргэлзээтэй юм.
Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх, дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй гэсэн заалт бий нь бий.
Тэгэхээр Д.Амарбаясгалангийн мэдэгдэл нь МАН-ын аппарат Г.Сайханбаярыг дэмжиж ажиллахгүй гэсэн утгыг л Ерөнхийлөгчийн чихэнд хүргэсэн юм уу гэмээр аргацаасан харагдаж буйг нуух юун.
Бусдын аминд хүрсэн нөхөр хэдийгээр Г.Сайханбаярын штабтай гэрээ хийн ажиллаж байсан гэх ч хүний аминд хүрэх хүртэл нь өөр хэн нэгэн нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Түүний дараа эрх баригч нам улстөрийн шийдвэрээ гаргасан бол илүү бодитой байх байсан болов уу.
Яарвал даарна гэдэг…