Засгийн газрыг огцрохыг шаардсан “Яг одоо огцор” жагсаал олны дэмжлэг авч чадахгүй байсаар сарнин одож. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шалтаг шалтгаан хангалттай бий ч эрх баригчид улстөрийн хариуцлага, ёс зүй гээчийг ярьж чадахаа больтол пирамид үүсгэсэн бололтой.
Шатахууны хомсдол, цахилгааны хязгаарлалт, автомашины дугаарын тэгш сондгойгоор зорчуулах гээд олон нийтийг хямрааж, сөхрүүлж болох бүгдийг тэд хийж байхад Л.Гантөмөрийн тэргүүлж, С.Баярцогтын дэдлэн суусан АН таг чиг. Энэ үхээнц намыг парламентад оруулж байхаар тэр чигт нь улстөрийн хөрснөөс арччихаад эрх баригч МАН-ын алдаа оноотой тэрсээд сууж байх нь онож ч мэдэх.
МАН сонгуулийн томсгосон тойргийг илүүд үзэхэд АН, ХҮН-ынхан дэвхцэн дэмжсэн. Томсгосон тойрог Л.Оюун-Эрдэнийн биш У.Хүрэлсүхийнх санаа гэдэг. Намын даргын хувьд бүх шатанд үе сэлгэлт хийн, идэрчүүдийг Засаг дарга болгон илгээж, намын дотоод дахь боловсон хүчинг шинэчлэн залуусыг олноор оруулж ирэх тактик барьж яваа.
Үүнд хуучцуул нь гомдогсдын арми байгуулж, томсгосон тойргийн санаа гарган Ерөнхийлөгчөөр зүтгүүлчихсэн гэгдэж байна. Томсгосон тойрог тэдэнд ээлтэй. Зүс танигдсан тул зардал бага. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэлцдэг монголчуудын үзэл дээр өвгөд тоглоно гэсэн үг. АН генсек байхгүй шалтгаанаар хэлэлцээгүй гэж байсан ч удалгүй дэмжихээ илэрхийлж, батламж байгуулаад авсан.
Л.Гантөмөр эрх баригчдын дохиогоор суу гэсэн газарт сууж, бос гэсэн газарт босч харагддаггүй ч Л.Оюун-Эрдэнийн үгнээс гардаггүйг нь олноороо мэдэх болсон.
С.Баярцогт, Ц.Элбэгдорж хоёрын тухайд У.Хүрэлсүхтэй эвссэн тул томсгосон тойрог дээр мэтгэлцээн өрнүүлж, хэлэлцээр хийх шаардлага анхнаасаа байгаагүй биз.
Гэхдээ тэдний хувьд асуудал дуусаагүй ээ. Намын нэрийн жагсаалтыг хэн тэргүүлж, хэн удаалах гэдэг “зодоон” ид өрнөж байна.
Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшихээ намынхандаа мэдэгдчихсэн. Тэрбээр Хэнтий аймгийг хангалттай усалж, ирэх оны төсвийн ихэнхийг нутагтаа хуваарилчихсан болохоор бардам буй биз. Намын дарга тойрогт очих тул өөрийн оронд Г.Занданшатараар намын нэрийн жагсаалтыг тэргүүлэх санал гаргасан боловч У.Хүрэлсүх эсэргүүцсэн гэх мэдээлэл тусгаарлагдан тогтоогдсон ордноор яригдаж байна. Энэ үл ойлголцлын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эсвэл эмэгтэйчүүдийн төлөөллөөс толгой хийх санаачилга ч гараад буй аж.
Эрх баригч намын удирдах түвшинд иймэрхүү маргаан тасрахгүй байгаа ч Засгийн газрын гишүүд болон нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банк, тусгай сангуудтай нэр холбогдсон нөхдийг тойрогт “хаяж өгөн”, хувь тавиланд нь даатгах тохироонд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар санал нэгтэй байгаа гэлцэж байна.
