АТГ-ын босго давалгүй “буцах” нэрсийн сургаар АН дахин зодолдох вий

АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтын зурагласан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн намын нэрийн жагсаалт өдгөө ч шүүмжлэл дагуулж, улстөрийн хоёр дахь хүчний оршин тогтнох сууринд цав суулгасаар байна.

Лу.Гантөмөр намын нэрийн жагсаалтаа өнгөлөөд тогтохгүй үүнийгээ “Залуучуудыг жагсаалтад дээгүүр оруулахыг гишүүд хүссэн. АН залуучуудаа гаргаж ирэхгүй бол дараа үе тасрах учраас зарим залуусыг дээгүүр бичсэн” хэмээн С.Цэнгүүнийг жагсаалтын дөрөвт оруулсантайгаа хамтатган тайлбарлах гээд түмний доог тохуу болж явна.

С.Цэнгүүнээс бусад нь залуу үеийн төлөөлөл мөн үү?!

Л.Гантөмөрөөс өөрөөс нь авахуулаад ач зээгээ үнэрлэх цаг нь ирсэн эмээ өвөө нар байхад хэнийгээ ч хуурах аядаж буй юм. Намын дарга гэх нэршлээс өөр юу ч үгүй тэрбээр энэ удаагийн сонгуулийн менежер биш. Тэр өөрийнхөө нэрийг намын нэрийн жагсаалтын 48-д эрэмбэлсэн бол ГОЁ байх байв. Ингэсэн бол тэр намын ялалтынхаа төлөө бүх зүйлээ шавхан ажиллах байсан байх.

Тэрчлэн АН-ын жагсаалтыг өнгөлж, эмэгтэйчүүдээ тэргүүлэх хүнээр С.Одонтуяаг нэрлэсэн нь гутамшиг юм. 2012, 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, парламентад заларсан эл эрхэм яг юу хийсэн юм бол. Тэр тойрогт зүтгээд эмэгтэйчүүдээ З.Нарантуяа, хуульч Р.Булгамаа нараар эхлэн дугаарласан бол энэ нам нам шиг харагдах байсан байж мэднэ.

Тэрчлэн жагсаалтын гуравт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл нэр дор Х.Баттулгын кнопын тоонд зүй ёсоор тоологдох жүжигчин Ж.Баясгаланг тахьсан нь жинхэнэ залуусынхаа боломж бололцоог утгаар нь хаасан харагдаж байгаа юм. 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн, мөнгөтэй, нэртэй, амбицтай түүнийг даагаа нэх гээд тойрог руу илгээсэн бол хангалттай нэг суудалтай орж ирэх байв… Тэгэхээр Ж.Баясгалангаас гадна АПУ-гийн П.Батчимэг 12 дугаарт, “М-Ойл”-ын Б.Пунсалмааг 10 дугаарт, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл гэгдэх Г.Очирбатыг 13-т эрэмбэлсэн нь намын бодлого шийдлээр бус мөнгөн өргөлийн тоо өртгөөр жагсаасан юм уу гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгааг хэлэх хэрэгтэй.

АН-ын жагсаалтын тавд эрэмбэлэгдсэн Ө.Шижир Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх сүүлийн жил Тамгын газрын нь даргын албыг хашиж хань болсон эр. Улмаар 2022 онд Х.Баттулга Ө.Шижирийг АН-ын Тэргүүн дэд дарга болгож, дараа нь АН-ын дарга болгох гэж зүтгүүлээд бүтэлгүйтэж байв.

Ер нь Х.Баттулгын гэх баг-аас Э.Одбаяр намын нэрийн жагсаалтын 11-д багтсан. С.Эрдэнийн дэмээр улстөрд орж, албан тушаал амталж явсан ч Х.Баттулгын дэргэд очоод багагүй хугацааг өнгөрөөж буй нөхөр. Жагсаалтын 16-д бичигдсэн К.Жандос, 24 дэх Д.Нүрзэд, Б.Болор-Эрдэнэ тэргүүтэнг мөн Х.Баттулгын фракцид шингээн тоолж болох юм.

