АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүд дахин хагаралдлаа. Оны өмнө тус намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралдаж, Л.Гантөмөрийг намын даргаас огцруулах ёстой гэх саналыг гарган, улмаар Үндэсний бодлогын хорооны хурлаа хуралдуулахыг шаардаж байв.
Т.Батцогт, Ц.Одонтунгалаг, Д.Пүрэвдаваа, Ш.Түвдэндорж тэргүүтэй гишүүд АН-ын дэд дарга С.Баярцогтод Улс төрийн зөвлөлийг гуравдугаар сарын 1-н гэхэд зарлан хуралдуулахыг шаардсан. Хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх тухай журам батлагдсантай холбогдуулан Сонгон шалгаруулах хороог нэн даруй байгуулж ажилд нь оруулах, намын Үндэсний бодлогын хороог хуралдуулах шаардлагатайг тодотгосон байв. Шаардлага тавьсан нөхөд Х.Баттулга болон С.Эрдэнийн талыг баримталдаг. Гэхдээ тэдний эл үйлдэл улстөрийн эрүүл шаардлага гэхээсээ илүү сонгуулийн мандат, намын нэрийн жагсаалтад нөлөө үзүүлэх шахалт гэж харагдаж буйг хэлэх хэрэгтэй.
Энэ намын Улс төрийн зөвлөл нь бодлогын шийдвэрээ гаргадаг гол субъект бол Үндэсний бодлогын хороо нь намын эрх барих дээд байгууллага. Тэд Үндсэн дүрмээ шинэчилж, намын мөрийн хөтөлбөрийг боловсруулан танилцуулах талаар хэлэлцэнэ гэж байгаа ч Л.Гантөмөр гэх толгойтойгоор УИХ-ын сонгуульд оролцох эсэх асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн гэлцэнэ. Л.Гантөмөрийг хүчтэй байтугай хүчин мөхөс сөрөг хүчин ч байж чадахгүй, АН-ыг сулруулж, пиарын бодлого нь хөгжим бүжиг төдийхнөөс хэтрэхгүй байгаа нь энэ намын албан бус зөвлөхөөр бүжигчин хүргэн нь ажиллаад байгаа юм биш үү гэх шүүмж, егөөг ханатал дагуулж байна. Үнэхээр ч мань эр орон нутгаар яваагаа цахим хуудаснаа мэдээлэхдээ хэт уянгын халил ашиглаж буй нь намынхнаа нүүр хийх газаргүй болгож байгаа биз.
Ямартаа АН-ын гишүүн, олонхийн хэлдгээр лайвчин гэх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан намын даргынхаа зүрхэнд шар ус хурам хатуухан шүүмжлэл, сануулгыг шидэхэд хүрч байхав. Тэрбээр, би Л.Гантөмөрт “Их хуралд нэр дэвшихийг бид мэднэ” гэдгээ хэлсэн. Тэр, тэрийг дэвшүүлнэ гээд дээгүүрээ ВИП уулзалт хийгээд, гялгар царайлаад, хор найруулаад яваа сураг байна лээ” хэмээгээд АН-ыг цэвэрлэх, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх зоригтой алхмуудыг авсан шиг авна гээд энэхүү зорилгодоо МАН болон бусад намын гишүүд, тэрбайтугай сонгогчдыг ч нэгдэхийг уриалав.
Гарман дээр морио юүлдэггүй гэдэг ч энэ намын хувьд Л.Гантөмөртэйгээр сонгуульд оролцох нь бүр ч тусгүй байж мэднэ.
Тэр АН гэх айлын үүдэнд өлгөсөн мануухай гэчихмээр гунигтай дүр.
Энэ дүрийг Х.Баттулга, Ц.Элбэгдоржоор тогтохгүй эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ ч дураар хувирган наадаж байх шиг харагддагийг нуух юун. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн гаргасан санал, дэвшүүлсэн санааг оцгосхийтэл дэмжин, огиудас цацтал үзэглэж яваа нь АН ирэх сонгуульд ялалт байгуулах байтугай МАН-ын сурталчилгаанд гүйхгүй бол их юм хэмээн гишүүдийнхээ дургүйг хүргэж байна.
Хагаралдаа цэг тавьсан гэлцэж явсан АН ийнхүү тарж бутарч байна. Үүнийгээ намын дарга нь өөрөө хүлээн зөвшөөрч, иргэдээр халхавч хийн гишүүддээ үг дайж суугаа нь хөөрхийлөлттэй.
АН-д МоАХ нам болох шахтлаа өндийж, өдлөж, Ц.Элбэгдорж тэргүүтэй хүч томорч байгаа. Сонгуулийн мандат, намын нэрийн жагсаалтын 30-40 хувийг Х.Баттулга, 20-30 хувийг Ц.Элбэгдорж болоод С.Баярцогт, үлдсэн хувь дээр бусад фракциуд гэсэн урьдчилсан тохироо хийлцсэн гэх хэдий ч үнэн хэрэгтээ Монгол Улсын газар нутгийн зүүн хэсгийг Л.Оюун-Эрдэнэ, баруун зүгийг Х.Баттулга хэмээн аль хэдийнэ эвтэй найртайгаар тохирсон гэж байгаа юм. Тийм ч учраас бүсчилсэн тойргоо больё, хуучнаараа үзье гэх хэний ч үгийг өнөө хүртэл үл тоон БҮТЭН монгол, БҮТЭН ардчилал гэх явган мессэж шидээд мориндоо мордоцгоосон гэдгийг учир ойлгох улстөрчид хэлж байна. Тэд МАН-ыг задлах түлхүүр нь гадна талд Н.Номтойбаяр, дотор талд Д.Амарбаясгалан хэмээн үзсэн бөгөөд тэдний баадууг аль хүртэл чангалж чадна, тэр хэрээр Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гэх хуурай ах дүүсийн нэгдэл хөвдөн дороос өндийх мэт хүчирхэгжин босно гэж үзсэн юм байх.
Үргэлжлэл бий…