Авлига, албан тушаалын хэрэгт холбогдоод шийтгүүлсэн бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй, энэ бол МАН-ын дүрэм хэмээн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв.
Түүний эл мэдэгдлээс хойш энэ заалт өөрт нь хамааралтай юу, үгүй юү хэмээн гишүүд нь нэлээдгүй бужигнаж байна. Дүрэм ярьвал намын генсек хүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байж болохгүй гэдгээс эхлэх нь зүйтэй хэмээн зарим нэг нь ууртай явна.
Ямартай ч генсекийн дээрх мэдэгдэл өөрт нь падлийгүй болоод зоримог дуугарсан биз. Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгтэй нэр холбогдож, эрх мэдэл, албан тушаалаа ашигласан гэсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын яриа төдий байгаа болохоос хуулийн байгууллагаас нотолж, ял сонсгоогүй байгаа.
Тэгэхээр “шийтгүүлсэн бол” гэх заалтын гадна тэр үлдчихэж байгаа юм. Нүүрсний хэргийн нээлттэй сонсголын үеэр яригдсан баримт, материалыг хуулийн байгууллагад шилжүүлж, хэрэг үүсгэн шалгаж байгаа боловч явц байдлын тухайд сонгуулийн өмнө эцэслэгдэхгүй нь тодорхой тул эрх баригч намын генсек давилуун мэдэгдэл хийсэн биз.
Нэр холбогдсон хэргийг нь прокурорт шилжүүлж, анхан шатны шүүх хурал товлолоо ч ял сонсгож амжихгүй нь үнэн. Амждаг байлаа ч давж заалдах эрхээ ашигласаар шинэ парламентад тангараг өргөж, дархан эрхтэй болчихно гэх цээжний тооцоо хийсэн байж мэдэх л юм. Тэгвэл ард олон түүнийг сонгохгүй, дархан эрхтэй болгохгүй байлгаж байгаад нэр холбогдсон хэргийнх нь ард шалгуулаад гаргах ганц зам үлдэнэ гэсэн үг. Яагаад ч болохгүй байх билээ. Сонгогчдын боловсрол өмнөх сонгуулиудтай харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй болсон шүү дээ.
Харин намын дүрмийн дээрх заалт генсект үйлчлэхгүй ч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарт бол хамаатайн дээдээр хамаатай.
“Нүүрсний хэргийн талаар анх ам нээсэн хүн нь” гэх дүр бүтээх гэсэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оноочихлоо. Тэрбээр “дүрмийн” дагуу давж заалдана, үүнийгээ ч мэдэгдчихсэн байгаа. Давж заалдаад ялж чадахгүй бол УИХ-ын гишүүний алба хаших боломжгүй болно. Давж заалдахаа нэгэнт мэдэгдсэн тул дараагийн шатны шүүхийн шийдвэрээс хамаарч дархан эрхийн асуудал нь хөндөгдөнө. Түүнийг Д.Амарбаясгалангийн нэр дэвших тойргоос сонгогдсон байгаа нь ийм адармаатай зам руу хөтөлсөн хэмээн намынхан нь жиг жуг хийж буйг энд тэмдэглэчихэд илүүдсэн болохгүй биз.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хувьд Хөгжлийн банкны хэргээр зургаан жилийн ял сонсчихоод байгаа. Тэрбээр дараагийн шатны шүүхэд хандсан тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал нь хэлэлцэгдэлгүй энэ хүрсэн. Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох Хөгжлийн банкны гэх тодотголтой эл хэргийг Анхан шатны шүүхээс тэдэнд холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон ч прокурор эсэргүүцэл бичсэн байдаг.
Тэднээс гадна УИХ-ын гишүүн Г.Дамдиннямд холбогдох хэрэг ч дуулиан дэгдээж мэдэхээр байгаа нь эрх баригч намын дүрмийн заалт дээрх 5 нөхрөөс гадна өөр хэд хэдэн гишүүнд жинтэйхэн наалдаж мэдэх юм.
Гэхдээ энэ бүхэн нь эрх баригч намыг дүрмээ ягштал барьдаг гоё сайхан нам гэж харагдуулахаас илүүтэй дүрмийн заалтаа ашиглан тойрог суллах, хэн нэгэнд зориулсан “зам цэвэрлэлт” гэх хардлагыг хүчтэй төрүүлж буй нь үнэн.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойргоор нэрлэгдэж байсан Архангай аймгийн мандатыг “суллах” ажиллагаа эртнээс явагдсан гэчихэд хэтийдсэн болохгүй биз.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Ж.Мөнхбаттай хонь, чонодоо тулж байсныг монгол түмнээрээ мэднэ.
Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайчаар цоллоход өнөөх нь “Чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж. Чи Н.Энхбаяраас илүү хаан болчихсон байна. Намын мөнгөнөөс хулгайлсан бүх баримтыг чинь ил гаргана” гэх хариуг У.Хүрэлсүхэд барьж, нэгдсэн хуралдааны үеэр чи би-дээ тулж байсныг анзаарахгүй өнгөрөөх хэн байх билээ.
Удалгүй улстөрд мөнхийн эрх ашиг байхаас мөнхийн дайсагнал үгүйг харуулж мөнөөх шартай найрагч маань “Ерөнхий сайд эрчим хүчээ хэмнэж жиндүүхэн өрөөнд ажиллаж байна” гэчихсэн “оны шилдэг долоогч”-ийн шагналыг өрсөлдөгчгүйгээр авах болзол ханган олны доог тохуу болчихсон явсан. Гэхдээ энэ долоолт удаан үргэлжилж чадаагүй билээ.
Мань эр нүүрсний гэх хэрэгтээ цоллогдон дуудуулсаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Түүний араас Ё.Баатарбилэг ял сонслоо.
