Морьд эргэчихлээ. 126 суудлын төлөө 1336 горилогч Монгол Улсыг 18 хоногт гороолно. Хэн ялалт байгуулах вэ гэхээсээ хэний бүлэглэл парламентын хойморт заларч, Засгийн эрхийг атгаж, эрх мэдлийн бялууг ирэх жилүүдэд хүртэх вэ гэдгийг энэ сонгууль шийднэ. Өмнө нь саналын хуудасны булхай, хар машины алдаа зэрэгт ард түмэн анхаардаг байсан бол энэ удаад тэгэх шаардлага гарахгүй. Бүлэглэлүүд өөрсдөө үүндээ анхаарч, нүд чих салгалгүй хянах биз.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ын дарцагт нөхөдтэй улстөрийн өрөг дээр нэг өнгө болон нүүж буйг олон нийтээр харж байна. Өнгөц харахад өстөн мэт дүр эсгэвч үнэндээ үйл явдлын өрнөлүүд тэднийг нэг цул гэдгийг харуулсаар байгааг яалтай билээ. Тэд зарим үед Д.Амарбаясгаланг “ашиглаж”, зарим үед тоглолтын гадна орхиж байх шиг байгаа юм. Тунирхвал Админерал гэх компанийн асуудлыг олны хэсэгт шидэж зулгаалгаад, ахивал хилийн чанад дахь хэвлэлүүдээр нүдэн хэмжээ хязгаарыг нь тааруулаад байна уу гэж хардмаар байгааг хэлэх хэрэгтэй.
Нөгөө талд У.Хүрэлсүхийн фракц бие даан өндийх гэж үзсээр л байна. Аливааг нударгаар шийдчих гээд байдаг Төрийн тэргүүнийг Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ нар хөөрхөн дөнгөчихөөд өөрсдийн үйлд анхаардаг талаар амтай бүхэн ярьдаг болсон. Тэрбайтугай УИХ-ын гишүүн асан Г.Уянга болон түүний гэр бүлийн хүн А.Баатархуяг нарт Ерөнхийлөгчийн үг хэл, үйл хөдлөлийг “хянаж”, “чиглүүлж” байх ажлыг даалгасан юм уу гэмээр өнөөдүүл нь Ерөнхийлөгчийн дэргэдээс алхам холддоггүй гэх хов эрх баригч намын дотоодоос салахаа байсныг энд хэлэхэд илүүдсэн болохгүй биз.
Эл яриаг жиг жуг төдий гэж орхиод үйл явдлын бодит байдал дээр дүгнэлт хийхэд, Ерөнхийлөгчийн гэх тодотголтой горилогчдод хүссэн тойргийг нь хангалттай өгсөн мэт харагдавч үнэн хэрэгтээ хүүхдийг мөхөөлдсөөр хуурсан шиг хөгийн харагдаж буй нь үнэн.
Шинэ цагийн, тэр дундаа сүүлийн 3 жил дотор үүссэн МАНАН гэж болохуйц улстөрийн бүлэглэлийн гол тоглогч Л.Оюун-Эрдэнэ намын нэрийн жагсаалтаас татгалзаж тойрогт нэр дэвшиж байгаа.
Дорнод Сүхбаатар Хэнтийг хамарсан УИХ-ын сонгуулийн 6-р тойрог…
Долоон мандат бүхий эл тойрогт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүлэн, Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, П.Анужин, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, дэд сайд М.Ганхүлэг, MCS-ийн төлөөлөл гэх Л.Соронзонболд нар дэвж яваа. Одоогоор тус тойргийн бүх хэсэгт Л.Оюун-Эрдэнэ нэгээр байгаа мэт судалгаанд харагдаж буй ч үнэндээ энэ нь өөрсдийнх нь өнөөдрийг хүртэл цацаж, түгээж яваа контентийн хэм хэмжээ болохоос дэмжигчдийн уухайн чимээ биш юм. Үлдсэн өдрүүдэд хэн зөв дуугарна, тэр огцом гарч ирэхүйц байгаа нь үнэн.
