Баруун бүсэд нам бус бүлэглэлийн сүр хүч илүүтэй харагдаж байна

УИХ-д горилогчид 1 тэрбум төгрөгийг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулна. Аудитын байгууллагаас нэр дэвшигчдийн хэтэвчний хамгийн нимгэн хэсгийг заасан тоон үзүүлэлт нь энэ л дээ. Харин сейфнээс хэд гарч, хэрхэн зарцуулагдахыг тааварлах боломжгүй. Үнэн хэрэгтээ 1 тэрбум тойргоо бүтэн тойрох шатахууны зардал төдий дүн.

УИХ-ын сонгуулийн 13 тойргоос бүсийн хэмжээнд зургаа тарааж өөрийгөө таниулна гэхээс илүүтэй бүдүүвчээ оновчтой гаргаж, хөрөнгөө зөв хуваарилаад, зүтгэж биш тооцож нүүх нь хожих тойрог гэвэл Баруун бүс.

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн олон жил усалж, хавьтсан ойртсоныг нь хяргачих гээд аашилж ирсэн нутаг гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Ш.Раднаасэд ч энэхүү хөгийн гэмээр авир араншинг нь ад болтлоо хэлсээр ирсэнг уншигчид мэдэх биз. Алтайчууд өмнөх сонгуулиар Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг төлөөллөө болгон парламентад илгээсэн ч Д.Амарбаясгалан малаар бол хазаж хайрчих гээд, эцэстээ Хөгжлийн банкны гэх хэргүүдэд ээрэгдээд мандат хуваарилалтаас мултарсан.

Уг нь Д.Амарбаясгалангийн хувьд ч нөгөө хоёрынхоо нэгэн адил нүүрсний гэх хэргийн холбогдогч болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр зарласан. Түүний талаарх, хэвлэлээр бичигддэг бүхэн үнэн гэдгийг сайд Б.Энхбаяр нотолж чадахаа ч илэрхийлж байв. Гэвч шүүгч алх цохиогүй л бол гэх “дүрэм” зохиогоод Баруун бүсийн өрсөлдөөнд өөрийгөө эрэмбэлээд ийнхүү аархаж явна.

НИТХ-ын төлөөлөгч байхдаа таван оронд эргэлддэг байсан орлого нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болохтой нь зэрэгцэн бүтэн орноор нэмэгдэж, Алтай нутгийнхныг унагаар байлж, улстөр дэх эзнээ сэлгэх бүү хэл өөрөө бүлэглэл байгуулчих шахам том тоглох болов.

Түүнтэй УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг дөрөө харшуулж аяны жолоо нийлүүлсэн ч эхнээсээ хавируулж хадруулсаар, ишшшш энэ бөх ч дээ гэмээр дүрийг бүрдүүлээд, өдгөө өнөөх сул дорой байдлаасаа өндийж чадахаа байсан. Анх машин манивулдсан бичлэгийг нь эрхэм генсек өөрийн нүүр хуудастаа “Начин өвгөрсөн ч чадал нь өвгөрөөгүй байна” гэх агуулгаар шидээд л түүний рейтингийг унагаж эхэлснийг бүгд санаж буй биз. Генсекийн шидсэн өнцгийг олон нийт зөвөөр хүлээж авахаас илүүтэйгээр улстөрд булчин хэрэггүй, оюуны бядгүй хоосон хүчээр улстөр хийхгүй зэргээр шүүмжилж эхэлсэн.

Монголчууд өөрчлөгдсөн.

