Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчин чадалтай, чансаатай нүүж, харж, тооцоолж чаддаг улстөрчдийн дутагдалд оржээ. Хаясан яс булаалдан хэмлэлддэг, өөртөө итгэлгүй цүнх баригчдаар бодлогоо бариулсны балгийг амсч өнөө хэр аль аль нь тархай бутархай, эмх замбараагүй хэвээр байна. Тэдний ийм байдал удаан үргэлжлэх тусам Х.Баттулга, Д.Пүрэвдаваа нарын хэдхэн нөхөрт гайхалтай хожоотой байхаар харагдаж буйг хэлэх хэрэгтэй.

15 дэд даргын алиных нь ч энд хүрэхгүй кадраар дарга тавиулсан Х.Баттулгын толгойд баяр хүргэхээс өөр яалтай билээ. Дөнгөж бүрэлдэж буй үр хөврөл шиг АН-ын өнөөдрийн дүр төрх түүнд хэрэгтэй байж. Тэр тэвчээртэй юм.

Ардчилсан залуучуудын холбооны дэмжлэгээр улстөрд орж ирсэн Л.Гантөмөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмээр Нэг ардчилал фракцийн эд эс болон бүртгэгдэж байсныг уншигчид санаж буй биз. Тэр цагаас хойш Ц.Элбэгдоржоор дарцгаа хийн намирч ирсэн энэ эр Увс аймгийн харьяат.

Улстөрд Увсын гэх бүлэглэл голлох үүрэгтэй оролцсоор өнөөг хүрсэн. Х.Баттулгын дэмжлэгээр намын даргад өрсөлдөж байсан О.Цогтгэрэл ч Увс аймгийнх бөгөөд аймгийнхаа АН-ын даргаар ажиллаж байсан байдаг. Нутаг ус, жалга довын ойроороо Л.Гантөмөртэй мань эр тийм ч хол биш.

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү О.Цогтгэрэлийг Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын гар хөл болж байгааг шүүмжилж байсныг улстөрийн мэдээлэлд ойр уншигчид мартаагүй байх. Энэ нь нам эс харгалзан нутгархдаг зан Увсынханд бийг харуулсан хэрэг л дээ. Л.Гантөмөрийн хувьд О.Цогтгэрэлээр дамжуулан Х.Баттулгатай ойртож дэмжлэгийг нь авч байсан мэт харагдавч өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Х.Баттулга нь Л.Гантөмөрийн дүрээр Ц.Элбэгдоржийг дэгээдэж байсан байж мэдэх л юм.

Түүнд С.Баярцогт л биш бол намын даргаар Дулмаа ч байсан яахав болчихсон үе хоорондын асуудал байсан учраас С.Баярцогтыг зайлуулахын тулд Үндсэн хуулийн Цэц рүү өөрөө өргөдөл бариад гүйж явсан өдөр бий.

Дараа нь С.Баярцогтыг АН-ын Тэргүүн дэд даргын суудлаас унагах акцыг хэдэнтээ өрнүүлсэн ч амжилт олоогүй байх.

Эцэстээ Д.Пүрэвдаваагаар шатрын хүү хийж урагш түлхлээ. АН-ын нэрээр НИТХ-ын төлөөлөгч болсон энэ эр өөрийн хүсэлтээр АН-ын гишүүнчлэлээс татгалзав. Улмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2024.02.23-ны өдрийн хуралдаанаар Монголын либерал намын дарга даргаар бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Уг нам улстөрийн намын жагсаалтын зургадугаарт эрэмбэлэгддэг хүчин билээ.

Д.Пүрэвдаваа нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад зөвлөхийн албан тушаал хашиж байсан бөгөөд Баянзүрх дүүрэг дэх АН-ын ялалтын дүн түүнд хаяглагддаг байсан он цагууд бас бий.

