Эрх баригч нам улстөрийн хариуцлага, соёл гээчгүй болж, эрх мэдэл албан тушаалд шунасан, хоргодсон ноёдоор дүүрсэн байх нь харамсалтай. Д.Сумъяабазар гэхэд л хариуцлага хүлээн хотын захирагчаас чөлөөлөгдсөн ч нийслэлийн намын хорооны дарга хэвээр үлдсэн. Элдэв асуудалтай нэр холбогдсон нөхдөөр чигээ заалган, дарга-аа хэмээн хүлээн зөвшөөрч суудаг тус намын гишүүд ч хөөрхийлөлттэй.
Бусад улс орны устгах аргаа олж ядсан төмрийн хогийг шинэ автобус хэмээн монгол түмнээ хуурч бөмбөрцгийн шившиг болж яваа “Цавчаа ногоо”-ны дуулианы үеэр Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазарыг ажлаа өгөхийг шахаж, нөгөөх нь Нийслэлийн намын хорооны даргын суудалтайгаа үлдэх тохирооны эцэст хотын даргаас буусан гэх улстөрийн жиг жуг бий.
МАН-д албан тушаалын эрэмбээрээ гуравт орох Нийслэлийн намын хорооны даргын суудалд Д.Амарбаясгалангаас эхлээд шунагсад олон гэлцдэг. Д.Сумъяабазарыг нийслэлээс зайлуулж, нийслэлийн намын хорооны даргын тамгыг салгахын тулд төмрийн хогуудыг төв талбайд үзэсгэлэн болгон дэлгэж, ХҮН-аар сэдэв болгон сэвүүлсэн нөхрөөр эрх баригч намын генсекийг оноон нэрлэж байсныг хэлэх хэрэгтэй.
Д.Сумъяабазар хүртэл “Нийслэлийн намын хороог би өөрөө босгож авсан. Д.Амарбаясгалангаас 2020 оны сонгуулиар нийслэл тус аваагүй. Тэнүүн-Огоо компанийн удирдлагуудтай Д.Амарбаясгалан л намайг уулзуулсан гэх мэдэгдлийг хийж байв.
Үнэхээр ч намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга атал 2020 оны Орон нутгийн сонгуулиар Д.Амарбаясгалан нийслэлийн сунгаанд хуруугаа ч хөдөлгөөгүй гэдэг. Д.Сумъяабазар Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрт, баруун талд нь Д.Амарбаясгалан суучихаад хоёр өөр нам шиг хөндлөн хөх зүү шидэлцэж суусан гэлцдэг.
2018 онд Нийслэлийн намын хорооны даргын сунгаа явагдах үеэр Д.Амарбаясгалан тэчъяадан зүтгэсэн ч намын төв байгууллагаа удирдаж байж, нийслэл нэгжийн сонгуульд хуруу хошуу дүрэн доош орлоо гэх зэмлэлийг хүртээд ухарч байсан юм байх. Гэвч тэр Д.Сумъяабазарт өстэй мэт үлдсэн байж мэднэ.
Тэрбээр “Шат шатны Засаг дарга нь тухайн шатны намын хорооныхоо дарга болж байж бодит эрх мэдэлтэй, төвлөрсөн болдог. Энэ бол улстөрийн жишиг шахуу зүйл” хэмээн Д.Сумъяабазарын зүг үгэн чулуу шидэж байв. Харамсалтай нь өөрөө намын албаа өгөөгүй атал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын статус дээр жиргэж яваа тул шаардлага нь исгэчээ төдий хүчгүй болсон байгаа юм.
Тэрчлэн эрх баригч намын генсек жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй, жижиг тугалын бэлчих газраас хол явж чадамгүй жижиг тоглолттой нэгэн байж мэднэ.
Нэгэн үе Нийслэлийн намын хороог татан буулгах асуудлыг удирдлагын түвшинд оруулж байсан нь түүнийг ийнхүү дүгнэхэд хүргэж буйг хэлэх хэрэгтэй.
Өмнө нь Д.Загджав Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа М.Энхболд тэргүүтэй хотын фракцийг эсэргүүцэн татан буулгах саналыг гаргаж байсан. Тухайн үед МАН-ын даргаар С.Баяр ажиллаж байсан тул Д.Загджавын санаачилга амжилт олоогүй. Гэхдээ сонгуульд нэр дэвших квот өвөртлөн УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан билээ.
Д.Амарбаясгалангийн хувьд Улаанбаатарт төв нам үйл ажиллагаа явуулж байхад нийслэлийн намын хороо гэх давхар статус хэрэггүй. Дүүргүүд дэх салбар хороодыг төв нам дээр хариуцах боломжтой талаар Удирдах зөвлөлд танилцуулсан ч энэ нь зөв зүйтэй санал гэхээсээ илүүтэй 2018 онд өөрөө горилоод бүтэлгүйтсэнийх нь хорсол хэмээн харагдаад, У.Хүрэлсүхийн зүгээс тас цохьсон гэдэг.
Гэсэн хэдий ч Д.Амарбаясгалангийн шазуур зуулт хэвээр байгаа бололтой.
Тэрбээр ирэх сонгуулиар Нийслэлийн намын хороог Д.Сумъяабазар толгойлж орвол ялалт биш ялагдал хүлээнэ гэх хатуу шүүмжлэлийг тавьсаар байгаа гэдгийг гишүүд нь хэлж байна. Магадгүй, МЕС судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар Д.Сумъяабазарын рейтинг тасралтгүй унасан үзүүлэлттэй яваа нь генсекийн санааг чилээсэн ч байж мэднэ. Хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Су.Батболд, С.Амарсайхан нараас хойшхи хамгийн муу үзүүлэлттэй ажилласан хотын мээр гэх тодорхойлолт нь нийслэлийн намын хорооны нэр хүндийг шат алгасуулан бууруулж буй нь үнэн.
