МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлага болон мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн бололтой. Намын даргын зүгээс намын нэрийн жагсаалтад багш, эмч, малчдын төлөөлөл багтаах, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдөд боломж олгохгүй байх санал оруулсан талаар эх сурвалжаас хэлж байна.
Харамсалтай нь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас эхлээд нүүрсний хэрэгт нэр холбогдсон, олонх гишүүн нь Хөгжлийн банк, ЖДҮ, тусгай сангуудтай хутгалдсан байхад нэр дэвших хүн олдохгүйд хүрнэ хэмээгээд Л.Оюун-Эрдэнийн үг Удирдах зөвлөлөөс дэмжлэг аваагүйгээр үл барам ямар нэг шийдэл ололгүй тарцгааж.
Энэ үеэр УИХ-ын сонгуулийн хуулийг хуучнаар нь явуулах арга ядсан санал зарим гишүүний амнаас гарсан гэж байгаа. Зуднаар зусардаж, малчдын хотонд ажиллаад ирсэн гишүүд бүсчилсэн тойргоор сонгууль явуулах нь өртөг өндөр, чирэгдэл ихтэй, амаргүй байгаагаас гадна намын нэр хүнд орон нутагт талаар нэг болж, юун халуун цай буузтай мантай гэх гомдол тээн ирж. Тойрогтоо салбар салбарын сайдын нэрээр ажиллаад ирсэн Засгийн газрын гишүүд ч үгээ барж, томсгосон тойрог эрх баригчдад ялагдал авчрахаар байгааг дуулгасан байна.
Гэвч хэзээнээсээ эл байдлыг Х.Баттулгатай нийлэн тооцсон, МАН АН нэр дор улаан дэнлүүний гудамж шиг болтол заваарсан тогтолцоог нураахаар АСА станцид суурилсан ах дүүсийн бүлэглэл ажлаа эхлээд нэг жил болж байна гэлцэхийг батлах мэт Л.Оюун-Эрдэнэ намынхнаа зовлонг үл сонсч, шинэ хувилбараар буюу бүсчилсэн байдлаар зохион байгуулах шийдэлдээ хатуу зогсохоо мэдэгдсэн бололтой.
Найман жил Засгийн эрх дангаар барьж, хэн байснаа марттал тарвалзсан МАН-ын нэр хүнд шалаар нэг байгаа нь үнэн. Дараалан хийсэн судалгаанууд ч үүнийг баталсан.
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар шударга ёс тогтоох улстөрийн шинэ үеийн дүрээр сүр дуулиантай гарч ирсэн ч энэ нь улс орны тусын тулд бус өөрсдийн эрх мэдлийн төлөөх ахархан хүсэлт үлгэрийн дүр байсныг цаг хугацаа харуулж байгаа.
УИХ-ын сонгуулийн хууль эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч, хуучнаараа явагдах магадлал өндөр байгааг хэлэх нь зөв.
Өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ний өдрийн Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасныг улстөрийн намууд эрхбиш анзаарсан биз.
Иргэн А.Гэрэлцогт, С.Номинбаясгалан, З.Тамир нар Сонгуулийн тухай хуулийн 29.3.3-т заасан нэр дэвшүүлэхтэй холбоотой хэсэгт сүүлийн 6 жил хүртэлх хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй гэсэн заалт нэмсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэх гомдлыг Цэцэд гаргасан. Үүнийг Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуульд оруулсан дээрх заалт нь Үндсэн хуультай нийцэхгүй байна хэмээн үзээд уг заалтыг 2024.01.17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв. Тэрчлэн УИХ-ыг Сонгуулийн тухай хууль батлахдаа Үндсэн хуулийн 21.4 дэх хэсгийн “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн дүгнэчихээд байгаа.
Үйл явдлын он дарааллыг багахан ухраая…
УИХ-аас 2024 оны сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо 2023 оны 116 дугаар тогтоол гарган, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024.06.28-ны өдөр байхаар тогтоочихсон. Харин УИХ-ын сонгуулийн хуулийг 2023.07.07-ны өдөр баталсан нь Үндсэн хуулийн 21.4 дэх хэсгийн “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болж таарч байна. Цэцийн дүгнэлтийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэн тайлбар мэдээллээ хүргүүлэх учиртай. Харамсалтай нь, Г.Занданшатар дарга Ч.Хүрэлбаатар нартай тэрсч яваад ээлжит бус хуралдаан зарлан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг хойш хаячихсан. Тиймээс Сонгуулийн хууль хүчин төгөлдөр эсэх эргэлзээтэй болж зодоон нүдээндээ тулам маргаан үүсгэх нь тодорхой болов бололтой.
