“МАНАН бүлэглэлийн хүч сулраагүй. Гол толгойлогчдыг хамгаалсан хэвээр байгаа” хэмээн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрөгч дөрөвдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсныг уншигчид санаж буй биз.
Үнэхээр ч эл бүлэглэл арилах байтугай өдлөн залуужиж, өт мэт язганах болсныг улстөр гадарлах хэн бүхэн хэлж байгаа юм. Тэр дундаа МАНАН-тай тэмцэнэ гэсэн Л.Оюун-Эрдэнэ өөрөө мөнөөх бүлэглэлийнхээ эзэн болчихсон яваа гэх шүүмж хүчтэй байна.
Эрх баригч намын дарга атлаа боловсон хүчний нөөц дутсан мэт Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө ажиллуулсан гэдгээс эхлээд тэднийг өнөө хэр олон зүйл дээр хамтран ажиллаж буйг нь улстөрийн үйл явдлууд гэрчлэх биз. Тэр АН-д хайртай, эвдрэлцүүлэхгүй гэсэндээ Л.Гантөмөр гэсэн даргатай болгосноо Улаанбаатараас ярьж байна нэвтрүүлгийн үеэр хэлж олон нийтийн нүдийг орой дээр нь гаргасан.
Үнэндээ МАН У.Хүрэлсүхийн Л.Оюун-Эрдэнийн гэж далд хуваагдсан бол АН С.Баярцогтын Х.Баттулгын гэж ил талцаад удаж байгаа. Ямартаа л сонгуулийн гэрээгээ хоёр талцан үзэглэж намын гишүүдээ түнтэгнүүлж байхав.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын бүлэглэл улстөрд өөрсдийн гэсэн гадсаа хатгаж майхнаа босгож чадах эсэхийг шийдэх түүхэн үе гэчихэд тэгтэл хол зөрөхгүй биз. Тэд энэ удаад ялагдвал хэн хэнийх нь карьерт цэг тавигдаж, аль аль хуулийн хаалга татаж мэднэ. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ бүх зүйлээ дэнчинд тавиад ялалт байгуулахгүй бол түүнийг хууль бус БЭТ-үүдийн томилгооноос эхлээд олон хариуцлага нэхсэн асуудал хүлээж байгаа нь үнэн.
Тэр өөрийгөө хамгаалахын тулд ганцаараа бус багаараа, фракциараа ялалт байгуулах учиртай.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн I тойрог буюу есөн мандаттай Архангай Өвөрхангай Баянхонгор аймгийн бүсэд УИХ-ын дарга Г.Занданшатарын дээлийн захыг мушгих байх. Өвөрхангайн гэх бүлэглэл хэт нь түүний хүрээлэлд зугуухнаар орж ирэх тул Ерөнхийлөгчийн дэмжлэгт Г.Сайханбаяр тэргүүтэнг унагахад л энэ тойрог бүхлээрээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын хөлөгт тоглоом болчихлоо гэсэн үг.
Д.Лүндээжанцан Д.Тогтохсүрэн нарын Өвөрхангайн бүлэглэл МАН-ын дотоодод чимээгүйхэн өдөлсөөр байгааг тус намынхан гадарлаж буй биз. Албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтаас яаж ийж хүртдэг, хүртсэн нь өөрсдийн жижигхэн бүлэглэлээ үргэлж тордож өнгөлж ирсэн тэд өмнө нь У.Хүрэлсүхийг тойглож байсан ч энэ удаад Л.Оюун-Эрдэнэд тал засч Д.Тогтохсүрэн Г.Ганболд С.Чинзориг нартаа мандат авч чадсан нь гайхалтай. Г.Тэмүүлэнгийн хувьд Л.Оюун-Эрдэнийн хэвтүүл мэт гүйсээр Ё.Баатарбилэгээ “зайлуулж”, өөрөө үлдсэн эвгүй кадр гэчихэд хатуудсан болохгүй. Намынхан дотроо түрхлэг нь ихэдсэн цэцгэн булчик гэгддэг тэрбээр Г.Сайханбаярыг унагах даалгаврыг авч мандатаа өвөртөлсөн гэх цочирдом хардлагыг тээж яваа. Хэдийгээр энэ нь байж боломгүй хардлага хэдий ч дайснаа дэргэдээсээ хай гэдэг эртний үгийг санаж анхаарчихад гэмгүй л юм. Г.Сайханбаярын рейтинг өнөө хэр өсөхгүй байгаагийн цаана мань эр ч яваа юм билүү, хэн мэдэхэв. Олны үг ортой, олсны үзүүрт үхэр бий гэдэг.
