Сонгуулийн өмнө Д.Амарбаясгалангийн нэмнээг гарцаагүй тайлах нөхцөл байдал үүсч, салхины чиг эргэчихлээ. Энэ сарын сүүлээр болох МАН-ын Бага хурлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх давхар гуншинт Д.Амарбаясгалангийн аль нэг өрөөг, эрх мэдэлтэй нь өөр хүнд шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг эх сурвалж хэлж байна.
Зөв ч биз.
Төрийн албыг намын албатай хавсран улстөрийн соёлгүй, бүдүүлэг, эрх мэдлийн асар шуналтайгаа эрээ цээргүй харуулж яваа Д.Амарбаясгаланд хэмжээ хязгаар тавьж чадахгүй бол хэн энэ намд дахин итгэх билээ.
Намын генсек нь Засгийн “генсек”-ийг хавсарсан явдал энэ улсад тоталитар дэглэм бүрэн тогтсоныг харуулсан хэрэг гэчихэд хэтийдсэн болохгүй. Нийгэм болоод хувь хүний амьдрал асуудал, сөрөг хүчний үг үйлдэл бүрийг бүрэн хянаж, нухчин дарж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг үгүй хийсэн 8 жил гэх гутамшигт тодотгол нэгэнт зүүсэн, Засаглалын гэхээсээ Д.Амарбаясгалангийн хязгааргүй эрх мэдэл ноёрхсон гэгддэг энэ он цагуудад одоо л цэг тавихгүй бол цаашид ямар ч үнээр эргүүлж дийлэхгүй оройтсон байх биз.
Тусгай алба, цэрэг цагдаагийнхны нийгэм дэх үүрэг оролцоо ихэсч, генсекийн гарт томилгоо, тогтолцоо, үүрэг хариуцлагын бүх эрх мэдэл төвлөрснөөс хойш Л.Оюун-Эрдэнэ гэх дүр бүдгэрч, түүнд намын дарга, Ерөнхий сайд гэсэн хаягт хоосон өрөөнөөс өөр юу ч үлдээгүйг бүгд харж байгаа.
Ерөнхий сайд байтугай Ерөнхийлөгч ч шударга ёсыг сахиулж, хулгайчидтайгаа тэмцэнэ гэж мянгантаа орилоод хол явахаа больсон. Тэдний танхимд, тэдний бүтээсэн намд нүүрсний гэх асар том хулгайтай нэр холбогдсон нөхөд ургийн мод шиг тэлж, цаашид ч үржин олшрох өнгө нэгэнт бүрдсэн байхад олон нийт У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэнд хэрхэн итгэнэ гэж…
Олон нийт байтугай намынх нь гишүүд өөрсдөө УИХ-ын сонгуулиас өмнө нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон, үүнийг нь Хууль зүй дотоод хэргийн сайдын зүгээс ч няцаагаагүй байгаа тул намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланг аль аль албанаас салгаж улстөрийн хариуцлага тооц гэх шаардлагыг тавьсаар ирэв. Тэр дундаа намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хугацаа алдалгүй авах ёстой гэлцэж байна.
Арга ч үгүй юм.
Хоёр сар хүрэхтэй үгүйтэй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлж, сонгуулийн ерөнхий менежерээр намын генсек ажиллах шаардлага үүснэ.
Тэгэхээр түүнийг сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байгаа хэмээн найр тавьж Засгийн газрын үйл ажиллагааг зогсоох боломжгүй тул энэ цаг мөчөөр тасалбар болгон намын албыг төрийн албатай давхардуулсан эрхлэлтийг нь халах зарчмын шаардлага хүчтэй байгаа юм.
