Сураг алсарсан сонсголын МАРТАЖ болохгүй тэмдэглэл-2

440 их наяд гэх тоон чулуу хөөлгөгчид

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон нүүрс тээвэр, С зөвшөөрөл, хил гаальтай холбоотой асуудлыг ярихын өмнө 40 их наяд уу, 440 их наядын хулгай юу гэдгийг нягтлах үүднээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нарыг гэрчээр дуудсан байдаг.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “2022.04.05-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Тавантолгой дээр өнөөдрийг хүртэл сүүлийн 15-20 жилийн хугацаанд 60 орчим ам.доллараас ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Эндээс 60-70 ам долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг цэгцрэхэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа” гэсэнд тооцоолол хийж, төсөөллөөрөө гаргаж ирсэн хэмээгээд 440 их наяд гэх тоог эзэн биегүй болгож орхисон.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэл мэдээллийн хэрэгслээр 440 их наяд гэсэн тоо явсан хэмээн мэлзэхэд Түр хорооны дарга Б.Энхбаяр ийм тоог өөрөөс нь өөр хэлж ярьж, бичиж тавьсан эх сурвалж байхгүйг тодорхой анхааруулна билээ.

Урд хөршөөс зээлж, тараасан бэлэн мөнгө ба Чалко

Шинжээчийн дүгнэлт: Нүүрс баяжуулах үйлдвэрийн эрх зүйн үндэслэл 2018 онд тавигдсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулалтыг 2020 онд зарлаж, 2020.03 сард гэрээ байгуулжээ. ТЭЗҮ-ийг тухайн компани боловсруулж, 2021.04.01-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

  • Тухайн ТЭЗҮ-ийн дагуу жилд блок тус бүр нь 10 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай нийт гурван блок үйлдвэр барихаар төлөвлөсөн. Уг төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн, нэгдүгээр үе шатанд 335.6 сая ам.долларыг төсөвлөсөн.
  • Барилгын зураг төсөв, барилга угсралтын ажлын тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тушаалаар гурван удаа тендер зарласанаас хоёр удаад нээлттэй, нэг удаагийнхыг гэрээ шууд байгуулах замаар сонгон шалгаруулсан.
  • Норинко интернэйшнл кооперэйшн”-тэй 955.85.439.574 төгрөгийн гэрээг 2022.04.14-нд байгуулсан. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд дунджаар 1.9 тэрбумын орлого олно гэж тооцож, хөрөнгө оруулалтаа 8.1 жилд нөхнө гэж төлөвлөсөн. Төсөл хэрэгжсэнээр жилд 185.8 сая ам.долларыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ гэж тооцжээ. Одоогийн байдлаар 63.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Санхүүжилтээр 2022 онд 95.5, 2023 онд 510.4, 2023 онд 353.6 тэрбумыг санхүүжүүлнэ гэж тооцсон. Нэмж 132.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр гэрээнд өөрчлөлт оруулжээ.
  • 2023.10 сард ТУЗ-ийн тогтоолоор гэрээний үндсэн дүнд өөрчлөлт оруулж төслийн санхүүжилтийг нүүрсээр 70, бэлэн мөнгөөр 30 хувь болгон өөрчлөх. 2024 оны тавдугаар сарын 30-нд үйлдвэрийг нээнэ гэж өөрчилсөн байна. Гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2023 оны аравдугаар сарын 20-нд баталгаажуулснаар гэрээний дүн нэг их наяд 87 тэрбум 953 477 599 төгрөг болж өөрчлөгдсөн.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 онд БНХАУ-ын “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулсан.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК Хятадын “Чалко Трейдинг Хонконг” компани, “Жинан Стийл” компаниудаас 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, нүүрс нийлүүлэх асуудлыг 2011.07.19-нд ТУЗ-дөө танилцуулж, шийдвэрлүүлэн гэрээ байгуулах эрхийг Гүйцэтгэх захирал Б.Энэбишид олгосон. ТУЗ-ийн 16 дугаар тогтоолд гэрээг эцэслэн боловсруулахдаа олон харилцагчтай гэрээ хийх, өөрийн квотыг нэмэгдүүлэх талаар анхаарахыг даалгаж, ТУЗ-ийн хараат бус гишүүд урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларыг зөвхөн уул уурхайн үйл ажиллагаанд зарцуулах нь зүйтэй, хэрэв Хүний хөгжлийн санд энэ урьдчилгааг шилжүүлбэл IРО хийхэд сөргөөр нөлөөлөхийг тэмдэглэж, тогтоолд ТУЗ-ийн дарга Д.Сугар гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ТУЗ-өөс эрх олгосны дагуу 2011.07.26-ны өдөр Чалко компанитай гэрээг байгуулсан.

Алдагдсан боломж: Эрдэнэс Тавантолгойн нүүрсний үнийг 2015 он хүртэл “Чалко” тогтоосноос 826.4 сая долларын алдагдал хүлээжээ. Нийт дөрвөн удаа урьдчилгаа төлбөр авсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалко” компанид 66.6 сая ам.долларыг төлсөн. Нийт алдагдсан боломж 317.2 сая ам.доллар байна. 2011 онд “Чалко”-оос авсан 300 сая ам.долларыг Хүний хөгжил санд зарцуулсан. 322767 ахмад настанд нэг сая төгрөг, 1721 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг сая төгрөгийг тус тус олгосон байна.