АН дахь Х.Баттулгын гэх дардастай бүхэн Л.Оюун-Эрдэнийнх гэлцэх болоод удаж байгаа. Тэр утгаараа нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Д.Жаргалсайхан А.Адъяасүрэн О.Алтангэрэл нар парламентын босго давж дөнгөвөл МАН-ын даргын кноп гэгдэж буйг энд тэмдэглэхэд илүүдэхгүй биз.
Эл тойрогт ХҮН-аас нэр дэвшиж байгаа загвар өмсөгч О.Билгүүнийг ч Л.Оюун-Эрдэнийн халаасны хүн гэж харагсад олон. Тэрбайтугай, Үндэсний эвслээс горилогч Ц.Дагвадорж ч түүний кнопт тоологдож буйг яалтай. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн удирдлага дор найман жил ажилласан энэ эр Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр нэр дэвшиж байгаа гэх бөгөөд 2020 онд Нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшээд өвдөг шороодсон түүнийг Н.Номтойбаярт дагуулж тавьсан “туршуул” гэх нь бий.
Эвслээс нэр дэвшиж байгаа Э.Содномжамцыг ч улстөр сонирхогчид Л.Оюун-Эрдэнийн хамааралд ойртуулан тэмдэглэж байна. МАН-д шингээж чадаагүй Н.Энхбаярын кноп гэгддэг энэ эр парламентын босго алхвал Н.Номтойбаяраас илүү Л.Оюун-Эрдэнэд ойр түншилж мэдэх л юм.
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын тухайд эрх баригч намын даргаас холдуулж харахад нэгэнт оройтсон дүр. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг гэрийн халад, углааш өмсөөд төв талбайг ганц бүтэн гороолоод огцруулсны үр дүнд Л.Оюун-Эрдэнэ намын тамгаа өвлөсөн байхад түүний гавьяа мартагдана гэж юу байх билээ.
Үүнийг баталж, АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр “Ахын дүү битгий ардын намын цагаан хоолойчны ажлыг хийгээд бай” хэмээн түүнд хандан егөө, доромжийн алин болох үгс шидэлж байв.
Говь-Алтай Завхан Увс Ховдыг хамарсан баруун бүс буюу хоёрдугаар тойргоос Э.Болормааг Л.Оюун-Эрдэнийн кноп гэж харахгүй бол өөр хэнийг тийн харах билээ. Салж сарнихдаа амархан ч эрх ашгийнхаа огтлолцолд бууж өгдөг Д.Амарбаясгаланг ч Л.Оюун-Эрдэнийн дэгээнд өлгөөтэй байгаа гэчихэд хэтийдсэн болохгүй биз. Тэрчлэн АН-аас нэр дэвшигч О.Цогтгэрэл О.Амгаланбаатар Ц.Одонтунгалаг тэргүүтэн дам дарагдах нь зайлбаргүй юм.
Үндэсний эвслээс нэр дэвшигч Ц.Батдорж эрх баригч намын ах нарынхаа буянаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн даргын алба хашиж байсан нөхөр. Түүнийг Ц.Дагвадоржийн нэгэн адил Н.Номтойбаярын гэхээсээ эрх баригч намын түшээ болно гэж үзвэл үнэнд илүү ойр байх болов уу.
Орхон Булган Хөвсгөл аймагт нэр дэвшигчдээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс нүүр буруулаад удаж байгаа талаар намынхан нь шивэр авир хийх болсон. Эл тойрогт АН-аас МАН-ын нууц ноёнтон гэгддэг Х.Баттулга өөрөө өрсөлдөж байгаа. Түүнтэй хамт АН гуншинтай ч МАН-ын гишүүдтэй халаас нэг Г.Мөнгөнхуяг Д.Өсөхбаяр Б.Ариун-Эрдэнэ Х.Эрдэнэбаатар гэхчлэн бөхийн дэвжээнээс улстөрийн тавцан руу чирэгдсэн дүү нар нь бий. АН зүүн бүсийг МАН-д буюу Л.Оюун-Эрдэнэд сулласан гэлцэж буйтай адил МАН эл тойргийг АН-д буюу Х.Баттулгад үлдээгээд зайгаа барьсан гэгдэж байгаа.