Хөгжлийн банкны гэх хэргээр цөөнгүй нөхөр Ё.Баатарбилэгийн ижил болж болохуйц байгаа хэдий ч эрх баригчид хэнийг сугалж, хэнийг түлхэхээ мэдэж тоглоод байх шиг байгаа юм. Ямартай ч Ё.Баатарбилэг анхан шатны шүүхээс 6 жилийн ял сонсон, улмаар давж заалдах шатанд үргэлжилж буй ч намаас нэр дэвших квот олдохгүй нь тодорхой болсон.
Тэдний оронд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар горилон усалгаа хийж эхэлснийг ажиглагчид хэлж байна.
Архангайн буюу хуучнаар ч, томсгосноор ч 1-р тойрог гэгдэх Архангай, Өвөрхангай, Баянхонгороор бүсчилсэн эл тойргоос замдаа саад болж болзошгүй гэж үзсэн бүхнээ “женко” бүлэглэлийн зүгээс сурцтай зайлуулж байна, тэрбайтугай хаяагаа хадраад З.Энхболдод ч тээг тавиулчихлаа гэлцэх сэртхийм шуум сүүлийн өдрүүдэд эрчтэй яригдаж байгааг энд хэлэх нь зүй биз. Тэр бүү хэл, эл фракцийн зүгээс Г.Сайханбаярын зүгт ч нум татуулсан бөгөөд харамсалтай нь учраа мэдэхгүй “гүйцэтгэгч” нар хэлмэгдээд өнгөрсөн гэх содон жиргээг анзааралгүй өндийж, анхаарлын гадна хов жив төдийхнөөр орхиж болохгүй юм.
Г.Сайханбаяр бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байсан ангийн нөхөд гэдэг.
2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа Г.Сайханбаярыг Гаалийн ерөнхий газрын даргаар томилох эсэх талаар яригдсан ч Б.Асралтыг буулгаж дөнгөөгүй буюу Сү.Батболдын эсрэг хүч дутсан гэсэн үг. Үүний улмаас мань эр 2020.07.08-ны өдөр У.Хүрэлсүхийн танхимд Батлан хамгаалахын сайдаар томилогдож байв. Нийслэлд төрж өссөн тэрбээр Архангай аймгийн Жаргалант сумын уугуул бөгөөд удам дамжсан цэргийн гэр бүлээс гаралтай гэдэг.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазарын тавиул гэх агаад Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нартай сонгуулиар нэг баг болон ажиллаж байсан нь ийн хэлэгдэхэд хүргээ биз.
Ийнхүү УИХ-ын ээлжит сонгуулийн томсгосон тойрог болох 1, 2-р тойргуудад нэр дэвших, санал хувааж болзошгүй жинтэйхэн кадруудыг тойрсон үйл явдал жил гаруйтай үргэлжилж байна.
Үүнээс Говь-Алтай аймагт бүрэн “цэвэрлэгээ” хийгдэх шиг болов.
2020 оны сонгуулиар төрсөн нутагтаа нэр дэвшихээр зэхэж байсан эрх баригч намын генсек мандат авч чадалгүй хоцорсон гэгддэг.
Энэ нь Д.Амарбаясгалан 2016 оноос хойш намын гал тогоог ахлахдаа нөлөөллөө бэхэлснээс хүрээллээ тэлээгүй байсны илрэл биз. Харин одоо тэр У.Хүрэлсүхийн нөлөө, Х.Баттулгын албан бус зөвлөгөөгөөр их ч хол зам туулж.
Улстөр дотроо “урвагч” гэх хочтой энэ залуу У.Хүрэлсүхийн халааснаас хэзээ ч гарч байгаагүй ч тоглолт нь С.Баярын маневртайг бүгд мэднэ. Тэгсэн атлаа үг хэл, үйлдэл нь Т.Бадамжунайн стил, Н.Багабандийн титэм үгний бага тайлбар мэт байдаг нь түүний хичнээн арга зальтайг илтгэнэ.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн Говь-Алтай аймагт нэр дэвших боломж хумигдсан.
Д.Амарбаясгаланг өөрийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулж байгааг удаа дараа мэдэгдсээр ирсэн түүний улстөрийн замнал энэ хүрээд дуусч байгаа байх.
Намын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд шинэ хүмүүсээр баг бүрдүүлэхээ мэдэгдсэн хэвээр.
Намдаа ч, Засагтаа ч өөрийн хүрээлэлгүй түүнд шинэ парламентаар хүрээлэл үүсгэх хүсэл байхаас яалтай.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлсэнчлэн Л.Оюун-Эрдэнийг залуучууд танихгүй байна. Дуучин Б.Сарантуяаг залуу үе “сакура будаа зардаг эгч” гэдэг шиг залуусаас авсан судалгаагаар залуучууд Л.Оюун-Эрдэнэ гэж хэн бэ гэх асуултад -Танихгүй байна, нэг том дарга билүү, АН-ын ч билүү ямартай ч аль нэг намын л дарга гэх зэрэг хариултыг өгсөн байгаа юм.
Тэгэхээр УИХ-ын 1, 2-р тойрог ил далд бужигнаантай байгаа бол эрх баригч намын даргын зүтгэх 6-р тойрог цас зудад даруулчихсан мэт ажин түжин. Ядаж байхад сонгогчид нь Б.Бат-Эрдэнэ л биш бол ямар нь ч яахав, Ховд Увс Завхан руу цементийн, эрчим хүчний үйлдвэр станцууд, тэр бүү хэл хойд урд хөрштэй холбогдсон төмөр зам хүртэл яригдаж байхад манайд Олимпизм нэрнээс цааш юу ч алга хэмээн машид ууртай байна.