Сү.Батболдын Засгийн газрын үед тавьсан Чалкогийн өрийг 7 жилийн турш дөрвөн Засгийн газар дамжин нийт 410 сая ам.доллар болгож, зөвхөн хүүнд 60 сая ам.доллар төлж барагдуулсан. Чалкогийн гэрээний ноцтой заалт нь 1 тонн нүүрсний үнэ зах зээлд 110 ам.доллар байхад манай улс 70 ам.доллараар, хэрэв нүүрсний үнэ зах зээлийн ханшаар 70 ам.доллар болвол 1 тонныг нь 58 ам.доллараар олборлоод 53 ам.доллараар зарахад хүрсэн байдаг. 

Гэрч юу хэлэв: Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Сү.Батболдыг гэрчээр дуудсангүй гэх шүүмжлэл, түүнийг дагасан хардлага одоо ч байна. Түүний Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт нарыг бол гэрчээр дуудсан. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ч гэрчээр оролцсон.

Тэднээс С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нар гэрчээр дуудагдсан үндэслэлээ ойлгохгүй байгаагаа хэлснийг энд мөн тэмдэглэн үлдээе.

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран: Би 2016 оноос ТУЗ-д суусан. Анх ТУЗ-д ороод их эмзэглэсэн. Энэ саалийн үнээг ямар ч судалгаа шинжилгээгүйгээр, сэтгэлгүйгээр нинжа шиг ухаж ирсэн. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор олон эерэг давуу талтай учраас 2016 оноос хойш шаардлага тавьж ирсэн. Харамсалтай нь саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид төслийн тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтуудыг хийгээгүй. Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийг намайг ТУЗ-өөс гарсны дараа хийсэн байна. Дарга цэргийн хүүхэд, тэдний найзууд, туслахууд ТУЗ-д орж мэргэжлийн бус, төслөө ойлгохгүй, уурхай руугаа явж үзээгүй байдлаар хандаж ажилладаг. Тиймээс би ТУЗ-өөс гарах хүсэлтээ өгсөн.

Үйлдвэр баригдахгүй байх хоёр, гурван шалтгаан байгаа. Нэгд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд олон улстөрчийн тоног төхөөрөмж машин явдаг юм байна гэж харсан. “Эрдэнэс Тавантолгой” өөрийн тоног төхөөрөмжтэй болж, олборлолтоо хийх нь тэдний бизнест сөрөг нөлөө үзүүлдэг юм болов уу. Хоёрт, угаах үйлдвэр баригдвал “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчилж авах бодолтой бизнес бүлэглэлийн зорилгод саад учруулна гэсэн хардлага. “Эрдэнэс Тавантолгой” компанийг хөгжүүлэхгүй байх маш олон шалтгаан байдаг. Оффтейк гэрээг намайг ТУЗ-өөс гаргаж байгаад хийсэн. 2016 оноос өмнөх ТУЗ-ийн материалыг устгасан байна лээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригттой Нью-Йорк хотод хамт ажиллаж байсан болохоор надад санал тавьсан. Ерөнхий сайд С.Баяр, Шадар сайд Н.Алтанхуяг байсан. Ингээд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр томилогдсон. Тухайн үед улстөрчдийн шахаа байсан. Хоёр нам нэгдээд Хүний хөгжлийн сангаас иргэдэд мөнгө өгнө гээд амлачихсан. Хүний хөгжлийн сан, Төсвийн хуулийг батлаад төрийн өмчийн компаниудад мөнгө босгох үүрэг даалгавар өгсөн. УИХ-ын гишүүдээс 30 гаруй нь дуудаж уулзаж, гуйсан. Хүн ажилд авах гэх мэт асуудлаар уулзаж байж. Нэрсийг бол олон жил өнгөрсөн учраас мартжээ.

Тавантолгой”-н ордын Зүүн цанхи дээрээс нүүрс гаргахад бэлэн болсон байсан учраас том гэрээ хийх хэрэгтэй болсон. Их хэмжээний урьдчилгаа төлбөр хийх үүднээс Чалкотой тунаж үлдсэн. 250 сая ам.долларыг дөрөв хуваан авч, төлбөрийг нүүрсээр хийх гэрээ хийсэн. 250 сая ам.долларыг жилийн гурван хувийн хүүтэй авсан. 250 сая ам.долларыг 2012.04.01 хүртэл төлж дуусах байсан. Намайг ажлаа өгөхөд 165 сая ам.долларыг нүүрсээрээ төлчихсөн байсан. 2012.03 сард 100 сая ам.доллар нэмж авсан. Үүнийг 5.2, хэрвээ шахуу авбал 7.1 хувийн хүүтэй авахаар гэрээ хийсэн. Энэ илүүц зүйл болсон гэж тухайн үедээ бид компанийнхаа түвшинд дургүйцэж хүлээж авч байсан. Гэхдээ Засгийн газрын шийдвэр учраас авч өгсөн.

