Харилцаа холбооны тухай хууль нь салбар, салбарын салбадай халбагаа дүрдэг БАНТАН биш!!!

…Надад эрх мэдэл алга… хэмээн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал бямба гаригт “орилов”. “Харилцаа холбооны зохицуулах хороо манай яамны харьяа агентлаг биш. Прокурорын байгууллага дүгнэлт гаргаж, цагдаагийн байгууллага хүсэлт илгээж, Харилцаа холбооны зохицуулах хороо тэр үндэслэлийг хүлээн авч, ажлаа хийсэн. Уг хороог зөвтгөх шаардлага алга. Цахим хөгжил, харилцаа холбооны салбарыг удирдаж, Засгийн газрын түвшинд ажиллаж байгаа хүнд прокурор, цагдаагийн байгууллага яагаад мэдээллээ дуулгаж болдоггүй юм бэ. Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр гарсны дараа сонсч байна” гээд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй энэ өдрүүдэд Харилцаа холбооны зохицуулах хорооны журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанд оруулж, шаардлага хүргүүлэн ажиллахаа мэдэгдэв.

Түүний эл мэдэгдэл гайхаш төрүүлж, олон ч хардлагыг давхар дагуулсныг хэлэх хэрэгтэй. Тэр эрх мэдэлтэй болох гэж, хэлэлцэж буй хуулийн төсөлд өөрийн хүссэнээ нэмүүлэх гэж, Харилцаа холбооны зохицуулах хороог дэргэдээ авах гэж энэ бүх бужигнааныг эхлүүлсэн юм биш байгаа?!…

Хороог зөвтгөх шаардлага алга гэсний учир юу билээ?…

Хороо яагаад буруутай гэж… Хууль хяналтын байгууллагаас “Тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрсдийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна аа” гэж үзсэн л бол мөрдөн шалгах ажиллагааг дуусталх хугацаанд түр хаах нь зүйн хэрэг. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөтэй хольж хутган төөрөгдүүлэх асуудал биш юм. Гагцхүү хууль хяналтын байгууллага нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэдгийг хангалттай баримт нотолгоонд тулгуурлан тодорхойлох хэрэгтэй.

Түүнээс биш Харилцаа холбооны зохицуулах хороо гэдэг хэн дуртай нь сайд, дэд сайдаар ирж буцдаг саалийн зэл шиг болчихсон яамдад харьяалагдаж огтоос болохгүй эмзэг, чанд хариуцлагатай газар. Хорооны дарга нь ч уйлсан унжсан хэн бүхний өмнө өөрөө гүйгээд хүрдэг сул байж болохгүй юм. Тагнуулын ерөнхий газар шалгаад байна гээд суулт зарласан иргэн дээр Тагнуулын ерөнхий газрын дарга хэзээ ч гүйж очихгүй нь лав. Тиймээс хууль хяналтын байгууллагын оролцоотой асуудалд нэгдлийн дарга шиг гүйлдэх нь инээдтэй хэрэг.

Хуулиас давсан журам хэрэгжүүлдэг хэмээн салбарын сайд Н.Учралын хэтийдүүлсэн Харилцаа холбооны зохицуулах хороо нь Засгийн газрын мэдэлд үйл ажиллагаагаа явуулдаг, явуулахаас ч аргагүй нэн чухал газар. Харилцаа холбооны тухай хуулийн 8.3-т “Зохицуулах хорооны дарга, гишүүнийг Ерөнхий сайд томилно” гэж заасан бол мөн хуулийн 8.11-д “Зохицуулах хороо нь ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг Засгийн газарт тайлагнана” гэсэн байгаа.

Олон улсын IT технологиудын нэгдэл, гэрээ хэлцэл, дэлхийн үүрэн операторуудын Монголтой холбогдох зохицуулалтыг бодлогын түвшинд хариуцаж байдаг энэ газрыг Засаг солигдох бүрт сайд нь солигдож суудаг яаманд хариуцуулчихвал энэ улс юу болж дуусах вэ…

Тагнуулын ерөнхий газар юу хийх гэж буйгаа надад хэлсэнгүй, миний харьяанд байхгүй болохоор хэцүү байна гэж Б.Энхбаяр сайд гоншигновол инээдтэй хэрэг болно. Үүнтэй адил домайн нэрний үйл ажиллагааг хязгаарлахдаа надад дуулгасангүй гэж уйлагнах Н.Учрал дүрдээ тохирсонгүй.