МАНАН-г устгаж авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй нам харгалзахгүй тэмцэнэ хэмээн индрийн тавцан нүдэж байсан Л.Оюун-Эрдэнийн 5Ш хөтөлбөр нь Т.Бадамжунай гэх ганц капсулыг гадаадад гацсан байхад баривчилгаа нэр дор залж авчирснаар дуусгавар болсон. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудлаар хэнгэрэг дэлдсэн ч өнөөх нь барилдахаасаа таахалзах гээч үгийн тайлбар толь болоод замхарсныг бид мэднэ. Сүүлд Ц.Элбэгдорж гэх дайсантай болсноо зарлаж, С.Зоригийн амиа алдсан хэргээр улстөр хийхийг оролдсон ч шинэ үе хүлээж аваагүй.
Эл тойрогт МАН илүүрхэх бололтой. Нам дамнасан бүлэглэлээр тойргоо хувааж, хаана хэн ялалт байгуулах, хэнийг сул дүрээр явуулахаа хэдийнэ тохирчихсон гэдгийг Л.Оюун-Эрдэнийн тун ойрын эх сурвалжаас хэлж байна. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байсан Ж.Батсуурийг АТГ-т “чөдөрлүүлсэн” гэх бөгөөд үүний хариуд Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаярыг өөртэйгээ тун ойр дүнгээр гаргаж ирэх тохироог хийсэн юм байх. Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Отгонбаяр ах нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөнөөр ажлаа өгсөн. Төрийн ажлаас тойрохоо зуруулчихаад Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга болсон, улмаар аймгийн 80 жилийн ойд зориулан бурхан барих санаачилга гарган сум тус бүрээс 100 сая төгрөгийн хандив нэхсэн дуулиан түүнийх. Эцэст нь Алунгоо эхийн хөшөөг буулгаж суурин дээр нь 2 тэрбум орчим төгрөгөөр хөшөө босгоход ерөнхий ивээн тэтгэгчээр “Ди Жи Фрэйндс”, “Жи Энд Ю Гоулд” компанийн эзэн, “Дарьганга” зочид буудлыг эзэмшигч, алтны гэгдэх Г.Чинтөмөр оролцсон байдаг.
Намын даргын заавал парламентын босго давуулах өөр нэг хүн нь Л.Соронзонболд гэдгийг мөн эх сурвалжаас хэлж байна. М банкны захирал тэрбээр MCS-ийн шинэ төлөөлөл. Ж.Оджаргалын төрсөн эгчийн хүү Б.Тэмүүлэнгийн үүсгэн байгуулсан М банкны захирал Л.Соронзонболд, Жет скүүтер-ийн Г.Дашням нар тойргоос, МҮХАҮТ-ийн дарга Д.Энхтүвшин жагсаалтаар УИХ-д залрах яриа аль эрт хийгдсэн бөгөөд өдгөө зөвхөн түмний нүд хуурах тоглоомын дүрмээ л сахих төдий санал хураалтын өдрийг хүлээж буй гэлцэнэ.
Л.Соронзонболд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсоноор хар пиар нь эхэлсэн гэчихэд хилсдэхгүй биз. УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайханд багагүй хэмжээний мөнгө өгсөнтэй холбоотойгоор гэрчээр дуудагдсан нөхөр гэдгийг олон нийт мэдэх байх.
УИХ-ын гишүүн П.Анужингийн аав Сүхбаатарынх гэдэг утгаар эл тойрогт хуваарилагдсан. Сонгинохайрхан дүүргээс шахагдсан түүнд херо Б.Баатар “гар сунгаж”, намын даргаа дагах хувь оноогдсон ч гэлцэж байгаа.
Дэд сайд М.Ганхүлэгийг шинэ цагийн төлөөлөл нэрийн дор Л.Оюун-Эрдэнэ парламент дахь кнопоороо оруулж ирэхээр зэхсэн гэх мессеж нууц байхаа больсон. Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр сонгогдохтой зэрэгцэн Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдмогцоо МАН-ын Улс Төрийн бодлогын газрын даргаар ажилласан явдлыг нь татаас гэж харахаас өөр яалтай. Тэрчлэн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга болоход Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж, Ерөнхий сайд болсных нь дараа яамдын дэд сайдуудын суудлыг сэлгэн өнгө засаж яваа түүнийг 6-р тойргийн 7 мандатын нэгд зүй ёсоор тооцож байна.
