Эмийн сонсголыг дутуу дулимаг, яаран хийсний учир юув?!

Гурван өдөр үргэлжилсэн эмийн сонсголоор монголчууд эм биш хор хэрэглэдэг, хөнгөлөлттэй эмийн жагсаалтаар хэрхэн хөлждөг талаарх цочирдом мэдээллүүд сонсов. Шинжээчийн зүгээс “Монгол Улс дахь стандартын бус, бүртгэлгүй, дуураймал эмийн тархалтын судалгаагаар үндэсний үйлдвэрийн 105, импортын 74 эм стандартын бус байгаа нь илэрсэн. Жил бүр шалгалт явуулдаг ч чанаргүй эмийн тоо буурдаггүй. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй 5 нэр төрлийн 305 ширхэг эм, хүчинтэй хугацаа нь дууссан 397 нэр төрлийн 4832 эм худалдаалж байсныг илрүүлсэн. Хаяг шошгийн зөрчилтэй 131 эм байна. Эмийн чанарын шалгалт хийх бүрд чанаргүй эм илэрдэг” гэх ноцтой мэдээллийг өгсөн.

Эл мэдээлэл дээр нэмж “Эмийн чанарыг шалгах тоног төхөөрөмжийн хөгжил маш муу. Гар утасны хөгжилтэй зүйрлэвэл NOKIA, машинаар бол Эксель, ийм л лабораториор шинжилж байгаа нь харамсалтай” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Монголын Эрүүл мэндийн салбарын хоцрогдлыг тодорхойлсныг үе үеийн салбарын сайд нар нь хүлээн зөвшөөрч байгаа харагдана билээ.

Энэ үеэр эрүүл мэндийн салбарын удирдлагууд Гаалийнхантай хэрхэн сүлжилдэж, мафижсаныг шинжээчид харуулахыг оролдсон ч тэдний цуглуулсан баримт материал дутмаг, нэр андуурагдсан гэх гомдол шүүмжлэлүүд хүчтэй өрнөж сонсголын хүчийг сааруулж орхисон.

Уг нь “Эрүүл мэнд, эм зүйн салбар ашиг сонирхлын зөрчил ихтэй, цус ойртсон гэдгийг удаа дараагийн шалгалтаар ил гаргаж байсан. Авлигын эрсдлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй салбар бол эрүүл мэнд” хэмээх ноцтой мэдэгдлийг АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, комиссар Ц.Шинэбаяр хийсэн ч олон нийт төдийлөн ойшоогоогүй.

Арга ч үгүй биз. АТГ-аас тус салбар дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг удаа дараагийн шалгалтаар илрүүлсэн ч арга хэмжээ авч чаддаггүй, АТГ-ын дарга тэргүүн комиссар З.Дашдаваатус салбарын асуудлын өмнө хүчин мөхөсддөг гэдгийг дээр доргүй нэгэнт мэдэх болсон тул ийнхүү үл тоогдсон биз.

Сонсголын үеэр ковидын үед хамгийн өндөр дүнгээр эм авсан аж ахуйн нэгжүүдийн нэг гэгдэн “Монос трейд” ХХК дуудагдсан.

2021 он буюу эм худалдан авалтын оргил үед “Монос трейд” ХХК вирусын эсрэг эмийг 1 тэрбум 95 сая төгрөгөөр авсныг шинжээч танилцуулсан. Мөн 2023 онд ШӨХТГ, ЭМЯ-ны хамтарсан шалгалтаар “Монос фарм” ХХК-ийг давамгай байдлаа ашиглан дахин борлуулах үнэ тогтоосон, өрсөлдөөнийг хязгаарласан гэх үндэслэлээр 8.4 тэрбум төгрөгөөр торгож байж. Энэ нь тухайн компанийн өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний дүн гэж байгаа.

Эл мэдээлэлтэй зэрэгцэн энэ компанийн арыг хэн даадаг болоод ийм давуу байдалтай явсаар ирэв гэх асуулт олон нийтийн дунд тавигдаж хариултад нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан, С.Энхболд нарын нэр хавчуулагдан хэдэн өдрийн турш яригдлаа.

Т.Мөнхсайхан сайд асныг “Хүчит шонхор” захын эзэн гэдгээр олон нийт илүүтэй мэднэ.

Түүнийг Лондон лүүк гэх хуулийн этгээдийн хамаарал бүхий албан тушаалтнаар шинжээч танилцуулсныг энд дэлгэрэнгүй нурших илүүц биз. Шинжээчийн хувьд Лондон лүүк ХХК дээр Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Хүний эмийн зөвлөлийн гишүүн Д.Гантуяа, Гаалийн ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн нарын гурван хүний хамаарлыг дурьдсан.