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Тавантолгойн орд газрыг ашиглах эрх гаднын компанид байсан. 1999 онд гаднын компаниуд хаяад гараад явахад нь үндэсний аж ахуй нэгж ашиглах эрхийг нь аваад 10 гаруй жил хадгалж байгаад төрд буцааж өгсөн. 2008 онд сонгууль болоход төрд буцаж ирсэн ордыг хэрхэн ашиглах, ямар байдлаар ард иргэддээ үр шимийг нь хүртээх вэ гэдэг хэлэлцүүлэг улс орны хэмжээнд явагдсан. Үүний үр дүнд хоёр нам эх орны хишиг 1.5 сая өгнө гэж амлалт өгөөд хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эх орны хишиг хувь өгнө гэдэг заалт орсон. Жил бүхэн УИХ-аас Засгийн газраас үүрэг өгч, тогтоол баталдаг байсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажилласан. С.Батболд Ерөнхий сайдын ахалсан Засгийн газар анх удаа 1.5 сая төгрөг болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг ард иргэддээ өгсөн. 1.5 сая төгрөг бол тухайн үеийн ханшаар 1100 ам.доллар өнөөдрийнхөөр дөрвөн сая гаруй төгрөг өгч байв.

Борлуулалтын хэлтсийн дарга асан Батмэнд: Би 2013.10 сард томилогдож байсан. Тухайн үед компанийн борлуулалт Чалкогоос болоод үндсэндээ зогссон. Худалдан авалт байхгүй. 2011 онд 17 хувийн өсөлттэй ажиллаж байсан юм билээ. Ингээд 2012-2016 онд бууралттай ажилласан. 2015 онд бараг зогсох шахсан. 2016 оны хоёрдугаар улирлаас нүүрсний үнэ өссөн. Бид үнээ тогтоож чадахгүй, Чалкогийн хүсэлтээр л зарж байсан. Үүнийг зохицуулах гэж олон удаа очиж уулзаж байсан. Тэр үед нүүрсний үнэ үнэхээр уналттай байсан. Компаниуд дээр хадаг барьж очих нь холгүй нүүрсээ борлуулж байсан. Түүнээс өнөөдрийнх шиг өөрсдөө орж ирээд авдаггүй байсан.

Нүүрсний үнийн зөрүүнээс 826.4 сая ам.долларын боломжоо алджээ

Шинжээчийн дүгнэлт: “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2011 оноос хойш нүүрсний борлуулалтын гэрээний үнийг хэрхэн тогтоож байсныг шинжлэн судалжээ. Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14.2 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаанхад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай.

Алдагдсан боломж: Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна. Энэ бол алдагдсан боломж.

Гэрч юу хэлэв: “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Ч.Сайнбилэг: Би 2013.08 сард ТУЗ-ийн дарга болсон. Тухайн оны есдүгээр сард “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга болсон. Намайг ажиллаж байхад уурхайн үйл ажиллагаа маш хүнд байдалд байсан. Олборлолт хийдэг компани нь ажлаа хаяад зогсчихсон, ажил явдаггүй, ганц нэг машин нүүрс гаргахаар Чалкогийн өрөнд явдаг байсан. Мөнгө орж ирэхгүй болохоор компани үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд байсан. Нүүрс борлуулах гэрээний үнийг ТУЗ огт мэдэхгүй. Харин гэрээт олборлогч, өмч хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлж байсан тухай бол надад их мэдээлэл байна.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Чалко авах нүүрснийхээ гэрээний үнийг сар бүхэн тодорхойлдог байсан. Харамсалтай нь тухайн үед үнэ тогтмол унаж байсан. 70 ам.доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа 20 гаруй ам.доллар болж байсан. Цагаан хад хүртэлх тээвэр 20 ам.долларт багтдаг байсан. Ганцмодноос цааш богинын тээвэр 10 ам.доллар байсан. Цагаан хад дээр их алдагдал хүлээдэг. Нүүрсний хорогдол их гардаг. Хятадын хэдэн компани ачиж буулгасан нэртэй ашиг хийгээд байж байдаг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  Борлуулалтын хэлтсийн дарга Б.Серкажан: Би Эрдэнэс Тавантолгой ХК борлуулалтын албанд 2011 оноос хойш ажиллаж байна. 2021 онд Ганц мод боомтод нүүрсний үнэ 437 ам.доллар хүрч байсан. Тухайн үед ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал баталсан. Энэ аргачлалаар улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг байсан. Ингэснээр манай нүүрсний үнэ 101.7 ам.долларт хүрсэн байдаг. Тухайн үед Ганц мод боомтын хилийн нэвтрэлт нэлээд муудсан байсан. Өмнө нь өдөрт 1000 машин гардаг байсан бол 100 болж буурсан. Үүнээс болж тээврийн зардал 325 ам.долларт хүрч байсан.

Эх сурвалж: Монгол Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооноос хийсэн нээлттэй сонсголоос…

Үргэлжлэл бий…

Орчуулах »
error: Content is protected !!