Ө.Шижирийн шилэн хүзүүнд жагссан Ж.Баярмаагийн тухайд 70-аад оныхон нийлж бий болгосон “Од” фракцийнх. Улстөрийн намууд бүх шатны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг барьж ажиллах ёстой гэдгийг байнга сануулсаар ирсэн бөгөөд үүний ачаар АН-ын дэд дарга, өдгөө намын нэрийн жагсаалтын 6-д бичигдэж дөнгөлөө. Энэ хүртэл явахад нь АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтын дэмжлэг их байсан гэлцдэг.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн тухайд тойрогтоо очих нүүргүйгээс намын нэрийн жагсаалтыг мөнгө цохиж авлаа хэмээн хатуухан шүүмж сонсоод байгаа. Уг нь “Юу ч болж байсан дэвшинэ, хоригдохоос, хорихоос, хууль хяналтын байгууллагаас айхгүй” хэмээж байсан ч эцэст нь амиа хамхиад намын нэрийн жагсаалтад шингэчихсэн харагдана.  Сүхбаатар аймгийн удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалган, цагдан хорьсон. Үүнд Ж.Батсуурийг холбоотой гэхээс гадна нүүрсний хэрэгт ч нэрлээд байгаа юм. Тиймээс дархан эрхийн төлөө буй бүгдээ тавиад урдуур жагссан гэх хардлага хүчтэй байна.  

Түүний араас С.Эрдэнийн түлхүүр болох Д.Энхтуяагийн нэр орж ирж. Бизнесийн хамтрагчид гэгддэг түүний улстөрийн замыг нь яах аргагүй С.Эрдэнэ засаж, өрж явааг улстөрийн хүрээнийхэн андахгүй.

Алдарт есдүгээр жагсаалт буюу Ерөнхий сайд гэсэн утга бүхий эрэмбэ хэмээн АН-ын зарим гишүүн тайлбарлаж буй эл тоон дээр С.Баярцогт өөрийгөө биччихсэн байгаа. Х.Тэмүүжин үү, С.Баярцогт уу гэх халзагналын цаана С.Баярцогт дараагийн Ерөнхий сайд биш ч УИХ-ын дарга болох тохироо хийгдсэн гэлцэж байна.

Тэрбээр У.Хүрэлсүх Х.Баттулга нарын дундын зуучлалыг нэлээдгүй сайн хийж, улмаар сонгуульд Женкогийн төлөөллийг олноор нь багтаасан гэгдэж байгаа.

Жагсаалт худалдаж авсан гэгдэх нөхдийн нэгд Б.Пунсалмаа нэрлэгдэж байна. 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд ялагдал хүлээж байсан тэрбээр энэ удаад намын нэрийн жагсаалтыг илүүд үзэж.

Ийнхүү бүлэглэл болоод бэлэн мөнгөний өмнүүр жин дарж чадаагүй М.Чимэддорж жагсаалтын 33 дугаарт, П.Нүрзэд 23 дугаарт, Б.Ган-Очир 27 дугаарт, Л.Отгонцэцэг 38 дугаарт эрэмбэлэгдснээ чамалж нэрээ татна гэдгээ мэдэгдсэн.  

Тэдний дундуур Р.Амаржаргалаас гадна Э.Галбадрал багтсаныг олон нийт төдийлөн анзаараагүй байх. АН-ын жагсаалтын 21-т бичигдсэн тэрбээр Ц.Элбэгдоржийн нутгийн дүү гэдгээрээ улстөрийн хүрээнийхний анхаарлыг татаад байгаа. Тэрчлэн Дүнжингаравын ойр болсон газын дэлбэрэлтэд жийптэйгээ өртөж, Бээжинд эмчилгээ хийлгээд ирсэн гэдгийг нь тодотгоход илүүдсэн болохгүй биз. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан найман жилдээ Э.Галбадралыг “Мон-Атом” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн орлогч захирлаар тус тус томилуулж байсан байдаг.

Мөн намын нэрийн жагсаалтын 15-д бичигдсэн А.Ганбаатарыг Ц.Элбэгдоржгүйгээр төсөөлнө гэвэл олон түмнээр доог тохуу хийх биз. Нэгэн үе Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр Лу.Гантөмөртэй хамт “Нэг ардчилал” клубыг байгуулж байсан.

Ийнхүү намын бодлого гэхээсээ бүлэглэлүүдийн явцуу эрх ашигт чөдөрлөгдсөн нөхөд АН-ын нэрийн жагсаалтад багтсан байгаа юм. Тэр дунд, ялангуяа эхний 10-т тойрогт өрсөлдөн намдаа ч, өөртөө ч суудал олоод ирж чадах кадрууд бичигдсэн байгаа нь хайран.

Тэднийг тойрогт илгээх, мөн жагсаалтаа чамлан намаас гарахаа мэдэгдсэн хэд хэдэн нөхдийн оронд хүнээ зоохоор зарим нэг бүлэглэл хөдлөөд эхэлж. Учир нь АТГ-аас ганц нэг нэр бүхий нөхдөд тээг тавих таагүй мэдээлэл дуулдаад эхэлсэн гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Орчуулах »