Хамгийн “баян” Засаг ноён байсан атал гутарч унам үр дүнтэй, ядаж байхад хэвлэлийн алба нэртэй пиарын баг нь тухайн үед намын даргынх нь эсрэг ажилласан гэх цочирдом шуум үргэлж дагалддаг. Тэр ч утгаараа тухайн үеийн хэвлэлийн албаных нь төсөв, захиран зарцуулалтыг нэхэн хянуулж буй гэлцэнэ. Учир нь Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч буюу тухайн үеийн Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газрын дарга Г.Хонгорзулыг ажлаа өгч, захиран зарцуулах төсөвгүй болсон цагаас эхлэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар руу дайрсан сошиал дайралт, харлуулсан мэдээлэл илтэд багассан гэх жиг жуг намын Удирдах зөвлөлийн цөөн нөхдийн хүрээнд яригдаад өнгөрч.
Улмаар УИХ-д 22 гишүүнтэй нийслэлийг дэмжих лобби бүлэг хүртэл байсан. Тэр эрх мэдлээр ч, эд хөрөнгөөр ч дутаагүй. Тийм байтал ам нээх бүртээ “Хөрөнгө мөнгө тааруу” гэх сүргүй бувтналт, нойр хоолоо умартан ажиллаж байна гэх ялархал нь нийслэлчүүдийн дунд намын нэр хүндийг шалбааг болтол унагасан хэмээн үзэж буй юм байх.
Үнэндээ ч Д.Сумъяабазарын гэх тодотголтой нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил байхгүйтэй ялгаагүй л дээ. Зөвшөөрөлгүй граж, хашааг буулгах, хотын орчныг сайжруулах ажил Су.Батболдын үед зам чөлөөлөх, С.Амарсайханы үед “Хашаа” хөтөлбөр нэрээр хийгдээд эхэлчихсэн л байсан.
Энэ бүх байдал нь ужгирсаар тэрбээр Нийслэлийн намын хорооны гишүүд дундаа ч үнэ хүндгүй болсон гэж байгаа. Ямартаа 2021 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргыг сонгох болж, Д.Сумъяабазарын зүгээс НИК-ийн хүргэн гэдгээс өөр овоглох юмгүй, М.Халиунбатыг нэр дэвшүүлсэн ч заалнаас “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатар нэрээ дэвшүүлээд 47:40 харьцаагаар ялж байхав.
Энэ нь хотоо базчихсан хэмээн намынхандаа бардамнаж явсан Д.Сумъяабазарт хүнд цохилт болж, ичихдээ “Заалнаас гарч нэр дэвшсэн хүнийг дэмжихгүй” хэмээн өөрийн хэн байснаа мартсан гутамшгийг үзүүлж шившгээ тарьж байв (Тэр өөрөө нэгэн цагт заалнаас нэр дэвшин ялалт байгуулж байсан).
Мань эр өдгөө ч Сүхбаатар дүүргийн МАН-ын хороог гартаа оруулж чадаагүй бөгөөд тус дүүргийн намын хороог Н.Учрал даргалж буй.
Тиймээс орон нутгийнханд очиж золгох гээд хөөгдөж ирсэн эрх баригчид аргаа ядахад хотод ялалт байгуулах ёстой ч Д.Сумъяабазараар Нийслэлийн намын хороог толгойлуулсан байгаа энэ үед хотоос мандат авах уу гэх асуудалд ээрэгдчихээд байгаа юм байх.
Тиймээс намын гишүүдийнхээ дунд ч нэр хүнд нь уруудсаар байгаа Д.Сумъяабазараас хотын намын хорооны даргын эрх мэдлийг нь авч нэгмөр Х.Нямбаатарын гарт атгуулаад амжилт алдаагаа үзчихье гэх санал ч гарсан гэдгийг эх сурвалжаас хэлж байна.
Х.Нямбаатарын хувьд ийм хүсэл байхыг үгүйсгэхгүй ч тэр хэлж, хийж зүрхлэхгүй.
Нэгэн цагт Д.Сумъяабазартай хамтран Су.Батболдыг элдэвлэж, улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Д.Сумъяабазарын дэмжлэгээр парламентын босго давж байсан Х.Нямбаатар яахин ийм зүйлийг эхлүүлэх билээ. Сонгуулийн санал хураалтаас гурав хоногийн өмнө Х.Нямбаатарын өрсөлдөгч, АН-аас нэр дэвшсэн О.Магнайн эсрэг гэнэтийн дайралтыг АН-ын гишүүн Асашёорюү Д.Дагвадорж эхлүүлж, акц өрнүүлж байсныг уншигчид мартаагүй биз.
Одоогоор Д.Сумъяабазарын гарт нийслэлийн намын хороог үлдээж, ерөнхий менежерээр Х.Нямбаатарыг нэрлэсэн байгаа ч эцсийн шийдвэр бас биш. Хаврын тэнгэр хартай, салхины чиг хаашаа ч эргээ билээ.
Төрийн тэргүүний дотор эмээл хазаартай морь, нийслэлийн намын хороо, эс бөгөөс намын генсекийн суудал Н.Учралтай юутайгаа багтчихсан явахад бүтэл муутай эрсийн хүсэл хясал юуханд хүрэхгүй жулдах байлгүй.
Тэр ойрын үест байсхийгээд үзэгдэх болсон.
Арга ч үгүй биз. Түүний гарт өөрийнх нь ирээдүй бий. Ирээдүйгээ атгах, алдахын алинг яг одоо л шийддэг цаг шүү дээ.