Дөрвөн жилийн өмнөх, найман жилийн өмнөх МАН-ын дэмжигчид өтөлж, шинэ залуу үе сонголт хийхээр орж ирсэн. Тэд аль хэдийнэ хуучирсан техникийг сольж чадаагүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас ичиж, манивул эргүүлж буй бөхийг ВАААВ гэж харах үе биш юм. Тэд манивулдаж асдаг цэргийн техниктэйдээ, түүнийг харж алга ташин баясч яваа түшээдээс ичдэг сонгогчид юм. Үүнээс хойш ямар ч гоё дүр, ямар ч таатай мэдээ шидэх гээд олон Ц.Цэрэнпунцагийг манивулаас өөрөөр харахаа байсан нь үнэн. Пиар, контент бүтээгч баг нь ч үүнийг мэдэрсэн байх. Сордог намаг руу ганцхан постоор генсекээрээ шидүүлчихсэн түшээгээ аврах гээд онгоцтой гаргаж ирээд бүр жонхуу хутгаж байна. Үнэндээ улсын начин гэхээс өөр тодотголгүй тэрбээр парламентад дөрвөн жил суухдаа хуварга, шашны асуудлаар хаа нэг ам нээснээс өөрөөр гялай гялтайх юмгүй л дээ. Үүнийг нь мэдэх генсек бяр нь хөгшрөөгүй шүү гэж магтан матаад дуусгачихыг түмэн олноор харлаа.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ бүсээс зодоглохоор хүсэлтээ өгсөн. Ховд нутгийг базтайгаа базаж явсан түүх түүнд бий. Тендер, концесс гээд түүнтэй холбогдох олон мөнгөний асуудал бий ч хуулийн байгууллагын үүдэнд дуудагдсан нь үгүй. Х.Баттулга болоод Д.Амарбаясгалан нарын ивээлд байдаг гэх энэ эр Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд, дээр нь УИХ-ын гишүүн гэх гурван ч “бөгс”-тэй Ч.Хүрэлбаатарыг замаасаа зайлуулах гэж нэлээдгүй үзсэн гэдэг.

Хотгор шанага хочит Ч.Хүрэлбаатар нь Н.Энхбаярын үед улстөрд хөл тавьж, түүнээс хойш хангалттай хариу барихуйц дэмжлэгийн дэмээр албан тушаалын өлгүүрт зугаацаж яваа эрхэм гэгдсээр ирсэн. Тэр Д.Амарбаясгалан, С.Бямбацогт нартай мандат булаацалдахаас гадна сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийг байсных нь баруун хатавчинд суулгаж, дараагийн Ерөнхий сайдаар томилогдох “Увс бүлэглэл”-ийнхний хөзөр гэгддэг. Тиймээс өнгөрсөн хугацаанд байсхийгээд Х.Баттулгад хятад монгол мөн бишээр дуудуулж, З.Энхболдод чичлүүлж ирсний цаад учигт Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, С.Бямбацогт нарын эрх ашиг явсан гэх там тум хов хүчтэй байсны учир тэр биз.

Тэрбайтугай Ч.Хүрэлбаатартай холбоотой элдэв асуудлын мөрөөр ажилласан багийг санхүүжүүлж байсан хүнээр Б.Чойжилсүрэн ч нэрлэгдэж байв. Увсын сонгогчдыг худалдан авдаг гэх хөрөнгөлөг гуншинтай энэ эр сүүлийн үед намынхаа эрх баригчдын хэтэвч гэгдэх болсон. Тиймээс хэн ч Засаг барьсан бай түүнд заавал нэг суудал бэлддэг гэсэн яриа тасрахаа болиод удаж байгаа. Тэрбээр хөрөнгөлөг хоч, гуншингуудаа батлах мэт дөрвөн ч сонгуулийн нүүр үзэж, 16 дахь жилдээ Хууль тогтоох дээд байгууллагад сууж буй атал авторласон ганц ч хуульгүй нь үнэн. Сүүлийн үед ТОГ ТАСЛАХ хуваарь танилцуулахаас өөр ажилгүй, амар жимэр аж төрж буй алаг нүдэн сайд генсекийн хавиралтаас холхон хот бараадаж мэдэх сураг бий.