Намын дотоод дахь эх сурвалжийн мэдээллээр сонсголын дараагаас Л.Оюун-Эрдэнэ болон Сү.Батболдын байр суурь илүү бэхжсэн бол эсрэгээрээ Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нарын нөлөөлөл саармагжин, тэдний босгосон эрх мэдлийн пирамидыг одоо л нураах цаг гэгдсэн хэсэг бүлгүүдийн уулзалт эрчимжээд эхэлж.
Сонсголд Б.Ганхуягийг гэрчээр оролцуулаагүй ч тэрбээр Засгийн газрын хоёр сайд, 19 гишүүн холбоотой хэмээн мэдүүлж байсан удаатай. Түүний дурьдсан хоёр сайд нь Д.Амарбаясгалан, Б.Жавхлан нар байж болзошгүй гэх таамаг одоо хэр яригдаж байгаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өөртэй нь холбогдох нүүрсний асуудлыг улстөрийн захиалгат худал мэдээлэл хэмээн үзэж буй тул хуулийн байгууллагад хандах мэдэгдэл гаргасан.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд түүний нэрийг хэлэлцүүлгийн үеэр Голомт банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан олны анхааралд зориуд хүргэх гэсэн мэт хэдэнтээ дурьдсан.
Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр “Д.Баясгалан бол Монголын төрийг, хууль, шүүхтэй нь худалдаад авчихсан гэж итгэдэг, түүндээ эрддэг хүн” хэмээн онцгойлон сийгүүлсэн нь улстөрийн бүлэглэлүүдийн мөргөлдөөн нэлээд ширүүн байгааг илэрхийлсэн явдал шиг харагдсан ч нөгөөтэйгүүр Д.Баясгалан нь анхаарлын гадна орхих кадр биш гэдгийг хатуухан анхааруулсан анхааруулга болсон гэчихэд хилсдэхгүй биз.
Сонсголын үеэр Сү.Батболдын Засгийн газрын үеийн сайд нар гэрчээр дуудагдсан ч ерөнхийлөн засаглаж байсан нөхөр өөрөө дуудагдаагүй. Өмнөх сонсголын үеэр Сү.Батболдыг төмөр замын хэрэгт гэрчээр дуудах саналыг Т.Доржханд гишүүн гаргаж байсан ч үүнийг нь Д.Амарбаясгалангийн зүгээс Сү рүү “шидсэн” чулуу хэмээн улстөрийн хүрээнд шивэр авир болгоод өнгөрсөн. Түүнийх нь хариуг энэ удаад Сү.Батболд жинтэйхэн барилаа хэмээн олон нийт үзэж байна. Магадгүй, Сү.Батболдын гэгддэг мэдээллийн сайт, цахим хуудсууд Д.Амарбаясгалан болон Ц.Чулуунзагдтай холбогдох мэдээллийг илүүтэй түгээн, цацсан нь ийн хардахад хүргэсэн биз.
Б.Энхбаярын хувьд түр хорооны даргын үүргээ гүйцэтгэж, нам доторх олон фракцийнхаа эсрэг ганхалгүй зогсч байсныхаа хариу дайралтыг хангалттай хүртэж байх шиг байна. Сонсгол намын дотоодод цурам төдий байсан галыг өрдөж, түймрийн хэмжээнд авааччихсан байхад тэрбээр амар тайван амарна ч гэж юу байх билээ.
Сонгууль болоход зургаан сарын хугацаа үлдсэн.
Нүүрсний хулгайч мөн ч бай, биш ч бай хамаагүйгээр нүүрсний хулгайд нэр холбогдсон нөхдөөр сонгууль удирдуулахгүй хэмээн намынхан нь асаад эхэлсэн энэ өдрүүдэд адаглаад л Ц.Чулуунзагдаас эхлээд намын дотоод дахь албан тушаалаасаа улстөрийн хариуцлага хүлээн огцрох ёстой гэсэн байр суурийг намын бага хурлын гишүүд гаргаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжаас өглөө.
Үргэлжлэл бий…