Дорнод аймгийн Засаг даргаар олон жил ажилласан М.Бадамсүрэнгийн талаар сайн гэхээсээ саар түүх их юм. Х.Болорчулуун сайдыг нам дээр нь “даруулж”, урдуур нь гишгэн тийзийг нь өвөртөлсөн гэх түүнийг Н.Алтанхуягийн Засгийн газрын унах болсон шалтгааны нэгээр нэрлэсээр ирсэн. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Н.Алтанхуяг М.Бадамсүрэнг Дорнод аймгийн Засаг даргаар томилох асуудлыг гурван ч удаа буцааж, үүнд нь бухимдсан Н.Номтойбаяр ширээ шаан босч байсан түүх бий.
Дорнод дахь лиценз, газрыг МАК-д харамгүй өгсөн гэдгээрээ М.Бадамсүрэн үргэлж чичлэгдэж ирсэн бөгөөд энэ удаад Л.Оюун-Эрдэнийн багт хөтөлцөн нэр дэвшсэн нь Н.Номтойбаяр Л.Оюун-Эрдэнэ нарын хийсэн тохирооны нэг гэгдэж буйг хэлэх хэрэгтэй.
Тэрчлэн Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсголоор МАК-ийг чихдэж, Н.Номтойбаярыг харлуулах ажиллагаа эрчтэй явагдан Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн бүртгэлээс хассан зэрэг үйл явдлуудын дараа Н.Номтойбаяр нэр дэвшихээр болсон нь Цагаан суваргаар Л.Оюун-Эрдэнэтэй наймаалцсан гэх хардлагыг төрүүлээд байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хувьд битүү морь. Гай ч үгүй, гавьяа ч үгүй нэгэн. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа юу ярьсныг нь монголын ард түмнээс, юу бүтээснийг нь тойргийнхноос нь асуувал мэдэх нэгэн гарахгүй гэчихэд алдахгүй биз. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж түүний оронд нөхөн сонгуулиар парламентын босго давсан тэрбээр Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллахдаа 22 сая төгрөгийн орлоготой байсан бол УИХ-ын гишүүн болоод 132 сая төгрөгөөр тоологдох орлоготой болсныг нь Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.
АН-аас эл тойргийг эрх баригчдад сул хаяж өгсөн хэмээн улстөр сонирхогчид дүгнэж байгаа. Ж.Батсуурийг “чөдөрлөж”, АПУ-гийн П.Батчимэгийг намын нэрийн жагсаалтын хойгуур шидэнгээ Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан, Ш.Бямбасүрэн, Д.Балдан, Э.Төмөрбаатар, Ш.Батдэлгэр нарыг сул хаяж өгсөн юм байх. Ингээд зогсохгүй тэдэнд зориулсан хамаг хар мэдээллийг сурталчилгааны хоёр дахь хагасаас санал хураалт хүртэл тасралтгүй цацах тактик барьсан гэдгийг эх сурвалжаас хэлж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибалын хувьд санал хураалтын өмнө Н.Номтойбаяр шиг баривчлагдаж ч мэднэ гэх цочирдом шуум өнөөдрөөс эрчтэй тархчихлаа. Тэрбээр Сүхбаатар аймагт Даймонд нэртэй орон сууцны хороолол бариулсан гэх бөгөөд өөрийг нь дэмждэг Г.Чинтөмөр хамтран босгосон гэлцдэг 16 давхар Дарьганга нэрт зочид буудлын газрын асуудал болон Аймгийн захиргааны хоёрдугаар байр нэрээр төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө гаргуулсан байж болзошгүй зэрэг асуудлаар сонгогдох уу, шалгагдах уу гэдэгтээ тулж мэдэх гэнэ. Түүний эл бүгдийг эртнээс тооцож мандат өгсөн, үүнд намынх нь дарга Лу.Гантөмөр ч оролцоотой хэмээн АН-ынхан шивэр авир хийгээд эхэлснийг анзаарахгүй өнгөрөөж болохгүй юм.
Т.Пүрэвхатаны тухайд газрын асуудлаар шалгагдаж байсан нэгэн тул эрх баригч намын нэр дэвшигчдийн хувьд эмээгээд байх өрсөлдөгч нь биш. Түүний хувьд газрын наймаачин гэх чичлэлт хэдийнэ цахим орчинд сэвэгдээд юун сонгуультай мантай болж байх шиг байна. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Ж.Оюунбаатар хоёртой ханьсан нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Өнгөрсөн онд Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дэд даргаар томилогдож байсан ч улстөрийн карьер нь төдийлөн хол явахааргүй цэг тавигдах бололтой.
