Т.Бадамжунайн охины банк бусаар Тавантолгой түлшийн мөнгийг угаадаг байж болзошгүй буюу Сураг алсарсан сонсголын МАРТАЖ болохгүй тэмдэглэл-3

Шинжээчийн дүгнэлт: Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн үйлдвэр байгуулах “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан.

Хувьцааны нь 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг байна.

Нийт баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй. Баруун бүсийн үйлдвэр Сонгинохайрхан дүүрэгт байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бол Төвийн бүсийн үйлдвэр нь Баянгол дүүрэгт байрладаг 200 мянган тонн хүчин чадалтай. Харин зүүн үйлдвэр нь Төв аймагт байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг аж.

Тус компани 2023.09.30-ны байдлаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна. Нийт хөрөнгийн 57.6 хувийг үндсэн хөрөнгө, 27.5 хувийг бараа материалын үлдэгдэл эзэлж байгаа бол нийт өр төлбөрийн 96 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын дүн эзэлжээ.

Түлшний өөрийн өртгөөс алдагдалтай үнээр борлуулдаг.

Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 2018-2022 онд жилд нэг удаа тооцсон бөгөөд ачих буулгах, харуул хамгаалалтын зардлыг тооцолгүй алдаатай тооцсон. Энэ оны нэгдүгээр сараас санхүүгийн программаа шинэчилж, нэгжийн өртгийг тооцдог болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 15 гэрээний дагуу 1.069.4 их наяд төгрөгийн санхүүжилтыг олгосон. 2018 онд 18.6 тэрбум төгрөгийг үйлдвэр барьж байгуулах төсөлд зарцуулж, 2019 онд 111.7 тэрбум төгрөгийг шахмал түлшний шинэ үйлдвэр барихад, 2020 онд 90.5 тэрбум төгрөгийг зүүн бүсийн үйлдвэрт, 2021 онд 111.3 тэрбум төгрөгийг цар тахлаар гэр хороололд хөнгөлөлттэй үнээр олгосон түлшний үнийн зөрүүг нөхөн санхүүжүүлэхэд, 15.2 тэрбумыг түлшний үндсэн түүхий эд мидлинг барьцалдуулагчийн нөөц эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. 2021 онд 700 тоот гэрээгээр 58.1 тэрбум төгрөгийг, 2022 онд 46.1 тэрбум төгрөгийг цар тахалтай холбоотойгоор хөнгөлөлттэй түлш нөхөн санхүүжүүлсэн бол 2023 онд 84 тэрбумыг баяжуулах үйлдвэрийн барилга барихад зарцуулжээ. 2022 оны 160 тоот гэрээгээр 15.5 тэрбум төгрөгийг нүүрс худалдах гэрээгээр тоног төхөөрөмж худалдан авах гурвалсан гэрээг байгуулсан. 2022 оны 502 тоот гэрээгээр 4 тэрбумаар хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын төсөлд эргэн төлөхөөр санхүүжүүлсэн.

2022.08 сард 518 тоот гэрээгээр 6.6 тэрбумаар сайжруулсан шахмал түлш авах гэрээ байгуулж, санхүүжүүлсэн.

2022 онд 199.5 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зориулалтаар, 2023.02 сард 247.4 тэрбумыг 621 мянган тонн түлш үйлдвэрлэх, өр төлбөрт төлөхөөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 03 дугаартай Агаар орчны тухай зөвлөмж, Тагнуулын ерөнхий газрын 2019 оны 01, 414 тоот албан бичиг, ЗГХЭГ-ын 2019 оны 278 тоот албан бичгийг үндэслэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаснаар нууцын зэрэгт хамааруулан гүйцэтгэгч буюу нийлүүлэгч аж ахуй нэгжтэй шууд гэрээ байгуулах замаар худалдан авалтыг хийж байсан.

Худалдан авалттай холбоотойгоор архивын болон санхүүгийн баримт материал бүрэн бус байснаас шинжээч иж бүрэн дүгнэлт гаргах үндэслэл бүрдээгүй.

Тиймээс холбогдох албан тушаалтнаас бараа материал, тоног төхөөрөмж, томоохон харилцагчдын жагсаалтыг гаргуулан авсан. Түлшний голлох түүхий эдийн худалдан авалтад тус компани 2020.09.30-ны өдрийн байдлаар нийт мидлингийг 2.5 сая тонн, барьцалдуулагчийг 140.3 мянган тонн, шуудай 85 сая ширхгийг худалдан авсан. 2020 оны хөрөнгийн тооллогоос харахад 120.8 сая тонн гурил акталж, 3.2 тэрбум төгрөгийг зардалд бүртгээгүйг залруулж бүртгэх, огт ашиглаагүй 208.7 сая эргэлтийн хөрөнгийг худалдахаар тайлагнасан байгаагаас ажиглахад хэт үрэлгэн худалдан авалтыг хийж, бараа материалын бүрдэл дутуу, гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй гэх мэт санхүүгийн зөрчил их байна.

