Төрийн ордны дотор нам гүм, эзэнгүй хаягдсан байшин шиг эл хуль байна. Харин гадна талд иргэдийн амьдрал ороо бусгаа, аллага амиа хорлолт, хүчирхийллийн мэдээ тасрахгүй хүндхэн өдрүүд үргэлжлэх… Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх сараас 4.5 хувиар, өмнөх 7 хоногоос 1.7 хувиар өсчихсөн байхад эрхэм түшээд сонгууль хэмээн сортолзон ажлаа хаяад, байнгын хороодын ирц бүрдэхээ болив.
Хуульд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах зохицуулалттай. Эл зохицуулалтаар 2024.05.14-20-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулна гэсэн үг.
Гэсэн хэдий ч урьдчилсан байдлаар тохироо хэдийнэ хийгдэж, намын дарга болон генсекүүдийн ширээн дээр ерөнхий хар зураг хэзээ мөдгүй зарлагдахад бэлэн байдалтай хэвтэж байна.
Дараагийн парламент 126 гишүүнтэй болно. Өнөөгийн 76-г 50-аар нэмэгдүүлсэн нь Хууль тогтоох дээд байгууллагын босго олон хүнд намхан санагдаж ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж буй биз.
Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүйн үлгэрээр долоон буудлын Должин эмээ ч нэр дэвшсэн энэ удаагийн сонгуулиар МАН-ын гол хөзөр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр дамжин Ц.Элбэгдорж, цаашлаад Б.Хурц, П.Цагаан дээр явагдах нь тодорхой болсон. Тэд уг нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй хэмээн олон нийтийн зүгээс нижигнэсэн алга ташилт сонсч байснаа эцэст нь шүүхээс алх цохиулсан бол гэх үг нэмээд хөшгөө хаачихсан. Ингээд хэсэг хугацааны дараа гарч ирэхдээ наймын найман жилд огтоос дуугарч байгаагүй С.Зоригийн хэргийг Эрдэнэтийн овоолготой ярьсаар гарч ирсэн нь энэ.
Хаалга тооноо битүүлж хар зургаа гаргадаг МАН-ын мандат хуваарилалтад У.Хүрэлсүх голлох үүрэгтэй оролцож байгаа. Түүний араас Сү.Батболдын фракц, УИХ-ын даргын бүлэглэл, Н.Энхбаярын баг гэхчлэн эрэмбэ дарааллын хуваарилалт хийсэн шиг байна.
Л.Оюун-Эрдэнийн амны уншлага болсон залуу үеийг МАН нүүр царайгаа болгоно гээд Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөхдөө намын дарга генсек Д.Амарбаясгалан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, НАМЭХ-ны тэргүүн Х.Булгантуяа, зөвлөх А.Ариунзаяа, Ховдын Засаг дарга Э.Болормаа нарыг чирсэн нь сар шинийн бэлэг хүлээн хатавчинд зогсох хөршийн хүүхдүүд шиг дулимагхан харагдаад өнгөрөв.
Найман жил төрийн эрхэнд жаалсан МАН ирэх сонгуулиар илүүрхэх найдвар бага боллоо гэлцэх энэ үед тэргүүн фронтын гишүүд нь дээрх нөхөд гэж харахад сэтгэл эмзэглэм байсан биз. Үнэндээ ч ийм л сул, сулбагар нөхөд Монгол төрийн жолоог атгаж, бодлогыг тодорхойлж байгаа гэж бодох төдийд хайран, халаглам байгааг буруутгах аргагүй.
МАН-д таатайгаар судалгааг хийж өгдөг судалгааны компаниудын жагсаалтаар ч намын дарга Л.Оюун-Эрдэнийн рейтинг доогуур эрэмбэлэгдэж, үүнээсээ болж Улаанбаатараас ярьж байна нэвтрүүлэг хийгээд бүр шалдаа уначихсны дээр намынх нь нэр дэвшигчдийн олонх иргэдийн нүүр бүтэн харахааргүй хар бараан “толбо”-тойг хэлэх үү…
Тэд Засаг дарга Э.Болормаа, хотын орлогч О.Номинчимэг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, орлогч асан Н.Баярчимэг нарын бүсгүйчүүдээр өнгө нэмэхээр зэхсэн ч эдгээр нь сонгогчдын дэмжлэг авах нь юу л бол. Ер нь улстөрч гэхээсээ хариуцлагатай бичиг хэргүүд гэж харагддаг бүсгүйчүүдийг жендерийн тэгш байдлыг хангаж байгаа нь хэмээн муйхарлаад төрийн ордон руу хүчлэн чирэх болсон нь энэ намын хамгийн том алдаануудын нэг ч байж мэднэ. Н.Баярчимэг гэхэд л Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хуульчаар ажилд орж, улмаар Д.Сумъяабазарыг өгсөх бүрт албан тушаалын шат ахиж яваа цүнх баригч төдий нэгэн гэчихэд хатуудсан болохгүй. Тэр Д.Сумъяабазарын хуульчаараа үлдвэл гоё болохоос төр түших энтэй нэгэн хараахан болоогүй.