Д.Балдангийн хувьд босгосон бизнес нь төрөөс тендер авсаар “10 хувийн” хочит Ц.Даваасүрэнгийн нэгэн адил нөхөр боллоо гэх шүүмжлэлийг дагуулсаар ирсэн кадр. Улстөрийн аль нэг бүлэг фракцид хамааралгүй гэдэг ч Л.Оюун-Эрдэнэ, Н.Ганибал нарын дэмжлэгээр энэ хүрч явааг нь улстөрийн хүрээнийхэн андахгүй. Тиймээс ч Н.Ганибалыг давж Д.Балдан парламентч болно гэвэл мянгуужингийн үлгэр гэлцэж байна.
Ш.Батдэлгэрийн тухайд МАХН-ын угшилтай ч 2020 онд АН-аас ИТХ-д нэр дэвшин сонгогдсоноор энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан. Нутгийн уугуул тэрбээр төрийн өмчит олон компанийн даргаар ажиллаж байхдаа мөнгө завшаад гадаадад зугтаж байсан гэгддэг бөгөөд МАН-ынхан түүний сул тал дээр тоглох тактикаа хэдийнэ боловсруулчихсан гэгдэж байгаа юм.
Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга Э.Төмөрбаатар 2012 оны сонгуулийн дараагаас Н.Алтанхуягийн Ажлын албанд зөвлөх, Нүүрс хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн нөхөр. 2014 онд Н.Алтанхуягийн фракцийнхан Нүүрс хөтөлбөрийн 13.6 тэрбум төгрөгийн асуудлаар саатуулагдахад Э.Төмөрбаатар ч баривчлагдан зургаан сар хоригдоод суллагдаж байв. Улмаар үргэлжлүүлэн зургаан жил байцаагдаж, 2021 онд хэрэг нь хэрэгсэхгүй болсон нэгэн. Хэдий түүнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон ч хуулийн байгууллагад данстай намтар нь АН-аас МАН-д сул хаяж өгсөн мандатын нэг гэгдээд байгаа.
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр агсны хүү Ш.Бямбасүрэн АН-аас энэ тойрогт рейтинг өндөртэй, боломжит дүрээр нэрлэгдэж байна. Гэхдээ Адуун чулууны уурхайгаар нь дэгээдэх гогцоог аль хэдийнэ бэлдсэн гэх мэдээллийг эх сурвалжаас хэлж байна.
ХҮН-аас эл тойрогт дөрвөн хүн сойсон. Тус намын нарийн бичгийн дарга Д.Энхбаярын тухайд Хас банкинд борлуулалтын менежерээр ажлын гараагаа эхэлж, 2016 оноос Шинэ гэр түншлэл ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллан, 2020 оноос ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй сулхан өрсөлдөгч.
Нэр дэвшигч Л.Лхагвасүрэнгийн хувьд АНУ-д суралцаж байсан гэдгээрээ Л.Оюун-Эрдэнэтэй нэлээд ойр гэлцэж байна. АНУ-д сурч, амьдарч байсан тэрбээр 2012 оноос Дорнод аймгийн Мэнэнгийн талд суурьшин, Канад технологиор 380 орчим метр квадрат талбайтай угсармал байшин барьсан. Хүүхдүүд нь дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж мастер, доктор хамгаалсан бөгөөд эх орондоо аж төрдөг гэх энэ эрийг Н.Ганибалыг түлхсэн орон зайд оруулж ирэх сонирхол эрх баригч намын даргад бий гэж байгаа юм.
Ийм байдлаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн зүүн бүсэд ард түмний сонголт гэхээс илүүтэй нам дамнасан бүлэглэлүүдийн тохироогоор МАН илүүрхэх чиг хандлагатай байгаа гэдгийг эх сурвалжаас хэлж байна. Зөвхөн зүүн гэлтгүй аль ч бүс, тойрогт бүлэглэлүүдийн тохироо хэдийнэ хийгдсэн тул элдэв суртал ухуулга гэхээсээ чамин гоё зураг хөрөгтэй постеруудаа л өглөө үдэшгүй үнэ хайрлалгүй цац гэсэн мессежийг толгой улстөрчдөөс нь өгч буй юм байх.
Гэхдээ өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг хойно мандат өвөртөлсөн нэр дор “өгөөш” болон шидэгдсэн нөхөд үйл явдлын өрнөл, өөр рүү нь шидсэн чулууг ажиглаад чимээ аниргүй сууна гэдэг юу л бол…
Үргэлжлэл бий…