Зуд болоход нохой зоолохын үлгэрээр улстөрчид эр эмгүй хөдөө хээрт хөлхөлдөн, борог энэрэнгүйн дүрд цаг барж явна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүртэл Говь-Алтай, Завханд хүрз жоотуу эргэлдүүлж, хийморьтойхон сөрөг хүчинд эргэж зуугдах факт үлдээгээд завгүй. Түүний эл явдал сонгуулийн хууль зөрчсөн, сонгуулийн далд сурталчилгаа гээд хардчихад хэтрүүлсэн болохгүй биз. Учир нь энэ нөхөр эл аймаг сумдаас нэр дэвшсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн биш. Тэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүн. Байгалийн гамшиг, зуд турханд хүний амь эрсдэх вий, хүнсний хангамж тасалдах вий гэж зовнисон бол тэрбээр Говь-Алтай, Завхантай зууралдах бус Монгол улсын хэмжээгээр нь, бүх аймаг сумд, хүн зонд хүрч үйлчлэх ёстой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл бүх нутгаар зудын гамшигт адилхан өртчихөөд байхад ганц аймагтай зууралдаж яваа нь багийн даргын хэмжээнээр хэтрэхгүй удирдагч шиг харагдаж буй нь үнэн. Тэрбээр Архангай аймагт яваа гэх шалтгаанаар Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдааныг хойшлуулж байгаа нь энэ танхим бүрэлдэхүүнээрээ огцрох хангалттай дутагдалтайг харуулж байна.
Эрх баригч нам сонгуулийн намын жагсаалтын эхний аравт эмч, багш зэрэг нийгмийн салбарын төлөөллөөс багтаана гэж байгаа. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллөөр намын нэрийн жагсаалтаа “гоёно” гэж байсан ч энэ нь бусдыг хөгжлийн бэрхшээлтэй үгүйгээр нь ялгаварласан хүний эрхийн ноцтой зөрчил гэх олны шүүмжлэлийг дагуулсан тул больсон бололтой.
Тэрчлэн сонгогдож байсан гишүүдээ тойрогт илгээж, намын нэрийн жагсаалтаа салбар салбарын залуусаар өнгөлнө гэсэн түүний санаа намынханд нь таалагдаагүй. Уурссан гишүүд хаалга савж, зарим нэг нь Н.Номтойбаярын тэргүүлсэн эвсэлтэй сэм эвцэлдсэн мэдээлэл чих дэлсч байгаа.
Өнгөрсөн бүх хугацааны турш хэмлүүлж, шорон гяндандаа тултал аль муугаа үзэж ирсэн М.Энхболдын фракци Н.Номтойбаярын тулгуур болж сонгуульд оролцохоор бэлтгэлдээ орсон гэдгийг амтай болгон ярьж байна.
Арга ч үгүй биз. Л.Оюун-Эрдэнэ ирэх сонгуулиар МАН-ыг ялалтад хүргэж чадвал хотын байтугай фракциуд элдэв төрлийн үнэн худал нь үл мэдэгдэх хэргээр чихдүүлж, эрх чөлөөгөө хасуулах зовлон тасрахгүй гэх уурсал намын дотоодод хүчтэй яваа. Даарин дээр нь давс гэгчээр Х.Нямбаатарын зүгээс байсхийгээд газрын асуудал сэвж, ойрын хугацаанд сонсгол зохион байгуулна хэмээн яаравчлуулж байгаа. Сонгууль ойртсон энэ өдрүүдэд эл нударга зангидалт нь намынхаа бүлэг фракциудыг чих зөөлөнтэй болгох бус эсрэгээр нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын цагийг элсэн цаг шиг зогсоох хэрэгтэй гэсэн шуудралд хүргэж байна.
Өнгөрөгч долоо хоногийн НИТХ-ын үеэр Х.Нямбаатар “Хотын ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Бадамжунай хэлмэгдэгсдэд орон сууц барих нэрээр 2-р төрөхийн газрыг шилжүүлж авсан. Мөн “Моннис”-ын ойр орчмын газрыг төрөхдөө өмчилж авсан аятай аашилдаг н.Мөнхжаргал гэх нөхөр газраа ам метрийг нь үнэтэй зардаг, ирж уулзахгүй бол цаг дулаарахаар хашааг нь цөмөлж зам тавина” хэмээн чанга дуугарсан нь “Моннис”-тэй ойр байдаг гэх Д.Амарбаясгаланг ч сэртхийлгэсэн гэж байгаа.