Үндэсний эвслээс эл тойрогт нэр дэвшигч Д.Ганболд МАН-ын гишүүнчлэлээс татгалзаагүй байсан үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооны бүртгэлээс хасагдаад байсан. Гэсэн ч тэр нэр дэвшсэн. Эрх баригч намын гишүүнчлэлээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ц.Цэнгэлийн оронд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан түүнийг намаас нь холдуулж харвал хэтэрхий гоомой хэрэг болох биз.
Н.Номтойбаярын багаас нэр дэвшигч Б.Чинзориг ч АН-ын гишүүн С.Ганбаатартай Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй байснаа хожим хасуулсан. Тэр С.Ганбаатар болон түүний цаадтайх Х.Баттулгаас төдийлөн зайтай тоглож чадахгүй л кадр.
Дархан-Уул Сэлэнгэ Төв аймаг бүхий 5-р тойргоос Б.Цогтгэрэл, АН-аас нэр дэвшигч Ц.Туваан, С.Эрдэнэболд тэргүүтэнг Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын хүрээлэлд шингээчихэд алдсан болохгүй. Үндэсний эвслээс нэр дэвшигч Л.Баяртулгын хувьд Сангийн сайд Б.Жавхлантай ойр гэдгийг бүгд мэдэх биз. 2017 онд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр татгалзсан Л.Баяртулгад Б.Жавхлан сайд болсныхоо дараахан Боомтын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьж байсан гэдэг. Тэгэхээр энэ нөхөр эрх ашгийн хатуу хана тулахад Н.Номтойбаяраас нүүр буруулсан байхад олон хүн гайхаад байхгүй биз.
ИЗНН Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг энэ тойрогт түлхэж байна. 2016 оны сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Дархан-Уул аймаг буюу 43 дугаар тойрогт нэр дэвшиж байсан түүнийг спортын садан Х.Баттулгаас алслуулж харах хүн гарахгүй л болов уу.
Дорнод Хэнтий Сүхбаатарын бүсэд Ц.Идэрбат М.Ганхүлэг П.Анужин Л.Соронзонболд нар дээр нэмээд Н.Ганибал Д.Балданг эрх баригч намын даргын хүрээлэлд аваачаад наачихад буруутахгүй.
Үндэсний эвслээс нэр дэвшигч Ч.Эрдэнэбат нүүрсний сонсголын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ зөвлөлийг ахалж ажиллах ёстой хэмээн тал засаж суусан нөхөр.
Дорноговь Говьсүмбэр Дундговь Өмнөговь аймаг бүхий 7-р тойргоос Б.Дэлгэрсайхан Л.Мөнхбаясгалан тэргүүтэн гарцаагүй нэрлэгдэнэ. Гуя дагуулж хүзүү гэгчээр Б.Дэлгэрсайханы дагуулаар Т.Энхтүвшин Г.Мөнхцэцэг нар хэлхээтэй л байна вий. Тэрбайтугай нүүрсний хэргээс болж бүрэн эрхээсээ салан алдсан Н.Наранбаатарыг ч нам дамнасан бүлэглэлд нэрлэдгийг санах хэрэгтэй.
Нийслэлийн 5 тойргийн ихэнхэд Х.Баттулга Х.Нямбаатарын хүмүүс жин дарж байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн хүргэх болно.
Ямартай ч ирэх парламентын өнгө хүссэн ч, эс хүссэн ч Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга нарын сүлэлдсэн нил ягаанд дарагдаж, эл өнгөөрөө нэлээдгүй оныг туулж мэдэх юм. Энэ тохиолдолд Д.Амарбаясгалангийн ноёрхолд цэг тавигдан Хөтөл, Дарханы төмөрлөгт оруулсан гэх нөлөөлөлд нь асуудал үүсээд зогсохгүй, хууль шүүхийн хаалга татаж магадгүй талаар эх сурвалжаас хэлж байна. Тиймээс Х.Баттулгад холбогдох олон асуудлыг гаргаж ирсэн явдлын ард Д.Амарбаясгаланг байж болзошгүй хэмээн намын нөхөд нь үзэж буй бололтой. Түүний рейтинг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш, ялангуяа өөрийн нь төрж өссөн Говь-Алтай аймагт огцом унасан гэх бөгөөд үүнд О.Цогтгэрэл Ц.Одонтунгалаг тэргүүтэнг Х.Баттулгын заавраар шургуухан ажилласан гэлцэж байна. Энэ шуум үнэн бол ойрын өдрүүдэд баруун бүс нэлээд бужигнаантай байх нь гарцаагүй юм.
Үргэлжлэл бий…