Тэрчлэн хүний өөрийн намынхнаас нь өөр хүн танихгүй шахам Н.Учрал, Т.Мөнхсайхан, П.Сайнзориг, Н.Алтаншагай, Ө.Сумъяабаатар гэх нөхөд дээр Ө.Энхтүвшингийн хүү, Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Н.Ганбямбын хүү Дөлгөөн нарын даага хөтөлсөн залуучууд горилж яваа нь чамлалттай.
Тэднээр халхавчлан Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд тэргүүтэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх Ө.Золбаярыг дагуулан говийн аймгуудыг чимээгүйхэн усалж явааг анзаарга сайтай иргэд харж л байгаа байх.
Төвийн бүсийн горилогчид Н.Энхболд нарын хөөлт авахаа больсон мантуу шиг нөхдийг дэвшүүлэн зайлуулж буй ч өөр тойргууд дээр Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон Х.Ганхуяг, Г.Дамдинням, нүүрсний хэрэгт сээр хэлхэн гүйж явсан Н.Наранбаатараас эхлээд Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар гэхчлэн намын дотооддоо паразит хэмээн нэрлэгдсэн кадрууд намын үүрийн хороогоор нэрээ албажуулаад үлдчихсэн байгаа юм. Мандат бүрийн ард нэрийн жагсаалт яригдах болохоор энэ мэт карьер нь дуусч буй нөхөд тэргүүн фронтод явах нь эрх баригч нам тэр хэрээр ялагдал амсахын дохио биз.
АН-ын хувьд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Н.Амаржин гэх шинэ өнгө, шинэ дуу хоолой оруулж ирснээс гадна Я.Батсуурь, З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Д.Батцогт, Ж.Батзандан, О.Баасанхүү нарын хуучны гишүүдэд боломж олгох хуваарилалт бий. Я.Батсуурийн хувьд гуя дагасан хүзүү болж Н.Алтанхуягийн хөтөлгөөтэй мандат өвөртөлсөн.
С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат гэхчлэнгийн өвгөдтэй зэрэгцэн Б.Жаргалан, О.Алтангэрэл, Б.Энхмөнх, Ц.Жадамба, Б.Ганхөлөг, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн нарын залуусын нэр орж ирсэн ч ихэнхдээ МАН-д хаяж өгсөн сул мандат төдий хэмээн улстөрийн хүрээнийхэн дүгнэж байгаа.
Харин энэ удаагийн өрсөлдөөнд Б.Хурц гэх шинэ төрхийг хөтөлсөөр С.Баярцогт эргэн ирсэн нь МАН болон МоАХ-ыг бүтэн нойртой хонуулахгүй байгаа нь үнэн. Тэдний хэн хэн нь сонирхолтой фигур мөн. Хоёр эр ирэх сонгуулийн өрөг дээр голлох байр суурьтай тоглож, намдаа нэг нэг хөзрийн модтой ирэх нь дамжиггүй биз. Тэд цаашдаа өнөө хэр дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэж явсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын мөрөөдлийн ирээдүйд хар дарсан зүүд нь болох тул нааж болох “нус” бүрийг наагаад нийчихмээр сандралдах нь зүй л дээ.
Харамсалтай нь, жин дарж туршлагажаагүй улстөрч эрс хамхуул мэт хөдөлж найман жил засагласан МАН-ын ялалтыг херо тэргүүтний мэдрэмж дутсан болхи тоглолтуудаар үгүй хийлгэчихэж мэдэхээр хөнгөн байгаа нь үнэн.
Тэд Ц.Элбэгдоржоос бусадтай тохиролцоонд хүрсэн гэлцэх ч үнэн чанартаа бүгдийнх нь итгэлийг гээж, хол замд хань болохгүй нөхөд гэдгээ харуулсаар яваа тул сонгуулийн өмнөх долоо хоногт салхины чиг тэдний эсрэг ч эргэж мэдэх юм.
Ялангуяа, нааш харж талимаарч цааш харан тонгорсон тоглолттой Д.Амарбаясгалангаас л салж байвал миний гишүүн болох ч мянга, мянга нэг дэх асуудал гэсэн нөхөд Тусгаар тогтнолын ордноор нэг хөлхөлдөж байна.