Дүнжингаравт болсон дэлбэрэлтийн дараахан газар олголттой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах талаар мэдээлж байсан тэд УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгийг авсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “гээгдэж”, улстөрөөс шахагдахдаа хүрээд буй Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнэтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, АМНАТ-ын асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий дэд Ажлын хэсгийнхэнтэй уулзаж яваа. Тэрбээр нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа тул цэгцэлцгээе. Үүнтэй холбогдуулан 2024.03.15-ны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хяналт, шалгалтын Түр хороо байгуулна. Ирэх 5 дугаар сарын 15-ны дотор багтаан Хяналт шалгалтын Түр хороо нээлттэй сонсгол зохион байгуулна хэмээн эрчтэйхэн дарцаглаж, даналзаж яваа.
Харамсалтай нь энэ нь ажил хийх гэсэн дүр бус сонгуулийн өмнө М.Энхболд, Т.Бадамжунай нарын газрын наймааны асуудал гэх шинэ сэдэв босгохын тулд сулхан бичигдсэн сценари шиг харагдаж буй нь үнэн.
Яг л хоол хайсан өлсгөлөн цөөвөр шиг дүрслэлийг жишээлээд татчихад болмоор…
Засгийн газрын танхим хүртэл кабинетийн зарчмаа алдаж, сайд нар нь өөр өөрийн эрх ашигт хөтлөгдөн хөл толгойгүй бужигнаж байна.
Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гэхэд хотын дарга Х.Нямбаатартай арцалдах болсныг автомашины улсын У серээс харж болно. Уг нь Авто тээврийн үндэсний төвөөс автомашины У серийн дугаарыг шилжүүлэн авч, хариуцан ажиллах тусдаа агентлаг байгуулах болсон. Энэ нь түгжрэлийг бууруулах үндэслэл хэмээн Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тайлбарлаж байв. Гэвч агентлаг байгуулах асуудал Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өрөөнөөс өндийлгүй удаж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн шүүгээнд ороод алга болсонтой яг адил.
Тэрчлэн Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлыг хөндөж, дараагийн Ерөнхий сайдаар нэрлэгдэх болсон Ч.Хүрэлбаатарыг “намнах” ажиллагаа эрчтэй өрнөж, хариуд нь Л.Оюун-Эрдэнийн эсрэг Н.Номтойбаярыг сөргүүлэн тавьсан гал томоохон фракциудын дэмжлэгтэйгээр дүрэлзэж байна.
Т.Доржханд тэргүүтэй ХҮН хүртэл Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нараас нүүр буруулах болсныг нийслэлийн төсвөөс харахад илт. Д.Амарбаясгалангийн хөлөгт тоглоом гэгддэг Т.Доржхандын нам Х.Нямбаатарын үйлдэл бүрийг хянаж, үг бүрийг шүүмжлэх болсон. Ямартаа Нийслэлийн төсвийн тодотгол ХҮН-ын хөлд гишгэгдэж, Х.Нямбаатар, цаашлаад өмнөх мээр асан Д.Сумъяабазарыг цахим орчинд бачууруулж байхав. Бухимдсан бөх байж ядахдаа “П.Наранбаяр аа чи одоо боль, мэдрэл чинь зүгээр үү. Байнга ингэж гуагчиж байх юм. Чи хот дээр очвол хөгөө чирнэ анд аа” хэмээн цамнаж байгаа.
Энэ мэтчилэн эрх баригчид дээр доргүй бужигнаж байна.
Үр дүнд нь Н.Номтойбаярын байгуулж буй Үндэсний эвсэл буурь сэлгэсэн МАН мэт өндийж, түүнд нь ноход хэдий араатан ч тэжээсэн эзнээ барьдаггүй юм хэмээгээд залуустаа зуулгасан өвгөд тусалж байна.
Өнгөрсөн онуудад буруу зөвгүй сэлэм эргүүлж, боссон хэдэрлэсэн бүгдийг шоронгоор далайлгаж ирсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тэргүүлсэн Засгийн газар бөмбөрцөгт багтамгүй догшин, харгис байсан нь үнэн.
Тиймээс Н.Номтойбаярын босгосон Үндэсний эвсэл соёлын бодлого шиг зөөлнөөр ТӨРийн ЭРХийг авах ч юм билүү хэн мэдлээ. Байгаа бүгдээ булаалгаж, татвар даатгалын өрнөөс өөр юмгүй үлдсэн үндэсний хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулагчид түүнд нэгдвэл ирэх сонгуулийн анир ихээхэн сонирхолтой болж, эрдэж бардаж яваа эрх баригчид өөрсдөө үгүйрлийн зудад нэрвэгдэх аюул ойрхон байж мэдэх л юм.
Үргэлжлэл бий…