Генсекийн дарангуйлал буюу манан дундах ТӨРИЙН АЛБА

Баасанжавын Ганболд

Хамгийн их эрх мэдэлтэй улстөрчдийн ч гэсэн алхаж болохгүй дээс, зөрчиж болохгүй дүрэм, хөндөж болохгүй эрх ашиг гэж бий. Тэр нь үндэсний эрх ашиг. Аливаа улсын үндэсний эрх ашиг бол хөгжил дэвшил. Хөгжил дэвшилд хөтлөх зам нь чадварлаг, хараат бус төрийн алба байдаг. Энэ бол хүн төрөлхтний нийтлэг зарчим, түгээмэл туршлага.

Зөвхөн авторитар дэглэмд төрийн алба нь нэг хүнд үйлчлэх зарц барлагуудаас бүрдэж байсныг гэрчлэх түүх баримт олон. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад хөгжлийн хөтөч чиглүүлэгч нь мэргэжлийн төрийн алба байдаг. Тэр алба улс төрөөс бүрэн хараат бус байх зарчим түгээмэл үйлчилдэг. Тэгэж чадаагүй улс орнуудад авилгал газар авч, хүний эрх зөрчигдөж, хэвлэл мэдээлэл нь үзэл сурталжсан, эсвэл амаа үдүүлсэн мэт байдаг.

Нийгмийн болон байгалийн баялаг төр барьж буй цөөн хэдэн улстөрчийн гарт төвлөрч баян ядуугийн ялгаа улам гүнзгийрч, нийгэм даяараа ирээдүйдээ итгэх итгэлээ алдаж, улмаар сэхээтнүүд, залуучууд, бага орлоготой иргэд эх орноосоо дайждаг. Энэ бидэнд дэндүү танил дүр төрх биш гэж үү. Төрийн албанд ур чадвар, ёс зүй гэсэн хоёрхон зарчим үйлчилдэг. Жинхэнэ төрийн албаны язгуур зарчим нь мерит зарчим. Өнөөгийн манай төрд аль аль нь алга.

2016 он…

УИХ-д МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Ялалтандаа мансуурсан намын удирдлага засгийн бүтэц рүү хуйлран шуурлаа. Нам эзгүйрэв. Энэ үед М. Энхболд өөрийн багаас аз нь гийсэн нэгэн залууг намын ЕНБД-ын эзгүй суудалд үүрэг гүйцэтгэгчээр үлдээв. Засаг руу явсан Мөнхбат нь ажлаа хүлээлцэхгүй нэлээд шаналгасан боловч удалгүй нөгөө залуу хүсэн хүлээсэн суудалдаа суув. Тэр намын аппаратыг эвдэж, уламжлал шинэчлэлээс тойрч, өөрийн санаанд таарсан гарын доорх албатуудыг амилуулахаар шинэ бүлэглэлийн төлөө ханцуй шамлан орлоо.  Намд ийнхүү алсын бодлого, башир аргатай залуу эзэн суув.

Энэ үед цоо шинээр бүрэлдсэн засагт орж бялуу хүртээгүй гишүүдээс гомдогсдын бүлэг Их хуралд үүслээ. Энэ нь намд ч, засагт ч хямрал нүүрлэхийн дохио байв.

Жилийн дараа ерөнхийлөгчийн сонгууль болж намын дарга ялагдал хүлээв. Ийнхүү М.Энхболдыг огцруулах хөдөлгөөн эхэлсэн. Энэ бүх хөдөлгөөнийг үнэндээ өөрийнх нь итгэж томилсон Генсек далдаас дэмжин өдөөн хатгаж байсан нь одоо л ил болж байна. Өөрийнх нь л хүн байсан шүү дээ. Ингэж намын Генсек зөвхөн намын ажлаас гадна засаг төрийн ажилтай хутгалдлаа. Тэр яам, агентлаг, газрын дарга нарыг томилоход квот олгон дунд шатны дарга нарыг шууд томилон, өөрийн хүмүүсээ байршуулж эхэлжээ. Түүгээр зогсохгүй бүх тендер, төрийн шийдвэрт гар бие оролцох болов. Шинэ Генсекийн бяр бүх салбарт мэдрэгдэх. Намын бодлого бошгийг халах залуучуудын эвлэлийн үйл хэргийг үргэлжлүүлэв.  Өөрөөр хэлбэл 50-иас дээш насныхан хэн ч биш.

2020 он…

УИХ-ын сонгуульд МАН дараалан үнэмлэхүй ялалт байгуулав. Мөн ерөнхийлөгчийн сонгуульд ч яллаа. Энэ бүх гавьяаг Генсек үүрч магтаалын хуранд бялуурав. Гэтэл түүний гавьяа яг юу байв:

  • Монголыг сөрөг хүчингүй болгож чаджээ. Бүгдийг залилах, талцуулах, урвуулах замаар.
  • ХҮН намын гадаад царайтай залуутай үгсэн Женког дахин дэвших эрхгүй болголоо.
  • Намын аппаратыг өөрийн багаар бүрдүүлж, намд номер нэг хүн болж чаджээ. Түүний тунхагласан “80-аад оны залуучууд” өдгөө байр сууриа бэхжүүлж, цүнх баригчдын бүхэл бүтэн армийг төрүүлэв.