Бэнчинтэй агаад бялхаж сагасан хорчин эрчүүдтэй эл тойрогт Л.Оюун-Эрдэнийн хоёр сарваа уяатай байх болсон.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, аймгийн Засаг дарга болтол нь крандуулсан Э.Болормаа парламентын гишүүн гэхээсээ илүү Л.Оюун-Эрдэнийн “кноп”-уудын нэг болчихоор горилж яваа гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. 2.3 тэрбумын гурван орон сууцтай, гадаад дахь дансандаа 330 саяын хадгаламжтай гэх энэ эмэгтэйг Увс, Завхан, Говь-Алтайд хүлээж авах нь юу л бол… Гэхдээ дур эзнээ голж, дунд чөмөг сүүжээ голдоггүй нь үнэн юм даа.

Түүнтэй Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал хөтлөлцөөд, намын даргынхаа итгэл найдварыг тээн горилж яваа. Харвард гэх сургуулиараа холбогдсон түүнийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болмогцоо ахлах зөвлөх болгон татаж, юуг ч юм зөвлүүлж байв. Удалгүй Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд гэсэн улстөрийн лифтэнд суулгаад өдгөө баруун бүсэд буулгаж буй нь энэ.

Тэдний дэргэд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайхан, Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат нарын нөхөд зэрэгцэн яваа ч Н.Цэрэнбат генсекдээ гөвүүлчих шиг боллоо гэдгийг намын нөхөд нь хэлж байна.

Гэдсэндээ хөлөө жийлцсэн МАН-ын кадруудтай АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өрсөлдөнө.

“Тесо” корпорацийн эзэн, зайрмагны “босс” энэ эр 2016 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшсэн ч Увсынхан “зайрмаг”-наас Хурд хорооллыг “сонгосон”.

Мөнгийг мөнгө л ялах тул АН-аас халаас зузаантайгаараа МИГ даатгалын эзэн Б.Түвшин мөн нэрлэгдэж байгаа. НИТХ-ын төлөөлөгч асан Б.Түвшингийн жилийн орлого 2.2 тэрбум, гэр бүлийнх нь орлого 3.5 тэрбумаар тоологдож, 7.5 тэрбум төгрөгийн гурван орон сууц, үйлчилгээний гурван барилгатай ч мөнгөлөг өнгөлөг дүүрэг гэгдэх Хан-Уулынхан 2020 оны сонгуулиар хүлээж аваагүй. Тиймээс энэ удаад орон нутгийг, баруун бүсийг зорьж яваа нь тэр бололтой.

Энэ тойрогт Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав гэхчлэн АН-ын бэлтэй гишүүдээс гадна хэл амаар өрсөлдвөл долоон хүнтэй зэрэг хэрэлдээд, дэргэдүүрээ гүйсэн нохойг жов гэхээр заргач гэгддэг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал асан Ц.Одонтунгалаг, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан, Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар тэргүүтэн илгээгдэж буй мэдээлэл байна.

Дөрвөн аймгийг 18 хоногт тойрохоос гадна хөрөнгөлөг агаад хавираа ихтэй нөхөд горилсон гэгддэг эл тойрогт нэр дэвшихээс АН-ын олон горилогч татгалзсан гэж байгаа.

Хамгийн гол нь Хангайн бүсийг АН доторх МоАХ буюу женко фракц точколсон гэлцэхтэй адилаар баруун бүс ч Х.Баттулга, Д.Амарбаясгалан нарын гараас гарахгүй байж мэдэх юм. Тэд Ч.Хүрэлбаатар, Ц.Цэрэнпунцаг тэргүүтэнг шахаж, С.Бямбацогт, С.Бямбацогтын баз Д.Батцогт, О.Цогтгэрэл, Э.Болормаа, О.Амгаланбаатар нарыг чирсээр парламентын босго алхаж байж болзошгүй. Угаас МАН, АН нэрийн дор эрх ашиг, ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэлүүд хүчээ авсан нь хэнд ч ойлгомжтой болсон цаг хойно, хэн үгүй гэх билээ.   

Орчуулах »
error: Content is protected !!