Тэрбээр шууд нэр заан буруутгаагүй ч түүний үг хэл, үйлдэл нь Харилцаа холбооны зохицуулах хороог шууд удирддаг Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарыг чичлээд байх шиг санагдсаныг нуух юун.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх мэдлээ зузаатгах шаардлагатай байгаагаа тойруугаар илэрхийлсэн мань сайд “Сонгууль ойртох тусам ийм асуудал гарахыг үгүйсгэх аргагүй” гэж хэлснээрээ нэр бүхий сайтын хандалтыг хаасан явдал нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны процесс бус улстөрийн тоглолт гэх шиг эрээгүй сонсогдов. Тэр хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаравчлуулж, Засгийн газрын харьяанаас Харилцаа холбооны зохицуулах хороог салгаж авахаар улайрсан нөхөр шиг таагүй харагдаж байна.

Яг үнэндээ Харилцаа холбооны тухай хууль яаран сандарч, гоомой байдлаар хэлэлцээд баталчих зүйл биш юм. Үг өгүүлбэр, зүйл заалт бүрийн цаана хариуцлага, ял зэм давхар явж, улс үндэстний аюулгүй байдлыг сахин хамгаалах эмзэг хууль.

Ийм хуульд Н.Учрал юунд яарна вэ?!…

Тэр өрнөж буй асуудлыг эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны процесс гэж харахгүй байгаатайгаа адил хуулийн хэлэлцүүлэгт ч гоомой хандаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Тэрбээр “Харилцаа холбооны зохицуулах хорооны 7 гишүүний нэгийг нь ч би нэр дэвшүүлэх эрхгүй” хэмээн уйлагнаад авсан. Н.Учрал гэдэгтээ гол бус, дээр өгүүлсэнчлэн Цахим хөгжлийн сайд солигдох бүрт Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүд солигдоод байж болохгүй гэдгийг тэр яагаад ойлгохыг хүсэхгүй гомдоллоод байгаа юм бол…

Н.Учралын мэдэл хүрдэггүй 7 гишүүний бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар багтдаг. Сүүлийн үед нэгдүгээр хүнийг чиглэсэн элдэв зүхэл цахим орчинд эрчимтэй өрнөөд буй нь энэ мэт нөхдийн давруу “шунал”-аас үүдэлтэй юм биш биз…

Уг нь Н.Учралын улстөрийн амьдралыг У.Хүрэлсүхээс салгахад бэрх.

Эцгийнхээ бизнест ажиллаж салбаруудынх нь захирал байснаас өөрөөр ажлын туршлагагүй түүнийг У.Хүрэлсүх Шадар сайд болох үеэсээ зөвлөх болгон “өөд татсан” гэдэг.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг ч түүнд зориулан байгуулсан гэх таагүй яриа намынхны нь дунд бий. Тэр байтугай, Инновац, цахим бодлогын байнгын хороог ч  Н.Учралд зориулан байгуулж, даргаар нь томилж байсан гэлцдгийг энд шигтгэчихэд буруутахгүй биз.

Сонгинохайрхан дүүргээс Сүхбаатар руу чирээд зогсохгүй намын хорооны дарга болгосон хүн нь ч У.Хүрэлсүх гэгддэг байхад тэрбээр Харилцаа холбооны зохицуулах хорооны 7 гишүүний нэгийг би томилдог баймаар байна, Зохицуулах хороог миний мэдэлд өг хэмээн бачуурч байвал ёстой л бурхнаа бургасаар шавхуурдсан явдал болно.  

Эсвэл, бүр эсрэгээрээ Засгийн газраас шууд томилгоотой Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх мэдлийг хумиж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяанд аваачиж хүчийг нь сулруулах хүсэл огт ондоо хэн нэгний, аймшиггүйгээр хардвал гадныхны сонирхол юм биш байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо гэх энэхүү бие даасан байгууллага нь зөвхөн ардчилал хөгжсөн орнуудад л байдаг бөгөөд хиймэл дагуулын долгионы зөвшөөрлийг ч эндээс өгдөг гэдгийг учир мэдэх бүхэн мэдэх биз. Энэ нь тус хороог хэн нэг сайдын дэргэд аваачих бус Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байлгасан ч болох нэн чухал байгууллага гэсэн үг юм.

Тиймээс Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал нь өнөө маргаашдаа зүтгүүлж, салбар салбарын нэр барьсан салбадайнууд хуруу хошуу дүрэх дурын асуудал биш гэдгийг эрхбаригчид эрхгүй мэдэх биз ээ!!!

Орчуулах »
error: Content is protected !!