Л.Оюун-Эрдэнэ харагдах өнгөндөө харц дээгүүр мэт боловч үнэндээ хамгийн их айдастай явна. Намын нэрийн жагсаалтын эхний арав дахь эрдэмтэн судлаач, инженерүүдийн дийлэнх хувь Ерөнхий сайдын кнопчид гэх мэдээлэл МАН-ын дотоодод эрчтэй тархаж Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд, Д.Сумъяабазар тэргүүлэн эвсэж, хор найруулж эхэлсэн талаар намынхан шуугиад эхэллээ. Үүнд Д.Амарбаясгалан ч нэгдсэн гэлцэж байна.
Эрчүүдийн тоглоом хатуу.
Тэд жагсаалтыг, тойргийн мандаттай нь эвдэж чадна гэдгээ Л.Оюун-Эрдэнэд харуулахаар эрс шийдсэн тул бүх нийтийн амралтын өдрийг ч алгасалгүй уулзалдаад эхэлж.
Үнэндээ зургадугаар сарын 10-ныг хүртэл улстөрийн намуудад ямар ч эргэлт гарч, хэн ч нэр дэвшиж, бас хасагдах боломжтой.
Хуульд 2024.05.20-ны 00.00 цаг гэхэд улстөрийн намууд горилогчдоо тодруулна гэж зааснаар МАН, АН-ынхан шөнө хугаслан хуралдаж, уйлаан майлаандаа тулсан ч зарласан нэрс эцсийнх биш гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнэ намынхаа Удирдах зөвлөлд Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд нарыг нэр дэвшүүлэхгүй, сайд УИХ-ын гишүүдийг жагсаалтад багтаахгүй гэснээр тус намын хурал нэлээдгүй сунжруулсан. Гэхдээ энэ нь намын нэрийн жагсаалтаас Д.Амарбаясгалангийн чиргүүлүүдийг аль болох шахах, цаг хожих гэсэн тактик байсан гэдгийг эх сурвалжаас хэлж байна.
Тэрбээр Д.Амарбаясгаланд сөрсөн базаа хийх боломжийг аль болох бага олгох, Бага хурлыг цаг тулган хуралдуулах зэргээр нэлээд тактик барьсан юм байх. Эцэстээ Удирдах зөвлөлийн түвшинд бужигнуулж, Бага хурал дээр ханцуйлж орсон нэрсээ танилцуулах төдий л хугацаа үлдээсэн. Хуульд заасан хугацаа тулчихлаа, СЕХ-нд нэрсээ хүргүүлэхгүй бол намаараа баларлаа гэсээр бүх зүйл зарлагдсаны маргааш эргээд харахад Д.Амарбаясгалангийн хүрээлэл тойрог болоод намын нэрийн жагсаалтад тун бага хэмжээг эзэлж, харин Л.Оюун-Эрдэнийн кнопчид жагсаалтыг тэргүүлчихсэн юм байх.
Ингэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тойргийн мандатын ихэнх хувьд, Л.Оюун-Эрдэнэ намын нэрийн жагсаалтын олонхид гэсэн харьцаагаар хуваарилалт хийгдчихсэн байгаа нь мань Л.Оюун-Эрдэнэ Хүкийгээ ч хөнгөхөөн залилчихсан харагдаж буй юм. Үнэндээ У.Хүрэлсүхийн хүрээллээс жагсаалтад бага байгаа нь түүнийг ч алгуураар шахах бодлого явагдаж гэдгийг улстөр сонирхогчид хэлж байна. Үнэхээр ч У.Хүрэлсүхээс өөрөөс нь өөр хэн ч танихгүй зөвлөхүүдэд нь тойрогт өрсөлдөх мандат олгосон байгаа нь нүглийн нүдийг гурилаар хуурсантай ижил буюу У.Хүрэлсүхийн хүрээллийнхэн тойргоос ч, жагсаалтаас ч парламентад орж ирэх магадлал тун бага гэсэн үг.
Ийм хөгийн бөгөөд хогийн санаа херо, амундра тэргүүтнээс л гарна гэж үзсэн намынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна.
Тиймээс нэр дэвшигчдийн нэрсийг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргэсэн ч дундуур нь хичнээн бол хичнээнийг сольж, татуулж болно хэмээн бүлэглэлүүд үзээд ийн хөдлөөд эхэлсэн юм байх.
Нэр дэвшигчид 2024.05.23 дотор АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлж, АТГ маргааш нь СЕХ-нд горилогчдын лавлагааг хүргүүлэх учиртай. Мөн нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх эрхзүйн зохицуулалт бий. Ингээд 2024.06.01-н гэхэд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Гэхдээ нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх боломж бас хуулинд бий. Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно гэсэн үг. Тэрбайтугай 2024.06.03-наас өмнө нэр дэвшигчийн нэрийг ч солих боломжтой байгаа.
