Шинжээчийн дүгнэлт: 2018 оны Засгийн газрын 242 дугаар тогтоолоор төрийн өмчийн 51 хувиас доошгүй оролцоотой Тавантолгой төмөр зам ХХК-ийг байгуулжээ. “Эрдэнэс Тавантолгой” ТУЗ-ийн 2019 оны 36 дугаар тогтоолоор Тавантолгой төмөр зам компанид 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олгохоор шийдвэрлэсэн. Компани санхүүжилтийг төмөр замын бүтээн байгуулалт, суурь бүтцийг барихад зарцуулна гэж гэрээнд заажээ. Гэтэл үйл ажиллагааны зардалд зарцуулсан нь гэрээнд заасан зориулалттай нийцэхгүй байна. Тавантолгой-Гашуунсайхат чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-д Энержи Ресурс ХХК-ийн захиалгаар 2013 онд нэг тэрбум 68.6 сая ам.доллароор барихаар тусгасан.
Монголын төмөр зам компани шинэ төмөр зам төслийн хүрээнд Хөгжлийн банк, улсын төсвөөс 276.4 сая ам.долларын ажил гүйцэтгүүлсэн.
Тавантолгой төмөр зам компани болон Бодь Интернэшнл ХХК-иуд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлэх, барилгын ажлыг эхлүүлэх, цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлох зорилгоор 2019.04.16-нд санамж бичиг байгуулжээ.
- ТЕГ-ын 2019.09.02-ны албан бичгээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь төрийн нууцад хамаарах тухай бичгээр ирүүлсэн байна. Бодь Интернэшнл компани мөн өдөр дээрх төслийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр орох сонирхлоо илэрхийлж, холбогдох бичгийг Тавантолгой төмөр зам компанид хүргүүлж байж.
Тавантолгой төмөр замын ТУЗ-ийн есдүгээр сарын 9-ний хурлаар төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгосон талаар Н.Удаанжаргалд танилцуулж, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг ТЭЗҮ-д заасан дүнгээр Бодь Интернэшнл ХХК-тай хэлцэл хийж гэрээ байгуулахыг дэмжсэн.
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн тогтоолоор 110 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг Тавантолгой төмөр замд шилжүүлэх, нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх саналыг боловсруулахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн байна.
Тавантолгой төмөр зам компани болон Бодь Интернэшнл ХХК-иуд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2019.10.29-нд байгуулсан. Гэрээний хавсралт хоёрт нийт үнийн дүн 792.2 сая ам.доллар, урьдчилгаа 110 сая ам.доллар байхаар тусгасан байна. Улмаар 286.3 тэрбум төгрөг шилжүүлэхийг зөвшөөрсөн. Бодь Интернэшнл ХХК гаднаас хөрөнгө босгож санхүүжүүлсэн эсэх тодорхойгүй байх бөгөөд Тавантолгой төмөр замаас санхүүжүүлсэн 286.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа болон нүүрс борлуулалтын орлогоос тус төслийг санхүүжүүлсэн байх магадлалтай байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани ханшийн зөрүүний алдагдал болох 1.2 сая ам.долларыг нүүрсээр төлж барагдуулахыг зөвшөөрчээ. ТЭЗҮ-д тодотгол хийж хөрөнгө оруулалтыг 213.4 сая ам.доллароор нэмэгдүүлж. Нийт нэг тэрбум 5.6 сая төгрөг болгох нэмэлт өөрчлөлтийн гэрээг 2020.5.18-нд байгуулсан.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 км урттай, хоёр өртөө, зургаан зөрлөгтэй, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, нэгдүгээр зэрэглэлийн зам. Бүтээн байгуулалтын төсөвт хөндлөнгийн аудитын дүгнэлтийг хийлгэсэн.
Төслийн нийт гүйцэтгэл 898.5 сая ам.доллар буюу 93.9 хувьтай байна. Ерөнхий гүйцэтгэгч 96 хувьтай байна гэсэн мэдээллийг түр хороонд ирүүлсэн.