Өнгөрөгч оны нэгдүгээр сард Монголын Либерал намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амгаланбаатар гэх нөхөр “…Монголын Либерал нам нэрээ өөрчилж, Ардчилсан Монгол Ялна болгон өөрчилснийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг шүүхийн байгууллагад гаргаж явсан нь ийм л учиртай байж. Эл хүсэлтийг Захиргааны хэргийн танхимын хуралдаанаар хэлэлцээд өргөдөлд намын дарга гарын үсэг зураагүй, намын нэр өөрчлөх шийдвэр гаргасан гэх Монголын либерал намын ээлжит бус 6 дугаар Их хурлын болон хурлаас шийдвэр гарсныг нотлох зарим баримт дутуу байх тул шаардлага хангаагүй өргөдөл хэмээгээд буцаахаар шийдвэрлэсэн байдаг.

Үүнээс есөн сарын дараа буюу 2023.10.02-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Монголын Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяр гэх нөхрөөс ирүүлсэн “… намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд зааснаар намын даргыг огцруулах, чөлөөлөх эрх Бүгд хуралд олгогдсон, Бүгд хурлын гишүүдийн олонхийн саналаар Т.Төмөрмөнхийг чөлөөлж, Б.Өлзийдүүрэнг даргаар сонгосон нь хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангасан байгаа юм.

Тэгэхээр МАН, АН-ынхан гэдсэндээ хөлөө жийлцэн рейтингээ унагах тусам Х.Баттулга тэргүүтэн ажилласаар, тооцсоор ирсэн байх нь.  

Д.Пүрэвдавааг Х.Баттулгагүйгээр төсөөлөхөд бэрх тул сонгуулийн өмнө эрхэм женко гэв гэнэтхэн АН-ын хаалга саваад гарч мэдэх л юм. Хэрэв тэгвэл АН гэх нам дахин 4 жил эрх мэдэл, албан тушаалын “өлсгөлөн”-д унаж, түүнээ даван дийлж чадахгүй газрын хөрснөөс арчигдах биз. Сүүлийн үест АН-ын даргаас эхлүүлээд дуулж хуурдан, монгол пентхаус маягийн юм болоод буй нь энэ намын нөлөө, энэ намд итгэх сүүлчийн итгэлийг сулруулж тарамдуулах зорилго бүхий чанд найруулалттай драм явагдаад байхыг хэн байг гэх юм…

Сонгуулийн санал хураалтын хуудсанд МАН эхэнд, АН хоёрт, Н.Номтойбаярын эвсэл гуравт, Д.Пүрэвдаваагаар хаяглагдах болоод байгаа Монголын Либерал Ардчилсан нам дөрөвт эрэмбэлэгдэн жагсана.

Найман жил засагласан МАН эрх мэдэл, амбицын шуналдаа гүн унасан нарийн бичгийн дарга нарынхаа балгаар ялагдлын цагаан дарцагны өмнө ирчихсэн байгаа. АН ч олонх болох найдваргүйн дээр эр эмгүй дуулж хуурдсан гишүүдийнхээ тэнэглэлээр түмний доог тохуу болж байна.

Энэ завсарт зөв дуугарсан гуравдагч хүчин огцом гарч ирж болзошгүй байгаа бөгөөд олон нийтийн анхаарал Н.Номтойбаярын байгуулсан эвслийн зүг хандчихсан байгаа нь үнэн.

Улмаар Х.Баттулга фракциа аваад улстөрийн намын жагсаалтын зургаад эрэмбэлэгдэх намд орчихвол АН дууслаа л гэсэн үг. Тэдэнд гэнэтийн үйлдлийг сөрж босох цаг дутна. Олонх бүү хэл сөрөг хүчний хэмжээнд ч санал авч чадахгүйгээр барахгүй эл давалгаа МАН-д ч таатай байхгүй. 

Л.Гантөмөрийг Боловсролын зээлийн сан болоод “Глобал” дунд сургуультай холбоотой асуудлаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгсөн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр хүндэд сэв суухуйц мэдээлэл цахим орчинд эрчимжсэн зэргээс харвал улстөрийн хоёр том хүчнийг самрах цунами хэзээ мөдгүй үүсч мэдэх л юм.

Орчуулах »
error: Content is protected !!