Парламентад суудалгүй улстөрийн намууд хамтарч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар гомдол гаргахаа өнгөрөгч сарын 22-нд мэдэгдсэн.
Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт “Энэ удаагийн сонгууль шударга бус болох нь илт байна. Үндэсний аудитын газраас улстөрийн намуудад хандаж сонгуульд зарцуулах мөнгөн дүнгийн дээд хэмжээний талаар саналаа ирүүлнэ үү гэсэн бичиг ирсэн. Энэ бол монгол хүнийг хөрөнгөөр ялгаварлахгүй гэсэн Үндсэн Хуулийн заалтыг зөрчиж байгаа явдал. Дөрвөн аймгийн нутаг дэвсгэр дээр сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг тогтоолоо гэхэд шударга өрсөлдөх боломж хаагдана. Намууд хамтарч сонгуулийн хуультай холбоотойгоор Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандаж гомдол гаргахаар ажлын хэсэг байгуулсан. Сонгуулийн тойрог хуваарилалт дээр ч асуудал байна. Жишээлбэл Баян-Өлгий аймагт дангаараа 17 хоног сурталчилгаа явуулах байтал хажууд нь байгаа дөрвөн аймгийн 80 орчим сум нэг тойрог болоод мөн 17 хоног сурталчилгаа хийнэ. Энэ шударга ёсонд нийцэх үү, тус хуультай холбоотой энэ мэт асуудал элбэг байгаа тул улстөрийн намууд хамтарсан гомдол гаргана” гэх мэдэгдлийг хийсэн байгаа.
БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо “Жил бүрийн сонгуульд зарцуулах мөнгөн дүн өсдөг. Сонгуулийн тухай хуулийн 50.2-т зааснаар тойрогт зарцуулах мөнгөн дүнг үндэсний аудитын газрын саналаар Сонгуулийн ерөнхий хороо батална. Ингэхдээ зардлыг бууруулахад чиглэнэ гэж заасан байдаг. Уг нь улстөрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр намууд хамтарсан санал өгсөн. Гэвч бидний саналыг огт хэлэлцээгүй. Эрх барьж буй нам суудалтайгаа зууралдахын тулд хэт улайрч байна. Үүнээс гарах уршгийг Монгол Ардын Нам хариуцна шүү гэдгийг хатуу анхааруулъя” хэмээн бухимдсан.
Үнэндээ Сонгуулийн тойргийг тогтоосон УИХ-ын тогтоолыг өнгөрөгч сарын 1-нээс өмнө батлах боломж байсан ч эрх баригчид оны өмнө яаравчлан кнопдсон нь үнэн.
Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсэхийг эрх баригч намын дарга тооцоолоогүй байна гэж үгүй. Эмэгтэйчүүд, залуучуудад хатуу нөхцөл байдал үүсгэж буй бүсчилсэн том тойрог УИХ-д хэдэнтээ сонгогдсон гишүүд, олонд танигдсан эрхмүүдэд ашигтай гэх хэдий ч арчилгаа, өртөг нь хэтийдсэн өндөр гарч буй нь үнэн. Тиймээс аймгийн дарга нарын фракц сонгуулийн хуучин хувилбар дээр саналаа нэгтгэн, Үндсэн хууль зөрчсөн гэх фактыг чиг болгон барих сонирхолтой байгааг эх сурвалж хэлж байна.
Цэц эрх баригч намынх. Тэд юу хүснэ, алх тэр талд цохигддог гэдгийг дотоод байтугай гадны ажиглагчид ч мэдэхтэйгээ болсон.
Удирдах зөвлөлийн дээрх хурлын дараахан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын гишүүддээ хандан Н.Номтойбаяртай уулздаг, түүний тэргүүлсэн эвслээр эргэлддэг нөхөдтэй сонгуулийн дараа хатуу хариуцлага ярина хэмээн зандраад авсан жиг жуг байна. Намаасаа хөөгдсөн Н.Номтойбаярын ял эдэлсэн хэргийг цагаатгахаар У.Хүрэлсүх тохиролцсон гэх ч түүний цаад шалтгааны нэгд Л.Оюун-Эрдэнийг дарж авах жор бичигдсэн байх магадлал өндөр гэдгийг учир мэдэх эх сурвалжууд хэлж буй нь анзаарахгүй орхиход хайран өнцөг юм.