Мөн Тавантолгойн нүүрс ачих ерөнхий логистикийн төвийн барилга байгууламж, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий хэлэлцээрийг 2021.08.20-нд Тавантолгой төмөр зам Бодь Интернэшнл ХХК-иуд байгуулжээ. 2021.09.02-нд төслийн ТЭЗҮ-ийг хийх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ боловсруулах, мэргэжлийн байгууллагаар батлуулах, ажил гүйцэтгэх 1.3 тэрбум төгрөгийн гэрээг Соёолон инженеринг компанитай байгуулсан. Зөвлөх үйлчилгээний гэрээг ажил гэж байгуулсан. Энэ компанийг хэрхэн шалгаруулсан, гэрээний үнийн дүнг хэрхэн тогтоосон талаар баримтыг түр хороонд ирүүлээгүй. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн бодит гүйцэтгэл аравдугаар сарын 30-ны байдлаар 78 хувьтай байсан. “Эрдэнэс Тавантолгой” компани 254.4 тэрбум төгрөгийг Тавантолгой төмөр замд компанид, гүйцэтгэгч Бодь Интернэшнл ХХК-д 226 тэрбум төгрөг буюу гэрээгээр олгох санхүүжилтийн 74.2 хувийг олгосон байдаг.
Рашаант болон Майнт өртөөг холбосон 144.8 км гуравдугаар зэрэглэлийн төмөр зам.
Дөрвөн өртөө, зургаан зөрлөгтэй, нэг тэрбум 404.8 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай төсөл.
Богдхан төмөр замын барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Төслийн судлагдсан байдал:
1. Улаанбаатар төмөр зам ХНН 2010 онд ТЭЗҮ хийж байсан
2. Азийн хөгжлийн банкны дэмжлэгчтэй 01 трансын судалгаа хийгдэж байж
Богдхан төмөр замын эхний ТЭЗҮ-ийг “Урбан девелопмент консалтинг групп” ХХК 2021 онд боловсруулж, 2021.12 сард баталгаажуулсан.
Хоёр дахь ТЭЗҮ-ийг 2022 онд “Урбан девелопмент консалтинг групп” ХХК дахин боловсруулж, Зам тээвэр хөгжлийн төв мөн оны тавдугаар сард баталгаажуулсан. Уг ТЭЗҮ-ээр эхний ТЭЗҮ-ээс 507.3 сая ам.доллараар хөрөнгө оруулалтын зардлыг бууруулжээ. Хөрөнгө оруулалтын нийт зардал эхний ТЭЗҮ-ээр 1.409.4 сая ам.доллар байсан бол гурван хувилбараар тооцоход хоёр хувилбар нь хөрөнгө оруулалтаа нөхөхөөргүй байсан. Хамгийн сүүлийн хувилбараар 24.8 жилд санхүүгийн үр ашигтай гэж гаргасан байдаг.
Засгийн газрын 2022.04.13-ны хуралдаанаар төмөр замын доод бүтцийн барилгын ажлыг ЗХЖШ, дээд бүтцийн барилгын ажлыг Улаанбаатар төмөр зам ХНН, эстакадан гүүр, тунелийн барилгын ажлыг Бодь Интернэшнл ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Төмөр замын төслийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” дараах гурван гэрээг байгуулж байж.
1. Бодь Интернэшнл ХХК-тай 2022.06.27-нд санхүүжилтийн гэрээ
2. Тавантолгой төмөр замтай 2022.06.28-нд нүүрс нийлүүлэх гэрээ
3. Бодь Интернэшнл ХХК болон Таавантолгой төмөр замтай 2022.06.27-нд гурвалсан гэрээ
Зам тээвэр, хөгжлийн сайдын 2022.12.22-ны шуурхай хуралдаанаас Богдхан төмөр замтай холбоотой бүх гэрээг түдгэлзүүлж, шийдвэрийг Бодь Интернэшнл ХХК болон ЗХЖШ-т хүргүүлэхээр даалгажээ. Үүний дагуу холбогдох байгууллагуудад түр түдгэлзүүлэх албан бичгүүдийг хүргүүлсэн.
