Армийн тугийг бус арчаагүй удирдагчдыг бөхийлгөөд хариуцлага ярь, ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ аа!!!

2023.05.05-ний өдөр Буянт сумаас цэрэгт татагдаж, Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангид хуваарилагдсан 19 настай цэрэг 7 хоногийн дараа анги дээрээ нас барав.

2023.06.23-нд Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид 19 настай оюутан цэрэг кросс гүйлтийн үеэр нас барсан хэргийг цагдаагийн байгууллага бүртгэжээ.

2023.11.13-нд Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барлаа.

Энэ улсын армид, энхийн цагт цэрэгт татагдсан хөвгүүд амиа алдсан мэдээлэл тасрахаа болив, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ээ!!!

МАН төрийн эрх барьсан онуудад буюу 2019 онд 8 цэрэг, 2020 онд 1 цэрэг, 2021 онд 5 цэрэг, 2022 онд 4 цэрэг, энэ оны энэ өдрийн байдлаар 3 цэрэг зүй бусаар одчихлоо. Эмчийн үзлэгт хамруулж, эрүүл саруул байгааг нь өөрсдөө батлаад ачаад оддог армид хүү чинь ачаалал даахааргүй сул биетэй байж гэх галзуу мэдэгдэл хийх эрх үгүй юм.

Эцэг эх, өвөг дээдсийнхээ удмыг залгах эрхэм хөвгүүдийг авчихаад эргээд цогцос болгоод өгдөг армиас чинь хэн хүнгүй бүгд айж байна, У.Хүрэлсүх ээ!!!

Г.Сайханбаяр гэх нөхөр Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш 12 цэрэг хорвоог орхичихоод байхад энэ хүнд хүлээлгэх хариуцлага гэж огтхон ч алга.

  • 2021.02.07. Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Амиа хорлоход хүргэсэн шалтгаан армид байсан байж таарна.
  • 2021.02.19. Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б нь мөн ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан. Ангидаа, ажлын байрандаа амиа егүүтгэнэ гэдэг цэрэг армийн, ангид болж буй аль нэг асуудлыг эсэргүүцсэний илэрхийлэл гэчихэд буруутахгүй биз.
  • 2021.03.29. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор нас барав.
  • 2021.04.08. Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан. Цэргүүд дурангаа хагалж, сум дутаасан тул дарамтлуулахаас айгаад ийм үйлдэл хийсэн гэж зарим эх сурвалж үзэж байв.
  • 2021.04.24. Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас боомилсон. Халагдахад долоо хоног дутуу байсан түүнийг амиа хорлоход хүргэсэн шалтгаан юу байв.
  • 2022.06.16. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, 18 настай Н гэгчийн ходоод задарч нас барсан гэх хэрэг.
  • 2022.07.13. Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н амиа алдсан. Түүнийг баригдаж байгаа барилгын дэргэдээс олсон.
  • 2022.08.01. Барилгын цэргийн 017-р ангийн дэд ахлагч З тогонд цохиулсан байдалтайгаар амь насаа алдсан байв. Тэрбээр гурав дахь жилдээ алба хааж байсан, хөдөлмөр аюулгүй байдлын заавар өгдөг инженер байв.
  • 2022.09.29. Увс аймгийн 0245 дугаар ангид байлдагч С модноос боомилсон байдалтайгаар олдсон.

Энэ олон хөвгүүд энхийн цагт ийнхүү амиа алдаж байхад Г.Сайханбаяр сайдын жилийн орлого бүхэл бүтэн орноор солигдтол өсөн аривжиж буй тоо толгойг түүний Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Олон айл хөвгүүдээ оршуулж байхад тэрбээр дэслэгч генерал болон хундага тулгаж байв.

2014 онд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байхдаа бригадын генерал цол хүртэж байсан энэ эр цэргийн цолны эрэмбэ дарааллаар бол дэслэгч генерал бус хошууч генерал болох байсан. Гэвч эмх цэгц, эрэмбэ дараалал байтугайг алдсан эрх баригчид түүнд хошууч генерал цолыг алгасаад дэслэгч генерал цолыг 2022 онд олгов…

Яасан гэж… Тэр хариуцлага хүлээх ёстой хүн биш билүү?!

Түүний хариуцсан салбарт дунд сургуулийн нэг анги дүүргэх хөвгүүд, ураг төрлийнхөө удам залгах эрс цаг бусаар одчихоод байхад цол алгасуулан шагнах ямар үндэслэл байв, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч аа!!!

Хатуухан ярьвал, углааштай ээж хараад уйлан хайлан огцорч, Ерөнхий сайдын эрх ямбаас татгалзаж байсан У.Хүрэлсүхийг ч хугацаанаас нь өмнө хөөн буулгах эмгэнэл мөн үү гэвэл мөн.

Түүгээр зогсохгүй цэргийн албан хаагчдын цаг бусын үхэлд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга С.Ганбямба ч хариуцлага хүлээх учиртай юм.  

Цэргийн алба үхлийн талбар биш. Монголын цэрэг, армид түмэн олон чинь итгэхээ больж, хүүгээ дүүгээ, хөвгүүдээ өгөхөөс айдаг болсон гашуун үнэнээс илүү юу хүлээсэн эрх баригчид вэ… Эх орноосоо биш эрхтэн дархтнуудаас хүүгээ харамладаг болсон олны уухайлан босч, нэгдэн тэмцэх тэмцлийг хүлээгээгүй л бол эрх барьсан 8 жилийн хугацаанд чинь амиа алдсан хөвгүүдийн өмнө армийн тугийг биш ч арчаагүй удирдагчдыг бөхийлгөн хариуцлага ярь, Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Эс бөгөөс 6-хан сарын дараа саналыг нь гуйгаад очиход чинь армид алдсан хөвгүүдийнхээ амийг нэхээд босох ард түмэн арслан бар шиг архиралдан угтана гэдгийг бүү март…

Орчуулах »
error: Content is protected !!