АН-д гүн эмгэнэл илэрхийлэх цаг болсон бололтой. Монголд ардчилал бөхөөгүй ч Ардчилсан нам улстөрийн тавцангаас аль хэдийнэ арчигдчихаад, эд зүйлдээ хоргодчихсон сүнс шиг зовиуртай оршин тогтнож байгааг харж байна. Дотоод хэрүүлээ ардчилал гэж эндүүрдэг эл намын гишүүд нэгэн дээвэр дор, нэг үзэл санаанд чөдөрлөгдөж чадахааргүй болж, газар газрын галзуучуудын цугларалт шиг болсныг хэлэх хэрэгтэй.
Хоёр ч шатны сонгууль дамнан хагаралдаж, хэмлэлдсэн АН-ынхан намын нэрийн жагсаалтын 9-д хэнийг бичихээ өнөө хэр эцэслэж чадсангүй. Л.Гантөмөр гэх албан ёсны даргатай болсны дараах УИХ-ын сонгуулийн өмнөх өнөөгийн дүр зураг нь эл намд итгэл үзүүлээд юу ч хүлээлтгүй гэдгийг хангалттай харуулж байна.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр АН-аас гурван тогтоол ирсэн гэж байгаа. Л.Гантөмөрийн гарын үсэгтэй тогтоолоос гадна АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, хуульч Д.Оросоо нар хоёр тогтоол хүргүүлсэн байгаа юм. Тогтоолууд жагсаалтын есдүгээрт АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Х.Тэмүүжин гэсэн хоёр өөр нэртэй байгаагаараа ялгаатай.
Уг нь Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн мэдээллийг хүлээн авч дууссан. Гэвч АН-аас ирүүлсэн гурван тогтоолын хүрээнд тодруулга тайлбар авах шаардлага үүссэн төдийгүй цаашлаад шүүхийн шатанд асуудлыг эцэслэж болзошгүй нөхцөл бий болсон талаар СЕХ нь мэдээлнэ билээ.
Хууль бол хууль.
Сонгуулийн ерөнхий хороо ч, АН ч анхнаасаа хуулиа чанд хатуу мөрдөж байж шударга сонгууль ярих хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хороонд АН-аас тайлбар тодруулга аван барин улцагнах шаардлага байсан уу, ер нь…?! Хуулийн заалтаа бариад АН-ыг тэр чигт нь чагталчихаад урагшлахад хэн юу саад болно гэж. Бусад жижиг намуудаас ийм асуудал үүссэн бол аль хэдийнэ үүдээ бариад халгаахгүй нь үнэн шүү дээ. Ер нь ч Хууль тогтоох дээд байгууллагын сонгуульт ажилд өрсөлдөх улстөрийн нам хууль тогтоомжийг ингэтэл уландаа гишгэчихээд сонгуульд оролцох тухай ярина гэдэг ард түмнийг хэтэрхий басамжилсан, доромжилсон явдал юм.
Ийм нам, ийм намын гишүүд парламентад ороод Хууль тогтоох гээд сууна гэдэгт итгэвэл хэтэрхий гэнэн, тэнэг иргэдтэй улс болох биз! Тиймээс Ардчилал нэр дор цугласан анархистуудын цагийг энэ хүргээд зогсоох нь түмэн зөв юм.
Харин энэ зуурт улстөрийн гуравдагч хүчин жинтэйхэн шиг хүч түрж, эл намын орон зайд зоригтойхон ороод ирвэл ГОЁ. Үүнээс илүү боломж, үүнээс илүү тохироо бүрдэнэ гэж юу байх билээ.
Н.Номтойбаярын тэргүүлсэн эвслийг эл орон зайг нөхөж мэднэ хэмээн улстөрийн хүрээнийхэн таамаглаж буй ч харамсалтай нь пиарчдынх нь чадвар, сүйхээ үнэхээр дутуу юм. МАН-ын нэр хүнд шалаар нэг болж, АН-ынхан алингаа алдсан энэ өдрүүдэд тэд сураг ажиг ч үгүй байгаа нь өрөвдмөөр. Ийм сүр сүлдгүй, дорой буурай хүчин тэгтэл хол явалгүйгээр ингэж тэгсхийгээд унтарсан нь ч зөв байж мэдэх…
Найман жил засаглахдаа ард түмний амьдралыг улны доогуур гишгэгдтэл унагасан МАН-ын хувьд энэ удаагийн сонгууль амаргүй байх нь үнэн. Тиймдээ ч АН-ыг бужигнуулж, хүчийг нь тарамдуулах чулууг шидсээр ирсэн гэгддэг ч шидсэн чулуу бүрийг үмхэж зодолдох нь АН-ын л арчаагүйнх.
Н.Номтойбаярын тухайд Л.Оюун-Эрдэнэ Л.Гантөмөр нарыг тойрогт халзагнахыг уриалж, өөрийнхөө пиарыг өчүүхэн өсгөхөөс хэтрэхгүй байгаа нь хайран. Тэр уг нь ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ гэх сүрдэм нэрт эвслийн тэргүүн. Харамсалтай нь, улстөрийн хоёр том нам хүчний нэр хүнд ингэтэл унасан байхад хаа нэг гийнахаас өөр чимээгүй байгаад нь түүнд итгэж ирсэн эвсэл холбоодын итгэл алдарч, зарим нэг нь төрхөмдөө буцах дуулдаад эхлэв.
Арга ч үгүй биз.
Монголын улстөрийн тавцанд хүч түрэн орж ирэх үүд хаалга ингэтэл нээгдчихээд байхад хонины хашин зээрд шиг гэлдчих Н.Номтойбаярт хэн ч итгээ билээ.
Шударга, шийдэмгий, хэний ч өмнөөс үгээ хэлчихдэг, хэлмэгдэж шоронд хоригдсон гэх хувь хүний характераар тэр 1000 хүн татсан байж болох ч нэг сая сонгогчийг татна гэдэг тоглоом биш юм.
Түүний тэргүүлсэн эвслийн нонж дорой эл байдал сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх, УИХ-д бүлэг байгуулах хэмжээний стратеги, улстөр хийж чадна гэдэг юу л бол.
Уг нь шийртэй эцгийн шийдвэртэйхэн эрсэд хичнээн бол хичнээн жилээр нь эрх барих тугаа хатгахад бүх тохироо нь бүрдэж, буух хөрс нь зөөлөрсөн даанч таатай цаг үе санж.