Богдхан төмөр замын санхүүжилтийн хүрээнд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээний тухай шинжээчийн дүгнэлт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт олгосон. Энэ хүрээнд эстакадан гүүр, тунелийн барилгын ажилд шаардагдах 734 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах болон бусад хэлбэрээр санхүүжүүлэх гурван талт гэрээ байгуулах эрхийг олгожээ. Ингээд 2022.06.27-нд гурван талт гэрээг байгуулсан бол мөн энэ өдөр нүүрс нийлүүлэх гэрээг “Эрдэнэс Тавантолгой” болон Бодь Интернэшнл ХХК хооронд байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш хамгийн багадаа таван жил түүнээс дээш хугацаагаар үргэлжлэхээр зааж өгсөн.
Хэрэв нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортлох тохиолдолд нэг тонн нь 113.46 ам.доллар, Замын-Үүд Эрээн боомтоор экспортолбол тонн нь 114.56 ам.доллар байхаар гэрээнд тусгаж. Гэрээний дүн 734.6 сая ам.доллароос илүүгүй байна. Нүүрсийг 2022.8.1-ээс 2027.7 сар хүртэл сар бүр ижил хэмжээтэй буюу 12.24 сая ам.долларын нүүрс нийлүүлэхээр гэрээнд тусгасан ч одоогоор ямар нэгэн гүйцэтгэл байхгүй. Гэрээний төлбөрт 43 тэрбум төгрөг, нүүрсээр 88.2 тэрбум төгрөг нийт 131.2 тэрбум төгрөгийг төлжээ. Дээр нь 13 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Энэ үнийн хөнгөлөлтөөр “Эрдэнэс Тавантолгой” дөрвөн сая ам.долларын алдагдал хүлээсэн байдаг.
Алдагдсан боломж: Бүтээн байгуулалт нь ямар нөхцөлд ашигтай ажиллах талаар хугарлын цэгийг шинжээч танилцуулахдаа “20 жилийн дунджаар тонн.км тутамд 20 центээр тээвэрлэж, жилд 9.19 сая тонн ачаа тээвэрлэж, 24 зүтгүүр, 1272 ширхэг вагон хэрэгтэй гэх тооцоолол байна. Хамгийн багадаа 9.19 сая тонн ачаа тээвэрлэж байж балансаа барина. Үүнээс илүү тээхэд ашигтай ажиллан, доош жинг тээвэл алдагдалтай ажиллахаар байна.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төслийн гэрээг байгуулахдаа баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа олгосон.
“Бодь Интернейшнл” ХХК-тай нүүрсний гэрээ байгуулахдаа үнийн хөнгөлөлт үзүүлснээс Эрдэнэс Тавантолгой ХК 4.05 сая ам.доллар олох боломжийг алдсан.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр: “Энэ төмөр зам баригдсанаар эдийн засгийн ямар ач холбогдолтой байна вэ. Хэдэн төгрөгөөр бариад, зардлаа хэдэн жилийн дараа нөхөх вэ. Энэ замаар ер нь ачаа тээвэрлэж байгаа юу, нүүрсээ зарж байгаа юу?
Шинжээч: Монголын Төмөр Зам ТӨХК-аас авсан мэдээллээр Цогтцэций-Зүүнбаян, Цогтцэций-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэсэн орлого 2022 онд 13.2 тэрбум, 2023 онд 51.5 тэрбум төгрөг байна. 2022 оны гүйцэтгэлээр 732,600 тонн ачаа, 2023 оны гүйцэтгэлээр 1.5 сая тонн ачаа тээвэрлэсэн. Дээр танилцуулсан хугарлын цэгээр бол хамгийн багадаа 9.1 сая тонн ачаа тээвэрлэж байж балансаа барих учиртай. 1.5 сая тонн ачаа тээвэрлэснээр хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байна.