Улсын бүртгэл дэх мэдээллээр бол Лондон лүүк компани нь 2016.08.09-нд байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигчээр Ц.Цэцэнзориг, гүйцэтгэх захирлаар Б.Амаржаргал гэх нэрс бүртгэлтэй байгаа юм.

Мөн өөр нэг хувьцаа эзэмшигчээр Ч.Баттогтох гэх иргэн бүртгэлтэй байгаагаас 2021.09.07-нд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хүрээлэнгийн захирлаар томилогдож байсан нэгэн аж.

Тэрчлэн тус компанитай холбоотой мэдээллийг хайх явцад гарч ирсэн сонирхолтой баримт нь дээрх компанийн хувьцаа эзэмшигчид хийгээд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрхмүүд тус бүрдээ банк бус санхүүгийн байгууллагуудтай хамаарал бүхий байгаа юм. Хувьцаа эзэмшигч Ц.Цэцэнзориг гэхэд Инвеско фанд ББСБ, гүйцэтгэх захирал Б.Амаржаргал нь Ханхишиг ундрага ХЗХ-нд бүртгэлтэй байх жишээний. Өмнө нь Лондон лүүк ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Билгүүн гэхэд Виен барьцаалан зээлдүүлэх газрын хувьцаа эзэмшигчээс гадна Мон тариур ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа нь мөн анхаарал татаж байгаа.

Дээрх компанитай уялдуулан шинжээчийн танилцуулсан Сэйм-Авга гэх хуулийн этгээд бол татан буугдсан.

Эл компанийн хувьцаа эзэмшигчээр Лондон Лүүк-ийн Ц.Цэцэнзоригоос гадна Балдандоржийн Эрдэнэхишиг, Гүрүүдиваагийн Энхнаст нарын нөхөд бүртгэлтэй байсан бөгөөд мөн л зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүдэд хувьцаа эзэмшигчээр байх нь лавшруулах хайх өнцөг мөн гэдгийг харуулж байна. Тэрчлэн Б.Эрдэнэхишиг нь Монос-ын олон компанид хувьцаа эзэмшигчээр давхар бүртгэлтэй болохыг нээлттэй мэдээллээс харж болно. Тухайлбал, Моносфарм ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Л.Хүрэлбаатарын хамтаар бүртгэлтэй байх жишээний.

Шинжээчид Лондон Лүүк ХХК-ийн идэвхтэй хувьцаа эзэмшигчээр Цэвэгжамцын Алтанцэцэг гэх хүнийг танилцуулсан. Энэ нөхөр мөн л Монос-ын олон салбар компанийн хувьцаа эзэмшилд бүртгэлтэй байгаа нь жич судлах кадр гэдгийг харуулж байна.

Тэрчлэн сонсголын үеэр Гаалийн ерөнхий газрын 14 албан тушаалтан эрүүл мэндийн салбартай хамаарал бүхий гэх асуудал яригдсанаас Лондон лүүк-тэй Гаалийн ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн хамаатай болох шинжээчийн дүгнэлт бий.

Д.Эрдэнэсүрэнгийн хувьд 2016.09.08-нд Гаалийн ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон байх бөгөөд томилогдсоны нь дараахь он жилүүдээс жилийн орлого болон хадгаламж дахь мөнгөн дүн нь анхаарал татахуйц аривжсаныг АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно.

Гаалиас гадна Хүний эмийн зөвлөлийн 241 албан тушаалтан “эмийн мафи” гэгчтэй холбоотой гэгдээд тогтохгүй үүнд Лондон Лүүк-ийн төлөөлөл ч байдаг болж таарсан.

Шинжээчид тус компанитай Т.Мөнхсайхан хамаарал бүхий гэдгийг оргүйгээс зохиож хэлээгүй нь лав байх. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан мань эр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх болж “ерөнхий хамгаалалт”-д орчихсон явааг бид мэднэ.

Тэрбээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томилогдсоны дараахан, 2016.11.28-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар томилогдсон. Улмаар Ерөнхий сайдын тамга гардсаны нь дараа Улсын I эмнэлгийн захирал болж, жилийн дараа Эрүүл мэндийн сайдаар томилогдож байсан бөгөөд өдгөө 2024 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшихээр зэхэж байна.