Тэр эрх танхи, эрх мэдэл нь хэтийдсэн байлаа ч яг энэ цаг үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудлыг өгч Засаг ганхуулж болохгүй. Ямар ч тэнэг мугуйд нэгэн байлаа ч гэлээ эл шийдвэрийг овжноор ашиглахаа мэдэх биз.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувиар, анд нөхрийн ёсоор ч Д.Амарбаясгаланг давхар дээлийнхээ нэг болох намын ерөнхий нарийн бичгийн даргаас өөрийн хүсэлтээр буух саналыг тавьсан гэх мэдээлэл байна. Тэрбайтугай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч ийм байр суурь илэрхийлж шахсан хэдий ч илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрч, ус хийсэн ч сэгсэрдгийн үлгэрээр өнөөх нь гэдэлзэж шанаа авахаас наагуур юм болсон юм байх.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-д хоцорч ирснээс болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шившигтэйгээр зандруулсныг олон нийт харсан. Үүнийг Д.Амарбаясгаланд дахин сануулсан У.Хүрэлсүхийн анхааруулга хэмээн тайлбарлах нөхөд бий.
Х.Булгантуяаг 2020 оны сонгуульд шинэ залуу үе хэмээн тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн биеэр очиж, нэр дэвшихэд нь дэмжиж байв. Улмаар Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн болж, сайдын суудлыг ч энэ дэмжлэгийн эрчээр авсан гэлцдэг. Эл жиг жугийг Ерөнхийлөгчийн бухимдал нотлох мэт болсныг энд хэлэхэд илүүц болохгүй биз.
Тэгэхээр Д.Амарбаясгалангийн тухайд хүссэн хүсээгүй намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг өгч таарах бололтой.
Эс бөгөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүн эрх баригч намын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллана гэвэл адгийн тэнэг ч бухимдахдаа бослого дэгдээж таарна. Ийм дур хүсэл, ийм тэнэгрэлийг хөдөө хээргүй дуулалдан уярч яваа сөрөг хүчин ч зөвшөөрөхгүй биз.
Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох яриа эртнээс улбаатай байсан хэдий ч өнөөдрийн тухайд Н.Учралын нэр илүүтэй яригдаж байна.
Н.Учралын улстөрийн амьдралыг У.Хүрэлсүхээс салгахад бэрх. Эцгийнхээ бизнест ажиллаж салбаруудынх нь захирал хийж байснаас өөр ажлын туршлагагүй залуу нэг л өдөр У.Хүрэлсүхийг Шадар сайд болох үеэс зөвлөх гэгдэн гарч ирсэн.
Хүнд эмчилгээний өдрүүддээ У.Хүрэлсүхийг эцгээ мэт хүлээсэн, Ерөнхийлөгчийн зүгээс ч Цахим хөгжил харилцаа холбооны яамыг түүнд зориулж байгуулуулсан гэх яриа дэгдсэн нь тэдний харилцаа хэр зэрэг ойрыг илэрхийлсэн хэрэг биз.
УИХ-д Инноваци, цахим бодлогын байнгын хороог байгуулж даргаар нь Н.Учралыг томилсон, Сонгинохайрхан дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү татаж намын хорооны дарга болгосон нь ч У.Хүрэлсүхийн шийдэл байсан гэлцдгийг мартаж болохгүй.
Нэг хэсэг Д.Амарбаясгалангийн эрхлэх асуудлын хүрээнд багтдаг шуудан, харилцаа холбоог Н.Учрал “гартаа оруулах” акц өрнүүлж, улмаар “Надад эрх мэдэл алга” хэмээн туниад зогсохгүй Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсноо зарлаж байсан нь саяхан.
Хуулиас давсан журам хэрэгжүүлдэг хэмээн чичилсэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь Засгийн газрын мэдэлд үйл ажиллагаа явуулдгийг нийтээрээ мэднэ. Тэгэхээр хуулиас давсан журамт гэх Хороог, хуулиас давсан эрх мэдэлт гэгддэг Д.Амарбаясгалангийн хашиж буй суудалтай юутай нь Н.Учрал авахаар шийдсэн байж болох л юм.
Яагаад ч болохгүй байх билээ. Тэр чинь хүсэл “биелүүлэгч” алтан загастай эр шүү дээ. Сүүлийн үест Х.Баттулгын талынхан ч Н.Учралд талтай байгааг анзаарахгүй орхиж болохгүй.
Тэгээд ч бүхэл бүтэн улс орны “шуудан, харилцаа холбоо” нэг хүний мэдэлд удаан байж болохгүй нь чухам үнэн хийгээд аюултай юм.