Гэхдээ горилогч нас барсан эсвэл ял шийтгүүлсэн бол…
2012 оны сонгуульд нэр дэвших эрхээ өвөртлөөд байсан Ц.Анандбазарыг хуулийн байгууллагынхан саатуулсан шиг ажиллагаа энэ удаад давтагдахгүй гэх баталгаа байхгүй.
Одоогоор УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ц.Нямдоржийн хүү Анхбаяр нарт Элчин сайдын суудал амласан бол Д.Сумъяабазарыг “цавчаа ногоо”-ноос мултална хэмээн тохиролцсон мэдээлэл хэвлэлийн хуудсуудыг дүүргэж байна. Д.Сумъяабазарын тухайд ногооноос “нус”-гүй салахын зэрэгцээ нэр дэвших амлалтыг Л.Оюун-Эрдэнээс аваад нийслэлийн намын хорооны тамгыг Х.Нямбаатарт өгсөн гэж байгаа. Гэвч тэр хэлсэн ярьсандаа хүрээгүйгээр үл барам Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын нам дамнасан бүлэглэл гэгддэг нөхдийг нэр дэвшүүлэхээр зарласан нь Д.Сумъяабазараас авахуулаад элчин нэр дор улстөрийн карьертаа цэг тавиулж буй эрхмүүдийн эгдүүг хүргээд авч.
Уг нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын цөөн хүрээнд дараагийн Засгийн газрыг зураглаж, ингэхдээ Д.Амарбаясгалангаас намын ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг салгаж Я.Содбаатарт өгөх тохироо ч багтсан гэгдэж байсан. Харамсалтай нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч нөгөө хоёртоо муриулсан байгааг саяын нэр дэвшилтийн байдлаас олон нийт дүгнэж байна. Жагсаалтын эхний 15-д түүний гэх хүн бараг үгүй бөгөөд тойргийн мандат атгасан хэдээс нь ч сонгогдох магадлалт нөхөд ховор байгаа нь үнэн юм. Тэгэхээр шинэ парламентад Ерөнхийлөгчийг түшиж тулах түшээд байхгүйн дээр хуучин хүрээллийн хэдэн хөгшчүүл нь элчин нэрээр гадагш “цөлөгдчихсөн” байж мэдэхээр байна. Тэр шалдан ноён, нүцгэн бэрсээс өөрцгүй болж мэдэх цаг айсуй…
Х.Баттулгын хувьд МАН-д төдийгүй АН-д ч том тоглогч гэдгээ харуулсаар байна.
Тэр У.Хүрэлсүхтэй ойлголцсон мэт хуурмаг тоглолтыг эртнээс маш сайн хийж Ц.Элбэгдоржийг эрх баригчдын сүрээр далайлгасаар Л.Гантөмөрийг бүлэглэлүүдийн дунд шидэж өгөөд С.Баярцогтыг хашааны гадна гаргаад хаячихлаа.
Найман жил төрийн эрхэнд жаалахдаа гадна дотны хөрөнгө оруулагчдыг үргээж, олон зуун аж ахуйн нэгжийг үүд хаалгаа хаахад хүргэсэн МАН-аас олон нийт залхаж тэд л биш бол гэсэн түвэгшээлтээр хэнийг ч дугуйлахад бэлэн байгаа. Энэ завшааныг АН ашиглах боломж бүрэн байсан ч унхиагүй даргатайн уршгаар өөрсдөө тарахдаа тулчихлаа.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй хэмээн мэдэгдэж байсан Х.Баттулга Хөвсгөл, Булган, Орхоны дөрөвдүгээр тойргоос нэр дэвшихээр болсон төдийгүй тойргийн мандат, намын нэрийн жагсаалтад нэлээд жин дарахуйц хэмжээг өөрийн болгож чадлаа. Намын нэрийн жагсаалтын 3-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой гэгдэх Ж.Баясгалан, 5-д бичигдсэн Ө.Шижир зэргээр Х.Баттулгын баг эхэлж буй атлаа Ц.Жадамбаа, З.Нарантуяа, Г.Уянга, Н.Галиндэв гэхчлэн мөн л түүний багийн нөхдөөр нэрээ татагчдын цуваа хөвөрч байна.
Тэд нэрээ татахын хэрээр экс Ерөнхийлөгчийн арми зузаарч хүн нэмэгдэнэ гэлцэж байгаа. Тухайлбал, Ц.Жадамбаа нэрээ татахад Ж.Баттуул орж ирэх жишээний.
Улмаар АН дотроосоо хагарах ажиллагаа өмнөх сонгуулиудаар эрчимжиж, үр дүнд нь МАН ялалт байгуулдаг жишиг ч энэ удаад давтагдах нь. Учир нь, МАН-д мөн л жагсаалтын эхний 15-д нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хясаанд нуусан сувд шиг кнопууд орж ирж буй бололтой.