Энэ нь алдагдалтай ажиллахад голлох нөлөө үзүүлсэн.

Захиргааны хэлтсийн нэгжээс архивын материал байхгүй байгаа талаар тайлбар хүргүүлсэн. ТУЗ-ийн гишүүд нь компани их хэмжээний алдагдалтай ажиллаж байхад компаниасаа их хэмжээний урамшуулал авсан. Нийт 1.1 тэрбум төгрөгийг урамшуулалд гаргасан байна.

2018 онд “Зерован” ХХК-иас программ худалдан авч, санхүүгийн үйл ажиллагаандаа ашигладаг байсан бөгөөд нийлүүлсэн программаас 2018-2022 оны мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байгаа талаар одоогийн ажилчид нь мэдээлсэн. Шинжээчийн зүгээс худалдан авалтын гүйлгээг нь нарийвчлан шалгахад тус компанид найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Тус компанийн Б.Энхчулуунд бэлэн мөнгөөр зарлагадаж, тухайн өдрөө “Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлангаар ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох Ө.Ууганбаярын Төрийн банкны хадгаламжид шилжүүлсэн байна. Лавлагаагаар нотлогдсон болно.

Хамаарал: 2019-2023 онуудад “Тавантолгой Түлш” ХХК-д 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн “СБМ хангай” ХХК нь ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий компани гэдгийг шинжээч танилцуулав. Л.Одхүү нь Гаалийн ерөнхий газрын санхүүгийн даргаар ажиллаж байсан.

Түүний эхнэр Б.Оюунзул нь “Алтан хот” ББСБ-ийн үүсгэн байгуулагч. Энэ нь “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нарын хамтарсан ББСБ бөгөөд эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн охин Оюунбилэг.

Урамшуулал: Тавантолгой түлш ХХК нэг их наядын алдагдалтай, 500 тэрбумын өртэй, 2022.04.04-ний тогтоолоор компанийн 2021 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд Үндэсний аудитын тайлангаар зөрчилгүй дүгнэлтийг гаргуулсан.

ТУЗ-ийн урамшууллыг хавсралтад зааснаар олгохыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсүгэй гэсэн тогтоолтой.

Алдагдалтай компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулалд 1.1 тэрбум төгрөг олгосон. Үүнд, Ж.Батбаясгалан 64 сая, Л. Одхүү 124 сая, Л.Гүнбилэг 114 сая, Б.Насантогтох 53 сая, Ш.Батсайхан 78 сая, Б.Анхбаяр 46 сая, Б.Цагаан-Өвгөн 27.9 сая, О.Одбаяр 78.7 сая, Н.Дэмбэрэл 57.7 сая, С.Зоригт 80 сая, Ц.Пүрэвхүү 78.7 сая, Н.Өлзийнаран 6.3 сая, Х.Нурлат 72.5 сая, Ц.Шинэхүү 33.9 сая, Д.Санчир 27.9 сая, И.Лувсанцэрэн 21.1 сая, Б.Сүндэръяа 8.6 сая, Ч.Дэчингалсан 15.8, Ганбаатар 5.8 сая, Н.Бямбагэрэл 11.4 сая, Х.Мөнхжаргал 12.6 сая, Э.Түвшинжаргал 12.6 сая, Г.Ундармаа 6 сая, Б.Нармандах 12.6 сая, Г.Гантуяа 3.7 сая, Б.Энхтуяа 3.7 сая, Х.Владимир 3.7 сая, Б.Пүрэвсүрэн 3.7 сая, Ц.Сангижав 22.8 сая төгрөг гэхчлэн нийт 1.1 тэрбум төгрөгийг нийслэлийг утаагүй болгосон хэмээн авсан байна.

Гэрчүүд юу гэв: НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гэрчээр дуудагдсан ч ар гэрийн гачигдалтай шалтгаанаар оролцоогүй.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Одоо тус компани 997 тэрбум төгрөгийн өртэй. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 1.69 их наяд төгрөгийг авч, маш их үрэлгэн хандаж, олон бичиг баримт алга болж байна. 2022.03.31-нд 15.5 тэрбум төгрөгөөр “Иннэр монголиа” болон өөр нэг компаниас нүүрс худалдан авах гэрээ хийсэн байх юм. Мөн 2022.08.31-нд “Интерпрайс” компаниас сайжруулсан түлш хийхээр 23 тэрбумаар нүүрс худалдан авсан. Ямар учиртай юм бэ? Мөн Хятадын нэг компаниас 86.4 тэрбум, 47.2 тэрбум, 14.4 тэрбум, 6.8 тэрбум, 3.8 тэрбум гээд барьцалдуулагч авсан байна. Тендерийн материалуудыг үзсэн болов уу?