Төрийн албан дахь Исмэл тайж

Одоо түүний жинхэнэ зорилго, нүүр царай тодорч эхлэв. Улсыг намтай нь, төртэй нь удирдахаар улайрав. Намын Генсек засгийн газрын ХЭГ-ын дарга болов. Урд нь намын жижиг албан тушаалтнуудыг мэддэг байсан хүн засгийн бүх сайд дарга нарыг томилоход хамгийн нөлөөтэй фигур боллоо. Ийнхүү Монголын шинэ Исмэл тайж мэндэлж, түүний гар хөл аалзны тэмтрүүл мэт энд тэндгүй сарвалзах байна.

Хэвлэл мэдээлэл, сошиал ертөнц агуу Генсекийг магтан дуулсаар. Шуугиант нүүрсний хэрэг, ЖДҮ, эцэст нь бүр ногоон автобусны дуулиант хэргүүдийн гол эзэн тодрохгүй удсан. Гэтэл цэлмэг тэнгэрт аянга цахилав. Нөгөө Исмэл тайж энэ бүхний цаана нуугдаж байсныг нотлох баримтууд ил болсоор. Даравч дардайна, булавч бултайна. Үнэнээс нуугдах газаргүй. Төрийн дээр суусан давхар дээлт түшмэлтэй хэн хариуцлага тооцох вэ.

***

Намын дарангуйлал бий болж тэр нь яваандаа нэг хүний, цөөн бүлэглэлийн эрх ашгийн төлөө оршдог төрийн тогтолцоо бий болсныг одоо зогсоохгүй бол хэзээ зогсоох вэ. 

1996 оны намрын нэгэн өдрийг эргэн санахад “Хар баасан гараг” гэж нэрлэгдсэн өдөр Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дарга нарыг АН-ын нэг засаг дарга бүгдийг өөрчилж өөрийн намын гишүүдийг томилсон. Энэ үйлдэл давалгаалж төрийн албанд зөвхөн намын харьяаллаар томилох явдал газар авсан. 2000 онд МАН үнэмлэхүй ялж олон мянган төрийн албан хаагчдыг сольсон байдаг. Ийнхүү сонгуулиас сонгуульд төрийн алба газар хөдлөлтөд өртөж ирсэн ба 1994 оноос төрийн албаны институцийг бий болгох чиглэлээр хуулиуд гарч байсан ч хэрэгжихгүй явсаар 2008 онд “Төрийн албаны тухай” хууль батлагдаж Төрийн албаны зөвлөл байгуулагдсан.

Өнөөдөр Төрийн албаны зөвлөл гэгч байгууллага төрд зүтгэх хүмүүсийг сонгон шалгаруулах гэж ёстой шар махтай нь хатаадаг. Гэтэл жирийн албан хаагчиддаа хатуурхдаг энэ байгууллага албан тушаал дээшлэх тутам амьгүй болсон нь хэн бүхэнд тодорхой. Үүний тод жишээ яаманд томилогдон очсон сайд бүр өөрийн багтайгаа очно гэдэг практик 2016 оноос тогтоод удаж байна. Сайдын жолооч, туслах, зөвлөх байвал дүүрч. Төрийн нарийн бичиг, газар, хэлтэс, албадын дарга, ахлах мэргэжилтэн бүгд өөрчлөгдөнө. Хүний нөөц арвин орон байвал бас яая гэхэв. Гол нь хүний нөөцийн бодлогод МАН-ын генсек зүгээр ч оролцохгүй, бүр өөрийн хүнээ шууд тулгаж байна. Хамгийн гутамшигтай нь өнөөдөр шүүхийн шийдвэр, цагдаа, хүчний байгууллагад ах дүү, садан төрлийн хүмүүсээ тавьж айлган сүрдүүлэх, цүнх баригчдын тусламжтай сүрэглэн дайрах ажиллагааг мань Исмэл чадамгай гүйцэтгэж байна. Яагаад энэ хүн ингэтлээ газар авчихав? Ямар татаас байна? Түүний оролцсон гэх бүх хэрэг яагаад замхраад байна вэ?

Хамгийн энгийн хариулт: бүлэглэлийн зодооныг өөрт ашигтай зохион байгуулсных. Төрийн албаны зөвлөл гэх бүхэл бүтэн УИХ-аас томилогддог хараат бус байгууллага яагаад ингэтлээ дордов. Ковид Монголд байтугай дэлхий даяар зогсчихоод байхад энэ үеийн дүрэм одоо болтол Д.Амарбаясгалангийн төлөө манайд үйлчилсээр байна.

МАН-ын дүрмийг уландаа гишгэж ЗГХЭГ-ын дарга болохдоо Генсекийн албан тушаалаа өгөөгүй бүдүүн зүрх гаргасан хүн Д.Амарбаясгалан. Энэ хүн эсхүл намын ажлаа хий, эсхүл төрийн ажлаа хий. Төрийн албыг ингэтэл сүйтгэж болохгүй. Ямар нэгэн намын харьяалал үгүй байх ёстой төрийн жинхэнэ алба хаагчид карьер хийх боломжийг нь хааж зохиомлоор намын гишүүн болгож байгаа нь төрөөс чадалтай мэргэжилтнүүд даажих, харин чадваргүй нь төрийн албыг арилжааны схем болгосны ачаар мөнгөжих хэрэгсэл болгож байгаа нь манайд байтугай гадны хэвлэлд цацагдаад эхэлсэн. Тиймээс түвшин түвшиндөө авлига цэцэглэж буй. Эх нь булингартай учраас адаг нь шавар шавхай болох нь мэдээж. Завхруулж буй хүмүүсээс эртхэн салах аваас эх булгаа цэвэр тунгалаг болгоно. 

Эх сурвалж: Нийгмийн шуудан сонин

Орчуулах »
error: Content is protected !!