Хамаарал: “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй төслийн дэд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. Үүнд улс төрийн хамаарал бүхий зургаан компани байна.
1. Болор болд зам ХХК 5.070.577.007.0 төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү. Нэгдмэл сонирхол бүхий этгээд нь Б.Гарамгайбаатар.
2. Аржроуд ХХК 2.942.318.641.0 төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Х.Мөнх-Эрдэнэ. Мон арж зам ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Мон арж зам ХХК-ийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Тэнгис ажилладаг.
3. Монголзам групп ХХК нь 24.814.198.942 төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь Г.Эрдэнэцогт. МОСМЕП ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн Н.Ганибал.
4. Эрдэнэ зам ХХК 7.104.189.100.0 төгрөгийн гэрээ байгуулсан. Бишрэлт холдинг ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа.
5. Говь инфрастракчер партнерс ХХК нь 13.270.16.142.0 төгрөгийн гэрээ байгуулсан. Говь капитал менежмент ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Говь капитал менежмент ХХК-ийн эзэмшигч нь Ц.Батзулын ах Ц.Баянзул. Нэгдмэл сонирхол бүхий Ц.Батзул нь дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан.
6. Өвөрзалаат ХХК нь 5.388.221.451.0 төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь Ц.Ганцэцэг. Гүнбаялаг ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Тус компанийн эзэмшигч нь Ц.Цэнгэлийн хүүхэд Туяа. Нэгдмэл сонирхол бүхий этгээд Ц.Цэнгэл нь Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга.
Бодь интернэшнл ХХК-ийн дөрвөн гэрээ Х.Баттулгын үед улсын нууцад орсон.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 3.6 их наяд төгрөгийн санхүүжилтийн гэрээ,
- Эрдэнэс тавантолгой ХК болон Бодь интернэшнл ХХК хоорондын нүүрс нийлүүлэлтийн гэрээ,
- Богдхан төмөр замын 2.2 их наяд төгрөгийн санхүүжилтийн гэрээ
- Эрдэнэс тавантолгой ХК болон Бодь интернэшнл ХХК хоорондын нүүрс нийлүүлэлтийн гэрээ гэсэн нийт дөрвөн гэрээг ҮАБЗ-өөр дамжуулан улсын нууцад оруулсан байдаг.
Х.Баттулга, Д.Баясгалан хоёр хамтарсан компанитай.
Баян-Исгрийт ХХК-ийг 2010.08.03-нд Голомт-ын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Чоно групп-ийн эзэн Т.Энхболдсодон, Сингапур Улсын иргэн Билли Лим Син Пау нар хамтран үүсгэн байгуулсан.
Гэрчүүд юу хэлэв: Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаадад яваа шалтгаанаар сонсголд ирээгүй.
Н.Удаанжаргал гадаад руу зугтаасан.
Бодь групп-ээс Д.Баясгалан, А.Амундра, Б.Долгормаа, Б.Эрдэнэбаяр, В.Мягмаржав нарын таван хүн дуудагдсанаас Д.Баясгалан оролцсон.
Д.Баясгалан: Нууцад авсан цорын ганц шалтгаан нь шууд гэрээ байгуулах эрх үүсдэг. 2013 оны батлагдсан төсвөөр энэ төслийг дуусга гэдэг үүргийг Засгийн газрын тэргүүн өгсөн. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ байсан.