Шинжээч: Санхүүгийн мэргэжилтэнтэй холбогдсон боловч АТГ-т шалгагдаж байгаа гэсэн шалтгаанаар тодорхой баримт ирүүлээгүй. Хоёрдугаарт, зарим томоохон худалдан авалтыг нууцын зэрэглэлд оруулж, шууд худалдан авалт хийсэн байна.

“Тавантолгой түлш” компанийн ерөнхий менежер Ц.Алтансүх: “Иннэр Монголиа” болон “Хүннү эйр интерпрайс” компанитай байгуулсан гэрээ нүүрс худалдаж авах гэрээ биш. Толгой компани дээр байгуулсан нүүрсээ угаах баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдаж авах гэрээ. Гүйцэтгэл дутуу, маргаантай асуудал үргэлжилж буй. Мөн 2022.08. сард байгуулсан гэрээ БОАЖЯ-ны Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Алтанзул даргын ажлын хэсэг дээр хагас коксжсон шахмал түлш худалдан авах гэрээ байгуулж, үйлдвэрийн хашаанд 400 орчим тонн ирсэн. Цагаанхадны гаальд 500 орчим тонн байгаа.

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал асан М.Ганбаатар: Цар тахлын хүнд үед гэр хорооллын 220 мянган айл өрхийн 500 мянга шахуу тонн нүүрсний хэрэглээг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр солих, 1.6 жил үйлдвэрийг байгуулах ажлыг гардан хийсэн. Үндсэндээ 50 хувиар агаарын бохирдлыг бууруулсан. 2017 оны агаарын бохирдолтой харьцуулахад 2019 онд тоосонцорын хэмжээ 20 дахин буурсан. Улаанбаатар хот нүүх үү үлдэх үү гэдэг байр суурьтай байсан. Цар тахлаар хил гааль хаагдаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн экспорт бүрэн зогсч, дотоодын эх үүсвэрээр хангадаг болсон. Хөл хорио тавьж, бүх ажил эдийн засгийн эргэлт зогссон байхад 75 хувийн хөнгөлөлттэй үнээр тасралтгүй түлшээр хангаж, 700 гаруй ажилчин ажилласан. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд, анх 2018-2019 онд 150 мянган төгрөгийн өртөгтэй түлш үйлдвэрлэж байсан бол 2019-2020 онд тэр өртгөөр нь борлуулах шийдвэрийг гаргасан. Цар тахлын 2020-2022 онд 75 хувь хямдруулсан түлшээр хангаж, үнийн зөрүүгээр санхүүжилт олгож, 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас авсан. Үүний 50 хувийг хөнгөлөлтөд зарцуулсан. Орлогогүй үед энэ үйлдвэр байгаагүй бол иргэд гал алдах байсан.“Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас санхүүжилтыг бэлнээр, шилжүүлгээр авч байсан.

“Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн албаны дарга н.Батзориг: Ер нь нэг шуудай түлшээ 3750 төгрөгөөр борлуулж байгаа. Уг нь алдагдалгүй байх үнэ нь 12500-13 мянган төгрөг. Тэгэхээр бид ард түмнээ хямд түлшээр хангаж байгаа. Нэг айл дунджаар 500-600 мянган төгрөгөөр өвлийг давахад хэмнэлт хийж байна. Нийслэлийн 220 мянган айлд жилд 80-100 тэрбум төгрөгийг хэмнэлтийг өгч байгаа. Хуримтлагдсан алдагдал 600 тэрбум болж байгаа нь хөнгөлөлттэй үнээр өгсөн үзүүлэлт. Шуудай, мидлинг, барьцалдуулагч гэсэн түүхий эдтэй. Мидлингийг үнэгүй авч байгаа ч 600 гаруй км замыг туулж, авто тээврээр тээвэрлэдэг байснаа болиод галт тэргээр тээвэрлэдэг болсон. Төмөр замын тээвэрт нэг тонн мидлингт 150 мянган төгрөг зарцуулж байгаа. Хөдөлмөр буюу цалин хөлсний зардал нийт зардлын 90 хувийг эзэлдэг.

Эх сурвалж: Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос хийсэн нээлттэй сонсголоос…

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!