Энэ удаагийн сонгууль нам, улстөрчдийн дунд биш бүлэглэлүүдийн хооронд явагдах нь тодорхой болж. Ирэх дөрвөн жил аль нам засаглах вэ биш хэний бүлэглэл төрийн эрх мэдлийг атгах вэ гэдгийг шийдвэрлэх нь.
МАН-д Л.Оюун-Эрдэнэ дарга шиг дарга байхыг хүсэвч У.Хүрэлсүхийн зангаргийг давж чадахгүй хэвээр байна. Тиймээс тус намын Бага хурал үүр цайлгах алдав.
Удирдах зөвлөлийн 36 гишүүний олонх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдэлд байхад өөртэйгээ нийлээд тавуулхнаа тоологдох Л.Оюун-Эрдэнэ хэр хол тэлчилж чадах билээ.
Генсек Д.Амарбаясгалангийн хувьд эрх мэдлийн хүрээ хумигдаж Ц.Чулуунзагд, А.Ариунзаяа, С.Амарсайхан, Ц.Мөнхцэцэг нараас хэтрэхгүй, нөгөөдүүлийнх нь нам доторх үнэлэмж шалаар нэг болчихсон энэ үед гөлөг гаслах дайд тоож сонсохгүй нь үнэн биз. Тэр энэ сонгуулиар буй бүгдээрээ дэнчин тавиад ялалт байгуулахгүй л бол бүлэглэлүүдийн дунд тэлээ хурга шиг барьцгүй байсныхаа горыг бүтэн амсахаар харагдаж байна.
Н.Энхбаярын гэгдэх Б.Тулга, Э.Батшугар, П.Баттөр, Н.Уламбаяр тэргүүтэн хэзээнээсээ хоноцын төдийхөн сул байгаа. Нэр дэвшигчдийг тодруулах Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа Бадамжунайгийн охин Оюунбилэг аль талд санал өгөх нь тэртэй тэргүй ойлгомжтой асуудал юм.
Удирдах зөвлөлөөр сайд, УИХ-ын гишүүдийг намын нэрийн жагсаалтад оруулахгүй байх, Ч.Хүрэлбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Д.Сумъяабазар нарт мандат олгохгүй байхаар тооцсон намын даргын хар зураг намын дотоодод түймэр дэгдээв. Шударга ёсны тэмцэл өрнүүлж, нэр муутнуудтайгаа цаашид нэг зам дээр зогсохгүй гэсэн зарчмын шаардлага барина хэмээн Л.Оюун-Эрдэнэ хар зургаа хамгаалахыг оролдсон ч хар зургийн схем өөрийнх нь чиг шугам бус, Баянгол зочид буудлын өрөөнд зурагдсан бусдын захиалга гэх хардлагатай тулж түймэр дэгдэх шиг болсон.
Улмаар фракцуудынхаа дайралтыг давж чадалгүй Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар нарт алгадуулангаа алдаж эцэст нь Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нарт тийз олголгүйгээр асуудлын ард гарав бололтой. Тэднийг боомилох атлаа өөрийн болоод Х.Баттулгын бүлэглэлийн гэгддэг “10 хувийн” Ц.Даваасүрэн, Соёлын сайд Ч.Номин нарт гар татаагүй нь намынханд нь таалагдсангүй.
Л.Оюун-Эрдэнэ тойрогт өрсөлдөж, намынхаа нэрийн жагсаалтыг инженер залуугаар гоёж далбаан дор нь хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир, Шарк Д.Энхтүвшин, А.Ариунзаяа нарыг чихсэн нь гуя дагаж хүзүү гээч боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намаас түдгэлзсэн ч намын нэрийн жагсаалт болон тойрогт нэр дэвшигчдийн мандатад нэлээн жин дарж оролцсон нь нэр дэвшигчдийн өнгөнөөс харагдаж байна.
АН-д Ц.Элбэгдорж Х.Баттулга нар үргэлжилсэн урт шөргөөцөлдөөнийхөө эцэст хэн хэн нь хүссэндээ хүрсэн үзүүлэлттэй урд шөнийг барав.
Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй хувилбар яригдахад мань хүн нөхдөө дагуулан намаас гарч ИЗНН-ын далбаан дор нэр дэвшинэ гэж сүрдүүлж байж санасандаа хүрээд зогсохгүй С.Баярцогтыг намын нэрийн жагсаалтаас хасч, оронд нь хэзээ ч хэмлэхэд хялбар Х.Тэмүүжинг шургуулж дөнгөлөө. УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг намын нэрийн жагсаалтад оруулах хувилбар яригдаж байсан ч дэмжлэг олдоогүйгээр үл барам тайзнаас хөөгдөж гомдохдоо намаас гарахаа мэдэгдэл хийв.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр УИХ-ын дарга асан З.Энхболд “С.Баярцогтыг битгий дэвшүүл” гэх мессежийг намынхандаа хандан шидэхэд Ц.Элбэгдорж хариу болгон “Н.Алтанхуяг, Х.Баттулга нарыг бүү дэвшүүл” хэмээн бухимдсан. Улмаар Х.Баттулгыг МАН-ын талд үйлчлэгч гэж жиргэсэн нь гадны ажиглагчдыг цочирдуулсан гэж байгаа.
Х.Баттулга “Би сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн мэдэгдэж байсан ч нэр дэвшүүлэхээр бэлтгэсэн гар, хөлийг нь тайрч эхэлснээс үүдэн гэнэтийн шийдвэр гаргахад хүрсэн юм байх.
АН-ын хувьд нэр дэвшигчдийн хар зургаа эрт гаргаж дотооддоо тохиролцсон байсан хэдий ч МАН дахь уур амьсгал хүчтэй нөлөөлж, эцэстээ бүгд намаас гарах мэдэгдэл хийгээд намжив. Товчхондоо, энэ намд С.Эрдэнэ, Х.Баттулга нарын өвгөцүүлд барьцаалагдсан дэвшүүлэлт явагдаж, үүнээс үүдсэн хагарал нь АН-ын олонх гишүүн намынхаа эсрэг ажиллаж мэдэхээр нөхцөл байдал үүслээ.
Наанаа нармийтал зодолдож буй өнгөөр нам намын дотоод дахь бүлэглэлүүдээ төөрөгдүүлсэн Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хэн хэн нь У.Хүрэлсүхтэй эв зүйгээ ололцож, эрх мэдлийн хуваарилалтаа хийсэн дуулдаж байна. Ингэхдээ Х.Баттулгын талд давуу байдалтай ажиллаж Ц.Элбэгдоржтой холбогдох асуудлыг мухарлах, цаашид нам дахь эрх мэдлээ Д.Амарбаясгалангаас бүрэн салгаж авахыг Л.Оюун-Эрдэнэд зөвшөөрсөн гэх шуум эрх баригч намын Удирдах зөвлөлийн хүрээнд эрчтэй яригдаад эхлэв.
Уг нь У.Хүрэлсүх Ц.Элбэгдорж нар тийм ч хол хүмүүс бас биш. Хэдэнтээ тулж Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй байх тооцооллыг хамтран хийсэн гэлцдэг. Эс бөгөөс Х.Баттулга Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон бол Ц.Элбэгдоржийн оймс гозолзох цаг хугацааны л асуудал байсан гэдгийг улстөрийн хүрээ байтугай хуулийнхан ч хэлж байгаа дуулддаг.
Х.Баттулгын хувьд Ц.Элбэгдоржийг ингэтэл хөндлөн орж ирнэ гэж тооцоолоогүйдээ алдсан гэх бөгөөд эл хариугаа хожмын өдөр жинтэйхэн авахаар Л.Оюун-Эрдэнэ нэрийн дор баг үүсгэсээр яваа гэдгийг эх сурвалжаас хэлж байна.
Ер нь бол Ц.Элбэгдоржийг хэзээ ч, хэний ч ар нуруу руу хутга зоож мэдэх нөхөр хэмээн улстөрчид төдийлөн ойртолгүй дөлдгийг энд хэлэхэд илүүдсэн болохгүй биз.
Түүнд “У.Хүрэлсүх бол хаан болоогүй байхдаа хаан болсон хүн”, “Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь сайн. Ямар хүн Ерөнхийлөгч болж болохгүйг Монголын ард түмэнд ойлгуулсан” гэж Х.Баттулгад дулдуйдаж явсан өдрүүд олон бий.
Ямартай ч нам, улстөрчид бус бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх энэ сонгуульд У.Хүрэлсүхийн сойсон баг ялалт байгуулж чадахгүй бол Хааны алба халаатай, эзний алба ээлжтэйг харуулж цагаасаа өмнө хөөгдөж ч мэдэх юм.
Хууль байтугай Үндсэн хуулийнхаа дээр сандайлчихсан дүрэмгүй тоглогчидтой улс болсон хойно, хэн үгүй гэх билээ.