Гашуунсухайтын төмөр замыг барих, ашиглах, эзэмших лицензийг 2008 онд Энержи ресурс компанид Засгийн газраас олгосноос хойш 2012 онд гэрээ хийгдэж, ажил эхлүүлсэн байдаг ч 2012.11 сард лицензийг Монголын төрд авах ёстой гэж хэлээд цуцлаад Монголын төмөр замд шилжүүлсэн. Өмнө нь Энержи ресурсын гаргасан 74 сая ам.долларыг Засгийн газар нөхөн төлбөрөөр буцааж олгосон. Тэр мөнгийг Засгийн газар зардалтай нь, хүүтэй нь буцааж олгосон. Энэ төмөр замыг өөрсдөө дуусгана гээд Хөгжлийн банкнаас 200 сая ам.долларын санхүүжилт өгөөд 2013 онд ажил нь эхлээд явж байхад 2014 онд санхүүжилтгүйн улмаас төсөл зогссон. Монгол Улс баланс дээрээ 276 сая ам.долларын зардал гаргаад үүнийгээ Монголын төмөр замын баланс дээр бичсэн. 276 сая ам.доллар та нарын яриад байгаагаар овоолсон шороо. Харин бидний очиж үзсэнээр 208 км төмөр замын далангийн эхний хэсэг, 19 гүүр, 250 орчим үерийн ус зайлуулах хоолой бариад ажил зогссон. Тэгэхээр 276 сая ам.доллар манайд ямар ч хамаагүй. Бид ажлыг нь эхэлсэн доод бүтцийн ажлын дутууг хүлээж авсан. Австралийн ТЭЗҮ-ээс батлагдсан дүнгээс 276 сая ам.долларыг хасаад зөрүүгээр нь манайхтай гэрээ байгуулсан. Тэр хөрөнгө оруулалт Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын баланс дээр ч байгаа.
Биднийг төмөр зам барьж эхлэхэд Хятадын талын ямар ч хүн итгээгүй. “Та нар энэ төмөр замыг барина гэж 10 гаруй жил ярьсан. Барьсны дараа холболтоо ярина” гэдэг байсан. Холболт, түвшин зөрсөн гэдэг яриа огт яригдаагүй. Цэгээ тохироогүй юм чинь юу зөрөх вэ. 2021 онд бидний барьж байсан төмөр зам Гашуунсухайт дээр бүтээн байгуулалт ирэхэд Хятадын талтай хил холболтын цэгээ ярьж эхэлсэн. Манай ажлын хүрээнд Хятадын хилийн цэг хүргэх ажил орчихсон байсан. Өөрөөр хэлбэл, хил холболтыг манайх хийх байсан. Захиалагчийн зүгээс маш их яриа хэлцэл хийж одоогийн Ганцмодны талаас хос царигаар холбох техникийн шийдэл гаргасан. Тэр шийдлээр Хятадын талд өргөн төмөр замын терминал байгуулагдана. Монголын талд нарийн төмөр замын терминал байгуулагдана. Ганцмодод Хятадын тал 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж нэмж өргөтгөнө, Монголын тал 200-250 сая ам.доллароор хил холболтоо хийнэ гэдэг шийдэлд хүрсэн.
