2012 оны УИХ-ын сонгуулийн дүн давтагдах магадлал түүний нойрыг хулжааж, шар үсийг нь босгож байх шиг байна.
Н.Номтойбаяр парламентад суудалгүй улстөрийн намуудаар чимэг хийн эргэн ирлээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улстөрийн намуудын жагсаалтын гуравт буюу МАН, АН-ын дараа эрэмбэлэгддэг Ногоон нам, М.Энхсайханы МҮАН-ын эвслийн тэргүүн гэх зүүсгэлтэйгээр “замд гарч”. Н.Энхбаяр “Би эргэн ирнэ” гэж сийгүүлээд М.Энхсайханг мөрлөн 2012 оны сонгуульд оролцож байсан үеийг тэр санагдуулж байна. Тухайн үед Н.Энхбаярын багийг парламентад 11 суудал авах хэмжээний ялалт байгуулах чинээнд У.Хүрэлсүх нар тооцоогүйдээ алдсан.
Холимог хэлбэрээр буюу мажоритар, пропорциональ хослуулсан анхны сонгууль байв.
Томсгосон мажоритар 26 тойргоос 48 нэр дэвшигч сонгох сонгуульд сонгогчдын 33.5 хувийн саналыг авсан МАН 17 суудал авсан бол 34.2 хувийн саналыг авсан АН 25 суудал, 17.9 хувийн санал авсан МАХН 3 суудал авсан. Харин намын жагсаалтаар сонгогдох 28 нэр дэвшигчийг намууд авсан саналын хэмжээтэй дүйцэхүйц хэмжээгээр хуваахад МАН 9, АН 10, Шударга ёс эвсэл 7 суудлын эзэн болсон. Ийнхүү олонхийн санал авсан АН Шударга ёс эвсэлтэй хамтран Засгийн эрхийг барьсан бол МАН парламент дахь бүлгээ ч байгуулж чадахгүй болтол унаж чуулганы үүдэнд буйдантай суулт хийн хөгөө чирч байлаа.
2024 оны сонгууль холимог хэлбэрээр явагдана.
Дээрх оныхоос ялгаатай нь мажоритор нь бүсчилсэн байдлаар явагдан парламентын босго алхах гишүүдийн тоо үлэмж өссөн. Гэхдээ энэ нь Н.Номтойбаярыг эвсэл байгуулан ийнхүү гарч ирнэ хэмээн тооцоолоогүй үеийн зураглал.
Эрийг бүү бас, далайг бүү янд гэдэг. Н.Номтойбаяр хоосон тооцоогоор энэ хүрэх эр биш юм. Түүнийг улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилийн хугацаатай хасч байв. Гэсэн ч тэрбээр “Улс төрийн хөл хорионд, хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд баярлалаа. Таны зөв гэдгийг би батална. Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна” хэмээн хэн нэгэнд давхар дайсан мэт мессэжийг сонгогчдодоо хандан хэлж байв. Тэгэхээр тэр нэр дэвшихийн тулд хилс хэргээ цагаатгуулах байх.
Түүнд холбогдох хэргийг цагаатгах ажлыг дүүгийнх нь хадам эцэг болох Сү.Батболд хариуцан авч, түүнд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тусалж байгаа гэх сонирхол татам мэдээлэл эрх баригч намын удирдах зөвлөлийнхний хүрээнд ч эрчтэй яригдаж байна.
Төрийн тэргүүний хувьд дараагийн парламентаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дахин сонгогдох эрхээ нээлгэхээр Сү.Батболд, С.Баярцогт нартай жин тан тохирсон юм байх. Тэдний энэ удаагийн тохироонд М.Энхболдын фракц ч нэгдсэн гэдгийг эх сурвалжаас хэлж байна.
Энэ бүгдээс гадна намын гал тогоог түймэрдэх шахаж буй өөр нэг мэдээлэл нь өнгөрсөн бүх хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт гадуурхагдаж явсан, намаасаа мандат авч чадахаа больсон гомдогсдын арми Н.Номтойбаяртай нэгдэн эвсэл нэрээр УИХ-д орж ирэхээр болсон гэлцэж байна. Эл гомдогсдын арми эрх баригч намын толгойд Х.Баттулга гэх эрхэм зайдалж, баруун зүүн гартаа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын уяаг уртасгаж, богиносгон тоглосоор өдийг хүрлээ хэмээн үзэж буй юм байх. Тэднийхээр МАН-аас дэвшихээр горилогчдын жагсаалтын сувгийг МоАХ дээр тохируулдаг гэлцэнэ.
Энэ мэт олон хачирын үнэн мөнийг батлах боломжгүй ч Н.Номтойбаярын тэргүүлсэн эвсэл парламентад олонх болохгүй байлаа гэхэд МАН-ын саналыг чамгүй зулгааж мэдэхээр байна. Тэгж чадвал АН-тай хамтран Засгийн эрх авахыг хэн байг гэхэв.
Үүнийг олж харсан Л.Оюун-Эрдэнэ Баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар болсонтой холбогдуулан мэдээлэл хийхдээ “Улстөрийн дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхдээ баярлалаа” хэмээн тал зассан байж мэдэх л юм.
Түүнийг Засгийн газрыг гурван жил толгойлсон ч МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтэд анхаарч ажиллаагүй, хоосон попролт дор намын гишүүдийнхээ нэр төрийг сэвтүүлж сонгуулийн өмнө эргэж сэргэхээргүй унагасан хэмээн гишүүд нь хатуу донгодож байгаа.
Тиймээс тэрбээр намын Бага хурлыг яаралтай хуралдуулж, мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүн, Засгийн газрын үйл ажиллагаанд бодит дүгнэлт өгөх чиглэлийг намынхаа Удирдах зөвлөлд хүргүүлсэн гэлцэж байна.