Эмийн сонсголын үеэр Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ч Мөнхийн тун гэх хуулийн этгээдтэй хамаарал бүхий хэмээн танилцуулсан нь анхаарал татахуйц мэдээллүүдийн нэг байв. Тэрбээр эл хуулийн этгээдээр дамжин мөн л Монос-той холбогддог дүр зураг ажиглагдаж байгаа.

Улсын бүртгэл дэх мэдээллээр Мөнхийн тун ХХК-ийг Батхишигийн Сайханбилэг, Батхишигийн Сайханбаяр, Батхишигийн Номин нар эзэмшдэг. 

С.Энхболдын хадам дүү болох Б.Бат-Орших Монос-ын олон ч охин компанийн хувьцаа эзэмшигч болох Ц.Алтанцэцэгтэй хамтарч Ай Эл Ампал Фарма ХХК-ийг 2022.10.04-нөөс эхлэн хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн нь С.Энхболдыг Т.Мөнхсайхантай ашиг сонирхлын хувьд холбон хардах нэг сэжүүр болсон биз. Ц.Алтанцэцэг Мөнхийн тун хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаад хожим хасуулсан нь жич сонирхох сэдэв… Учир нь эндээс хасагдсан ч Мөнхийн тун мед ХХК-ийг Д.Батхишиг гэгчийн хамт эзэмшдэг нь анхаарал татаж байгаа.

Энэ мэт өлгөж авах фактууд Эмийн сонсголын үеэр яригдсан ч Хөгжлийн банк болон нүүрсний сонсголын дэргэд Эмийн сонсголын шинжээчид хангалтгүй ажиллаж, дутуу боловсруулсан дулимаг мэдээллийг олон нийтэд өгсөн нь эл сонсголыг сонгууль дөхсөн үеийн улстөрийн зорилготой арга ядсан арга хэмжээ боллоо гэх дүгнэлтийг олон нийтийн зүгээс авлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн мандат, намын нэрийн жагсаалтад өндөр оролцоотой байх тохироог Л.Оюун-Эрдэнэтэй хийж амжсан бөгөөд үүнийг нь нотлох мэт “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн дараахан нэлээд үйл явц өрнөж, хэд хэдэн томилгоо ч хийгдсэн.

Тиймээс Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан болон түүний найз С.Энхболд нар мафижсан эрүүл мэндийн салбарын толгойд байдаг төдийгүй Гааль, даатгалынхантай ч сүлбэлдсэн гэх ойлголт, мэдээлэл Эмийн сонсголын шинжээчийн дүгнэлтээр өгөгдсөн нь ЭМИЙН СОНСГОЛ гээчийг бүхэлдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү нүүлгэсэн чулуу гэж харагсад олон байна.

АТГ-ынхан ч энэ салбарт үүрлэсэн авлига, ашиг сонирхлыг мэддэг атал гар дүрж, таслан зогсоож чаддаггүй нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбоотой гэх мессэж цахим орчинд эрчтэй тархсан нь З.Дашдавааг У.Хүрэлсүхийн дүүгээр солихгүй гэсэн бүлэглэлийн санаархал төдий ч байж мэднэ.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга санал болгож байсан. Тухайн үед АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ “батламжилдаг” эрх зүйн зохицуулалттай байсныг бүгд мэдэх биз. Тэр үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхийн тохироотойгоор Хэнтийгээс гаралтай З.Дашдавааг АТГ-ын удирдлагад Х.Баттулга санал болгож байсан гэдэг.

Сүүлд, Авлигын эсрэг хуульд 2020 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд санал болгож, УИХ томилох эрх зүйн зохицуулалт хийгдсэн. Тиймээс Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн дараахан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан О.Амарсанааг чөлөөлсөн нь АТГ-ын удирдлагыг шинэчлэх гэж байгаатай холбоотой гэх таамаг, хардлагыг бий болгосон хэрэг. О.Амарсанаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаарал бүхий нөхөр бөгөөд З.Дашдавааг О.Амарсанаагаар солих нь нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр хэвээрээ болох тул улстөрийн бүлэг фракцууд бужигналдан Эмийн сонсголыг ийнхүү яаран дааран хуумгай хийлээ гэлцэж байна.

Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгчтэй ханцуй доторх наймаа хийлцэнгээ нөгөө гараараа чулуу нүүлгэж, улстөрийн бүлэглэлүүдэд хаяж өглөө гэх хатуу шүүмж бийг ч дурьдахгүй өнгөрч болохгүй.   

Орчуулах »
error: Content is protected !!