Өөрөөр хэлбэл, хил холболтын асуудал 2021.05 сараас яригдсан. 2022.02 сард Ерөнхий сайд Л.Оюун-Эдэнэ Бээжинд очихдоо эцсийн цэгээ тохирсон. Ажлын зураг, техникийн асуудал яригдаад, хил дамнасан инженерийн барилга байгууламж учраас зураг төслийг Хятадын төмөр замын барилга зургийн институтээр хийлгэе гэж хоёр тал тохирсон. Монголын талд оногдох төсөв нь 5.3 сая ам.доллар болоод зураг төсөл хийсний дараа Монголын талын Хятадын хил хүрэх барилга байгууламжийг 2024 онд дуусах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл нүүрс, оффтейк гэж яриад энэ ажил зогссон. “Эрдэнэс Тавантолгой” компани дахин хил холболтын зураг төслийн тендер зарлаж нөгөө сонгосон компаниараа зураг төслийн ажил хийлгэхээр болсон. Гэтэл хятадын талд далим болсон уу яасан бөөн нөхцөл тавьдаг болсон. “Эхний таван жил 5 сая тонн нүүрс, жил бүхэн 20 сая тонн нүүрс өг, хил холболтын төмөр замыг хятадын компани хийнэ. Ингэхдээ нүүрсээр хийнэ” гэсэн. Төсөвт өртөг нь 300 сая ам.доллар байснаа 400 сая ам.доллар болоод нэмэгдсэн. Одоо энэ хэлэлцээр явж байгаа. “Та нар 20 сая тонн нүүрс өгч чадахгүй учраас бид “Эрдэнэс Тавантолгой” дээр чинь орж олборлолт хийнэ” гэж байгаа. Энэ бүх үйл явдлаас Монгол Улс хохирсон. Хил холболтоос болоод төмөр замын үр ашиг буурахгүй. Хил холболт хийгдэхгүй байсан ч энэ төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Шилжүүлэн ачих терминал Гашуунсухайт Ганцмодны аман дээр байгаа.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Зэвсэгт хүчин, цэргүүдийг оролцуулж маш хямдаар төмөр зам барьж байгаа гэдэг байсан. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа энэ бүх гэрээг улсын нууцад авсан. Гэтэл 11.8 хувийг нь цэргүүдээр хийлгэсэн байна. 88 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэл зэвсэгт хүчнээр хаацайлаад улсын нууцаар бүх асуудлаа хийсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Бодь Интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Зүүнбаян төмөр замыг цэргүүд барьсан гээд гишүүд ороод байна лээ. Тэнд нэг ч хугацаат цэргийн алба хаагч байгаагүй.
Б.Энхбаяр: Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон Билли Лим нартай хамтран Баян-Исгрийт ХХК-г байгуулсан байдаг юм байна. Энэ утгаараа нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэж байгаа юм.
Д.Баясгалан: Энэ компани Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтад огт оролцоогүй. 20-иод жилийн өмнө татан буугдсан. Билли Лимийг учиргүй тэрбумтан, Монголыг араас нь удирддаг гээд байдаг юм. Тэр бид хоёрын энэ ажилд оролцоно гэж юу байх вэ дээ.
Б.Энхбаяр: Сонсгол хийх нь тодорхой болонгуут магадлалаа нөхөж залруулах ажил хийж байсан. Энэ бол гэмт хэргийн шинжтэй асуудал.
Д.Баясгалан: За, тэр авлига гэмт хэргийг нь ч мэдэхгүй юм аа.
“Бодь интернэшнл” ХХК-ийн дөрвөн гэрээ Х.Баттулгын үед улсын нууцад орсон.
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 3.6 их наяд төгрөгийн санхүүжилтийн гэрээ,
- “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хоорондын нүүрс нийлүүлэлтийн гэрээ,
- Богдхан төмөр замын 2.2 их наяд төгрөгийн санхүүжилтийн гэрээ
- “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хоорондын нүүрс нийлүүлэлтийн гэрээ гэсэн нийт дөрвөн гэрээг ҮАБЗ-өөр дамжуулан улсын нууцад оруулсан байдаг.
Хуралдаан даргалагч Б.Энхбаяр: Д.Баясгалан бол Монголын хуулийг шүүхтэй нь, төртэй нь худалдан авсан. Намайг УИХ-ын гишүүн болж байхад Дээд шүүхийн шүүгчээр өөрийнхөө хуульчийг нэр дэвшүүлсэн явж байсныг бид таслан зогсоосон.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Д.Эрдэнэбилэгийн дараагийн хаан бол “Голомт”-ын Д.Баясгалан юм.
Эцэст нь Түр хорооны дарга Б.Энхбаяр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг оффшорын загалмайлсан эцэг хэмээгээд Д.Баясгаланг Монголын төрийг, хууль, шүүхтэй нь худалдаад авчихсан гэж итгэдэг, түүндээ эрддэг хүн гэх тодотголыг нэмснээр энэ хэсэг өндөрлөв.
Эх сурвалж: Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос хийсэн нээлттэй сонсголоос…
Үргэлжлэл бий…